Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэнУншсан38,407

Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм.

Зохиолч, сэтгүүлч Батмөнхийн Зандаахүү

Хүний нутаг дахь миний Монгол

 

Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган Монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд Монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гүрний нөмөр нөөлгөн дор цөөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халамжийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт ухаарав.

Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн Монголд дээлтэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторх сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хүний нутагт нулимсаа залгин хатуужих. Гэхдээ тэд азтай ажээ. Хол ч гэсэн эх оронтой улс. Монголынхоо зүг цайныхаа дээжийг өргөж, хэзээ нэгэн цагт эх нутагтаа ясаа тавих хувь тохиож мэднэ гэж горьдох. Итгэл хамгийн сүүлд үхдэг нь үнэн бол юутай ч тэд хайлж дуусталаа харах бараатай, санах садантай, горь хүсэлтэйгээ үлдэнэ. Харин бид ирээдүйд тэдний буурин дээр “нүүж” очвол хаашаа харж юундаа залбирч хэнээсээ аврал эрэх билээ? Хөдсөн дээлтэй энэ хэдэн хүн бидний өнгөрсөн үе биш харин ирээдүй минь болж харагдах саарал цагийн будан туучин явахдаа “Хүн хувцасаа тайлчихвал хэн болох билээ” гэж эрхгүй нэг бодсоон.

 

Их сургуулийн багш, залуу эрдэмтэн Д.Бум-Очирын бичсэн “Хайлж буй Дээд Монгол” хэмээх өгүүллийг Цахим өртөөнөөс олж уншчихаад урь сэтгэл тээн урд хөршийг зорьсон бид “Хөхнуурын Монголчууд гэж ямар хүмүүс байдаг бол” гэсэн сониуч адгуу хүсэлд хөтлөгдөж явсан. Яваад очтол эгээ л элгэн садандаа золгосон шиг сэтгэл цадаад Монголоосоо илүү Монголоороо үлдсэнийг нь харж нүд эхлээд баяссан. Дараа нь тэдний зовлон бидний зовлон хоёрыг дэнслээд ирэхүйн үес гол харласан. Дэлхийн тэн хагасыг “эзэлчихсэн” их гүрний дунд дээлтэйгээ, бичиг, хэл соёлтойгоо үлдэнэ гэдэг нэг талаасаа гайхамшиг, нөгөөтэйгүүр шүд зуусан хүнд жилүүдийн түүхэн дурсгал шиг санагдаж байлаа. Хятадад 56 үндэстэн байдгийн тавхан нь л үндэсний бичигтэйгээ үлдсэн гэнэ лээ. “Цогт тайж” киног үзсэн хэн ч Гүш хааны тухай там тум төсөөлөлтэй үлдсэн нь дамжиггүй. Дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайх албат иргэдээ дагуулан Хөхнуурын зүг жолоо залсан нь 1636 оны явдал аа. Ингээд л бидний кинонд үздэг шигээр Хөхнуурын хойд биед байх Улаан хошуу гэдэг газар хоёр Монгол шар, улаан шашны төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж хошуу газрыг цусаараа будан /Энэ түүхээс улбаалан Улаан хошуу хэмээн нэрлэх болжээ/ Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Төрбайх 5-р Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай ламтан Төрбайхыг шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь хожмоо түүний олонд түгсэн түүний нэр нь болжээ. 1655-1723 онд Түвд болон Хөхнуурын өндөрлөгт Гүш хаан өөрийн Хошууд хант засгийг байгуулан 70 жил оршин тогтноод 1723 онд Гүүшийн ач Лувсанданзан Манжийн ноёрхлын эсрэг босож дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан тэдний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлжээ....

