Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

О.Сүхбаатар: Нууц товчооны түүхэн газруудыг олж тогтооход Ж.Самбуу гуай их хувь нэмэр оруулсанУншсан8,263

...300 морьтон давхиад түргэн хугацаанд Тэмүүжинг олж ирч чадахгүй байсан учир нэлээд өргөн уудам, дор хаяж Буянт-Ухаа шиг газар байна, жижиг толгодтой болов уу гэсэн төсөөлөл төрж байв.

Түүхэн газар зүй судлаач, доктор О.Сүхбаатар ярьж байна.

-Та эртний шүтээнт уул хайрхад, газар усны нэрийг шарын шашны далбаан дор өөрчилж, будлиулсан гэж шүүмжилдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Сүжигтэй бол уучлаарай. Шарын шашныг Монголд дэлгэрүүлснээр соёл хөгжсөн гэж их тайлбарладаг юм. Тийм тал байгаа. Гэхдээ Монголчуудын нүүдэлчин, эрмэг зоримог байдлыг зөөлрүүлэх, Чингис хааных нь оронд дээдлэх өөр зүйл бий болгох, Чингисийн угсааныхныг орлох нэр нөлөөтэй анги давхарга үүсгэх зорилгоор шарын шашныг дэлгэрүүлсэн байдаг. Шарын шашныг үзэл бодлоо нэгтгэх хэрэгсэл гэдэг утгаар авч хэрэглэсэн тал бий л дээ. Гэхдээ үүгээр далимдуулж Монголын үндсэн ахуй, зан заншлыг өөрчлөх мэх болгож ашигласан хүмүүс бол манж нар. Монгол хэл, тэр дундаа газар ус, хүний нэрийг өөрчлөхөд их анхаарч байсан байгаа юм.

-Шүтлэгийг нь далимдуулж уул усаа дэргэд нь нэрлэхгүй байх ёсыг дэлгэрүүлсэн хэрэг үү?

-Тийм. Уул бүрийг л бараг хайрхан гэх болсон байна. Ингэсээр байгаад тэр уулын нэр мартагддаг. Үүний дараа нэг том тахилга зориуд зохион байгуулж Өлзийт хайрхан гэх мэтийн бэлгэдлийн нэр өгдөг байж. Үгүй бол төвд нэр өгчихнө. Норовлин, Цамбагарав, Дүнжингарав, Дашнамжил гэх мэт. Үүнээс болж Монголын түүхэн, домогт газруудын нэр маш их мартагдсан. Газар усны нэр хүртэл өөрчлөгдөж. Шашнаа хүндэтгэлгүй яах вэ. Гэхдээ тухайн газрын онцлог шинжийг ажиглаж өгсөн нэр мартагдаад байгаа юм.

-Жишээлбэл?

 

-“Монголын нууц товчоо”-нд “Бурхан Халдун чамайг” гэж олонтаа гардаг. Гэтэл Монголчуудын голомт газрын нэрийг Хэнтий хан болгож, хожим Хан Хэнтий гэж өөрчилсөн байна. Тэнгэрийн босго давааг Босго тэнгэр гээд утгыг нь муухай болгочихсон. Зөвхөн газар ус ч биш. 1918 оны тооллогоор Монголын хүн амын 85 хувь нь Монгол биш нэртэй болсон байгаа юм. 80 хувь нь төвд, үлдсэн таван хувь нь хятад, манж нэртэй байж. Үнэт чулуу, эмийн гол ургамлууд мөн л төвд нэртэй. Вансэмбэрүү, сэржмядаг гээд… Сүүлдээ шарын шашин бөөгийн шашныг устгах гэж оролдсон шүү дээ. Бөөгийн шашныг “харын шашин” гэж тунхаглаад хар гэсэн нэртэй бүхнийг өөрчилж эхэлсэн байдаг. Уг нь Монголчууд хар, цагааныг ертөнцийн хоёр үндсэн өнгө гэж үздэг байлаа. Хар бол хольцоогүй өнгө. Тиймдээ ч Чингис хааны үед хар, цагаан сүлд л байсан. Нийслэлээ хүртэл Хар Хорум гэж нэрлэсэн. Монголд хамгийн цэнгэг устай газруудыг Хар ус нуур, Хар нуур, Хар усны гол гэж нэрлэдэг байсан байгаа юм. Баянхонгор аймгийн Хар хөх нуур Монголын нууц товчоонд Хар сүүл гэсэн нэрээр гарна. Хожим үүнийг лам нар Өлзийт болгосон. Байдрагийн голын баруун талаас Цагаан гол урсдаг. Тэр нь булингартай. Зүүн талаас нь Өлзийт гол бол Хангайн нуруунаас эх авдаг, маш тунгалаг сайхан гол. Тэгээд л Хар усны гол гэж нэрлэж байв. Цэнгэг ус хүний аминд ордог учраас “Хар усыг харамлаж болохгүй” гэсэн үг гарч л дээ. Монголын хар нэртэй газруудыг шашны үүднээс бүгдийг нь өөрчилсөн байдаг юм. Хар зүрхний хөх нуур байна. Чингис хааны гал голомтоо бадраасан газар гэдэг. Үүнийг Баянзүрх болгосон. Төрөлхийн ухаантай мөртлөө сургууль эрдмээр яваагүй хүнийг ч “хар ухаантай хүн” гэдэг шүү дээ.

