Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хурандаагийн шийрУншсан14,610

Маргааш өглөө эрт ачааны машинууд цувран зогсжээ. Өнөөдөр буудах ялаа гүйцэтгүүлэх олон хүн түүн дээр ачигдана. Тэдний дунд Бум хурандаа зогсоно.

Энэхүү өгүүллэгийг улс төрийн хилс хэрэгт амь насаа алдсан, амьдралаараа хохирсон 1922, 1936-1940, 1956, 1960-аад, 1980-аад онд хэлмэгдсэн олон зуун мянган иргэдийн гэгээн дурсгалд зориулав. Бид өнгөрсөн хэлмэгдлийн түүхээ мартах ёсгүй, бас дахин давтах эрхгүй. Гэвч хэлбэрээ өөрчилсөн боловч одоо ч хэлмэгдэл зогсоогүй байна. Өгүүллэгт тэр үеийн цэргийн цолыг бус, өнөөгийн цэргийн цолтой адитгаж, зарим нэрийг өөрчлөн бичлээ. Цэрэг хүний мөрөн дээр байгаа цол ямар их үнэ цэнэтэйг мэдрүүлсэн, тэр болгон хүнд олддоггүй түүхийн жимээр орж, хэзээ нэг цагт цэргийн хүн уншаасай гэж зориулан үлдээсэн мэдүүлгийг олонд хүргэж, цэрэг эрийн үүргээ биелүүлсэн, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан.


Жилийн турш хань болсон цементэн шалтай, чулуун хана, гал түлдэггүй хүйтэн жижиг харанхуй өрөөнд энэ бие дасал болоод уджээ. Дэвсгэргүй болохоор унтаж хэвтэхэд амаргүй. Зузаан хөвөнтэй дээл энэ биенд элч болон дулаацуулагч ганц аврал болно.

Хурандаа Бум бодлогширон зогсоно. Одоо энэ зовлогоо дуусгах цаг ирсэнийг мэдэрч байлаа. Ийм шийд гаргах заагт хэдийнээ тулж иржээ. Гал халуун залуу насаа хувьсгалын хэрэгт зүтгэн амь биеэ үл хайрлан зориулж ирсэнээс хойш хорин жил болоогүй ч тэр бүхэн энэ үед ямар ч үнэ цэнэгүй болчихно гэж бодож явсангүй. Нүдний өмнүүр өнгөрсөн амьдрал зураглан орж ирэхэд тэр мөчид, хат суусан эр хүний нүдэнд нулимс цийлэгнэж, юуны төлөө тэмцэж ирсэн юм бэ хэмээн өөрөөсөө асууж, бас хариулахыг эрмэлзэв. Яван явсаар эцэст нь өөрсдийнхөө гарт үхэх байсан юм гэж үү. Амьдралын хүнд үед гэргий, үр хүүхэд, эцэг эх дэргэд үнэнчээр үлдэнэ. Тэд ч хатуу хүтүү бүхэнтэй нүүр тулж яваа.

Бум хурандаа бодлогширон зогсоно. Намрын бүгчим өдрүүдэд өнгөрсөн хэдэн сарын үйл явдлын талаар нам, эвлэлийн хурлуудаар хэлэлцэх тухай шийдвэр олонд түгэв. Хувьсгалын үйл хэргийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн олон хүн, бидний дунд орон зайгаа үлдээж, амиа өгч оджээ. Тэдний хилс хэрэгт гүтгэж, хатуу тамлалаар зовоож, амь насыг нь хороосон тухай эдгээр хурлуудаар хэлэлцэв. Хүмүүс зоригтой шүүмжилж байлаа. Хувьсгалын ариун үйлст энэ биеэ үл хайрлан зүтгэсэн нэгнээ тэд дэндүү сайн мэднэ. Тиймээс хурал дээр зоригтой шүүмжлэх, шудрага үнэн үгээ хэлсэн хүн олон байсан билээ. Нийтийг хамруулсан хэлэлцүүлэг нам, эвлэлийн хурлуудаар бүх шатанд болж өнгөрөв. Тэгээд алдаа оноондоо дүгнэлт хийж, засах залруулах тухай яригдсаар жил болов.

