Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

С.Ууганбаяр: Түүхийн хичээлийг хүүхдэд ойр жишээгээр, сонирхолтой зааж чадвал тэдний сонирхол, хандлага маш өндөр байдагУншсан1,274

Ном унших нь нэг хэсэг миний хобби юм уу, амьдралын нэг хэсэг юм уу гэдэг нь зааг, ялгаагүй байсан. Ажлын байраа солисноос хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад одооноос гурван төрлөөр уншиж байна.

 Ярилцсан О.Цэцэгсүрэн


Түүхийн ухааны магистр, Интерток нэвтрүүлгийн хөтлөгч, Америк-Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С. Ууганбаяртай ярилцлаа.

-Яриагаа таны одоо эрхэлж буй ажил, албаны талаар эхэлье. Хэзээнээс түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа вэ?

-Түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаад удаагүй. Үндсэндээ энэ хичээлийн жилээс эхлэн түүх, нийгмийн ухааны багшаар дагнан ажиллаж байна. Би 2014 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн. 2019 онд тус сургуульдаа түүхийн ухааны магистрын зэргээ хамгаалсан.

-Багаасаа түүх сонирхдог байв уу, яагаад түүхч, судлаач мэргэжлийг сонгох болсон бэ?

- Багаасаа түүх маш их сонирхдог байсан. Уншиж сураад хамгийн анх уншсан ном маань С.Лочингийн “Гал голомт” түүхэн роман. Үүнийг уншсанаас хойш түүхийн номд шимтэх болсон. Мөн багаасаа л түүхийн чиглэлд сонирхолтой байсан учраас энэ мэргэжлийг сонгосон.

-Таны судалгааны гол чиглэл юу вэ?

-Судалгааны гол сэдэв маань XIII зууны түүх. XIII зууны ахуй амьдрал, хоол хүнс ямар байв, хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь хүний бие физиологид хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг оюутан цагаасаа сонирхож эхэлсэн. Мөн Монголчуудын генийн асуудлаар судалгаа хийсэн. Дэлхий дээр Чингис хааны генетикийг агуулсан 16 сая эрэгтэй хүн байна гэж яригдаж байгаа. Энэ нь дан ганц Монголд бус Монголчуудыг тойрон амьдарч буй хүмүүсийн генетикийн асуудал. Ер нь судлаад байвал их сонин. Монгол хаадын генийн гажиг архины хэт их хэрэглээтэй холбоотой гэсэн судалгааны ажлууд байдаг. Үнэхээр тийм байсан уу, архины хэт хэрэглээ гэж юуг хэлээд байна вэ, тухайн цаг үе, нийгэм, түүхэн үүднээс хандах юм бол архины хэрэглээ нь энгийн үзэгдэл байв уу гэдэг нь сонин. Ерөнхийдөө хаад ноёдын амьдралд архи дарсны хэрэглээ өдөр тутмын энгийн асуудал байсан. Зөвхөн Монгол хаад ч гэлтгүй Европын хаадад ч ийм асуудал байдаг.

Бакалаврын ажлаа “XIII зууны Монголчуудын байлдан дагуулалд байгаль, цаг уур хэрхэн нөлөөлсөн бэ?” гэдэг сэдвээр хамгаалсан. Ингэхдээ түүхийн шинжлэх ухааныг бусад шинжлэх ухаанаар баяжуулж, дэлгэрүүлж судлахыг зорилго болгосон юм. Газарзүйн детерминизмийн онол, модны цагирагийн судалгаа, нарны идэвхжлийн онол зэрэг онолууд дээр тулгуурлан Монголчуудын байлдан дагуулал эхлэхэд байгаль цаг уур ямар байсан, дунд нь яаж өөрчлөгдсөн, энэ нь ямар нөлөөтэй байсан бэ гэдгийг хамтатган судалсан.