-Энэ мэтээр олон жишээг дурдаж болох байх. Нэгэнт өнгөрсөн юм гээд уул хайрхан, газар усаа хэвшсэн ойлголтоор нь нэрлээд явж болно. Гэхдээ зарим түүхэн гол дурсгалт газрынхаа нэрийг хуучин Монголоор нь сэргээж нэрлэх боломж байгаа болов уу?

-Ийм хэвшил тогтоох ёстой л доо. Хэнтий хан, Хан хэнтий гэснээс шууд л Бурхан Халдун гээд нэрлэчих юмсан. Нууц товчоонд Гурван мөрний эх, Ононы мөрний эх Бурхан Халдун уул гээд л гардаг шүү дээ. 550-иад оны үед энэ нэр байсан л байгаа юм. Бурхан нь бурхан, Халдун нь тэнгэр гэсэн урианхайжин Монгол аялгуу үг.

-Та социализмын үеэс л Чингис хааны түүхтэй холбоотой газруудыг судалж ирсэн. Энэ санааг манай төр нийгмийн нэртэй зүтгэлтэн Ж.Самбуу агсан анх гаргасан гэдэг байх аа?

-Би Шинжлэх ухааны газар зүйн хүрээлэнд хүн амын газарзүйн чиглэлээр ажиллаж байлаа. Нэг удаа Гунгаадаш багш “Маргааш чи бид хоёрыг нэг том дарга хүлээж авна. Эрт ирээрэй, Үдээс хойш дуудах байх” гэдэг юм байна. Маргааш нь Самбуу гуайн нарийн бичгийн дарга Готов гуай дээр очлоо. Самбуу гуай “Монголын нууц товчоо”-г барьчихаж. Тэгээд “Монголын нууц товчоо”-н дээр их олон нэр гарах юм. Тэр үеийн хаад ноёд ус бэлчээр сайтай газарт нутаглаж байсан нь эргэлзээгүй. Хаадын хүрээнд дор хаяж хэдэн зуун мянган мал байна. Тэр дундаа бэлчээр амархан муутгадаг адуу ихтэй байсан байж таараа. Нууц товчоонд гарч байгаа Чингис болон бусад хаадын нутаглаж байсан бэлчээрийн даацтай газрыг мэдэх хэрэгтэй. Мэдээд авчихвал хэдэн бор малчнаа ган, зудын үед бэрхшээл багатай, хэдэн малаа хорогдолгүй өвөлжүүлж, хаваржуулахад чухал байна. Энэ газруудыг мэдэх шаардлага байна” гэж хэллээ. Ингэж хэлэнгүүт би цаад учрыг нь ойлгосон.

-Мэдээж тэр хатуу нийгэмд, тийм том хүний даалгавар…Биелүүлэхэд хэцүү ажил байв уу?