Халхын хавтгайд дураар нүүдэллэн эрх чөлөөг эдлэн жаргадаг Монголчуудын хувьд тоотойхон хэдэн бут бударганаас өөр нүд баясгах юмгүй Цайдмын хөндийд торон хашаан дотор малаа дагаж яваа тэд минь өрөвдөлтэй л санагдсан. Нүцгэн нутгийнхаа чанадад хөхөртөх цувраа мянган уулсын зүгт нүд сэтгэлээ бэлчээн “Эх орон минь энэ уулсын цаахна бий дээ” хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн өнчирч яваа тэдэнд Монголоос хүн ирсэн гэх сураг тэнгэрээс бурхан буусантай л адил сонсогддог аж. *Бидний нүдэнд ийм нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сичуан, Шинжаан, Түвд дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу Монголоор бол Хөхнуур мужид түвд, хятад болон хасаг, хотон, салар, лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх Ойрдын дөрвөн аймгийн нэг одоогийн Дээд Монголчууд юм*.

Ийнхүү гэнэт Дээд Монгол гэх нэр томъёо гараад ирэхээр “энэ чинь юу болж байнаа, бид нар тэгээд доод Монгол юмуу” гээд нүд ам нь гурвалжлаад ирэх хүмүүс гараад ирэх байх. Газрын өндөрлөгт байх тэднийг ийнхүү нэрлэдгээс өөр сүртэй юм үүнд ер үгүй ээ. Бас ч гэж дээд хэмээх энэхүү тодотгол нь тэднийг дээш нь татаж өнөөдөртэй золгуулсан ч байж мэдэх. Юутай ч “доромжлуулах тусам улам өнгө ордог” дотоод сэтгэлийнх нь Монгол бардамнал тэдний нүдэнд цогшиж харагдана лээ. Газар шагайсан түвдүүдтэй харьцуулахад шүү дээ. Энэ тухай дараа жич өгүүлэх тул түр азнаад аяллаа анхнаас нь эхлэн уншигчиддаа хүргэе.


Хөх хотод еэвэнгээр мацаг барив

 

Улаанбаатарын хоёр Монгол Хөх хотод хөл тавьснаар өмнөд хөрш дэх Монголчуудаа эргэх “айлчлал” маань албан ёсоор эхэлсэн юм. Тэр өдрийн орой хятадууд хотын төв талбайд цуглан баярлаж хөгжилдөцгөөлөө. Шинийн арван таван байсан юмсанж. Юань гүрний үед энэ өдөр еэвэнгийнхээ тусламжтайгаар Монголчуудыг “ялсан” юм байх. Еэвэн сар хэмээн бахархан тэмдэглэдэг байснаа дараа нь Ургацын баяр хэмээн сайхан нэрлэх болж хамгийн том тарвасаа цавчин Монголчуудын толгойг авч байна гэж баясацгаадаг байсан гэх. Харин хожим нь цавчсан тарвасаа зүсэж саранд өргөн Сар тахих баяр ч гэгдэх болж. Гэхдээ л хөдөөх зарим тосгонд энэ өдөр тарвас зүссэн найрын ширээний ард “Монголын толгой” гэх үг сонсогдсоор байдаг тухай эндэхийн танилууд маань цухуйлгана билээ. Харин Монголчууд төв талбай руу зүглэх нь бүү хэл тэр өдөр еэвэн идэхийг хүртэл цээрлэдэг аж.Алжааснаа гайхан амраад сэрэхэд ашгүй өглөө болсон байлаа. Хөх хотод ч бас бидэнд үзэж сонсох зүйл арвин гэж ярилцсаар их сургууль руу нь алхлаа.

Өвөр Монгол нь Хятадын анхдагч өөртөө засах орон юм. Энэ нь үндэсний өөртөө засах болон орон нутгийн өөртөө засах эрх, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийг нэгтгэсэн гэсэн үг юм. Хожим Хөхнуурт хүрч очиход тэндэхийн Дээд Монголчууд Өвөр Монголыг “Өөртөө засах эрхээ ч өмчилж чадаагүй” хэмээн харамсан зэмлэхтэй олонтаа тааралдсан. Өвөр Монголын нутаг дэвсгэрийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн орших учир дорноос мандсан нар хоёр цаг гаруй аялж бүх нутгийг өвч бүрэн гийгүүлдэг байна. 1.183 сая км хавтгай дөрвөлжин газартай.

Энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг байна. ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар 23 сая хүн оршин амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь хятад, харин 15.9 хувь буюу 3.5648 сая нь Монгол үндэстэн байна. Өвөр Монгол байгалийн арвин баялаг нөөцтэйн зэрэгцээ хүнд үйлдвэрүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа гэнэ.Их сургуулийн номын санд бид Дэлгэр багш, ӨМ-ийн их сургуулийн Монголын түүх судлах газрын дарга Буяндэлгэр нартай ярилцан ном зохиолуудыг нь үзэж сонирхлоо. Монголын түүхийн судалгааг бие даан хөгжүүлэх боломж муутай, учир нь Хятадад түүхийн судалгааг дэлхийн болон хятадын гэж хоёр л хувааж үздэг, Монголын түүх нь хятадаас бусад үндэстний түүхийг судалдаг тусгай түүх гэдэг ангилалд хамаарагддаг. Их сургуулийн оюутан л сургах үүрэгтэй” хэмээн ярьж байв. Хөхнуурын Монголчуудын талаар асуухад “Тэдний тухай Монгол сурвалж маш бага, хятад, түвд хэлээр бол нэлээд юм бий. 20-иод жилийн өмнөх судалгааны жаахан материал байдаг, шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн хувиараа хөөж судалдаг ч нэгдсэн мэдээллийн сангүй” гэцгээсэн. Харин олзуурхууштай нь Өвөр Монголын их сургуульд Монголын соёл судлалын тэнхим саяхан шинээр байгуулагджээ. Дараа нь бид үндэсний түүхийн музейг нь үзэхээр Улаан театрыг зорилоо. Улаан театр хэмээх эл байгууламж нь хотын зүүн дүүрэгт орших бөгөөд орчин үеийн маш өвөрмөц дизайнтай, дугуй хэлбэртэй аж. Гүүрэн зам шиг уруудсан налуу гадаргуу, түүнээс дээш товойн харагдах дугуй асар нь нэлдээ мөнгөлөг өнгөтэй шил толь болсон барилга. Өмнөх хэсэг нь гольфийн талбай шиг нов ногоон хиймэл зүлгээр хучигджээ. Энэхүү байгууламж нь театр хэмээн нэрлэгдэх авч түүхийн бүх үнэт зүйлсийг нэг дор нь төвлөрүүлсэн томоохон музей, жуулчдад зориулсан танин мэдэхүйн том цогцолбор аж. Давхар бүрээ түүхийн үечлэлээр тохижуулж, үзмэрүүдээ айхтар төрөлжүүлжээ. Дөрвөн давхарт нь л гэхэд Хүннүгийн үеийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, эртний улсууд, нүүдэлчдийн дурсгал /алтаар чимэглэсэн мөнгөн гутал хүртэл байв/, эд өлгийн зүйлс гээд л тогтож үзвэл нэгэнд л гэхэд элбэгхэн 2-3 цаг зарах танхимууд байна.

Хөх хотын зүүн дүүрэг дэх Даяао гацааны Да-Яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэсвэг хийж байсан газар юм. Их зуу аймгийн Үшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүншань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуулгаар гол онцлогоо болгосон хүншанийн соёл нь бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл ба Монь уулан дахь хадны зураг нь хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан юм. Эдгээр бүх зүйлсийн “хэлтэрхий” музейд тавигджээ.Музейн уудам танхимыг үнэхээр ухаалаг ашиглаж тухайн соёлыг илэрхийлэх баримал, хөөмөл, шуумлаар орчин үеийн нэгэн цогц бүтээлүүд урлаж тавьсан нь түүхийг хүмүүст бүр ойртуулж өгнө. Энэхэн үес гадныханд Монголын нүүрийг тахалдаг байгалийн түүхийн музейн салбайж пөөнийсөн хэдэн чихмэл нүдэнд харагдах шиг болж нүүр халууцаж явлаа. Юутай ч бид Өвөр Монголд өөрийн сэтгэл өвөрлөж, мөнөөх л “Хүн хувцасаа тайлвал хэн болох” тухай бодолхийлж явсаан.