Магистрын зэргээ 2019 онд хамгаалахдаа ой санамж гэдэг зүйл дээр тулгуурлав. Монголчуудын байлдан дагуулалд ой санамж хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг л даа. Юу гэсэн үг вэ гэвэл Хүннүгээс эхлээд Монголын эзэнт гүрний өмнөх үед оршин тогтнож байсан улс гүрнүүдийн цэргийн, анагаахын, идээ ундаа, хоол хүнсний, ан гөрөө, байгаль цаг ууртайгаа харьцах зэрэг “туршлага”-уудыг ой санамж гэдэг зүйлд багтаан эдгээрийг Ницше, Шопенхауэр зэрэг хүмүүсийн амьдралын философитой буюу хүслийн тухай ойлголттой холбосон. Монголчууд ой санамжаа Монголын эзэнт гүрний үед хэрхэн ашиглав, үүний үр дүнд ямар нөлөө гарав гэдэг талаар судлахад байгаль цаг уурын асуудал давхар хөндөгдөж эхэлнэ. Тухайлбал, Монголчууд цаг улирлын байдалдаа тохируулж нүүдэллэдэг. Халууны улиралд аян дайн хийвэл агт морьд маш ихээр ядардаг, сульддаг, үхэж үрэгддэг тул халууны улиралд барагтай бол хөдлөхгүй. Намар сэрүүний улиралд харин аян дайнд мордоно. Байгаль цаг ууртай харьцдаг ой санамж, “туршлага”-аа дайн байлдааны үед яаж ашигласан байна, тэр нь дайн байлдаанд яаж нөлөөлсөн байна гэдэг гурвалсан холбоон дээр XIII зууны үеийн Монголчуудын байлдан дагуулалд нөлөөлсөн хүчин зүйлийг судалгаандаа чиглэл болгон гаргаж ирэхийг зорьсон.

-Манай боловсролын системд түүхийн хичээлийг хэддүгээр ангиас эхэлж заадаг вэ, хувийн сургуулиудад ялгаатай байдаг уу?

-Түүхийн хичээлийг боловсролын системд зургадугаар ангиас эхэлж үздэг. Хувийн сургууль гээд өөр байна гэсэн ойлголт байхгүй. Миний ажиллаж буй Америк-Монголын хамтарсан “Шилдэг” сургуульд зургадугаар ангиас нь эхэлж, AP хөтөлбөрийн хүрээнд дэлхийн түүхийг илүү түлхүү заадаг.

-Таны ажигласнаар түүхийн хичээлд хүүхдүүд хэр идэвх, сонирхолтой байна вэ?

- Монсудар хэвлэлийн газар ажилладаг байхдаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан боловсролын салбар дахь түүхийн сурах бичгийн агуулга, алдаа дутагдлыг нь ажигладаг байлаа. Багшаар ажиллах үед ажиглаж байсан алдаа дутагдлууд тодорхой хэмжээнд харагдаж байна. Хүүхдүүд англи хэл болон математикийн хичээлд илүү анхаардаг гэх ойлголт байдаг. Гэтэл түүхийн хичээлийг яаж заахаас хүүхэд сонирхох уу, үгүй юу гэдэг нь шалтгаалдаг. Түүх, нийгмийн ухааны хичээлүүдийг хүүхдэд ойр жишээгээр, ойлгомжтой, сонирхолтой байдлаар зааж чадвал хүүхдүүдийн сонирхол, хандлага маш өндөр. Түүхийн хичээлийг математик, физик, биологи зэрэг бусад шинжлэх ухаануудтай холбосноор илүү их сонирхох хандлага ч ажиглагддаг. Гэтэл манай боловсролын системд, сурах бичиг дээр энэ асуудал огт тусгагдаагүй. Сурах бичгүүдийн агуулга хоорондоо зөрчилддөг. Жишээлбэл, 12-р ангийн Монгол хэлний сурах бичиг дээр “Монгол гэр дугуй хэлбэртэй, түүнээс шалтгаалаад хүний бие, царай төрх, булчин шөрмөс цаашлаад дэлхий ертөнц, тэнгэр дугуй байдаг” гэсэн агуулгатай текст хүртэл байна. Уран зохиолын хувьд санаагаа батлах гэсэн байж болох ч энэхүү текст бусад бүх хичээлийн агуулгатай зөрчилдөнө. Монгол гэр дугуй гэдгээр зөвхөн нүүдэлчин Монголчуудын сууц гэж үзсэн байна. Гэтэл Монгол гэр нь Хянганы нуруунаас Каспийн тэнгис хүртэлх төв Азийн нүүдэлчдийн нийтлэг соёл. Хүний булчин шөрмөс дугуй гэдэг нь биологийн хичээлтэй зөрчилдөх, цаашлаад тэнгэрийг дугуй гэж хэлж байгаа нь хорвоо ертөнц, гурван яст мэлхийний нуруун дээр тогтдог байсан гэдэгтэй адил зүйл. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөн өнөөгийн цаг үед ийм өрөөсгөл зүйлс байж болохгүй. Хэдийгээр жижиг мэт боловч хоорондын уялдаа холбоо логикийг алдагдуулж, энэ нь хүүхдүүдэд эргэлзээ төрүүлэх, төөрөлдүүлэх, сонирхлыг нь бууруулах хандлага ажиглагдаж байна.