-“Чингис хааныг судал” гэсэн даалгавар өглөө” гэж хэн нэг нь шүүмжлэх вий гэсэндээ ийм айхтар аядуу санаа олсон хэрэг л дээ. Хоёрдугаарт “Чингис хааны холбогдолтой газрыг яагаад судлаад байна аа” гэж өөлөх хүн таарвал ингэж хэлээрэй гэсэн дохио байсан. Самбуу гуай ийм л айхтар үг хэлдэг хүн байлаа. Энэ үгний цаана “Монголын нууц товчоо”-ны газар нутгийн нэрийг мэдэхгүй, судлахгүй байна шүү” гэсэн утга тодорхой байсан. Тэрээр “Эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл энэ тэр гэж сүржигнэлгүй илтгэх хуудас бичээд өгчихнө байгаа” гэлээ. Илтгэх хуудас гэдэг тухайн үедээ нууц зүйл. Самбуу хүнтэй бараг ярьдаггүй. Ялангуяа сэхээтнүүдээс зай барьдаг, сонин хүн байсан л даа. Хөдөө явахдаа машиндаа тухайн аймаг сумын даргыг биш малчин юм уу анчин суулгана. Нэг их юм ярихгүй. Гэнэт л ямар нэг зүйл асууна. Нөгөө малчин ийм нөхцөлд үнэнийг хэлж таарна даа. Буудалд буухдаа дарга нартай уулзахгүй “Шатар тоглодог хүн явуулчихаарай” гэнэ. Шатар нүүж байхдаа гэнэт юм асууна. Нөгөө хүн бодох санах юмгүй хариулчих жишээний.

-Яг үнэнийг сонсох гэсэн тактик л байж дээ. Та судалгаагаа шууд л эхэлсэн үү?

-“Хөдөөгийн хүн амын байршил, шилжих хөдөлгөөн” гэсэн сэдвийг би авсан юм. “Нууц товчоо”-ны газруудыг судалгаагаар явахдаа хайна. Самбуу гуай хамгийн түрүүнд Сэнгүр горхи, Бүрги эргийг судлаарай гэв. Ц.Дамдинсүрэн гуай Сэнгүр горхийг Цэнхэрийн горхи мөн гээд биччихсэн. Тэр бол яах аргагүй мөн. Гэхдээ эргээд нэг харчихаарай гэсэн дохио байсан болов уу. 1957 онд “Монголын нууц товчоо”-ны газар усны нэрийг Х.Пэрлээ гуай явж судалсан. “Монголын нууц товчоо”-ны газар усны нэр гээд их сайхан ном гаргасан хүн. Бүрги эрэг Пэрлээ, Дамдинсүрэн гуайн хэнийх нь ч бүтээлд байгаагүй. Хайсан чинь тэр үеийн Мөнгөн морьт, Баяндэлгэр сумын зааг, одоогийн Багануураас цааш 24 км газар яг Бүрги эрэг гэдэг нэрээр байгаа. “Монголын нууц товчоо”-нд бий. Хэрлэн мөрний эх Бүрги эрэг гэхээр нэлээд баримжаатай байгаа юм. Олон талаас нь харьцуулж байж тогтоосон л доо. “Нууц товчоо”-г уншаад зуслангийн газар, хонь хяргаж байсан юм чинь нэг их сэвэлзүүр салхитай, бургасгүй, ялаагүй байх нь гэж бодсон. “Бүрги эрэгт байхад шөнө морин туурай пижигнэж” тайчууд ирлээ гэдэг шүү дээ. 300 морьтон давхиад түргэн хугацаанд Тэмүүжинг олж ирч чадахгүй байсан учир нэлээд өргөн уудам, дор хаяж Буянт-Ухаа шиг газар байна, жижиг толгодтой болов уу гэсэн төсөөлөл төрж байв. Багануураас дээших газар их эрэгтэй. Энэ хавьд байгаа болов уу гэж хайж байгаад дор нь олсон. Энэ бүгдээ илтгэх хуудас болгож бичээд Готов гуайд өглөө. Чимээ огт байдаггүй. Дараа нь Хөх нуурыг бичиж өгсөн. Зоргол-хайрхан энэ тэр гээд хэд хэдэн газар бичиж өглөө. Чимээ бас алга. Дараа жил нь санагдана. Самбуу гуай Бүрги эргээр орсон юм. Тэр үедээ “Өө энэ чинь их сайхан зуслангийн газар байна. Та нар эндээ сүү хүргэх тасаг байгуулбал яасан юм бэ” гэсэн юм билээ. Бүрги эргийн сүү хүргэх тасаг ерээд он хүртэл Улаанбаатарт сүү нийлүүлдэг болсон нь ийм учиртай. Тухайн үед Дадал сумаас баахан буриад авчраад тэнд суурьшуулчихсан. Тэр газрын нэрийг мартуулахгүй гэсэн Самбуу гуайн далд ухаан шүү. Хойтон жил нь Самбуу дарга Хөх нуур орсон. “Их гоё газар байна. Зуслан байгуулаач. Хүн эрүүлжихээр газар юм” гээд орхисон. Хожим Цэнхэр мандалынхан Хөх нуурт нэгдлийн амралт байгуулсан юм. Ж.Самбуу гуай түүхэн газруудыг тогтооход их хувь нэмэр оруулсан хүн шүү.