Маргааш нь бид Дээд Монголын хурим найрын зан үйлийг ёстой нэг амьдаар нь харж атаархахдаа хэлэх үгээ олохгүй шагшсан. Ёс жаяггүй үйлдэл гэж тэнд байгаагүй ээ. Хамгийн олзуурхууштай нь Дээд Монголд хуримгүй гэрлэлт гэж байдаггүй гэсэн. Биднийг Гүмбүмээс 20-иодхон км-ийн зайд байх Шинэн /Монголчууд Сэлэн хэмээнэ/ хотод угтсан Хөхнуурын үндэсний их сургуулийн багш, эртний дотно танил Хөхөө хүртэл тэр хуриманд хүрээд ирчихсэн “Дээд Монголчууд хуриман дээр л бараа бараагаа харах юм” гээд зогсч байсан. Хурим яг л бидний мартсаныг сануулах мэт байсан. Монголчууд ингэж л хуримладаг байсан даа гээд бид хоёр нээх холоос санаа алдсан. Бидний мартсан, шинэчилсэн бүх зүйл тэнд уламжлал ёсоороо байна лээ. Хуримын туршид би шинэ бэрийг өрөвдсөн. Бүхэл бүтэн хоёр өдрийн турш ичиж гэрэвшин доошоо тонгойх түүнд лав амар байгаагүй байх аа. Хурим найрын үеэр сархад хэтрүүлэн хэрэглэсэн хүн ер харагдаагүй. Баян сөнгийн ерөөл гэгч Монголын бүх уламжлалыг хураан захисан үгсийг найрын ахлагч нь хэлж царан дээр тавьсан хос мөнгөн аягатай архийг гийчдэд нэн хүндэтгэлтэйгээр барих юм. Архи барих хүмүүс нь гол төлөв залуус. Тэдэнд хүндэтгэлийн зан үйлийг ингэж л сургадаг бололтой. Тэд ч төлөв төвшин гэж жигтэйхэн, эрхэм зочныхоо өмнө ирээд л Дээд Монголынхоо ардын сайхан дуунаас аялгуулан эхэлж тэр хоорондоо ёсыг гүйцэтгэн зочноо дайлах аж. Дээд Монголд ерөөлчид их цөөн байдаг, тэд хүндтэй ч гэж туйлгүй. Бидний эрхэм анд Бүргэдийн хадам аав Цагаанбаатар гуай энэ үүргийг маш чадамгай гүйцэтгэж харагдсан.Гүмбүмд байх гурав хоногийн хугацаанд бид Цагаанбаатар гуайн гэр зочид буудалд Хөхнуурын Монголчуудтайгаа тогоотой хоолонд хошуу холбож тухтай таатай өнгөрөөсөн. Цагаанбаатар гуай Хайши /Хөхнуурын баруун тал/-гаас суурин газарт нүүж ирээд таван оныг үдэж байгаа. Энд ирэх Монголчууд ихэнхдээ л гэр бүлийнхээ эрхэм нэгэн хүнийг алдаж уй гашуу болохдоо буян хийлгэхээр зорьсон байдаг аж.

