Найруулагч Ж.Сэлэнгэсүрэнгийн бүтээл "Хуучин сүмийн нууц" хэмээх 1982 онд дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон киног манай уншигчид андахгүй мэдэх байх. Энэхүү кино нь тухайн үеийн кинонууд дундаасаа гэмт хэрэг, детектив адал явдал гардаг онц сонирхолтой дэлгэцийн бүтээл байсан тул соц нийгмийн үеэс авахуулан өнөөг хүртэл үзэгчдийн шимтэн үздэг кино хэвээр байгаа юм.
Тэр үед Зөвлөлт төдийгүй соц лагерийн бусад орнуудын цагдан сэргийлэх байгууллагын үйл хэргийг харуулсан олон кино Монгол үзэгчдийг соронз мэт татаж байсан атал Монголын цагдан сэргийлэх байгууллагын тухай кино байсангүй аж. Тиймээс төр засаг, цагдаагийн байгууллагын удирдлагуудаас идэвхийлэн дэмжиж найруулагч Ж.Сэлэнгэсүрэнгийн зохиол, найруулснаар "Хуучин сүмийн нууц" хэмээх энэ киног бүтээсэн ба Сүрэнхүүгийн дүрд тоглосон О.Болдбаатар хэмээх авьяаслаг залуу ард түмний хайртай хүү болсон гэдэг.
Хуучин сүмийн нууц кино болон гол дүрд нь тоглосон О.Болдбаатар хэмээх эрхмийн тухай танд хүргэе.
-Киноны оператороор Г.Маш, зураач О.Нямдаваа, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг, дууны оператор С.Батгалсан, зургийн дарга Н.Гомбосүрэн, нарын кино урлагийн алдартнууд энэ кинонд гар бие оролцон ажиллаж, зөвлөхөөр нь хошууч генерал А.Думбурай өөрийн биеэр ажиллажээ.
-Гол дүр буюу сэргийлэгч Сүрэнхүүгийн дүрд Очирын Болдбаатар, Баттөрд Б.Нагнайдорж, сөрөг дүр болох Тамсагт Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ванданжавт Н.Бямбацогт, Долгорлхамд Т.Хандсүрэн, Туулд Ч.Цэцэгмаа, Дэнсмаад Б.Тунгалаг, Содномд Б.Жамсран, Жаамаад Л.Гэндэнжамц, Нацагт Б.Шагдар тоглосон ба Ардын жүжигчин А.Очирбат, Ардын жүжигчин Б.Дамчаа, Ардын жүжигчин Н.Дагийранз гуай, "Цоохор морь"-ны Сэдэд гуай зэрэг олон алдартнууд оролцон тоглосон байна.
-Хөгжмийг Улсын филармонийн симфони найрал хөгжим, Соёл-Эрдэнэ чуулга удирдаач Д.Жигжидсүрэнгээр удирдуулан тогложээ.
-Маш олон алдартан гавьяатан, алт, мөнгөн үеийн уран бүтээлчид оролцсон энэ киноны хамгийн туршлага багатай жүжигчин нь гол дүрд тоглосон О.Болдбаатар байсан бөгөөд сонирхолтой нь түүний нэрийг кинонд С.Болдбаатар хэмээн овгийн үсгийг нь зөрүүлэн бичсэн байдаг аж. Маш өндөр шүүлтүүр дор уран бүтээл үзэгчдэд хүрдэг байсан цаг дор ийм алдаа гарсан нь сонирхолтой мэт.
-О.Болдбаатарын аав Очир нь цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаны дарга, хурандаа цолтой хүн байсан тул тэрээр аавынхаа зам мөрөөр цагдаагийн хүн болжээ. Улмаар О.Болдбаатар нь эдийн засагч мэргэжилтэй ч Монголын цагдаагийн байгууллагад насаараа ажилласан, кино урлагийн чадварлаг жүжигчин, эстрад урлагийн болон нийтийн дууны томоохон төлөөлөл болжээ.
-"Хуучин сүмийн нууц" кинонд тоглохдоо О.Болдбаатар нь хуучнаар (1980-1982 онд) Октябрийн районы /цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байсан ба кинонд тоглосныхоо дараа олны танил болж улмаар 1982-1996 он хүртэл Цагдаагийн Ерөнхий Газарт ахлах байцаагчаар ажиллажээ.
-О.Болдбаатар 1980-аад оны үед цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа нийгэмд байгаа сөрөг үзэгдлийг шүүмжилсэн “Хошин шогчдын клуб”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй санаачлан байгуулж, 18 аймаг, бүх хотын 300-гаад мянган хүнд урлаг соёлоор үйлчилсэн гэдэг. Тэр үед одоогийнх шиг хошин урлагийн хамтлагууд байсангүй тул цагдаагийн байгууллагаас хошин урлагийн үзүүлбэр, тоглолтууд эхлэлтэй гэж хэлэхэд ч болмоор.
-Анх О.Болдбаатарыг Октябрын районд сэргийлэгчээр ажиллаж байхад нь НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Улсын цагдан сэргийлэх газрын дарга, хошууч генерал А.Дунбурай дуудаж уулзан “Хуучин сүмийн нууц гэж кино хийх гэж байна. Түүний гол дүрд тогло" гэсэн үүрэг өгч байжээ. Хошууч генерал өөрөө энэ кинондоо зөвлөхөөр нь ажилласан юм.
