Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Энэ бол зүгээр нэг сайн онгоц биш, энэ бол Спитфайр!"Уншсан6,700

Яваандаа их буу пулемёт хослон тавих гэж ихээхэн зовлон туулж амжилтад хүрсэн бол дайны төгсгөлд дан их буутай Спит-үүд ч бий болсон юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Английн туршин нисгэгч Г.Пауэлл “Supermarine Spitfire” онгоцны тухай ингэж хэлсэн байдаг бөгөөд бас энэ ганган амьтныг “Дэлхийн 2-р дайны эхнээс дуустал нь Германы Мессершмитт-109-ийн эсрэг ялан дийлсээр байсан цорын ганц онгоц” гэж тодорхойлж болох байх гэж бодож байна. Спитфайр гээч нь ямар араатан байсан хэрэг вэ...

1930-аад оны дундуур энэ онгоцыг зохион бүтээж эхлэх үедээ боломжгүй гэмээр томоохон зорилго тавьсан нь өндөр хурд, дээд зэргийн маневрлах чадвар, өндөрт хурдтайгаар маневраа хадгалах чадвар, хүчирхэг зэвсэг, газраас тасарч буух онцгой чадвартай байх... гэх зэрэг зүйлүүд байлаа. Япончууд “Зеро”-г хийхдээ мөн л ийм шаардлага тавьж байсан боловч онгоцны бат бөх чанарыг орхигдуулан байж зорьсондоо дөхсөн байдаг. Мөн Зөвлөлтийн Як онгоцнууд, Германы Мессершмитт 109 ч бас иймэрхүү байдлаар ажилласан билээ. Харин Спитфайр өөрийн зүрх болсон хөдөлгүүр, ер бусын гэмээр далавчны хүчээр хоорондоо харилцан үл зохицолдох гэмээр олон шинж чанарыг олж авсан байна.

Англичууд Спитфайрыг хийхдээ тухайн үеийн болон, ирээдүйд хийгдэх сөнөөгч онгоцнуудаас харьцангуй том далавчтай байхаар тооцож байсан ба ингэснээр далавчны нэгж талбайд ногдох даралтын хэмжээг багасах буюу өндөр маневрлах чадвартай болох ёстой байв. Гэвч ийм том далавч нь өндөр хурд гаргахад хамгийн том тээг саад гэдэг нь ойлгомжтой. Англичууд энэ бэрхшээлийг онгоцны далавчийг маш нимгэн, бас эллипс  хэлбэртэй болгох замаар шийдэж чаджээ. Одоо том далавчинд учрах агаарын эсэргүүцэл эрс багасаж, дээд хурдыг ч зорьсон хэмжээндээ хүргэх боломжтой боллоо.

Мэдээж энэ нь зохих сөрөг үр дагавар авчирсан нь тодорхой буюу Спитфайр шумбах үеийн хурдатгал нь сулхан, огцом далавчин дээр унах зэрэг маневрийг хийх хурд бусад онгоцноос бага болжээ.

Бас нэг хүндхэн бэрхшээл нь тэрхүү нимгэн далавчинд яаж пулемёт байрлуулах хэрэг вэ? Бүр нэг биш нэлээн хэдийг хийх хэрэгтэй. Зохион бүтээгч Митчелл ажилласаар энэ асуудлыг шийдэж чадсан бөгөөд анхны Спитфайр 8 пулемёттой байжээ. Яахав тэдгээр нь бүгд л 7,62-ийн хэмжээтэй байсан боловч 8 пулемёт гэдэг бол хэнийг ч айлгахаар тоо. Тэр тусмаа 1930-аад оны сүүл 1940 оны эхэн үед. Ганцхан секундэд 160 сум гаргах боломжтой энэ онгоц Британийн төлөөх дайнд Мессершмитүүдийг энэ л пулемёттой угтан авч ялан дийлсэн билээ.

Яваандаа их буу пулемёт хослон тавих гэж ихээхэн зовлон туулж амжилтад хүрсэн бол дайны төгсгөлд дан их буутай Спит-үүд ч бий болсон юм. Ер нь бол 2-р дайны үеийн сөнөөгч онгоцны хувьд их буу хэрэгтэй юу, эсвэл олон пулемёт хэрэгтэй юу гэдэг маргаанд цэг тавьж чадаагүй бөгөөд үүний нэг жишээ нь бидний өмнө сонирхсон P-47 Thunderbolt.

Спитфайрын бас нэг онцгой гайхуулах зүйл бол хөдөлгүүр. Тухайн үеийн АНУ, Герман, ЗХУ зэрэг улсууд усан хөргүүрт болон салхин хөргүүрт сөнөөгч онгоцыг хослуулан хэрэглэж байхад англичууд дан усан хөргүүрт хөдөлгүүрээр дайныг туулан гарсан юм. Гэхдээ ямар хөдөлгүүр гээч... “Роллс-Ройс Мэрлин”.