Хэрэг дээрээ бүх шатны хуралдааны тэмдэглэлд дүн шинжилгээ хийж, хэнийг дайсан, хэнийг нөхөрөө гэж сонгох ажил явагдаж байсныг цөөхөн хүн мэдэж байлаа. Хуралдаанд үг хэлсэн болон саналаа илэрхийлсэн бүхэн ардын дайсан, хувьсгалын нөхөр гэсэн хоёр заагт хуваагдах ажил хийгдэв. Тэгээд өмнөхөөс илүү хүчтэй, өмнөхөөс илүү нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт өрнөх мөчид тулж иржээ.

Нийслэл, орон нутагт нийтийг хамарсан их баривчилгаа эхлэв. Одоо ардын дайснууд бүр тодорхой болжээ. Айдас хүйдэст автсан нийслэл хотод харанхуй хүйтэн нөмөрч, хаа нэгтээ аахилан уухлах М-бекав машины дуу сонсогдоно. Тэр бол хэн нэгнийг баривчилж яваа чимээ ажуу. Хотынхон ч энэ бүхнийг андахаа байжээ. Ханцуй дотроо аймшигт зүйл өөрөөс нь холуур өнгөрөхийг залбиран гуйна.

Цэргийн сургуулийн ээлжит төгсөлт болж, шинээр төгсөгчид ардын цэргийн анги, нэгжид хуваарьлагдах мөчид анх ардын цэрэгт өрнөсөн их баривчлагааны хоёр дахь давалгаа эхлэв. Эхний удаа цэргийн дээд удирдлагаас хэдэн хүн баривчлагдаж буудуулсан бол энэ удаа толгойтой бүхэн хамрагдав. Яасан дуусдаггүй ардын дайсан бэ?. Ардын цэргийн ангиудын удирдлага,салаан захирагчаас дээш бүгд баривчлагдаж, дөнгөж цэргийн сургууль төгсөж ирсэн залуучууд шууд дивиз, хороо командлах болж генерал, хурандаа цолонд тавигдав. Тэгтлээ ардын цэргийн бүрэлдэхүүн тэр чигтээ хэлмэгдлийн хоёр дахь давалгаанд хамрагдав.

Ийм цаг үед нэр алдар албан тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчид үүгээр далимдуулан завшиж, сайшаал шагнал, өндөр тушаал олж хувийн талаар баяжин, санасан бүгдээ биелүүлдэг цаг үе тохионо. Хувьсгалт ардчилал замхаран арилж, удирдлагууд олон түмнээс тасарч, нийт албан ажилд шүүмжлэл, өөрийн шүүмжлэл хаагдан, хүмүүс аймтгай, хулчгар болж, санасан бодсоноо нам, засгаас болон найз нөхдөөсөө хүртэл чимээгүй тэвчиж, хүнийг үл итгэх тийм үе ирэв. Энэ сиймхийг ашиглан цэргийн алба хааж үзээгүй, бярдаан буу барьж, ан хийж, ой түймэрдэж явсан Ням хүртэл цэргийн дээд албанд тушаалд зүтгэсээр яваад очсон сурагтай. Мөнгөтэйд тооцогдох улаан панзчин, даргын бие хамгаалагч байсан, малчин, уран сайханч, урлагынхан болон танил тал, найз нөхдөө албанд томилдог зэвүүн цаг иржээ. Орос болон өөрийн улсад цэргийн мэргэжилээр төгсөгчид албан тушаалаас зайлуулагдаж, тэдний оронд одоо цэргийн дээд удирдлагад бууныхаа нэрийг ч ялгаж мэдэхгүй, төрөл цэргийн мэргэжлийн ялгааг ч танихгүй, намд тал засагчид, тэдэнд зусардагч мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчээ.

Бум хурандаа ажлаа хийсээр оройн наран шингэж, харанхуй болсоныг анзаарсангүй. Шинээр цэргийн сургууль төгсөж ирэгсдийг салаан захирагчаар томилох тушаалтай танилцаж дуусаад, сейфэндээ хийгээд босох үед хаалга хүчтэй саван ногоон малгайтнууд орж ирэв. Хурандаагийн өрөөнд зөвшөөрөлгүй орж ирсэнийг бодохлоор өнөөх баривчлагаа өөр дээр нь тулж ирснийг ойлгов. Гарт нь онц бөгөөд бүрэн эрхт комиссын хэдхэн хүний гарын үсэгтэй баривчлах хуудас харагдана.

