Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

"Өнөөдөр л Го Ди Шинг баривчлахгүй бол бид хоосон газар сахиад үлдэнэ"Уншсан47,148

...Нэг шөнө утас дуугарав. Утсаа автал нэг этгээд дотор нь арваад хүн унтаж байсан айлын хаалгыг түгжээд, гаднаас нь бензин асгаж гал тавьсан, тухайн үед галыг унтрааж, хүмүүсийн амийг аварсан тухай мэдээлэв.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу цагдаагийн байгууллагын 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нэгэн дурсамж нийтлэлийг History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчдадаа хүргэж байна. Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан эрхэм. Түүний дурсамж номын хэсгээс...

...Би (Ж.Авхиа) 1961 оны гуравдугаар сарын 1-нээс 1963 оны долдугаар сарын 19-нийг хүртэл Улсын цагдан сэргийлэх газар (УЦСГ)-ын Мөрдөн байцаах, гүйцэтгэх, эрэн сурвалжлах ажил эрхэлсэн орлогч даргаар, мөн өдрөөс 1969 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл НАХЯ-ны Нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар тус тус ажилласан билээ. Энэ хугацаанд цагдан сэргийлэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаах ажлыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон түмний идэвх оролцоог өргөжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж ажилласан юм.

Монголын цагдаагийн байгууллага, түүний ажилтнууд тусгаар тогтносон улсынхаа бүх албан байгууллага, ард иргэдийнхээ амгалан тайван байдлын харуул манаанд өдөр, шөнө, өглөө, үдэшгүй алд биеэ алжаалгүй зогсч, төр улсын чухал үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Энэ үед НАХЯ-ны сайдаар генерал Ц.Нансалжав, түүний Нэгдүгээр орлогч сайд, бөгөөд УЦСЕГ-ын даргаар Р.Гүнсэн, мөн газрын орлогч дарга, Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын даргаар хурандаа Рэнцэнхорлоо, мөрдөн байцаах хэлтсийн даргаар дэд хурандаа Цэрэн-Очир, тасгийн даргаар хошууч Даваасамбуу, Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар хошууч Чойжанцан, түүний орлогчоор хошууч Чулуунбат, Өмчийн хэлтсийн даргаар дэд хурандаа Дашзэвэг, түүний орлогч хотын тасгийн даргаар хошууч Думбарай нар ажиллаж байв.

Би цагдан сэргийлэх газрын орлогч даргаар ажиллах хугацаандаа удирдах бүрэлдэхүүн, ялангуяа гүйцэтгэх, эрэн сурвалжлах болон мөрдөн байцаах албаны гол, гол ажилтнууд болон цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй гар санаа нийлж өдөр шөнө, өглөө үдэш гэж ялгалгүйгээр хүчин зүтгэж ажиллан, үр дүнд хүрч байсан юм. Үүнээс заримыг нь дурдъя.

Миний бие гуравдугаар сарын 1-ний өдөр үдээс өмнө ажлаа хүлээж аваад, ажлын байдалтайгаа танилцаж байтал үдээс хойхно "Биокомбинатад автын механик Содов бусдад    б у у д а г д а н    а л а г д ж э э" гэсэн мэдээ ирэв. Мөрдөн байцаах хэлтсийн дарга Цэрэн-Очир, бас нэг шинжээчийн хамт бид газар дээр нь очиж ажиллахаар явав. Ингэж миний цагдан сэргийлэхэд хийж гүйцэтгэх ажил хүний а м и н ы хэргийг илрүүлэх явдлаар эхэлж цаашид ийм олон хэргийн илрүүлэлт дээр ажилласан юм. Миний удирдсан хэсэг Биокомбинатад яаран очиж, хэргийн газар үзлэг хийж, хэргийн халуун мөрөөр яаралтай авах арга хэмжээнүүдийг авч, үзсэн харсан байж болох хүмүүсийг байцааж, баримтжуулах ажлыг зохион байгуулав. Хохирогчийн ц о г ц о с т хийсэн үзлэгийн байдлаас үзэхэд түүнийг том буугаар б у у д а ж а м ь насыг нь х о р о о с о н  болох нь тогтоогдов. Мөн Туул голын дагуу мотоциклээр явсан байж болох ул мөр байвч чухам хэнтэй явсан нь учир битүүлэг байлаа. Гэр бүлийн хүмүүсийнх нь мэдүүлгээр хохирогчийн гарт нь байсан бугуйн цаг алга байв. Хохирогчийн үерхдэг, нөхөрлөдөг хүмүүсийг судлахад нэлээд олон хүмүүс байлаа. Тэдний дунд өвөрмонгол гаралтай, тэндээс ирээд олон жил болсон автын механикийн мэргэжилтэй нэг хүн байв. Буу, зэвсгийн талаар судалгаа хийхэд тодорхой мэдээ, материал олддоггүй. Био үйлдвэрийн төвд ажиллаж амьдардаг, насанд хүрсэн хүмүүсийг судалж үзэхэд, сэжиг, сэвдээтэй хүн нэг л олдохгүй байв. Харин комбинатын төвд арав гаруй хятад хүмүүс ажиллаж байсан бөгөөд тэд нар маргааш буцна гээд пүүгээгээ боосон байв. Тэдний ахлагч Го Ди Шин гэдэг хятад хүн Солонгосын дайнд оролцож шагнуулсан гэж байнга одон зүүж явдаг байжээ. Хэргийн халуун мөрөөр хийсэн үзлэгээс дүгнэлт хийж үзэхэд, гурван төрлийн таамаг дэвшүүлэх үндэстэй байсан.

