Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Т.Галсан: Охин, хүргэн юу болж байгааг сонсохгүй бол сайн хадамУншсан14,963

Зээ, гурван ахыгаа эрдэм авьяасын буянт эзэн гэж итгээд, гулууз алтнаас үнэтэй итгэл, сэтгэл, зүтгэл өвөртлүүлж буцаана гэж найдаад, гудам болгон мөсөн гулгуурын талбай болчихсон энэ үед гудиггүйхэн дэрвэлзэж ирсэн халуун итгэлтэй, дулаан сэтгэлтэй дүү нартаа өвгөн ах нь баяр хүргэе.


Т.Галсан: Хоёр дахь наран болсон ном хүнийг
дотроос нь ариусган гэрэлтүүлдэг

 

"Номын жор” өдөрлөгт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лувсандамбын Дашням, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нар оролцож, залуучуудад сургамжтай сэнхрүүлэг үгсээ хайрласан юм. Энэ удаад бид Ардын уран зохиолч, эрдэмтэн зохиолч хоёрын энгүүн сайхан яриаг буулган хүргэж байна.

Зээ, гурван ахыгаа эрдэм авьяасын буянт эзэн гэж итгээд, гулууз алтнаас үнэтэй итгэл, сэтгэл, зүтгэл өвөртлүүлж буцаана гэж найдаад, гудам болгон мөсөн гулгуурын талбай болчихсон энэ үед гудиггүйхэн дэрвэлзэж ирсэн халуун итгэлтэй, дулаан сэтгэлтэй дүү нартаа өвгөн ах нь баяр хүргэе. “Номын жор” гэдэг нийгэмлэгээс энэ их эрдэмтэн, Монголын ард түмний байтугай дэлхийн сонорыг дэлдийлгэчихсэн хөгжмийн их зохиолч, феодолизм, социализм хоёрыг залгичихсан одоо капатализмаас мөлжиж байгаа өвгөн бид гурвыг урьсанд талархлаа. Намайг зөөлөн чихтэй гэж барьж аваад эхлээд ярь гэж байгаа юм байна. Би одоо “сайн хадам” болсон шүү дээ. Сайн хадам гэж мэдэх үү. Таг дүлий болчихсон хүнийг сайн хадам гэж байгаа юм шүү дээ. Охин, хүргэн юу болж байгааг сонсохгүй бол сайн хадам. Ор нь цөм цөм үсрээд туранхай банз болж байгааг сонсохгүй бол онц хадам. Орлого, зарлагын тухай юу ч ярихгүй маани уншаад суугаад байвал сайн хадам. Орцонд нь буу тасхийгээд дуугарахад “Хөгшөөн, цаана чинь хүүхэд аяга хагалчихав уу даа” гээд сууж байвал онц хадам. Гэхдээ ч бас ойрын юм сонсоод байна аа. Ингээд номын тухай ярья. Хорвоо хоёр нартай. Нэгдэх нарыг нь бурхан бүтээсэн. Бурхан ч гэж дээ, тэнгэр бүтээсэн. Хоёр дахь нарыг нь хүн ард бүтээсэн. Тэр бүтээгчдийн хамгийн том төлөөлөл нь цөөхөн атлаа олноос дутдаггүй, муухан атлаа сайнаас дорддоггүй манай Монголчууд. Худлаа гэхнээ, дорнын их гүн ухаантан, Энэтхэг орныг харийн дарлалаас гаргаж эрх чөлөөт хүчирхэг гүрэн болгосон Жавахарлал Неру гуай “Монголчууд бол дорнын номт таван гүрний нэг мөнөөсөө мөн” гэж миний багш эрдэмтэн Бямбын Ринченд айлдсан байдаг. Ингээд хоёр нарныхаа тухай эргэж ярья. Нэг нар нь бөөрөнхий, нөгөө нар нь дөрвөлжин. Бөөрөнхий нарыг тэнгэр бүтээсэн, дөрвөлжин нарыг нь хүн бүтээсэн. Хүн гурван зиндаатай байдаг. Эрдэнэт хүн, хүн сүрэг, хүн хог гэж байдаг юм. Хүн хог бол ном бүтээж чадахгүй. Гагцхүү өлсөхгүйн тулд цусалж чадна. Даарахгүйн тулд дулаалж чадна. Үр удмаа үлдээхийн тулд цаасан хайрцганд ч үржиж л байна. Хоёр дахь зиндаа нь хүн сүрэг. Сайн, мууг агуулан урсаж байдаг нийгмийн олонхи. Ном бүтээгчид бол эрдэнэт хүмүүн юм. Гачлалтай нь Монголын ном бүтээгчдийг, энэ дэлхийг төрт ёсонд оруулж өгсөн бидний дээдсийг “Хар феодалаа устга” гээд хүний тоолонгоор сум ирүүлж хядуулаад дуусгачихсан. Тэд бол “Монголын нууц товчоо”-г зохиогчид байсан. Номт лам нарыг “Шар феодалаа устга” гээд устгуулчихсан. Лам нар маань дөрвөн уулын дунд таван хэлийн мэргэд байсан. Аз болоход одоо Монгол минь ном бүтээгчидтэй болсон. Хоёр нар хоёулаа адилхан ачтай. Нэг нь болохоор дэлхийг байтугай бүхэл бүтэн нарны аймгийг гэрэлтүүлж, гадна талаас илч дулаанаараа ивгээж байдаг. Харин хоёр дахь наран болохоор хүнийг дотроос нь гэрэлтүүлж ариусгаж байдаг. Энэ бол эрдэнэт хүний бүтээсэн хоёр дахь нар-ном юм. Энэ сэдвээр ач зээ шигээ хүүхдүүд та нарт сэнхрүүлэг хийх болжээ. Би түрүүн өөрийгөө феодализмын үлдэгдэл гэж хэлсэн. “Феодализмын үед Монгол бол мал дагасан малууд байсан, малаасаа ялгаатай нь дээлийнх нь үс дотогшоо, малынх нь үс гадагшаа байсан” гэж манайхныг мичилдэг. Үнэндээ Монголын хүн амын наян хувь нь лам байсан гэдэг нь наян хувь нь сэхээтэн байсан гэсэн үг. Түвд, жагар хэлээр ном айлддаг байсан гээд бодохоор Монголын хүн амын наян хувь нь гэхэд юу юм бэ, тавин хувь нь эх хэлээсээ гадна харь хэл мэддэг, дорнын гүн ухаан, таван ухаан, анагаах ухаан, зурхайн ухааныг бүгдийг мэддэг, ая эгшиглэнгийн гайхамшгийг мэдэрдэг, тэр хэрээрээ хүн төрөлхтөнд байхгүй уртын дууг уянгалуулж бор гэрээсээ бүхэл бүтэн сансарт цойлоод ертөнцийг эргэдэг ийм л ахуйд би төрж өссөн. Манайд хэдэн судар байлаа. Орой болохоор аав, ээж минь тэврүүлэн гэр гороолуулдаг байсан. Гороолж явахдаа “Мэгмид зээвий дэрчин Жанрайсиг Дэмид чинбий ванбай Жамбиян...” гээд мэгзэм уншдаг. Юу уншиж байгаагаа мэдэхгүй ч өөрийнх нь удмын хүүхэд ой тогтоолт буюу тархины бичлэг сайтай юм уу гэдгийг мэдүүлэхээс гадна орчлонгийн жамаар гурав гороолчихдог болгох, унтахынхаа өмнө цэвэр цэнгэг ариун агаарт хүүхдээ нэг гаргачих, юу эс байсан юм бэ дээ. Гэтэл нэг удаа аав минь хурал хуйд явж ирэнгүүтээ бурхан тахил, ном судраа бүгдийг хамж аваад тулгандаа хийтэл тооно долоон дүрэлзсэн их түймэр манай гэрт авалцав. Есөн эрдэнээр бичсэн судар есөн өнгөөр солонгорон, гэрэлтэн, бичиг нь уйлан, урсан дуусдаг юм билээ. Тэрийг би үзэж байсан. Ээж яаж уйлж чарлан, дүү бид даган енгэнэж, манай гэрт ямар том эмгэнэл болж байсныг одоо би хааяа хар даран зүүдэлдэг юм. Тэр бол жаахан бага улс харийн эрхшээлд орсон үед үзэл суртлын үл үзэгдэх сэлэм айл бүрийн гэрт байсан аугаа өв соёл, үүх түүхийг устгадаг байсны гэрч байжээ гэж боддог юм. Сургуульд орохдоо, ёстой л Нацагдорж их зохиолчийн бичсэнээр “хөмөрсөн тогооны доторх хонин хорхой шиг” амьтан байснаа би сайн санаж байна. Сургууль явж байх замд тэртээ дэнж дээр олон майхан харагдлаа. -Аав аа, ямар олон майхан бэ? гэсэн чинь