-Та өмнө нь Монсудар хэвлэлийн газар ажиллаж байсан. Тус байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

- МУИС-ийг төгссөн ондоо Монсудар хэвлэлийн газарт редактораар ажилд орж, түүх, газарзүй, улс төр, философийн чиглэлийн бүтээлүүдийг хариуцсан редакцийн эрхлэгчээр дөрвөн жил, нийтдээ тус байгууллагад зургаан жил ажилласан. Хэвлэлийн газрын хувьд “Нийгмийг соён гэгээрэлд хөтөлнө” гэсэн уриатай, дан ганц ашиг харалгүйгээр уншигчдад хэрэгтэй гол гол бүтээлүүдийг хэвлэн гаргахыг зорьдог. Дотроо дөрвөн тусдаа салбар редакцитай.

-Түүх соёлын редакцийн талаар дэлгэрүүлвэл?

-Түүх соёлын редакц нь 2014 онд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Редакцийн хувьд нэгдүгээрт, Монголын түүх, соёлтой холбоотой бүтээлүүдийг орчуулан гаргах, хоёрдугаарт, дэлхий дахинд ямар бүтээл бестселлэр болж байна вэ, уншигчдын эрэлт хэрэгцээ юу байна вэ гэдгийг анхаарч гадны бүтээлүүдийг орчуулах, гуравдугаарт, редакцийн түвшинд өөрсдийн бүтээлээ гаргах зорилготой. Жишээлбэл, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Суурь мэдлэг” гэж цуврал бий. Хэвлэлийн газрын редактор нь уг цувралын агуулгыг гаргаж, гардан ажилласан. Мөн түүнчлэн бусад зохиолч, судлаачидтайгаа хамтарч бүтээл гаргадаг.

Нийгмийн ухааны суурь бүтээлүүдийг орчуулан оюутан залуустаа эх зохиолыг нь эх хэл дээрээ унших боломжийг нь олгодог. Манайд зарим бүтээлүүд хэвлэгдэн гараагүй, гарсан нөхцөлд алдаа мадаг ихтэй байдаг. Тиймээс засаж сайжруулан уншигчид, оюутнууддаа оюуны хөрөнгө оруулалт хийдэг.

- Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монголчууд” цуврал ном түүхэн гэрэл зургуудаас гадна ховор түүхийн баримтууд, архивын баримтуудыг багтааснаараа онцлог. Та уг цуврал дээр гардан ажилласан судлаач.