Түүний нэг нь, нутаг буцах гэж байсан хятадууд үйлдсэн байж болох бөгөөд түүний дотор тэдний ахлагч, ахмад дайчин гэх Го Ди Шинг сэжиглэж болох талтай байлаа. Шалгалт, судалгааны ажил хийгээд нэлээд оройтов. Го Ди Шинг түр саатуулж, Улсын цагдан сэргийлэх газрын конторт ирэв. Бүх болсон явдал, шалгалтын дүнгийн тухай, Р.Гүнсэн даргад танилцуулаад, Го Ди Шинг баривчлах санал тавив. Дарга “мөчид баримтаар хүн хоривол хоёр улсын хоорондын маргаантай асуудал болно” гэж хэлээд хорих тун дургүй байв. Би бодсоноо шууд хэлдэг заншлаараа, "Өнөөдөр л Го Ди Шинг баривчлахгүй бол маргааш эд нар нутаг буцна, бид хоосон газар сахиад үлдэнэ. Хэрэг илрүүлэх тухай ярих хэрэггүй болно" хэмээв. Дарга хэсэг бодсоноо "Та нар шийднэ биз” гэв. Бид гараад дахин сайн байцаахаар ярилцав. Цэрэн-Очир бид хоёр Го Ди Шинг хорих тухайд санал нэг байв. Бид хоёр Лениний академийн хууль цаазын ангийг нэг жилийн зөрүүтэй төгссөн билээ. Тэгээд хятад хэлний орчуулагч Баянбилэгээр дамжуулан, асуудлуудыг шууд тулгаж маш нарийн байцаалаа. Шөнийн 11 цаг өнгөрч байтал Го Ди Шин бултах аргагүй болсон болтой энгэртээ байгаа одонг хувцаснаасаа урж аваад, ширээн дээр тавьж, “Та нар зөв замаар хөөж байна. Механик Содовыг би а л с а н юм. Одоо бүгдийг ярина” гэв. Тэгээд бүх зүйлүүдийг яриулж протокол бичив. Тодорхой биш зүйлүүдийг нэмэлт асуудлуудаар тодотгов. Хэрэг гарсан өдөр Содовтой хамт Туул голын хойт хөвөөгөөр мотоциклээр ан хийх нэрийдлээр явж байгаад, Содовыг бууд аад, буугаа голын усны цаад эрэгт булсан, хохирогчийн зүүж явсан цагийг аваад суудаг байрныхаа гадаа байдаг нүүрсний хог дотор хийсэн зэргийг тодорхой ярив. Тэрээр шалгалтын асуултууд тавихад үнэнээ ярьж байгаа бололтой байсан. Бид маргааш болвол буцаж булзааруулж магад, шөнө элдэв юм бодно гээд тэр дор нь хэргийн газрын үзлэгийн машин бэлтгэж том прожектор, хүн хүч нэмж, Го Ди Шиний гар хөлийг гавлаад, тэр шөнөдөө яаравчлан хэргийн газар очоод, голын нөгөө эрэгт шорооны дороос нуусан бууг олж, байран дээр нь ирээд нүүрсэн дотроос нуусан цагийг олуулав. Ингээд Го Ди Шинг баривчлах асуудал тодорхой болов.