Ёстой ер бусын найдвартай, технологижсон энэ хөдөлгүүр нэг ширхэг байвал Спитфайр болоод хоёрыг зэрэгцүүлээд тавьчихвал Москито, дөрвийг тавьбал Ланкестер болж байлаа. Наргиа мэт боловч үнэндээ энэ жишээ нь Мэрлин гээч ямар чухал хөдөлгүүр байсныг харуулж байгаа хэрэг юм шүү.

Ингээд ч зогсохгүй... Дэлхийн 2-р дайны бас нэг агуу сөнөөгч болох P-51 Mustang Паккард хөдөлгүүртэй байлаа. Уг нь Элиссон хөдөлгүүртэй эхлээд (Кобрагийн хөдөлгүүр) олигтой юм болж чадаагүй ч Паккард тавиад тэрхүү аймшигт онгоц болсон юм. Тэр Паккард гээч нь Мэрлиний эрхийг худалдаж аваад Америкт үйлдвэрлэж байсан хөдөлгүүрийн нэр!

 Энэ моторын 85 хувилбар байдаг бөгөөд өндрийн болон хүчирхэгжүүлсэн хөдөлгүүр бүхий тусгай Спитфайр нь 1000 км/цаг хурд (1944 он) авч, 15700 метрийн өндөрт (1952 он) гарч байжээ. Гэхдээ эдгээр онгоц байлдааны биш рекорд тогтоох зориулалтын хөнгөлсөн, тусгай онгоцууд байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Харин дайны хүндийг нуруундаа үүрсэн онгоцнууд Марк-21-ээс 24 хүртэлх загварын Мэрлин хөдөлгүүртэй байсан ба эдгээрийн дээд хурд 730 хүрч байлаа. Энэ бол байлдааны зэвсэг гэхэд дэндүү мундаг хурд.

Хамгийн олноор үйлдвэрлэгдсэн, ажлын илжиг буюу Спитфайр хэмээх нэрийг түмэн олонд түгээсэн энгийн Спитфайр бол 9-р загвар буюу Mk.IX юм. 1575 морины хүчтэй Мэрлин бүхий хөдөлгүүртэй, 12,7 мм-ийн хоёр Браунинг пулемёт (нийт 500 сум), 20 мм-ийн хоёр их буутай (нэг бүр нь 120 сумтай), 640 км/цаг хурд гаргаж чаддаг энэ амдан сөнөөгч гэмээр онгоц Люфтваффегийн айдас болсон тэр Спитфайр юм. Зарим тооцоогоор Гитлерийн Германы нисэх хүчний нийт хохирлын гуравны нэгийг зөвхөн Спитфайрт хамааруулах статистик бий. Юу л бол. Гэхдээ л энэ тоо уг онгоцыг чухам ямар араатан байсныг харуулж байгаа нэг чухал үзүүлэлт болов уу.

Дэлхийн 2-р дайнд оролцсон сөнөөгч онгоцны тухай цуврал нийтлэлээ энэ хүргээд түр завсарлах ба дараагийн ээлжинд бөмбөгдөгч, дайрагч онгоцны тухай ярилцах болно. Дараа нь эргээд Зөвлөлтийн Ла-7 болон Як-3, Германы Фокке вульф -190, Мессершмитт -262, Америкийн P-51 онгоцуудын тухай.

P.S.

Люфтваффегийн найдлага болсон тийрэлтэт Ме-262 ыг анх буудаж унагасан нисгэгч нь Supermarine Spitfire Mk.IX онгоцтой байсан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 16. 11:56
Зочин 222

ГЭХДЭЭ ЕВРОПОД Л ГЭХЭД ГЕРМАНЫ СӨНӨӨГЧИД БОЛОХ МЕССЕР ФОККЕР ХОЁРООС ОРОСЫН БОЛОН АНГЛИЙН БАС АМЕРИКИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН СӨНӨӨГЧИД ХЭТ ОЛОН БАЙХ ШИГ. СПИТФАЙЕР Л ГЭХЭД 20000 ГАРАН ҮЙЛДВЭРЛЭГДСЭН БОЛОЛТОЙ. ДЭЭР НЬ ХАРРИКЕН, ЛАВОЧКИН ЯК МИГ БОЛОН АНУ-ЫН P СЕРҮҮДИЙН ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ТООНУУД ЗАМБАРААГҮЙ ОЛОН. МЕССЕРШМИТТ-109 30 ГАРАН МЯНГАН ШИРХЭГ ГЭХЭЭР ХОЁР ТАЛААС ТУЛСАН ОНГОЦНЫ ТООНЫ ХУВЬД ЗӨРҮҮ ИХ БОЛОВ УУ. ГЕРМАНУУД ЦӨӨН ОНГОЦООР САЙН ТУЛАЛДСАН ГЭЖ Л БОДОГДООД БАЙНА.

2 сар 23. 13:26
Зочин

Spitfire XIV гэж бүр аюултай мангас бий дээ

2 сар 22. 14:33

Баярлалаа. Үргэлж шинэ нийтлэл хүлээж байдаг шүү

2 сар 21. 21:09
Зочин

Great job.. love this

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]