Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хуучин цагийн монголчуудын сар шинийн үеэр хэлдэг байсан бэлэг дэмбэрэлтэй үгсУншсан10,930

Монголчууд бид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээх тул сайн сайхан бүхнийг хүсэмжлэн үгийн уран цэцнээр хэлэлцсээр ирсэн уламжлалтай билээ.

Монголчууд бид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээх тул сайн сайхан бүхнийг хүсэмжлэн үгийн уран цэцнээр хэлэлцсээр ирсэн уламжлалтай билээ. Бидний амьдрал ахуйтай аман зохиолын нэгэн төрөл болох “бэлэг дэмбэрэлийн үг” нь салшгүй холбоотой байдаг. Монгол түмний уламжлалт баяр болох “Цагаан сар” болж буйтай холбогдуулан энэ үеэр хэрэглэсээр ирсэн бэлэг дэмбэрэлийн үгсээс сонирхуулж байна.

 

Авга, нагац нарт айлтгах үгс:

Андуурам олон

Ачтай болтугай

Зэгс хулс шиг

Зээтэй болтугай!

 

Буурлаас буурал

Тэргүүнтэй болтугай

Буянтнаас буянтай

Дээдэс болтугай!

 

Азай буурлынд битүүлээд айл хөршийнхнөө урихдаа:

Маргаашийн мандах нарнаар

Манай гэрт морилоорой

Цагаан сарын эхний

Цайн дээжээ зооглоорой!

 

Айлд бэр болсон охиндоо дээлийн өнгө барихдаа:

Настан бүхнийг

Охин нь мэт дээдэлж яв

Магнаг торгыг

Хээг нь тааруулж оёж яв!

 

Айлчилж ирсэн зочдодоо хандаж:

Өндөр настан нь

Өлзийтэй сайхан

Өсвөр залуус нь

Өөдрөг сайхан

Өлгийтэй нялхас нь

Мэнд сайхан жаргах болтугай!

 

Ахмад хүнийг хойморт суухыг урихдаа:

Нартын хаа ч

Ноён сэнтийд завилтугай

Найр хуримын

Хойморт заларч жаргаж явтугай!

Дээшээ, дээшээ!

 

Баруун монголчууд битүүнд:

Буур жил гарав аа

Ботгон жил оров оо

Цагаан идээнд цадна даа

Цасан мөсөн хайлна даа

Хөхөө шувуу донгодно доо

Хөх ногоо дэлгэрнэ дээ

Заараагүй юм заарна даа!

 

Бэлчээрт, сүргийн дэргэд:

Өнөтэй сайхнаар

Өвлийг давав уу?

Хавтай сайхан

Хаваржиж байна уу?

Сүрэг тарган уу?

Сүү арвин уу?

 

Золгоод буцаж буй хүмүүст:

Буянтнууддаа ирж хүндлэн золгоод

Буцаж байгаа хүнлэг дүү нар минь

Авга, нагацынхаа насыг аваарай

Ашдын жаргалд умбаж яваарай!

 

***

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эсэргэн ондоо илүү жаргаарай!

 

***

Хийморь нь дандаа

Дээш дээш дэгжиж байх болтугай

Хишиг буян нь

Хааш хаашаа дэлгэрч явах болтугай!

 

Зоог хүртэх, хишиглэх үед:

Хонин шүүсийг

Хөндөж, хүртэж явтугай

Хорзын дээжийг

Сэржимдэж, амсаж явтугай

 

Саахалт зүг золгуутаар одохдоо:

Өргөө гэр даяар

Өлзийтэй сайхан шинэлтүгэй

Өлгий нутаг даяар

Өнтэй сайхан хаваржтугай

Өнөр бүл даяар

Үлэмжийн жаргалд умбатугай!

 

Үе тэнгийн хүмүүс хоорондоо золгохдоо:

Өргөө хотлоороо

Эрүүл сайхан уу?

Үржилт сүрэг нь

Өнтэй сайхан уу?

Өлмий бат

Мэлмий тунгалаг уу?

 

Үр, бэр, ачаа үдэж мордуулахдаа:

Сайн явж харьцгаах болтугай

Санасан ёсоор жаргах болтугай

Сардаа нэг учирцгаах болтугай!

 

***

Энэ насан туршдаа

Элбэг дэлбэг явтугай

Элгэн садан бүгдээрээ

Эргэж мэнд золготугай!

 

Цагаан сараар мэндчлэх үг:

Буур жил морилж

Ботгон жил орлоо

Сарын шинэ өдрийн эхэнд

Асарч хайрлаж үз.

Үр хүүхэд

Хол ойрынхон

Айл аймаг

Түй гэх түгдрэлгүй

Хой гэх өвдөлгүй

Төвшин тайван жил болтугай!

 

***

Буурал жил морилж

Буянтай жил ирж

Өвгөн жил морилж

Өлзийтэй жил ирж

Баясгалантай шинэлсний

Баярыг айлтгая!

 

***

Даага далантай

Бяруу булчинтай

Онд мэнд, өнтэй тарган оров уу?

 

***

Даага далантай

Бяруу булчинтай

Онд өнтэй тарган оров уу?

Үрээ танихгүй өнөр

Үрээгээ танихгүй баян болтугай!

 

***

Идэрхэг биес нь

Эрүүл сайхан уу?

Эрдэм номын

Хишиг буян арвин уу?

 

***

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Эсэргэн ондоо илүү их жаргаарай!

 

***

Хуучин жил хагдарч

Шинэ жил шилжирч

Төлөг сүүлтэй

Даага далантай

Бяруу булчинтай

Тарган тавтай

Үйлс бүтэмжтэй

Сайхан шинэлэв үү?

 

***

Хуучин жил ханзарч

Шинэ жил шилжирч

Хөгшид хүүхэд хөрстэй

Төлөг сүүлтэй

Даага далантай

Бяруу булчинтай

Тарган тавтай

Өнөд тарган

Өег цатгалан

Сайхан шинэлж байна уу?

 

***

Энэ (жилийн нэр) жил

Инээж золгосон бүхэн

Хойтон жилийн өдийд

Хотлоороо мэнд золгохын

Өлзийт ерөөлийг

Өргөн дэвшүүлье ээ!

 

***

Эрдэнэт биес нь

Эрүүл, сайхан уу?

Эрхэлсэн үйлс нь

Өөдрөг сайхан уу?

Эд хөрөнгийн буян нь

Арвин сайхан уу?

 

Шинэ жилийг угтах үг:

Буурал жилийн

Буян хишиг

Буман олонд

Тогтох болтугай!

 

***

Ирж байгаа (Жилийн нэр) жилдээ

Эрдэм, ажил ундартугай

Инээд баясалд умбатугай!

 

***

Өвгөн жилийн

Өгөөж хишиг

Өргөн түмэнд

Хурлах болтугай

Өлзийтэй жилийн

Өнгө хийморь

Өөд өөдөө Бадрах болтугай!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]