Түүнийг чийдэнгээр гэрэлтүүлсэн, агаар орох нүхгүй тасалгаанд аваачив. Тэр өрөө бол хар хүрэн зузаан хөшигтэй, битүү дэвсгэртэй байв. Эхний байцаалтууд явагдав. Түүнд эх орноосоо урвасан, эсэргүү байгууллагад элссэн гэм мэдүүлгийг тулган ял төлөвлөжээ. Бум хурандаа хэрэгтэйгээ танилцаад хийсэн өдүүлсэн хэрэг байхгүй гэж гарын үсэг зурав.

Байцаагч нарт асуудал тодорхой болов. Энэ цэргийнхэн энгийн хүнийг бодвол тун тэсвэртэй, хэгжүүн, шазруун амьтад юм. Муу хувьсгалын эсэргүү тийм ч амар хэргээ хүлээхгүй нь ойлгомжтой. Богино хугацаанд хэргийг илрүүлэхгүй бол өөрсдөө энэ хэрэгт холбогдож мэдэх нягууртай тул байцаагч нар ажилдаа шуурхайлан оров. Дээгүүрх цэрэг цамцыг тайлаад дан өмд цамцтай суулгахдаа байцаагч -“дайсны өрөө” энэ дээ гэж хэлэв. Дараа нь хоёр байцаагч орж ирэх мөчид их гэрэл цэлсхийн асах бүгчим болж амь тэмцэж эхэлсэн. Тэд ээлжлэн зодох ажлаа эхлэв. Би ухаанч алджээ. Нэг мэдэхэд өнөөх шорондоо хэвтэж байсан ба бүх бие хөндүүрлээд их л зовиуртай ар тал их өвчтэй болчихсон байсан.

Удалгүй дахин мөрдөн байцаах болж Бум хурандаад -за одоо хэрэг шуударсан, эр хүн эр хүндээ хайртай байдаг юм, чи ч амь гарахгүйдээ гээд зохиомол мэдүүлэгт үсэг албадан зуруулах гэж оролдов. Тэгээд үл зөвшөөрсөн тул чийдэнгийн давхарлан мушигсан утас, аралтай суран бүс, машины сэнсний оосороор ороолгож эхлэв. Үүнээс гадна алгадах, өшиглөх, гар хурууг харандаа, шугамаар цохих, бичгийн даралтаар цохих, нүүр амыг хуруу гараараа чичих явдал ердийн л хэрэг байлаа.

Шоронд юу эсэхийг үзэхэв. Дараа дараагийн байцаалтаас байцаагч нарын амнаас “гомдол тэмцэл мэдүүлэхийн хэрэггүй”,одоо хэрэгт холбогдсон болохоор “чиний үг сохор зоосны ч үнэгүй”, “чиний амь өнчин ишигний ч үнэгүй”, Чи ардын дайсан, хувьсгалын эсэргүү мөн. Чамайг ийм хэрэгтэй гэдгийг батлах баримт манайд бэлэн байна. Хэрэг хүлээсэн ч, эс хүлээсэн ч “эрэг дэрлүүлж, элсэн хөнжил нөмөргөнө” /буудан ална гэсэн үг/ үгс цуварна.

Баригдсан хүнд хэрэг тулган хүлээлгэхийн тулд хууран мэхлэх, доромжлох, санаа сэтгэлийн уналтад оруулах, айлган сүрдүүлэх аргуудыг даван туулж, хүн ямар ч гэм зэмгүй шудрага явснаа илэрхийлж, нам, засаг, хууль нүдтэй учир үнэнээ шалгуулна гэхэд нь маргаж мэлзээд хэрэггүй, биеэ зовоохын нэмэр-чи дотоод яаманд хэрэгт холбогдон нэгэнт баригдсанаас хойш яасан ч энгийн зүгээр суллагдахгүй, заавал хэрэг хүлээж гарна гэдэг байв.

Нэг дор үй олон хүн оруулж, унтаж хэвтэх, сууж амрах ч бололцоогүй болгон хорьж байсан ба хоол ундыг үзэшгүй муу байлгаж өлсгөлөнгөөр хавчих журам үйлчилнэ. Өдрийн цагт унтахыг чангалан хориглох өдөржин суугаа буюу босоо байлгаад шөнөд нь аваачиж удаан цагаар мөрдөн хүнийг тэсвэрлэшгүй байдалд оруулж нойроор хавчин зовооно. Нэг л мэдэхэд жил өнгөрчээ.