Эндэхийн Монголчууд бурхан болоочийнхоо хойдын буянд үнэхээр их сэтгэл хандуулдаг юм билээ. Зовсон зүдсэн элэг нэгтнүүддээ садангийн сэтгэлээр хандаад явуулдаг Цагаанбаатар гуайнх ч бас буяны л газар шиг санагдсан. Бидэнтэй нэгэн хананы цаана түр суурьшсан Мо Шо, Сарнай нар /эхнэр, нөхөр/ Хөх хотод өөд болсон аавынхаа чандрыг аваад Хөхнуур руугаа явж байна, бид Цагаанбаатар гуайн нутаг Хайшийн улсууд хэмээн ярьж байсан. Гүмбүмд болсон хуриман дээр бид Тайж нар, Хөрлөг, Давсан говь, Улаан гээд л Хөхнуурын бараг л бүх хошуудын хүмүүстэй уулзаж танилцан үүх түүхээс нь чихээ дэлдийлгэн сонссон. Тайж нар хошууны Цүлтэм гэдэг айхтар ухаалаг өвгөн бидэнд ихийг ярьж элгэмссэн. Мөн Дээд Монголын 29 хошуу байснаас ес нь үлдсэн, тэд бүгд өөрсдийн үүх түүхээр ойллого хэмээх нэгэн ботиудыг тус тус гаргаад байгаа гээд Тайж нар хошууны ойллогыг бидэнд бэлэглэсэн нь бусад хошуудын бичиг түүхийн эрэлд хожим нь биднийг хөтөлсөн юм. Юутай ч ариун номын Гүмбүм орон, авралт найман суваргын дор сэтгэлийн гэгээ арвидах шиг болсон.Эндээс бид Дэлхий хот хэмээх Хятадын цэргийн хаалттай хотыг зорих боловч цагдаа нарт саатуулагдан дараагийн Монгол хот Голмудад шууд хүрч тэндээсээ Лхаст зорчиж ирэх замдаа Дээд Монголынхоо малчны хотонд аргалын утаа үнэртэн тавтайяа амран тухлах болно. Урт энэ аяллын туршид сэтгэл огшоосон, өр өмлөсөн, цайлган баясаж, айлган тунирхсан олон арван жинхэнэ мэдрэмж олзолсон.

Хатуу совингийн биелэл шиг энэ нутагт зөөлөн юм олж бодох сон гэж хичээх хэдий ч ариуслын гэгээн Лхаст /Түвдээр бурханы хот гэсэн үг/ бурхад нь хүртэл шилэн хоргонд хоригдож байсан шүү дээ гээд л шүүрс алдах. Эзэндээ мартагдсан боол мэт нутаг. Тэнд зул хүжис л амьд /асаж/ байдаг. Олон олон зулын зүг хүмүүс тасралтгүй сунаж мөргөсөөр дух, тохойгоо ч халцарч цоорохыг мэддэггүй. Тэд зэрэгцээд мөргөж байхдаа ч бие биенээ олж хардаггүй, нүд нь аниастай, харанхуй.Бурханы орны хоймор дахь Будаалин /Ботола/ ордонд нэвтрэх тасалбар 100 юанийн үнэтэй. Үе үеийн Далай лам энд ордонлож байсан. Өдгөө тэдний чандрууд нь ордныхоо их алтан суваргуудад хадгалагдан “амьдарсаар” л байгаа. Сэрэг дүрүүд нь буддын мянган бурхадын хамт заларч байдаг юм билээ. Харин 14-р Далай ламын суудал эзгүй, орхимж жанч нь эзнээ хүлээх мэт уйтайхан “сууж” харагдана лээ.

Түвдийн “дээвэр” болсон Будаалин ордны хэрмэн дээгүүр тонгойн харахад тэртээ доор түвдүүд шоргоолж шиг, төөлүүр хорхой шиг ордноо гороолон сунаж мөргөсөөр л. Харин энд эргэн тойрон харь хүмүүс, жуулчид, эрээгүй чангаар хашгичин ярих хятадууд... Түүх сөхвөөс 7-р зуунд Соронзонгомбо хаан хөрш аймгуудыг нэгтгэж Лхасыг байгуулжээ. Тэгээд анхны ордноо болгож Жокан хийд буюу Их зууг босгосон гэнэ. Энэтхэг Балбын уран барилгын хийцтэй эл томоохон байгууламж нь Соронзонгомбын анхны эхнэр балба хатных нь бэлэг гэх. 1617 онд Зүүнгарын цэргүүд хийдийг дайрч нэлээдгүй сүйтгэл учруулсан ч засаж сэргээгээд ахиад л гайхамшигт өнгөнд нь хувиргаж чаджээ.