Улмаар Го Ди Шинг баривчилж Аюулаас хамгаалахын шоронд хорив. Энэ хэрэг сэдэлтээрээ улс төрийн зорилготой байсан эсэх талаар нэлээд анхаарч, Улсыг аюулаас хамгаалах газрын тагнуулын алба, мөрдөн байцаалтад уг хэргийг сар шахам шилжүүлж шалгуулсан боловч тодорхой зүйл илрээгүй юм. Тэгээд Го Ди Шингийн хэргийг цагдаагийн мөрдөн байцаалтад буцаан авч мөрдөөд, шүүхэд шилжүүлж манай улсын шүүх бусдыг санаатай х ө н ө ө с ө н  хэргээр я л оногдууллаа. Тэр хүн я л а а манай улсын хориход эдэлсэн юм. Ингэж миний цагдаагийн байгууллагад ажиллах ажил санаатай хүн а м и й г бусниулсан хэргийг илрүүлснээр эхэлж байж билээ.

Би УЦСЕГ-т хоёр жил хагас ажиллаад, Намын төв хороонд Лениний академийн дэргэдэх аспирантурт суралцуулж өгөхийг хүссэн өргөдөл бичиж, академиас сургууль төгсөхөд өгсөн аспирантурын урилгыг хавсаргасан юм. Төв хороо үндсэнд нь зөвшөөрч, цэргийн төв эмнэлэг дээр комисст орж байгаад, үдээс хойш ажил дээр ирэхэд “Яамны хэмжээгээр таныг эрж сураад байна” гэв. Сайд Жамбалсүрэн дээр очиход, Намын төв хороон дээр очиж, хуралд ор гэв. Тэнд очтол Улс төрийн товчооны хуралд ор гэж тусгай хэлтсийн дарга Дамбадаржаа хэлэв. Тэгээд ортол Ю.Цэдэнбал дарга хурал удирдаж байсан бөгөөд нөхөр Ж.Авхиаг НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар томилох саналтай байна гэв. Би цэрэг байж үүрэг биелүүлж байсан болохоос биш дарга байж хүн удирдаж үзээгүй учир энэ ажлыг хийж чадахгүй байх, харин аспирантурт явж ирээд даалгасан ямар ч ажлыг хийе гэв. Дарга миний үгийг сонссон боловч үг дуугүй л “Батлах уу” гэхэд бусад нь бүгд дагалдав. Ингээд 1963 оны долдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор намайг НАХЯ-ны Нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар томилсон болно. Үүний дараа Ю.Цэдэнбал дарга "Нөхөр Авхиа эрдмийн ажил хийе гэж байгаа бол эчнээгээр хийж болох юм” гэж хэлж билээ. Намар нь намайг Лениний академийн дэргэдэх аспирантурт эчнээгээр суралцуулахаар Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гарсан байв. Ингэж би эрхэлсэн ажлынхаа зэрэгцээгээр эрдэм номын ажил хавсарч хийх болсон юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хүчтэй болгох, тодорхой төрлийн онц ноцтой гэмт хэргүүдийг цаг тухайд нь илрүүлэхэд гүйцэтгэх шуурхай алба, мөрдөн байцаах ажлыг хослуулан зохицуулах, мөрдөн байцаах ажлыг нэгдсэн харъяалалд оруулж цагдан сэргийлэх байгууллагад төвлөрүүлэх явдал маш чухал ач холбогдолтой байсан юм. ЗХУ-д нэлээд өөр боловч миний бодсон санасантай ойролцоо харъяалал үйлчилж байв. Энэ тухай ЗХУ-ын “Социалист хууль ёс" сэтгүүлд бичигдсэн байсан тул би тэр сэтгүүлийг авч Ю.Цэдэнбал дарга дээр орж үзүүлэн ЗХУ-д Прокурор, Дотоод яамны хооронд мөрдөн байцаалтын харъяаллыг яаж шийдвэрлэсэн болон манай улсад мөрдөн байцаалтыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн төвлөрүүлэх үндэслэлээ танилцуулсны эцэст, гагцхүү нябо-гийн актаар дутагдаж гарсан төлбөрийг Прокурорт үлдээж, бусад хүний амь, дээрэм, хулгайн хэргүүдийг цагдан сэргийлэх байгууллагад шилжүүлэв.