МАН-ын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоолоор “зодох ба жанчиж болох эрх зөвшөөрлийг дотоод явдлын яамны сайдад даалгасан” тогтоол гаргажээ. Бузар аргаа хууль ёсны үндэстэй болгосноос хойш яргалал эрчээ авав.

Бие махбодийг тарчилган зовоох эрүү шүүлт үргэлжлэнэ. Одоо бахиар хавчуулж, алхаар нүдүүлж бяцарсан хөл, гарын хуруунууд мэдээ алдаж, үе үе ухаан алдтал өвдөлт үүсгэнэ. Энэ бүхнийг хурандаа Бум цэрэг эрийн хатуужлыг үзүүлэн давж гарав.

Бууж өгдөггүй,Бум хурандаад касчерт оруулах шийдвэрт хүрчээ. Энэ нь цементин шалтай, дэвсгэргүй, гал түлдэггүй хүйтэн жижиг өрөө бөгөөд түүнд дан өмд, цамцтай нь оруулж түгжээд цонхыг нь онгорхой байлгаж осгоодог харгислал юм. Касчерт орсон хүнд хүн өдөрт аяга ус, зүсэм талхнаас өөр зүйл өгдөггүй ажээ.

Кастерт Бум хурандаа ихийг үзэв. Кастерийн хүйтэн өрөөнд нүцгэн байлгаад хөлдөхийн даваан дээр хавчиг өрөөнд хийж, пийшэнг галлаж, бүх хөлсийг нь гартал халуунаар шарав. Шатаж тэсрэхийн даваан дээр тэрхүү өрөөнөөс гаргаад дээрээс мөстэй хүйтэн ус асгав. Өдрийн хэд хэд ингүүлэв. Тэсэх юм аа, тэсэх юм, хүн үхэхгүйгээ хүрэхээр бүгдийг даваад гарчих юм. Ганцхан өлсөх хэцүү ажээ.Өлсгөлөнд автсан түүнд сайхан хоол, унд харуулаад хэргээ хүлээвэл түүнээсээ өгнө гэх, нойргүй байлгаж нойрны халуун болгоно. Эртний танил Баасанжавыг японоос ирсэн тагнуулын хэрэгт холбогдуулжээ. Өндийж босож чадахгүй, тархи толгой нь танигдахгүй болтлоо хавдартай, зодлого, уушигны сүрьеэ, гэдэсний өвчинд давхар давхар нэрвэгдээд босож чадахгүй байхад дамнуургаар байцаах гэж авч явсантай шоронгийн коридорт таарч, зөрж байснаа Бум хурандаа санав. Шоронд Баасанжавтай нүүрдсэн дараа Ц.Дамдинсүрэн Баасанжавын бие их дорой болсон “би ядарлаа, хоёр яс хагацахыг бодож байна” гэж уйлаад хэлж байсан гэснийг сонссон билээ.

Хууль бус ажиллагааг хурцаар шүүмжилж Догсом, Лувсаншарав нарын олон хүн баригдсанд эргэлзэж ярьж байсан ХЗЭ-ийн Төв Хорооны Нарийн бичгийн дарга Сэнгэдорж баригдаж ирэв.

Германд янз бүрийн мэргэжлийн дунд сургуульд 44 хүн явсан, Дашдоржийн Нацагдорж тэр дотор байсан. Гадаадад төгссөнөөр хэрэгт холбогдсон тэднийг бүгдийг шахуу харгис хэрцгий аргаар байцааж нэгний мэдүүлгийг нөгөөд нь тулгах, удаан хугацаанд хөдөлгөхгүй суулгах, зодох, өлсгөх, карчерт хорих зэргээр тамлаж хилс хэрэг ихэнхэд нь хүлээлгэсэн байна.