-Их хааны нэрийг хэлэхээс айдаг байсан хатуу цаг шүү дээ. Гэхдээ л хаандаа зориулаад анхны хөшөөг нь босгочихсон. Бөөн хэл ам дагуулж байж сүндэрлэсэн Хэнтийн Дадал дахь хөшөөг хэлж байна л даа?

-Чингис хааныг судлах хориотой байсан, нэрийг нь хэлэхээс айдаг байлаа гэдэг хэтрүүлэг л дээ. Чингисийг Монголчууд мартана гэж байхгүй. Тийм хүнлэг бус ард түмэн биш л дээ. 1961 оны долдугаар сард МАХН-ын Төв хорооноос 1962 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг тэмдэглэх шийд гарсан. Улс төрийн товчоо шийдвэр гаргана гэдэг тухайн үеийн хамгийн өндөр түвшний шийд л дээ. Олон улсын эрдэмтдийн бага хурал хийнэ, Чингисийн хөрөгтэй марк гаргана, Чингис хааны хөшөөг байгуулна гэж бүр тодорхой заасан. 1961 онд Чингис хаанд зориулсан дөрвөн үеийнх нь маркийг Унгар улсад захиалж хэвлүүлж байлаа. Гэхдээ тэр үед Хэнтийн Дадал сумд хөшөөг босгох ажил нэлээд саатсан. Үзэл суртлын хэлтсээс яаруулж байж босгосон түүхтэй. Тэр үед Төмөр-Очир хөшөөний ажлын явцтай танилцаж билээ. Энэ хүн 1950-иад оны сүүл хүртэл Чингисийг харгис түрэмгий гэж шүүмжилдэг хэсгийн гол төлөөлөгч байсан шүү дээ. Чингис хааны хөшөөний дизайныг Ю.Цэдэнбал даргын нутгийн, эхийн талын хамаатан О.Махбал гэдэг хүн хийсэн. Ю.Цэдэнбал дарга хэнээр хийлгэхээ бодсон шиг байгаа юм. Махбал гуай Чингисийн угсааны тайж хүн. Тухайн үед нэрд гарсан зарим барималчид “Биднээр хийлгэсэнгүй” гэсэн яриа гаргаж л байлаа. Тухайн үед Махбалыг Ж.Самбуу гуай, Дүгэрсүрэн гуай нар дэмжсэн байдаг. Хэн нэгэн бутач хүнээр хийлгэхгүй гэсэн санаа тэдэнд байсан байгаа юм. Махбал их сайн сэтгэдэг, чадалтай барималч байв.

-Таныг Бодончар мунхагийн арлыг олж тогтоосон гэж сонссон юм байна?