1964 онд СнЗ-ийн 218-р тогтоолоор мөрдөн байцаах газрыг байгуулж даргаар нь хошууч Навааныг томилсон билээ. Тэгээд дараа нь Б.Даваасамбуу дарга болсон юм. Тэр үед нийт мөрдөн байцаагч нарын дотор дээд мэргэжлийн хүн цөөн байв. Тэр үеэс хойш одоог хүртэл цагдаагийн мөрдөн байцаах байгууллагаас Лэгрэв, Өлзийбуян, Содов, Дамдин, Бадамдорж нарын зэрэг гавьяат мөрдөн байцаагч нар төрсөн байв. Хошууч генерал Бэгзийн Даваасамбууг онцлоход 1955 оноос хойш мөрдөн байцаах тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга, УЦСЕГ, УЕПГ-ын мөрдөн байцаах эрхэлсэн орлогч, цэргийн ерөнхий прокуророор тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа тэтгэвэрт гарсан, манай улсын мөрдөн байцаах ажлын нэр хүндтэй мэргэжилтэн удирдагч байв.

...Нэг шөнө утас дуугарав. Утсаа автал нэг этгээд дотор нь арваад хүн унтаж байсан айлын хаалгыг түгжээд, гаднаас нь бензин асгаж г а л т а в ь с а н, тухайн үед галыг унтрааж, хүмүүсийн амийг аварсан тухай мэдээлэв. Гэвч тэр этгээд гадаах жорлонд орж нуугджээ. Жижүүрийн офицер Гончигдорж араас нь очоод, хаалгыг татаж онгойлгон “гар” гэхэд толгой руу нь б у у д а ж унагаад, өөрөө жорлондоо үлджээ гэсэн мэдээ өгөв. Цаг харвал дөрвөн цаг өнгөрч байв. Би төвийн жижүүрт хэргийн газар хамгаалалт хурдан зохион байгуулж, гэр лүү жижүүрийн машин явуул, кабинд нь макаров буу хоёр магазин сумтай хийж явуул гэв. Манайх нэгдүгээр дөчин мянгатад байсан учир хувцсаа өмсөөд гарахад, машин ирж зогсов. Ингээд Ажилчны районы нутаг дэвсгэрт хэрэг гарсан газар очиход, галын хоёр машин, хоёр цагдаа хамгаалалт хийж байв. Гончигдорж жорлонгийн үүдэнд тарвайгаад хэвтэж байв. Түүнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай байсан боловч жорлонгийн мод хоорондоо зайтай байсан тул тэнд хүн очвол дотроос нь буудаж алах магадлал өндөр байлаа. Нэгийг аврах гээд хоёрыг а л у у л а х байв.

Би хамгаалалтын хүчийг яаралтай нэмэгдүүлээд, гар буугаа гаргаж жорлонгийн араас дээгүүр нь хоёр буудуулав. Ингээд урт дээс авчруулан гогцоо гаргаад галын хоёр машиныг жорлонгоос уг этгээд гарч ирвэл шүршиж унагаахад бэлэн болголоо. Айлуудын амбаарын орой дамжуулж хоёр цагдаа явуулан, жорлонг татаж унагав. Тэгсэн нөгөө этгээд байсангүй. Урьд нь намайг жорлон руу хоёр буудахад, тэрээр өөрийгөө буудаж байна гэж бодоод доошоо нүхэнд нь орсон байжээ. Команд өгөөд нүхнээс гарч ирэхэд нь галын усаар хэд хүчтэй шүршин, хоёр дахин унагасаны дараа цагдаа гэмт этгээдийг баривчиллаа. Хүлээж байсан эмч нар ч Гончигдоржид үзлэг хийн түүнийг эмнэлэг рүү авч явлаа. Байдлыг тодруулахад, сууж байсан эхнэрийнхээ хоолойг о г т л о х гэж байгаад хутга нь х у р ц биш байсан завдлагаар урьд нь ш и й т г э г д с э н Баттулга гэгч этгээд ээжийгээ тав, зургаан дүү нарынхаа хамт бүгдийг нь   ш а т а а ж   а л а х  гэж гаднаас нь хагас хувин бензин цацаад г а л т а в ь с а н аж. Харин гал команд хурдан ирсэн тул галыг унтрааж, хүмүүсийн амийг аварсан байна. Гэмт этгээд жорлонд байхдаа биеийн тамирын буугаар Гончигдоржийн т о л г о й д  б у у д с а н сум нь тэндээ үлдсэн байсан юм. Хоёр дахь сум замгандаа гацсан байжээ. Түүгээр өөр хүнийг эсвэл Гончигдоржийг хоёр дахь удаа б у у д а х гэсэн аль болох нь тодроогүй. Түүнийг онц аюултай этгээд гэж үзэн, гавалж мөрдөн байцаах болов. Шүүх түүнд манай улсын түүхэнд анх удаа завдалга үйлдсэнд ц а а з а а р  авах я л оногдуулсан юм. Хэрэв энэ хэрэг дээр цагдаагийн болон галын байгууллага, түүний ажилтнууд идэвхтэй шуурхай ажиллаагүй бол долоо найман хүний а м и й г нэг дор нэн аюултай гэмт этгээдэд хөнөөлгөж болох байсан юм.