-Майхан гэдэггүй юм аа, миний хүү. Байшин гэдэг юм аа гэж билээ. Тэр үед би машин огт хараагүй байлаа.

-Аав аа, тэр үхэр тэргүүд яасан хурдан юм бэ гэвэл аав,

-Үхэр тэрэг биш ээ машин гэлээ. Зам дээр тойгон чинээ чулуу, төө хүрэхгүй мод хэлхээтэй хэвтэхийг үзээд

-Аав аа, тэнд хөөрхөн тоглоом байна гэтэл аав мориноосоо буун харайж тэр тоглоомоор миний духан дээр адислаад:

-За, миний хүү ном сурахаар явах замдаа харандаа, баллуур хоёр оллоо. Миний хүү харандаа, баллуур хоёр элээж явах хүү байна гэсэн сэн. Ийм эргүү мунхгийн бэтигтэй, соёлтой атлаа бүдүүлэг харанхуй орчинд би өссөн. Тэгэхэд миний хэнз балчир тархи, зүрх хоёрт Монгол ардын өчнөөн арван үлгэр, Монгол Жангарын эсэг бусаг бүлгүүд байжээ гэж бодохоор тийм ч хоёр хөлтэй хорхой байгаагүй бололтой. Ингээд сургуульд ороод номын бараа харж ботго байгаа хуудсыг харж байгаад “Унага” шүлэг унших жишээтэй, тархины ой тогтоолт сайтай, харааны тогтоолт байхгүй ийм л хүүхэд байсан юм билээ. Тийм хоёр хөлт адгуусыг ардын багш л хүн болгож өгсөн юм. Монголчууд “Багш дор мөргөмүү, ном дор мөргөмүү, Бурхан дор мөргөмүү” гэдгийн учир тэр биз ээ. Эргүү хурга байсан Галсанг өдий зэрэгт хүргэсэн Баянхонгор аймгийн Заг сумын бага сургуулийн Бат хэмээх багшийн минь сүнс одоо баярлаж байгаа байх аа.

