Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

The National Interest: Хятад, АНУ, ОХУ-ын зэвсэглэл дэх үндсэн танкийг харьцуулсан ньУншсан11,539

Себастьен Роблины Америкийн “The National Interest” сэтгүүлд дэлхийн гурван хүчирхэг гүрний хамгийн сүүлийн үеийн байлдааны үндсэн танкуудыг харьцуулсан нийтлэлийг хүргэж байна. Орчуулсан Б.Бадрах.

Себастьен Роблины Америкийн “The National Interest” сэтгүүлд дэлхийн гурван хүчирхэг гүрний хамгийн сүүлийн үеийн байлдааны үндсэн танкуудыг харьцуулсан нийтлэлийг хүргэж байна. Орчуулсан Б.Бадрах.

Себастьен Роблин нь Жоржтауны их сургуулийн маргаан шийдэх салбарын магистр, Хятад дахь Энхтайвны корпуст зааварлагчаар ажиллаж байсан. Одоо аюулгүй байдал ба дайны түүхийн талаар War is Boring сайт, National Interest сэтгүүлд нийтлэл гаргадаг.


Себастьен Роблин: Хятадын Тип 99, Америкийн Абрамс, Оросын Т-90-ийн эсрэг тулахад ялах уу?

Хятад олон танктай. Ойролцоогоор 8-9 мянга бий. Өөр ямар улс оронд ийм олон нэгж шаардлагатай байж болох уу? Жишээлбэл, АНУ-д байж болох юм. Тэгээд бас Орост. Энэ тоонд агуулах ба нөөцөд байгаа танкнуудыг ч бас оруулсан гэдгийг анхаараарай. Ямар ч улсын үндсэн идэвхтэй арми дахь танкны тоо нь цөөн байдаг. Гэхдээ Хятадын дийлэнх танкнууд Тип-59 ба Тип-69 гэсэн хуучин загварууд бөгөөд дээрх хоёр нь Зөвлөлтийн 1950-иад оны Т-54 танкны шууд хуулбарууд юм. Эдгээр танкууд дэндүү олон тул би нэг удаа Тяньжин дахь хүүхдийн тоглоомын талбай дээр тоглоом болгож байршуулсан байхтай ч таарч байлаа.

Хятадын энэ цувралын хамгийн сүүлийн бөгөөд шилдэг хувилбар Тип-99-ээс ганцыг ч экспортод гаргаж байгаагүй, тулаанд шалгагдаж байгаагүй ч гэлээ гадаадын судлаачдын анхаарлын зүй ёсоор татаж буй. Шалтгаан нь тун энгийн бөгөөд тактик-техникийн үзүүлэлтээр өрнөдийн шилдэг танкуудаас дутахааргүй төдийгүй зарим үзүүлэлт нь өөр ямар ч танканд байхгүй сайн. Энд бид Тип-99-ийн орчин үеийн хамгийн гол өрсөлдөгчид болох Америкийн М1А2 Абрамс ба Оросын Т-90 хоёртой харьцуулж үзэх болно.

Гэхдээ техникийн нарийн ширийнийг дэлгэхийн өмнө “Ер нь Хятадад танк хэрэгтэй юм уу” гэсэн асуултад хариулах гээд үзье. Хятадын цэрэг армийн гол хүч Номхон далайн чигт төвлөрсөн гэж үзвэл ер илүүдэхгүй асуулт шүү. Иймд Америкийн М1 Абрамс танкууд хэзээ нэгэн цагт Хятадын Тип-99-тэй тулгарах магадлал хэр өндөр вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Ингэхдээ эдгээр хуягласан техник Номхон далайг гаталж ирээд хаа нэгтэй сум зөрүүлж чадах уу гэдэг дээр эргэцүүлэх хэрэгтэй. Ямартай ч хариулах гээд үзье.

Ямар нэг компьютер тоглоомын үйл явдлыг эс тооцвол магадлал тун бага. Гэхдээ нөгөө талаас “Абрамс” танкуудыг худалдаж авах талаар Тайвань сонирхож байгаа, Австралийн зэвсэглэлд 60 ширхэг ийм машин байгаа. Тэгэхээр хэзээ ч үгүй гэж хэзээ ч бүү ярь гэдэг байх аа. Харин Оросын Т-90-ийн тухай яриад ирэхээр энэ асуулт илүү амьдралтай болж ирнэ. Одоохондоо Москва, Бээжин хоёрын харилцаа сайн байгаа ч энэ хоёр хэзээ ч ойрын холбоотнууд байгаагүй. Тэдний хооронд маш урт дундын хилийн зурвас байдаг төдийгүй 1960-аад оны сүүлээр хоорондоо золтой ч дайтаагүй өнгөрсөн.