- Монсудар хэвлэлийн газар 2010 оноос эхлэн “Монголчууд” цувралыг эрхлэн гаргасан. Энэ оны нэгдүгээр сард “Монголчууд-Социалист бүтээн байгуулалт” буюу 1960-1988 оны түүхийг өгүүлсэн сүүлийн бүтээлийг гаргасан. Тус бүтээлийг гаргах болсон нь манай улсад төр нийгмийн түүх буюу хаад, ноёдын түүх илүү түлхүү судлагддаг, харин Монгол хүн гэж хэн бэ гэдэг талаархи судалгаа төдийлөн байдаггүйтэй холбоотой. Тиймээс Монголчууд түүхийн туршид юу идэж, өмсдөг, эдэлж хэрэглэдэг байсан бэ гэдэг зүйлийг гаргаж ирэх зорилготой. Цуврал бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, эртний үеийн түүхийн ботид хадны зураг, булш бунхны зургууд илүү түлхүү ордог бол Эзэнт гүрний үеийн түүхийн номд чимэглэл зургууд түлхүү ордог. Рашид ад Дины Судрын чуулган номын чимэглэл зураг, Перст байгаа номын чимэглэл зургууд зэрэг. Ерөнхийдөө тухайн цаг үед Монголчуудыг хэрхэн дүрсэлж байсан бэ гэдгийг харуулах дүрслэлийн зургуудыг түлхүү авч ашигласан. Түүнээс хойш үе буюу Манжийн сүүл үеэс фото зурагтай болж эхэлсэн учраас фото зургуудыг авч ашиглан, архивын баримтуудаар баяжуулсан. Түүхийн судалгааны нэг онцлог нь газрын зураг байдаг. Тиймээс бид 2014-2016 оны хооронд Монголын түүхийг харуулсан 32 ширхэг зураг хийж, үүнийгээ цувралдаа ашигласан.

-Цувралд үргэлжлэл бий юу?

- Үргэлжлэл гаргах эсэхийг хэвлэлийн газрын түвшинд мэдэх байх. Миний зүгээс болон бидний ярьж байгаагаар энэ цуврал үргэлжилнэ. Гэхдээ ойрын 1-2 жилийн хугацаанд нэг боть гарах нь уу, үгүй юу. Цаашид үргэлжилвэл магадгүй 10-20 жилийн дараа дахин нэг боть гарах байх. Учир нь 1990 оноос хойшхи түүх бол өнөөдөр бичээд, өнөөдрөөр дүгнэх боломжгүй. Тиймээс тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа, олон шалгууруудыг давж, олон талын үзэл баримтлалууд гарч, түүнийг түүх болгон уншигчдад хүргэнэ. Энэ бол түүхийн онцлог. Тиймээс 1992 оноос хойшхи бүтээл нэлээд хожуу гарч магадгүй.