Гэхдээ бурхан шашны эл агуу зүйлс ис тоосорсон, нүсэр эл сүмд хаягдсан хувь тавилантайгаа эвлэрэх мэт хураагдсан нь харамсмаар. Дараа нь Марфори толгойд Боталаг барьжээ. Эдүгээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эл гайхамшигт ордныг цогцлооход Энэтхэг, Балбаас хөрөнгийн их урсгал зайгүй урсаж байсан гэдэг. Түвдэд шашин номын гурван том цогцолбор байдгийн нэг нь Лхасын хойд бие дэх Сера голын эрэгт уулан дунд орших Сера буюу зэрлэг сарнайн хийд. 1419 онд Зонховын шавь Жамцан Чойжэ байгуулсан. Гурван дацантай, 29 байртай, алтан үед энд 5500 лам амьдарч байжээ. Хосгүй үнэтэй хананы зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурханы түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд Монголтой холбогдох зүйлс арвин. Лхасын шашны томоохон төвүүдийн нэг болох Норбулин хийдийн зүүн талд Түвдийн музей байдаг. 1999 онд байгуулагдсан уг музейд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэлийн судалгааны үнэ цэнэтэй материалууд хадгалагдахаас гадна шашин түүхийн онцгой сонин үзмэрүүд арвинтай. Үүн дотор мөн л Монголын түүхтэй холбогдох олон арван гайхамшигт зүйл бий. Эл музей нь хятадын 10 том музейн нэг гэсэн.

 Гэхдээ л энд үзэж харсан бүхэн маань нүсэр гэгчийн бүдэг бүгээн сүм дотор арц хүж болоод зулын шар тосны үнэртэй холилдон эмх замбараагүй, гайхаж бишрэхэд бэрх тийм нэг мэдрэмж болоод дотор сэтгэлд нэн түүртэй ч юм шиг санагдсаныг дурдсу. Учиргүй их хүсэж зорьж ирсэн Цастын орныг орхиж одох сон гэж яагаад ч юм жигтэйхэн их яарсан би. Одоо буцаж яваа нь энэ. Хөлдүү цагаан тосыг хэлтлээд авсан шиг эмтэлж мэрчихсэн уулнууд л тааралдаад байлаа. Хараа жаахан өргөөд холыг анирдах аваас тэртээх хөхөмдөг алсад мөн л их нурууд хөндөлсөн сүртэйеэ үзэгдэнэ. Гэвч энэ газар хятад хүний хөл хүрээгүй нутаг орон гэж байдаггүйг санаад бас л ойртоод очихын цагт нүд халтирах байх даа гэж шимширлээ.

Уулсыг чимж буй ганц зүйл нь оргилынх нь мөнх цас. Нүцгэн биеийнх нь шарх сорвийг дүүргэн цас, бороо ороход уулс баярладаг байх даа гэж бодсон. Цастын орноос Цайдмын хөндийг зорин ийн явахдаа сэтгэл тэжээх бодол эрсэн минь тун амархан олдов. Тун удахгүй би элгэн саднуудтайгаа уулзана даа гэхээс тайвшраад явчихлаа. Ёстой л хоол шиг бодол байж. Зөөлөн болоод хөндүүр. Түвдийн өндөрлөг уулсын бэл дэх Цайдмын хөндийд суугаа Монголчууд маань замбаатай цайндаа шар тос хөвүүлээд барина. Халуун цайны илчинд хөлсөө бурзайлган тос даасан, жинхэнэ Монгол үгсийг амнаасаа унаган хуучилна. Яриа нь сэтгэл шигээ үнэн байна. Тэдэнтэйгээ хөөрөлдөн суухуй ясны хөлс гарч ядрал минь мартагдана. Уйлмаар болно, дуулмаар болно. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирнэ. Өглөө болгон Монгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар Монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 цаг 1 минутын өмнө
Зочинn