Хүүхэд залуучуудын дотор гарч байгаа гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг сайжруулах зорилгоор 1968 онд Сайд нарын Зөвлөлийн 95 дугаар тогтоолоор насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх хэлтсийг УЦСЕГ-т байгуулж, даргаар нь дэд хурандаа Н.Балгансүрэнг томилжээ. Мөн ЦСБ-аас гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ШУТ-ийн ололтыг нэвтрүүлэх зорилгоор хотын цагдан сэргийлэх газрын дэргэд ШУТ хэлтэс байгуулж, криминалистикийн болон хими, биологийн шинжилгээнүүд бий болгож, хурууны хээ судлалын товчоо байгуулсан юм. Шинээр байгуулагдсан шинжилгээний байгууллагад Р.Чойсүрэн, Ё.Жанцан, Цэдэн, Т.Моюу нар чухал үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэх нь зүйд тохирно.

Гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад эрэлч нохойн алба чухал шаардлагатай байлаа. ЗХУ-ын ДЯЯ-ны зохих байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож, криминалисткийн мэргэжилтнүүд, төрөл бүрийн шинжээчид, эрэлч нохойн албаны мэргэжилтнүүд, сургуультай нохдыг тэдгээр байгууллагад бэлтгэж байв. Улаанбаатар хотод эрэлч нохойн албаны сургууль байгуулж, бүх аймаг, хотын Цагдан сэргийлэх хэлтэс ангиудыг эрэлч нохойн төлөөлөгч, эрэлч нохойтой болгосон юм. Үүний үр дүнд түүний тусламжтайгаар гэмт хэргийг шууд илрүүлэх явдалд ахиц гарав. Эрэлч нохойн албаны суурийг тавихад Лхүндэв, Гончигсүрэн, Шархүү, Манирагчаа, Доржсүрэн нар чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй билээ.

Цагдаагийн байгууллагад арван жил шахам ажиллахад тэдний удирдлагын дотор гар санаа нийлж, халуунд халж хүйтэнд хөрч өдөр шөнө, өглөө үдэш гэхгүйгээр нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт явдалтай тэмцэх албанд амь бие эрүүл мэнд, эр чадлаа хуваарьгүй зориулсан дайчин нөхдийнхөө алдар, гавьяа нэр төрийг дурсахгүй байхын аргагүй. Тэдгээрийн дотор хурандаа С.Рэнцэнхорлоо, хурандаа Шагдар, дэд хурандаа Жамбадагва, дэд хурандаа Шийравдорж, хурандаа Сэнгэдорж, хурандаа Батсүх, хурандаа Бат-Очир, хурандаа Дашдэмбэрэл, генерал Б.Даваасамбуу, генерал Думбаарай, генерал Отгонжаргал, хурандаа Чулуунбат, хурандаа Цэрэн-Очир, дэд хурандаа Загдсамбар, дэд хурандаа Чойжанцан, дэд хурандаа Чойсүрэн, хурандаа Балгансүрэн, дэд хурандаа Доржсүрэн, дэд хурандаа Жамсрандорж, хурандаа Жанчив, хурандаа Жанцан, хурандаа Дашзэвэг, хушууч Дүгэржав нар маань зүй ёсоор орно.