Даяаршил нэртэй золбиншил, дангааршил нэртэй зожигролын үед Монгол үндэстэн үлдье гэвэл амин сүнс болсон хэл, үндэсний соёл, бичгээ нандигнан дээдлэх учиртай. Энэ бүхэн үгүй бол далай шиг их усан дунд халбага цасан чихэр цацсан шиг Монгол оршин тогтнох аргагүй болно. Ийм учраас эзэн Чингисийн Монгол эрлийз Монгол болох учиргүй. Энэ дэлхийг хоёр удаа төрт ёсонд оруулж явахдаа дэлхий дээр байгаа бүх амьтан, ургамал, шинжлэх ухааны ололтыг Монголоороо нэрлээд авчихсан өвөг дээдсийн суу алдарт биширмээр. Тэрийгээ бичигтээ дархалчихсан ард түмэн бол Монголчууд. Манай Баянхонгорын Загийн голын унаган хүү, Гэгээрлийн сайд Цэндийн Баттөмөрийг “Гадаадаас гуйхгүй ганцхан юм Монголд бий” гэсний төлөө Шар хөвийн дөрөлжийн тэнд өөрөөр нь газрыг нь ухуулан буудаад булсан. Төрсөн дүүг нь Гэгээрлийн сайдаар тохоон томилсон. Төрсөн ахынхаа барьж байсан тамгыг бариад, ширээн дээр сууж байхдаа хүн юу эсийг бодох бол. Монголын өв соёлыг харийнхан ингэж л устгаж байсан. Үүнийг би хүүхдүүд та нарт хэлэхгүй юм бол энд би цол гуншингаа дуудуулан суухын хэрэг юу билээ. Тархинд чинь Мандухай, Чингисийн ухаан бүрэлдсэн бол, зүрхэнд чинь тэр дээдсийн цус гүйж байгаа нь үнэн бол ээжийнхээ сүүтэй цуг хөхсөн эх хэлээ битгий эрлийз хэл болгооч гэж гуйя. Үгийн дунд нэг харь үг ороход л сүүнд угаадас нэмэх шиг санагддаг юм. Харь хэлийг сайн сурах хэрэгтэй. Үг хэл, өмсөж зүүсэн хувцас, үзэл санаагаараа Монголоо аварч байсан миний багш Б.Ринчен “Эрдэм сурахад харийн хэл бол ээх нарны гэрэлтэй” гэж захисан юм шүү. Эх хэлээ хэдий чинээ сайн сурсан хүн харийн хэлийг төдий чинээ сайн сурдаг. Ойрмогхоны нэг жишээ хэлье. 1989 онд намайг Ховдын Багшийн дээд сургууль дээр очиж уулзалт хийхэд таарч байсан яруу найрагч Дашзэгвийн Мөнхтөр Туркт очоод барууны орны гурван хэлийг сураад ирсэн байна. “Туркийн яруу найргийн дээжис” гэдэг гайхамшигтай ботийн нэгдүгээр ботийг гаргасан байна. Эрдэм сурахад, хэл сурахад хожууддаггүй юм байна шүү. Багшийн их сургууль дүүргэсэн Саруул-Эрдэнэ хүү өнөөдөр Индианагийн их сургууль, тэр байтугай АНУ-ын Төрийн департаментын Монгол хэлний багш болоод явж байна. Ийм сайхан жишээ олон. Хэрвээ чи нагацтай, авгатай бол эрдэмд шамд гэсэн энэ үгийг Галсан гуайгаар дамжуулан хэлж байна даа гэж бодоорой. Алдарт биш авьяаст шүтэж ном унш. Уншина гэдэг үсгийн мангас болохын нэр биш. Ингэж хэлж болдог оо гэж гайхан биширмээр бадаг, мөр болгоны доогуур зурж байгаад унш. Номын агуулгыг, бүтэн романыг таван хуудсанд багтаан тэмдэглэж чадвал чи үе тэнгийнхнээсээ хоёр толгой илүү, өгүүлэх чадвараараа хэний ч урд доогийн бай болохооргүй болно. Уншсан, цээжилсэн хоёроо үеийн нөхдөдөө ярь. Энэ бол агуу суут хүмүүсийг ахин амилуулах арга. Их хувьд зарагдах, их үйлд дарагдах хоёр л хүн өөрөө шавар шиг байснаа чулуун шуумал шиг шовойн гарч ирэхийн үлгэр болно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]