yasan muu bichsen yum be? unshiya gej hicheegeed baihnaa nud usreed baih. het ih hicheeh bichiheesee umnu uuriiguu neg tald barihaar ingej bgaa yu. ter alsaas l zugeer utgagui gaslaad gaslaad baih yum. ingej bichvel humuus sain tal zasna gej bodood baih yum.

12 сар 5. 16:16
Зочин В.Гүрсэд

Элэг нэгтнийг маань тухай өр хөндүүрэлтэл бичжээ. Сэтгүүлчийн авьяасыг хүндэлж байна.

2017, 10 сар 28. 10:21
ЗочинБат

өвөр монголд аялсан манай ихэнх сэтгүүлчдийн өвөр монгол дахь бүтээн байгуулалтыг хараад дуу алдан цагаан атаархал төрлөө гэж бичдэгийг бодвол өөр талаас нь бичжээ

2017, 12 сар 14. 6:26
Зочин

mongol shig hugjilgui hogiin gazar haana ch baihgui

2017, 2 сар 28. 7:51
Хаанай

Худлаа юм их бичсэн байна. Их зууг Вэнчен гэж хятад хатан нь, бага зуу буюу рамоче хийдийг балба хатан нь барьсан гэдэг. Ботала ордныг босгосон хөрөнгийн ихэнх нь монголоос зөөсөн эд шүү

2017, 2 сар 12. 15:21
Эх оронч үзэл бол тэнэгтэх үйлдэл биш.

Миний Монгол дэвжин дээшилж дэлхийд цуурайтан , нэг л өдөр Их Монгол улсаа буцаан нэгтгэж хүчирхэг болох цаг ирэх болтугай. Урд, хойд, зүүн 3 улсаар тархсан монголчуудын маань нэг бүрчлэн Бурхан минь Та хамгаалах болтугай. Нэг хүний амийн өртөгийг бид бодоод ч дийлдэшгүй.

2017, 2 сар 7. 18:47
Үжин

Сонирхолтой, сайхан бичиж. Гарчиг нь харин жаахан билэг дэмбэрэлгүй санагдлаа. Бид болоод хойч үе минь ийм тавиланд унах биш харин дэвжин дээшилсэн, дэлхийд цуурайтсан Монгол байх болтугай.

2017, 2 сар 7. 16:24
Зочин

Газар нутаг нь ч монголынх өөрсдийнхөө нутагт бусдын удирдлаганд байгаа гэвэл үнэн биш үү.

2017, 2 сар 7. 14:23
Зочин

Монголын маань ирээдүй биш байлгүй дээ. Монгол маань хэзээ ч Хятадын харъя болохгүй биз гэж найдаж, итгэж байна.

2018, 8 сар 14. 21:02
Барс

Охид хүүхнүүд маань Эрээн, Бээжингийн мөнгөтэй хужаа нартай сууж, тэдний дэвсгэр болсоор буй цагт эдний тавиланг давтах цаг ойртсоор л байна даа, хөөрхий

2017, 2 сар 8. 11:09

Би ч бас итгэж байна

2018, 8 сар 10. 2:38
Norjinsuren BanzragchFacebook-р нэвтэрсэн

bi bas tur yrs 2 mini munh gej itegdegee

2017, 2 сар 7. 22:22
Зочин

qli hediin orood ortsiin bishvv:

2017, 2 сар 6. 11:41
Зочин

Сайхан бичжээ. Үргэлжлэлийг хүлээж байна.

2 сар 16. 13:41
Зочин

энэ янзаараа бол ч...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]