Гэхдээ энд Орос нь өөрийн зэвсэг, байлдааны техникээ Энэтхэг, Вьетнамд нийлүүлдэг нь илүү чухал юм. Тэр техникийн дунд Хятадтай мөргөлдөөнд орвол хэрэглэх гарцаагүй техник, зэвсэг бий. Жишээлбэл, “БраМос” далавчит пуужин, 1000 гаруй Т-90 танк байгаагийн цөөнгүйг Хималай дахь Энэтхэгийн хилийн дагуу байлдааны бэлэн байдалд оруулсан байгаа. БНХАУ 1962 онд Энэтхэгтэй байлдсан, 1979 онд Хятадын дэмжлэгийг авч байсан Камбожийн улаан кхмерүүдийн дэглэмтэй сөргөлдлөө гэж Вьетнамтай дайтсан. (Вьетнам ч бас Т-90-ийг захиалахыг хүсэж буй).

Хятадын цэргийнхэн Энэтхэг ирээдүйд их гүрэн болох нь Хятадын хувьд аюултай гэж уйгагүй ярих болсон. Иймд Энэтхэгийн ойролцоох хилийн бүс нутгийг зэр зэвсгээр дүүргэж, өндөр уулсын дундуур хүнд техникийг өнгөрүүлэх зам харгуйг барьж байна. Дээр нь Энэтхэгтэй удаа дараалан тулж байсан Пакистантай холбоотны харилцаа тогтоож, ойр ойрхон байлдааны техник нийлүүлж байна. Эцэст нь болзошгүй иргэний дайн эсвэл Хойд Солонгосын Засгийн газар сүйрэх боломжийн талаар бодож үзэх хэрэгтэй. Энэ хоёр тохиолдолд Бээжин ямар бодлого явуулах нь их наяд долларын асуулт ч гэлээ нэг хувилбараар бол Хятадын хуурай замын цэрэг Хойд Солонгост орж, энх тайвныг тогтоох ёстой. Харин энэ бол Солонгосын цэрэгтэй мөргөлдөнө гэсэн үг.

Ер нь бодит зэвсэгт мөргөлдөөн хэнд ч хэрэггүй, боллоо ч гэлээ бүх оролцогчдын хувьд эсрэг үр дүнтэй байдаг хэдий ч танкуудын тулаан Хятадын хилийн дотор, Орост үйлдвэрлэсэн танкуудтай тулах зарим нөхцөл байдал ч бий. Гэхдээ энэ нь одоо чухал биш учир танкуудаа эргээд сонирхоцгооё.

Эхлээд өрсөлдөгчдөө танилцуулъя.

“Абрамс” бол Америкийн сонгодог техник, 1991 оны Персийн булангийн дайнд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн Иракийн танкийн бүлэглэлийг арчсан эд. Ингэхдээ америкчууд дайсны танкны галд ганц ч өөрийн танкаа алдаагүй юм шүү. “Абрамс” шинэ танк биш нь мэдээж ч гэлээ цаг үеэс хоцроохгүйн тулд сум, хуяг хамгаалалт, илрүүлэх тоног хэрэгслийг тогтмол сайжруулж байдаг. Т-90 бол хүйтэн дайны дараа Орост гарсан анхны танк. “Абрамс”-тай эн тэнцэх биш ч гэлээ буудлагын оновчтой байдал, хуягт хамгаалалтын тал дээр зарим онцолж үзүүштэй зүйлс бий. Ялангуяа сүүлийн үеийн динамик хамгаалалт бүхий танкуудыг онцгой анхаармаар. Орос орчин үед Т-14 гэдэг зарчмын хувьд цоо шинэ танк зэвсэглэлдээ авч байгаа ч одоохондоо байлдааны гол хүч нь 550 ширхэг Т-90А танк хэвээр байна.

Москва сайжруулсан Т-90АМ гэдэг танк бүтээсэн ч энэ машиныг цувралаар үйлдвэрлэж хараахан эхлээгүй. Гэхдээ түүнтэй ойролцоо Т-90МС (экспортын хувилбар) танк 354 ширхгийг Энэтхэгт зарсан бөгөөд энэтхэгчүүд тэднийг Хятадтай залгаа хил дээрээ байршуулах төлөвлөгөөтэй. Ер нь Энэтхэг 1200 гаруй Т-90 танктай, Алжир ойрын хугацаанд 800 гаруй ийм танк хүлээн авах гэж байна.