-Өвөр Монголд өрнөж  буй Монгол хэл, бичгийн асуудал Монголчуудын анхаарлын төвд байна. Та энэ тал дээр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Мэргэжлийн асуудал биш учраас нарийн тодорхой зүйлийг хэлж чадахгүй. Хувь хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлвэл, мэдээж энэ бол Хятадын дотоод хэргийн асуудал. Гэхдээ энд Монгол гэдэг үндэстний асуудал яригдаж байгаа учраас Монголчууд ямар нэгэн байдлаар өөрсдийн эсэргүүцэл, оюун санаа, үзэл бодлоо илэрхийлэх, нэг үндэс угсаатай учраас тэднийгээ хамгаалах ёстой. Харин Монгол Улсын хувьд энэ нь дипломат асуудлыг хөндөх учраас хүлээцтэй байдлаар хандах хэрэгтэй болов уу. Монгол бичгийг хориглосноор ӨвөрМонголын соёл үгүй болох мэтээр ойлгох асуудал зарим газар үүсч байна. Энэ нь өнгөн дээрээ Монгол бичгийн асуудал мэт харагдавч цаад мөн чанарын хувьд Монгол хэлээр орох хичээлийн цагийг багасгасан. Үүнээс үүдэн сурах бичигт орсон өөрчлөлтүүдийг бид сошиалаар харж байна. Монгол нэртэй сургууль байсан бол шинэчилсэн хөтөлбөрт Хятад нэртэй болгох, түүхийн хичээлийн агуулгын хувьд Чингис хааны түүхээр эхэлдэг байсан бол Мао Зе Дунаар эхэлдэг болгосон гэх мэт. Ингээд харахаар хэлээ дагаад хичээлийн агуулгууд өөрчлөгдөж байгаа нь соёлын уусгалт явагдах эхний шат, хятадчилах бодлогын эхлэл юм. Монгол бичиг гэдэг нь гол асуудал биш цаад мөн чанар нь юу байна вэ гэдэг талаас анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь Кристофер Этвүүдийн ярилцлагад дурдсанчлан Монгол хэлний хэрэглээг багасгаж байна гэсэн үг. Үүнтэй санал нийлж байгаа. Монгол хэлний хэрэглээг багасгана гэдэг нь энэ хэлний үнэ цэнийг бууруулж, өдөр тутмын хар ярианы хэл болгох, ямар нэгэн шинжлэх ухааны ололт амжилтыг ярилцах боломжгүй болгоно эсэн үг. Төвөд, Шинжаан Уйгурын жишээг харсан ч гэсэн энэ нь хятадчилах бодлогын нэг хэлбэр юм болов уу гэж ажиглаж байна. Нөгөө талаас төр засгийн хэмжээнд зарим нэг талаараа бодлогогүй үйл ажиллагаа явуулж байж болох юм. Учир нь Хятадын гадаад хэргийн сайд Ван И манай улсын Гадаад хэргийн сайдын урилгаар ирсэн. Яг ийм цаг үед урих хэрэг байсан уу, үгүй юу. Ямар нэгэн байдлаар ӨвөрМонголчуудын хэл бичгийн асуудлыг хөндөх нь тодорхой байхад яагаад урив. Эсвэл үнэхээр Монголын Засгийн газрын бодлого, Монголчуудын эдийн засгийн асуудал нь ийм хэмжээнд Хятадаас хараат болчихов уу гэдэг хардлагыг төрүүлж болохоор. Яагаад энэ цаг үед урив гэдэг нь л олон асуултыг дагуулж байна. Магадгүй бид энэ асуудал жаахан намжисны дараа урьж болох ч байсан юм бил үү?

-“Төвдөд эргүүлсэн Япон сэлэм” номын зохиолч Японы Монгол судлаач эрдэмтэн Огунуус Цогту буюу Акира Оно өвөрМонголчуудын хэл бичгийн асуудлаар цахим орчинд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Та энэ хүнтэй ойр дотно гэж ажиглагдсан.

-Энэ хүн өвөрМонгол хүн. Одоо Японы Шизүока их сургуульд багшилдаг. Анх 2017 онд танилцсан юм. Тус онд Монсудар хэвлэлийн газарт “Монгол хүн ба соёлын хувьсгал” номыг хэвлэн гаргах болсон. Уг ном “Булшаар дүүрсэн тал нутаг” нэрээр өмнө нь хэвлэгдэж байсан. Оюутан байх цагаасаа эхлэн олж уншихыг хүсдэг байсан номыг Монгол хэлний редакц дээр хөрвүүлэх болоход нь тус ажилд хамтарч, редактороор нь ажиллан тухайн бүтээлийг гаргасан. Тэр цагаас хойш Цогт багштай байнгын харилцаа холбоотой байх болсон. Дараа нь “Төвдөд эргүүлсэн Япон сэлэм” номыг гаргах санал ирсний дагуу уг бүтээл дээр хамтарч ажилласан. Арслан гэх залуу уг номыг орчууулсан юм.

Цогт багш 1966 оноос эхэлсэн  соёлын хувьсгал Монголчуудын эсрэг явуулсан геноцид байсан юм гэдгийг дэлхий дахинд таниулах, энэ талаар мэдээлэл хүргэе, Монголчуудад хэлье гэсэн санал бодолтой явдаг. Би ч мөн түүхийн мэргэжилтэй хүний хувьд Монголчуудад энэ асуудлыг таниулъя, мэдүүлье гэдэг үүднээс Цогт багшийн бүтээлүүдийг хөрвүүлэхэд, хэвлэн нийтлэхэд хамтарч ажилладаг.