Хурандаа Бум бодлогшрон зогсоно. Одоо бүх зүйл тодорхой болж, итгэл найдварын гогцоо тасрав. Тэмцэж, цусаа урсган олсон эрх чөлөө, хувьсгалт ёсон, зүтгэж явсан улс төрийн нам, итгэж найдсан удирдагч нар сураг тасарчээ. Цэрэг хүний ёсоор эцсийн шийдээ гаргажээ. Хүний ёсыг давсан их тамлалыг дуусгахаар шулуудав. Энэ бол хэрэг хүлээснээ мэдэгдэж, байцаалт өгөхөөр болсон хэрэг байлаа.

Өнөөх дийлдэшгүй эр байцаагчийн өмнө суусан харагдана. Байцаагч нар ялалтын нүдээр харж хэлсэн бүхнийг бичнэ. Бум хурандаа өчигөө өгч эхэллээ. Тэр олон өдөр бодсон юм. Хожим цэргийнхэн уншаад шууд ойлгочих тийм хэлбэрээр хэргээ хүлээв. Дотроо олсон шийдэл тэр байлаа. Хэзээ нэг цагт цэргийн хэргийн мэдлэгтэй хэн нэг нь уншаад хөх инээд хүрч, бас сэтгэлийн гүнээс харамсах болвол ингэж өчсөний хэрэг бүтэх байлаа.

-Би хэргээ хүлээе. Хувьсгалын эсэргүү том хэрэг хийснээ хүлээе. Би Улаанхуранд орших хоршоог эзлэх төлөвлөгөөг боловсруулж хувьсгалт эргэлт хийх гэж байснаа та бүхэнд танилцуулая.

Байцаагч –За зүйтэй, сайн байна.

-Манай цэргийн ангийн ойролцоо байх Улаанхуаранд ардын хоршоог эзлэх төлөвлөгөөг би боловсруулсан юм. Юуны өмнө тэр хоршоог тагнуулахаар цэргийн тагнуулын ангийг явуулсан. Дотроо бодсон зүйлдээ инээд нь хүрч байцаагч руу харав. Огтхон ч анзаарсан зүйлгүй бичнэ. Ганц манаачтай дэлгүүрийн зүгт бүхэл бүтэн тагнуулын анги явуулаад байхдаа ч яахав дээ гэж бодсоноо дотроо шоолов.

-Тус хоршоог 70 гаруй настай нэг хөгшин манаач хамгаалж байгааг тагнуулын ажиллагааны дүнд баттайтогтоосон юм. Эргэн тойрон модон хашаагаар бат, бэх хамгаалагдсан байсан.Цагийн байдлыг үнэлж, бат, бэх хашааг их хүчээр довтлох шаарлагатай гэж шийдвэрлэсэн.

Бум хэлсэн үгний дараа байцаагчийн өмнөөс харав. Тэр өчсөн бүхнийг бичих гэж хичээнэ. Өөр бодсон зүйл алга. Бүтэлгүй ноёнд урагшгүй албат гэж дотроо бас дооглон баясав.

-Би юуны өмнө тэр хоршоог эзлэхийн тулд эхлээд артиллерийн батарейгаар галын бэлтгэл хийхээр бэлтгэсэн. Ганц манаачийг их буунуудын оновчтой, нягтралтай галаар устгахад их анхаарсан гэв. Дотроо бодож байна аа, винтовны ганц сумаар шийдчих зүйлд бүхэл бүтэн их бууны батарейгаар цохилт өгөх тухай үлгэрийг байцаагч хэрхэн хүлээж авах бол хэмээн харав. Тэр бодох юмгүй таатай нь аргагүй бичиж сууна.

Хэрэг хүлээлгэсэн Байцаагч тун таашаалтай, хурдан бичиж авахыг хичээнэ. Цааш нь үргэлжлүүл гэв.

-Их бууны галын бэлтгэлийн дараа танкетка болон морин цэргийн суман ширүүн атакаар өмнө талаас нь хүчтэй довтолж хоршоог эзлэн авах байсан.

Би ийм хувьсгалын эсэргүү төлөвлөгөө боловсруулсан нь үнэн. Би үүндээ ял авахад бэлэн байна гэв. Бум хурандаа дахиад байцаагчийн өөдөөс харав. байцаагч хэлсэн бүгдийг орхилгүй бичихийг хичээнэ. Цэргийн хэргийн талаар юу ч мэдэхгүй түүнд чулуугаар барьсан, нурах шахсан жижиг барилга, эрүү өвдөг нь нийлсэн ганц өвгөний эсрэг бүхэл бүтэн ардын цэргийн хороогоор довтлон эзлэх төлөвлөгөө сэтгэлд нь нийцэв бололтой.