Тэгвэл Хятадын Тип-99 танк уртасгасан Т-72 гэмээр их биеийг зарим талаар Германы Леопард-2-ын цамхагтай хослуулсан гэлтэй. Энэ танкны туршилтын хувилбарыг анх 1999 оны баярын жагсаал дээр Тип-98 гэсэн нэрээр гаргасан. Дараа нь Тип-99 гэсэн нэршил авсан бөгөөд 2001 оноос зэвсэглэлд орж ирсэн. Танк нь 57 тонн жинтэй гэдгээрээ 70 тонны “Абрамс” ба 48 тонны Т-90-ийн дунд. Тип-99А2 гэсэн өөр нэг хувилбарт нь хамгийн орчин үеийн технологи ашигласан. Бээжинд Тип-90А хувилбараас бүрдсэн 16 батальонд бараг 500 танк бий. Түүнчлэн Бээжин арай боловсронгуй Тип-99А хувилбараас 124-ийг үйлдвэрлэсэн. Энэ хувилбарыг экспортод нийлүүлдэггүй ч зарим элементийг нь Хятадын экспортын танк VT-4-т ашигласан.

Галын хэрэгсэл

Тип-99 ба Т-90 танкуудад Зөвлөлтийн үеэс уламжилж ирсэн тойргон автомат цэнэглэгч бүхий 125 мм-ийн их буу суурилуулсан. Персийн булангийн дайны үеэр энэ их буу “Абрамс”, “Чифтен” танкуудтай тулахдаа өөрийгөө сайнаар харуулж чадаагүй ч вольфрам зүрхэвч бүхий сумныхаа ачаар “Абрамс”-ын нүүрний хуягийг их ойрын зайнаас нэвтлэх чадвартай нь танигдсан. Тип-99А2 нь илүү урт хошуутай нь онолын хувьд дэд калибрын сумнуудад илүү их анхны хурд олгох замаар хуягт нэвтлэх чадвар ба ончийг нэмэгдүүлэх боломжтой. Их буу нь тун донжтой тогтворжуулагч буюу стабилизатортой. Надад байгаа мэдээллийн дагуу Хятад яваандаа Тип-99 танк дээр 140 мм-ийн их буу суурилуулах төлөвлөгөөтэй байгаа ч урьдчилсан туршилтын явцад их бууных нь гол төмөр зад үсэрсэн. Мартсанаас Орос ч Т-14 Армата танкандаа ийм калибрын их буу суулгах гэж байгаа гэсэн.

Абрамсын “Rheinmetal” компанийн 120 мм-ийн их буу нь бага агуулгатай уран бүхий M829 сумаар бууддаг нь олон улсын түвшинд янз бүрийн маргаан үүсгэдэг. Ийм сумаар нэвтэлдэг хуягийн зузаан 15-25 хувиар их. Одоогийн байдлаар АНУ оросуудын боловсруулсан “Контакт ба Реликт” динамик хамгаалалтын системийг ч нэвтэлж чадах шинэ үеийн M829 сумыг үйлдвэрлэж байгаа. Хятадын хувьд 125 мм-ийн их буундаа зориулж, агуулга багатай уран бүхий өөрийн гэсэн сум бүтээсэн нь Абрамсын хуягийг 1,4 км-ийн алсаас нэвтэлж чадна гэж мэдэгдсэн.

Абрамст их бууг цэнэглэдэг багийн дөрөв дэх гишүүн байдаг нь Америкийн танкчдын ярьж байгаагаар илүү найдвартай. Буудах хурд өндөр болох бөгөөд багийн аль нэг гишүүн жагсаалаас гарвал түүнийг орлоно. Гэхдээ дөрөв дэх гишүүнд нэмэлт орон зайн хэрэгтэй болдгоос М1 илүү хүнд ба овортой байдаг. Тип-99 ба Т-90 нь их бууныхаа гол төмрөөр танк эсэргүүцэгч залуурт пуужин харваж чаддаг бол “Абрамс” ингэж чадахгүй. (Тип-99 танканд Оросын хийц ба лицензээр үйлдвэрлэдэг “Рефлекс” ТЭЗП-г ашигладаг.) Онолын хувьд энэ чадвар нь алсын зайн тулаан эсвэл нам өндрөөр нисэж яваа нисдэг тэрэгтэй тэмцэхэд давуу тал болох боломжтой. Гэхдээ танкнаас харваж байгаа пуужин 50 жилийн түүхтэй ч гойд давуу тал олгосон түүх үгүй.