Саяхан өвөрМонголчуудын хэл бичгийн асуудлаар Цогт багш над руу “Ван И гэдэг хүн ямар шалтгаанаар Монголд айлчлан ирэв. Магадгүй Монгол, ӨвөрМонголын харилцаанд нөлөөлөх зорилготой болов уу” гэх цахим шуудан илгээсэн. Одоогийн нөхцөл байдлыг харахад ийм байх магадлалтай нь харагдаж байна. 700 сая юанийн буцалтгүй тусламжийн асуудал яригдаж байна. Магадгүй энэ нь Өвөр Монголын асуудлаар дипломат байр суурьтай хандаарай гэдгийг сануулсан сануулга байж болох.

-Та одоо ямар ном шимтэн уншиж байна вэ, уншиж буй номынхоо талаар сонирхуулаач?

- Ном унших нь нэг хэсэг миний хобби юм уу, амьдралын нэг хэсэг юм уу гэдэг нь зааг, ялгаагүй байсан. Ажлын байраа солисноос хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад одооноос гурван төрлөөр уншиж байна. Нэгдүгээрт, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж, хоёрдугаарт, судалгааны ажлаа ахиулах зорилгоор, гуравдугаарт, уншаагүй орхигдсон буюу бэлгэнд ирсэн номууд. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Си Зин Пиний “Төр улсыг засан тохинуулах нь” номыг гүйлгэж харлаа. Хятад улс бага үндэстнүүдийнхээ хэл бичиг соёлд хэрхэн хандах вэ гэсэн агуулгатай зүйлсийг 2012 оноос хойшхи илтгэлүүд дундаас нь шүүж үзэх зорилготой. Үндсэндээ хүндэтгэлтэй хандана, хөгжүүлнэ, дэмжинэ гэсэн байхаас биш хориглоно гэсэн зүйл заалт тодорхой хэмжээнд харагдахгүй байна.

Мэргэжлийн судалгаатай холбогдуулан Монголчуудын хоол хүнстэй холбоотой түүхийн чухал сурвалж болох 1330 онд Уйгурын Хүсэхүй гэж хүний бичсэн “A Soup for the Qan” номыг уншиж байна. Ямар хоол хүнсийг улирлын чанарт яаж тохируулан хэрэглэж болох вэ, Монголын бусад түүхэн сурвалжууд, Монголын Нууц товчоотой хэрхэн нийлж байгаа талаар харьцуулан мөн “Идээ ундааны жинхэнэ товч” гэж ӨвөрМонголд хэвлэгдсэн эхтэй харьцуулах байдлаар судалгааны ажлаа ахиулахад ашиглаж байна.  

Орхигдсон буюу бэлгэнд ирсэн номыг дурдая. Орчуулагч Ч.Баатар гэж хүн өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө надад Харольд Лембийн “Чингис хаан” гэдэг номыг дурсгасан.

-Таны хувьд “Энэ номыг л Монголчууд маань олоод уншаасай, ойлгоосой” гэж дотроо бодож явдаг ном олон байх. Нэг номыг нь онцолвол, яагаад онцлох болов?

-Хоёрыг онцлоё гэж бодож байна. Нэгдүгээрт, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Шок номлол” номыг уншаасай гэж бодож байна. Монгол орны эдийн засаг 1990 оноос хойш хэрхэн өрнөв гэдэг агуулгатай. Ямар үе шатуудтай өрнөв, хувьчлал гэдэг ямар учиртай өрнөв зэрэг асуудлуудыг тусгасан. Хоёрдугаарт, “Монгол хүн ба соёлын хувьсгал” номыг заавал уншаасай гэж бодож байна. Учир нь уг бүтээл ӨвөрМонголд болж буй үйл явцын цаад мөн чанарыг ойлгоход бидэнд тусална.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]