Байцаагч хэргээ хүлээхээс буцах вий хэмээн айсан янзтай, хурдхан шиг мэдүүлэг дээр гарын үсгээ зуруулж авав. Хэдхэн мөчийн дараа хэлтсийн даргын өрөөнд магтаалын дуу хадаж, шазруун, хэгжүүн, хурандаагийн“шийр” өчигөө өгч, хэрхэн буулгасныг ярьж, баясан хөөрөлдөв. Бум хурандаагийн өгсөн байцаалтыг бүх шатны дарга нар уншин танилцаж, дээд байгууллага сайшаан баталж, цаазлан хороох онц бөгөөд бүрэн эрхт комиссийн шийдвэр гарав.

Одоо Бум хурандаа сэтгэл амрав. Хүнд хэцүү тамлалт ард хоцорч, шинэ ертөнцөд очиход биеэ бэлтгэнэ. Тэрээр хувьсгалын ялалтын төлөө, түүнийг бэхжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж тэмцэж, ажилласан хамт олондоо, цэргийн мэргэжилдээ дэндүү дуртай нэгэн, даана ч хувь заяа түүний эсрэг ажиллав.

Маргааш өглөө эрт ачааны машинууд цувран зогсжээ. Өнөөдөр буудах ялаа гүйцэтгүүлэх олон хүн түүн дээр ачигдана. Тэдний дунд Бум хурандаа зогсоно. Гарыг нь ард хүлж, толгойд нь шуудай угалсан харагдана. Машин дээр ачигдах үед Бум хурандаа цэргийнхэний аргаа хэрэглэв. Хурандаа Бум байна, энд хэн, хэн байна илтгэ, хэмээн хашгирав. Итгэлт даргынхаа дууг сонссон олон цэрэг эрс дуу дуугаа аван илтгэж эхэллээ.

Нөхөр хурандаад: 1-р морьт сумангийн захирагч М, артиллерийн сумангийн захирагч Б, 3-р сумангийн байлдагч О гэсэн дараалсан хоолойнууд агаарт цацагдав.Цэрэг эрс сүүлчийн удаа итгэлт даргадаа илтгэлээ өгөв. Машины цуваанд цэргийнхэнээс олон хүн ачигдсан байлаа.

Цуваа явсаар жалгын эрэгт тулж зогсов. Жалганаас хүний махны, киросины хурц үнэр үнэртэнэ. Бүгдийг эгнүүлэн зогсоолоо. Бум хурандаа –Би цэргийн дарга хүн, цэргүүдийнхээ үхэхийг хармааргүй байна. Намайг эхлээд бууд хэмээн жалгын эхэнд очиж, өвдөглөн суув. Тэгээд “Монгол улс мандтугай, ардын цэрэг мандтугай” гэж хашиграв. Цэрэг хүний ийм эрэмгий зоригтой байдал, тэнд зогсож байгаа зандалчдын гайхшралыг төрүүлэв. Эр зоригоос нь айсан зандалчин түүнд дөхөж ирээд наган гар буугаа толгойд нь тулгаад ховхоо дарахад “чод” хийх дуун агаарт хадаж, Бум хурандаан толгойноос цус сад тавьж, гүн жалга руу бие нь өнхөрөн одов.

Тэр өдөр, тэр жалганаас тэнгэр олгойдон цэнхэр утаа суунаглав. Олон амьгүй бие шатаж дуустлаа хэдэн өдөр утаа болон суунаглана. Харийнханы бодлогоор эхлүүлсэн, манайхны гараар үйлдсэн, их харгислалын түүх энэ утаа шиг бүү замхарах болтугай.

Сайн хүний сүнс эргэж төрдөг юм гэнэлээ. Мөнх хөх тэнгэр минь өршөө.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 3. 16:49
Зочин

ened bichegdsen zuil zarim ni unene.mun odoo bolj bga uil yawdaluudtai tustei bdag

4 сар 4. 19:37
БУМ

ямар зохиол вэ? ккккк

4 сар 8. 2:54
Зочин

Харин тийн Бум хурандаа чинь Бумцэнд аурандаагаас өөр байдаг билүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]