Байг илрүүлэх, онилох боломж олгодог тоног хэрэгсэл нь танкнуудын галын хэрэгслийн адил чухал үүрэгтэй. Орос сүүлийн үед танкны овоо хараа, дулаан мэдрэгч төхөөрөмжийн үйлдвэрлэлд тодорхой амжилтад хүрээд байгаа ч өрнөдийн овоо хараа ба илрүүлэх төхөөрөмж урьдын адил давуу хэвээр. Т-90А-ийн оптик нь Оростоо ч шилдэгт тооцогдохгүй (зарим нь сайжруулах явцад Францын Catherine дулааны визортой болсон) бол Тип-99А2 нь үзүүлэлтээрээ Т-90А-г давж гарсан хэт ягаан туяаны системтэй болохоор дайсныхаа танкийг илүү сайн ангуучилна гэж үзэж байгаа.

Хамгаалалт

Тип-99 нь нийлмэл хуяг, динамик хуягтай гэдгээрээ онгирч болно. Динамик хамгаалалт нь ирж байгаа сумыг угтан тэсэрч хуяг нэвтлэх боломж олгодоггүй танкан дээр байрладаг тэсрэх бодис бүхий блокууд юм. Шинэ Тип-99А2 дээр Оросын динамик хамгаалалт болох “Реликт”-тэй төстэй олон давхар систем ашигладаг бөгөөд радио локаторын тусламжтайгаар идэвхтэй тийрэлтэт хуягийн элементүүдийг тэслэн сумыг хуягт хүрэхээс өмнө тэсэлдэг. Ийм систем нь арай хуучны загварын динамик хамгаалалтын нэвтэлдэг дараалан байрласан кумулятив цэнэгтэй сумыг устгахад зориулагдсан юм. Т-90А дээр динамик хамгаалалтын хуучны комплекс “Контакт-5”-ыг ашигладаг бол Энэтхэгийн арай шинэ Т-90МС дээр “Реликт” системийг байршуулсан. Энэ хоёр систем нь залуурт пуужингийн эсрэг үр дүн сайтай ч танкны сумнуудын нэвтлэх чадварыг бас бууруулах боломжтой.

Тип-99 дайсан этгээд лазераар гэрэлтүүлсэн тохиолдолд даргад анхааруулга өгдөг идэвхтэй эсэргүүцлийн лазер комплекстой. Анхааруулсны ачаар механик жолооч танкаа аюултай бүсээс гаргах боломжтой болно. Сири ба Йеменээс ирж байгаа тулааны бичлэгийг үзвэл эсрэг талын харвасан залуурт пуужин ойртож байгааг танкчид гол төлөв анзаардаггүй нь харагдана (ийм пуужин байгаа онох хүртэл 20 ба түүнээс илүү секунд нисдэг). Ийм нөхцөлд шинэ комплекс нь танкны амьд гарах чадварыг ихээхэн өсгөж өгөх юм. Түүнчлэн Тип-99 танканд хэт улаан чиглүүлэгчтэй лазерын туяагаар залуурт пуужинг байгаа харахгүй болгодог, эсрэг талын овоо харааны тоног төхөөрөмжийг жагсаалаас гаргаж, операторуудынх нь харааны эрхтнийг гэмтээдэг маш хүчтэй, өөр хаана ч байхгүй квантын үүсгүүр байдаг гэж ярилцдаг. Азаар ийм танкны лазер сохлогч хэзээ ч бодит тулаанд хэрэглэгдэж байгаагүй тул бид хэр үр дүнтэй ажилладгийг нь мэдэхгүй байна.

Шинэ Тип-99А2 нь лазерийн үндсэн дээр байгуулагдсан холбооны системээр тоноглогдсон бололтой байдаг, түүнийг хүний ба өөрийн машиныг ялгах, нууцлагдсан мэдээ дамжуулахад ашиглах боломжтой юм. Нөгөө талаас Т-90 танканд лазерын туяагаар саад тавихаас гадна танкийг тойруулан лазераас хамгаалсан утаан үүл бий болгодог утаат гранат шиддэг “Штора” идэвхтэй хамгаалалтын комплекс байдаг. ”Абрамс”-т лазераар гэрэлтүүлж байгааг анхааруулах тоног ч тэр, идэвхтэй хамгаалалтын комплекс ч тэр, идэвхтэй тийрэлтэт хуяг ч байхгүй хэдий ч шинэ хувилбарууд дээр нь эдгээр элементүүдийг суулгахыг үгүйсгэх аргагүй.