-Найруулагч Ж.Сэлэнгэсүрэнгийн бүтээсэн 1979 оны "Тойрох хуудас" нэртэй кинонд О.Болдбаатар нь 23 настайдаа сурвалжлагч Осорхүүгийн дүрд тоглосон байжээ. Тиймээс найруулагч нь “Хуучин сүмийн нууц" киноныхоо гол дүрд хэнийг тоглуулахаа төвөггүй олсон мэт.
-Кинонд гол дүр болох Сүрэнхүү нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын сэргийлэгчээр гарах бөгөөд сонирхолтой нь киноны хөдөөгийн хэсгийн зургийг Архангайн аймгийн Өлзийт сумын нутагт авчээ.
-Киноны дуу болох Шаравын Сүрэнжав гуайн шүлэг, Г.Алтанхуягийн ая "Шөнийн эргүүл" дууг О.Болдбаатар өөрөө дуулсан юм.
Сэргийлэгч байгаад жүжигчин, дуучин болсон О.Болдбаатарыг эхнэр Н.Пүрэвээ агсангүйгээр төсөөлшгүй. Учир нь тэд 1970-аад оноос эхлэн Монголын эстрад урлагт од болон гялалзаж “Манай гаригийн залуус”, “Янзага”, “Хайрын дуугаа хослон дуулья”, “Чи миний цэцэг” гэх мэт олон сайхан уран бүтээлээ дуулж залуусыг байлдан дагуулж байсан юм.
- Аав, ахтайгаа өссөн О.Болдбаатар хүүгийн бага нас тийм ч баяр жаргалтай байсангүй гэж тэрээр дурсамж ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Учир нь тэрээр таван настайдаа ээжийгээ зуурдаар алдсан аж. Сэргийлэхийн хурандаа аавынх нь ажил хаашаа хуваарилагдана, тийшээ гэр нь нүүж байжээ.
-Цагдаагийн байгууллагад ажилладаг, эдийн засагч мэргэжилтэй хүн уран бүтээлч болсон нь санамсаргүй тохиолдол байсангүй. Түүний уран бүтээлийн замнал оюутан байхаас нь буюу МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урлагийн тайзнаас эхэлсэн түүхтэй. Энэ сургууль, энэ танхим, энэ л тайзан дээр О.Болдбаатар урлагийн авьяас нээж, амьдралын ханиа олж, аз жаргалаа атгасан.
-Тэд 1973 онд танилцаж, хамтран дуулж эхлэсэн бол 1974 онд гэр бүл болж, хоёр хөөрхөн охины аав, ээж болон 40 жил хамтдаа амьдарчээ. О.Болдбаатарын эхнэр Н.Пүрэвээг дуунд дуртай Монголчууд андахгүй ч бас шүүгч байсныг тэр бүр мэдэхгүй байх.
-1977 онд Эстрадын дуулаачдын улсын анхны уралдаан зарлахад түүний авьяаслаг эхнэр Пүрэвээ оролцож хоёрдугаар байр эзэлсэн нь урлагт үнэлүүлсэн анхны шагнал нь байв. Түүнээс хойш тэр хоёр Улсын Филармони, БаянМонгол чуулгад дуулж уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа.
-Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Буцах хаяг”, “Гарваа” жүжгийн дуу, МҮОНТ-ийн бүтээл “Нэр төр”, “Сэтгэлийн нүд” жүжгийн дуу, өөрөө гол дүрд нь тоглосон “Хуучин сүмийн нууц” киноны “Шөнийн эргүүл” дууг дуулсан нь мөн л тухайн үедээ хит болж байв.
-Өвөрмөц хоолойтой хослон дуулдаг гэр бүлийн хоёр дуучны дуулсан дуу бүхэн хүмүүсийн сэтгэлд хүрч байсан нь уран бүтээл хийх урам зориг өгч байсан биз. Тэд өөрсдийн уран бүтээлээ нэгтгэн 1996 онд “Манай гаригийн залуус” анхны тайлан тоглолтоо хийсэн юм. Түүнээс хойш эх орноо тойрон олон тоглолт хийж иржээ.
-Соёлын тэргүүний ажилтан А.Батцэцэгийн найруулсан “Зүрхэнд шингэсэн нулимс” кинонд гол дүр болох аавын дүрд Б.Ариунаа, Б.Халиун хоёр охинтойгоо хамт тоглосон.
-С.Жаргалсайханы зохиол “Хубилай хааны зарлиг” кинонд Улсын их хурлын гишүүний дүрд, “Цагдаагийн тангараг” кинонд цагдан сэргийлэхийн дарга, генералийн дүрд тоглосон.
-Гэргий Н.Пүрвээ, охин Ариунаа, Халиунаа нартайгаа нийлж гэр бүлийн “Бид“ хамтлагийг 2007 онд байгуулжээ.
-Болдбаатарын авьяаслаг гэр бүл Филармонийн “БаянМонгол” чуулгатай хамтран уран бүтээл хийж байсан бөгөөд энэ нь хожмоо “Ахмад эстрадын дуучдын тоглолт”-ын бүрэлдэхүүнд хамрагдах үндэс болж ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан эстрадын нэрт ахмад дуучидтай хамтран 512 удаагийн тоглолт хийсэн нь Монголын концертын түүхэнд гараагүй шинэ амжилт болсон юм.
-О.Болдбаатар Монголын хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Гацуурхан” хүүхэлдэйн киноны дууг дуулж байсан юм. Энэ дууг 80, 90-ээд оны үеийн багачууд андахгүй сайн мэднэ.
Г.Бадамханд
бө