-“Монголын нууц товчоо”-нд “Бодончар Балжийн аралд … очиж суув” гэсэн хэсэг бий. Тэгэхээр одоогийн Балж гол тэр үед үүсчихсэн байсан хэрэг. Гэхдээ Монголд хэд хэдэн Балж бий. Батсүмбэр, Завханд байгаа. Хамгийн том Балж нь Ононд бий. Нууц товчоонд дурдагдсан Балж бол Ононых. Монголд гурван талаараа усаар хүрээлэгдсэн газрыг арал гэдэг. Балж гол тохойроод тэр газрын хойд болон зүүн талыг хэмжиж байдаг. Урт талыг нь Тэнгэлэгийн гол хэмждэг. Энэ газрыг Балжийн арал гэдэг байж. Энд Бодончар өвөлжсөн. Их ч зүдэрсэн гэдэг. Тэрээр өвөл даарснаас болж Монголчуудын захтай дээл өмсч байхыг сургасан. “Захтай дээлтэй, эв журамтай байхгүй бол харийнханд амархан эзлэгдэнэ” гэж алдарт сургаалиа хэлсэн газар нь тэр л дээ. 20 км өргөн, 40 гаруй км урт газрын яг хаана нь Бодончарын арал байгааг тогтоосон. Төрийн тэргүүний дэмжлэгээр тэнд хөшөө босгосонд баярлаж байгаа.

-Хөшөө гэснээс манайх шиг ийм баялаг түүхтэй ард түмэн түүхэн домогт хүмүүстээ зориулж хөшөө босгох явдал тун хангалтгүй санагдах юм. Санал нийлэх үү?

-Ер нь ийм түүхт газруудад хөшөө босгож л байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Чингүнжавын бослогын ойг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой байсан. Чимээгүй л өнгөрлөө.

-Америкийн бестселлэр болоод буй “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг зохиогч, түүхч Жек Уэдерфорд тантай нэлээд дотно. Түүнтэй яаж танилцав?

-Орост номын санд сууж байтал “Мөнгөний түүх” гэдэг ном нүдэнд тусдаг юм байна. Эргүүлээд үзтэл “Дэлхийн зах зээлд цаасан мөнгийг анх Монголын төр бий болгосон. Энэ бол хожим ч давтагдахааргүй гайхамшигт үйл явдал” гэсэн утгатай зүйл бичиж. Тэрнээс хойш энэ хүний бүтээлийг унших юмсан гэж боддог болов. Тэгтэл бүр сүүлд нь манай захирал /Чингис хаан дээд сургуулийн захирал н.Лхагвасүрэн/ над руу утасдаад “Америкаас нэг эрдэмтэн ирсэн гэнэ ээ. Уулзлаа. Чингэс хааны тухай судалгаа хийдэг юм байна. Тантай уулзаг гэж бодлоо” гэв. Би Уэдерфордтой уулзаад “Мөнгөний түүх”-ийг уншсан гэдгээ хэлсэн. Тэр хариуд нь “Индиануудын Америкийг нээсэн түүх” номоо дурсгаж билээ. Уэдерфорд Чингис хаан болон түүний байлдан дагуулалтыг судлахаар Турк, Иран, Энэтхэг, Пакистан, бүр Узбек орсон байгаа юм. Ром, Английн архивуудыг ч маш их судалж. “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг түүхэн газруудыг судалсны хувьд бид тэдгээр газруудаар дагуулж явахыг түүнд санал болгосон. Бид таван жил хамт ажилласан даа. Сүүлд Америкт хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болохыг нь мэдээд “Энэ хүнээр Чингис хааны тухай ном бичүүлэе” гэж шийдсэн. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” гэдэг ном ингэж бүтсэн түүхтэй. Чингис хаан бол алж хяддаг биш, ухаалаг төрийн зүтгэлтэн, хүний зөвлөгөөг их сонсдог байсан гэдгийг энэ бүтээлээрээ дэлхийд их сайхан ойлголт өгсөн. Чингис хааныг муу хэлдэг америкуудын дундаас бүтээлээ гаргана гэдэг сүрхий шүү.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 29. 16:10
Ganaa Darkhan

Saihan niitlel bolson bna. Nutag ornii ner uurchlugduj, martagdaj baigaatai adil ertnii tvvhen temtsegch nariin tvvhen udur oig temdeglej, dursaj, surguuliin hicheeld oruulah heregtei sanagdahiin. surguulid orj baigaa tvvh chamlalttai sanagdahiin maa.

2018, 10 сар 9. 21:10
Буянчор Хутуг

Сайхан нийтлэл болжээ. Дарагдаж хоцорсон магад үнэнг задлан өгүүлсэнд баярлаж байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]