Одоохондоо М1А2 танк нь “Чобхэм” гэгч гайхалтай нийлэг хуягт бүгдээ даатгаж яваа бөгөөд энэ хуягийг он цагийн эрхэнд улам боловсронгуй болгосоор ирсэн тул одоо дэд калбирын сумаар буудахад 800 ба түүнээс ч илүү цул хатаасан ган төмөртэй адил хамгаалалт үүсгэж, пуужингийн кумулятив хошуу онох үед 1300 мм-ийн цул ган төмөртэй дүйцэх хамгаалалт үзүүлж байна. Харьцуулахад, Т-90-ийн хуяг дээд тал нь 650 мм-ийн зузаантай цул ган төмөртэй дүйцэх хамгаалалт үзүүлж чаддаг. Мөн “Абрамс” дээр сум галт хэрэгслийг тусад нь хадгалдаг нь дайсны сум туссан үед үхэлд хүргэх тэсрэлт болохоос сэргийлсэн бас нэг давуу тал. Тип-99 танканд нийлэг ба модуль хуяг хосолсон тул “Абрамс”-тай адил эсвэл ойролцоо хамгаалалт үүсгэж чаддаг. Нэг эх үүсвэрт энэ хуяг нь 1100 мм цул ган төмөртэй дүйцэх хамгаалалт үүсгэдэг гэсэн байсан ч бодит чадварыг нь нууцалсан.

Хөдөлгөөнт чадвар

Тип-99 нь танкууд дундаа хамгийн эвсэлтэй нь. Замаар цагт 80 км хүртэл хурдалж чадна. М1 Абрамс ба Энэтхэгт нийлүүлж байгаа Т-90МС хоёр 68 ба 72 км/ц хурдаар хоцорч явна. Тэгээд ч Т-90 бол бүр 56 км/ц-аас илүү хурдалдаггүй. Гэвч маш их иддэг Абрамс ердөө 380 км туулаад л ахиад түлшээр цэнэглэх шаардлагатай болно. Харин Тип-99 ба Т-90 хоёр нэг цэнэглэлтээр туулах зам нь 480 км гаруй. Тэгээд бас М1 нь хүнд жингээс болж тээвэрлэх, тулаанд шууд оруулахад бэрхшээлтэй.

Сүүлийн ялгаа. Тип-99 дээр М1 Абрамсын хамгийн сүүлийн үеийн хувилбарт суулгаж байгаа техник үйлчилгээний тоон систем бий. Ингээд үзэхээр ерөнхийдөө Абрамс энэ гурав дундаа хамгийн хүчирхэг галын хүчтэй ч Тип-99 хамгаалалтын олон давхар системийнхээ ачаар илүү сайн хамгаалагдсан. Түүнчлэн илүү хурдтай, туулах алслал их.

Харин Т-90 бүх талаар Хятад, Америкийн өрсөлдөгчдөөсөө сулавтар байгаа ч “Реликт” системтэй, боловсронгуй овоо хараатай, илүү хүчирхэг хөдөлгүүртэй Т-90МС нь тэдэнтэй өрсөлдөх боломж гаргана. Гэхдээ Хятадын машины байлдааны бодит үзүүлэлтийг бас тооцож үзэх хэрэгтэй. Иймд Хятад танкуудыг экспортоор нийлүүлдэггүй болохоор их буу, электрон төхөөрөмжийн чадвар эргэлзээ төрүүлж байгаа бол М1 бас Т-90 хоёрыг олон улс орон бодит тулаанд шалгаж байсан. Бээжин гэхдээ техникийнхээ үзүүлэлтүүдийг нууцлах дуртай, бас болоогүй зэвсгийнхээ бодит боломжийг хэтрүүлэх дуртай гэж байгаа. Ямар ч байсан ил болсон зүйлсээс үзвэл Тип-59 гэсэн хуучирсан танк асар олныг зэвсэглэлдээ байлгадаг ч Хятад нь хамгийн орчин үеийн байлдааны үндсэн танкийг зохион бүтээж, угсарч бас зэвсэглэлдээ авах чадвартай. Энэ бол Си Зиньпиний явуулж байгаа Хятадын армийн тоог цөөл, чанарыг ахиулах бодлоготой уялдаж байгаа байх.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]