Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Солонгост очсон монгол иргэнээс коронавирусын халдвар илэрсэн хэмээн мэдээлж байнаУншсан16,145

Иймд гадны улс орнуудад зорчиж эх орондоо ирж буй монголчууд дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийгөө 14 хоног тусгаарлан ажиглах, хүн бүр дархлаагаа дэмжиж ариун цэврээ сахихыг уриалж байна.

Нэмэлт мэдээлэл: ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийж энэ сарын 12-нд элэгний өвчний эмчилгээ хийлгэх шугамаар Монголын хилээс гарч БНСУ-д очсон Монгол Улсын иргэн 35 настай эрэгтэйг өчигдөр шинжилгээгээр коронавирусын халдвартай болохыг баталжээ. Түүнийг БНСУ-д очсон даруйдаа Намьянжү хотын хэд хэдэн эмнэлгээр шинжилгээ өгч явсан гэжээ.  

Нэмэлт мэдээлэл: БНСУ-ын хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Сөүлийн ЭСЯ руу мэдээллийг тодруулах яаралтай хүсэлт явуулсан. Хариуг нь хэлэх болно" гэсэн тайлбар өглөө.


Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар БНСУ-ын Кёнги аймгийн харьяа Намянжү хотод Covid-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь Бёлнэ хороонд амьдардаг 35 настай Монгол эрэгтэй гэв. Түүний нэрийг нууцалсан бөгөөд даруй Сөүлийн үндэсний их сургуулийн Бундан эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. Түүнийг хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголоос Намянжүд очиж, өнөөдрийг хүртэл гэрээсээ гараагүй хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлж байгаа бол энэ мэдээлэлтэй холбоотой Хилийн мэргэжлийн хяналтын албанаас БНСУ-ын хэвлэлүүдээр коронавирусийн халдвар авсан гэж мэдээлж байгаа Монгол иргэн нь хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хилээр гарсан хэмээжээ. Түүнтэй хамт амьдардаг эхнэр, эгч хоёроос нь шинжилгээ авж үзэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Намянжү хотын захиргаанаас Монгол эрийн ойр дотныхон болон харьцсан хүмүүсийг хяналтдаа аваад байна. Удахгүй манай улсын ЭМЯ-наас энэ тухай мэдээлэл хийх бололтой.

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын мэдээллийг өчигдөр 18.40 цагийн үед хамгийн сүүлд хүргэсэн бөгөөд БНСУ-ын Дэгү, Бусан хотод Монгол Улсын хоёр ч иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн ч, шинжилгээний хариу нь сөрөг гарсан гэсэн юм. Мөн өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдтэй холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга нарт амралт сувиллын газрыг тусгаарлах байр болгож, халдварын голомтоос ирсэн иргэдийг тусгаарлаж ажиглалтад байлгах шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.

Коронавирусийн халдвар нь шинж тэмдэггүй болж буй нь халдвар богино хугацаанд тархах эрсдлийг бүрдүүлж байгаа нь аюулын харанга дэлдэх болсныг сэрэмжлүүлээ. Иймд гадны улс орнуудад зорчиж эх орондоо ирж буй Монголчууд дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийгөө 14 хоног тусгаарлан ажиглах, хүн бүр дархлаагаа дэмжиж ариун цэврээ сахихыг уриалж байна.

Өнөө өглөөний мэдээллээр коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо дэлхийн хэмжээнд 2600-д хүрсэн ба БНСУ дахь халдварласан иргэдийн тоо 830 болжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]