Мөн нийгэмд аюултай гэмт этгээдүүдтэй халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан толгойдоо сумтай Гончигдорж, хүний амь аврах гэж автобусны урдуур гүйж амь насаа алдсан Бадамханд, улсын өмч хөрөнгө хамгаалж зэвсэгт дээрэмчидтэй баатарлагаар тулалдаж, дал гаруй хутгалуулж, амиа алдсан Лувсан нарын зэрэг хүмүүсийн гавьяа зүтгэл ЦСБ-ын түүхэнд мөнхрөн үлдэх болно. Цагдаагийн байгууллагад 10 шахам жил ажиллах тэр үед Зөвлөлтийн мэргэжилтэн П.И.Титов, И.Г.Мельников нар мэргэжлийн ур чадвар, баялаг туршлагаасаа сэтгэл харамгүй хуваалцаж байсныг би ер мартдаггүй юм.

МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал намайг цагдан сэргийлэх байгууллагыг арав шахам жил удирдаж байхад байнга анхаарал тавьж, миний санал хүсэж, санал болгосон зүйлүүдийг хүлээн авч, тухай бүр нь шийдвэрлэж өгч байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Ю.Цэдэнбал дарга Намын төв хороон дээр буюу аль нэг газар надтай уулзахдаа намайг Ж.Авхиа гэж дууддагүй “Оо, манай цагдаа сэргийлэх” гэдэг байсан юм. Нэг удаа төв талбай дээр Майн баярын жагсаал жигдрээд байтал талбайд нэг нохой орчихов. Цагдаа нар гаргах гэтэл тал, тал тийш зугатаад гарахгүй нэлээд сандаргасан юм. Парад тарсны дараа контортоо очоод байтал дотуур утас дуугарав. Автал, дарга “Авхиа би Цэдэнбал байна. Авхиа чи талбайд нохой орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэр гөлөг чинь нэг орчих юм бол гарахгүй хэцүү юм байна" гэж энгийн мөртлөө инээдэм болгон хэлж байж билээ. Харин би маш их айж эмээж байсан.

1969 оны 2 дугаар сарын 5-ны өдөр даргын туслах “таныг Цэдэнбал дарга дуудаж байна" гэв. Би яах гэж байгааг нь огт мэдэхгүй очиход, хэсэг зуур ярьж байгаад, “Авхиа чамайг Улсын Ерөнхий Прокурор болгохоор төлөвлөж байна" гэв. Тэгэхэд нь би “даргаа энэ өндөр хариуцлагатай ажлыг хийж чадахгүй. Би сурсан дассанаараа цагдаагийн байгууллагадаа ажиллая” гэв. Гэтэл дарга "Бид яриад тохирчихсон, маргааш товчоогоор орно. Битгий татгалзаарай" гээд яриагаа өндөрлөв. Гараад Жамбалсүрэн сайдтай уулзаж болсон явдлыг хэлэхэд “дарга надтай ярьсан, би зөвшөөрсөн юм. Чи очоод ажилла” гэв ээ. Тэрбээр “уг нь би чамайг аюулаас хамгаалах асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоороо авч ажиллах гэсэн юм, одоо яая гэхэв" гэж билээ. Маргааш нь намайг Прокуророор баталсны дараахан дуудаж, чекистийн хүндэт тэмдэг, макаров гар буу, хоёр магазин сумтай шагнал болгож өгсөн юм. Жамбалсүрэн сайд бол яаманд ирж ажиллаад удаагүй мэргэжлийн бус ч өндөр боловсролтой, чадварлаг, зориг, шийдвэр сайтай сайн хүн байсан. Гагцхүү хүнд өвчин туссан учир харамсалтай нь удаан хугацаагаар ажиллаж чадаагүй юм.

Цагдаагийн байгууллага маань намайг дэлгээ тугийн дэргэд авахуулсан босоо зургаар шагнасан билээ. Ингээд би 1969 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Ерөнхий прокуророор томилогдон ажилласан болно. Миний оронд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар Улаанбаатар хотын прокуророор ажиллаж байсан С.Бүдрагчаа томилогдож ажилласан юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 22. 12:40
Зочин

Жарантайн Авхиа багшийн номын дууг оюутан байхдаа сонсож байлаа

6 сар 20. 23:54
Зочин

mash goy dursamj bn bayarlalaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]