Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цайлган сэтгэлт Жон Коффийг мөнхөлсөн аварга биет эрУншсан12,426

Үүнээс хойш тэр олон кино болон телевизийн олон ангит кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээсэн ч дахин том кино наадамд нэр дэвших хэмжээний амжилт гаргаагүй юм.

Холливудын “Ногоон бүс” хэмээх киног олон хүн үзэх дуртай киноныхоо жагсаалтад бичдэг. Том Хэнкс тэргүүтэй олон шилдэг жүжигчид тоглосон, кино зохиолыг нь Стивен Кингийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн энэ киноноос хүмүүсийн сэтгэлийг тэгтлээ их татдаг нэг шалтгаан нь гол дүр болох аварга том биетэй хар арьстан Жон Коффи гэх эрийн гэнэн цайлган зан, бусдад туслахыг хүсдэг сайхан сэтгэл, хэлмэгдэн харамсалтайгаар цаазлуулдаг эмгэнэлт хувь тавилангийн түүх билээ.

Тэрхүү аварга эрийн дүрийг үзэгчдийн сэтгэлд мөнхөлж чадсан авьяастан бол Холливудын алдарт жүжигчин Майкл Кларк Данкан юм.

Ингээд та бүхэндээ түүний амьдралын түүхээс хүргэе.

Майкл Данкан 1957 оны арванхоёрдугаар сарын 10-нд айлын хоёр дахь хүүхэд болон Чикагод төржээ. Түүнийг төрсний дараахан эцэг нь орхин явж, айлын гэрийн үйлчлэгч хийдэг байсан ээж нь хоёр хүүхдээ ганцаараа өсгөх болжээ.

Цаг наргүй ажиллаж буй ээжийгээ багаасаа харж өссөн Данкан хүнд хэцүү амьдралтай байсан хэдий ч хичээл сурлагадаа онцгой анхаарч, хорооллынхоо дийлэнх хүүхдүүд шиг буруу замаар орсонгүй.

Жүжигчин болох мөрөөдөлдөө хүрэхээр Алкорн мужийн их сургуульд суралцаж байхад нь ээж нь хүндээр өвчилж, гэр бүлээ авч явахын тулд сургуулиа орхихоос аргагүй болжээ. Ингээд гэр бүлээ тэжээхийн тулд ажилд орон өдөржин газар шорооны ажил хийн, шөнө нь шатахуун түгээх станцад ажилладаг байв. Түүнийг хамт ажиллагсад нь мөрөөдлөөр нь шоглон “Холливуд” хэмээн дууддаг байсан гэдэг.

Тэрээр 194 см өндөртэй, 150 кг жинтэй.

Данкан “Ээж, эгч бид бид гуравт бүгдийг хамтдаа даваад гарахаас өөр сонголт байгаагүй гэж ээж маань хэлдэг байсан. Холливудад хөл тавин хамгийн сайнаараа хичээж, тууштай зүтгэж байсны хичээл зүтгэл минь угтаа ээжээс минь л үүдэлтэй. Тэр намайг бага байхаас л “Хөөе залуу минь, чи өсч том болоод алдартай жүжигчин болно доо” гэж хэлдэг байсан. Ээж минь намайг Холливудад хамгийн анхны дүрээ бүтээхэд нулимсаа барьж чадахгүй асгартлаа уйлж байлаа. Тэр л миний өнөөдрийг хүртэл гаргасан амжилт бүрийн минь үүсгэгч урам зориг, хөдөлгөгч хүч юм” хэмээн дурссан байдаг.

Тэрээр харьцангуй хожуу буюу 38 насандаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд анхны дүрээ бүтээсэн нь “Баасан гариг” гэх инээдмийн киноны жижигхэн туслах дүр байв. Энэ кинонд хэдхэн минут гардаг ч энэ бол түүний уртаас урт уран бүтээлийн замналын эхлэл болж чадсан юм.

Олон найруулагчийн хараанд өртөн, кинонд тоглох саналууд ар араасаа хөврөх болж, хэд хэдэн дүр амжилттай бүтээгээд байхдаа жинхэнэ нэр алдрын оргилд хүргэсэн “Ногоон бүс” хэмээх кинонд тоглох саналыг 1998 онд авчээ.

Уг кино 1999 онд дэлгэцнээ гарч, аварга том биетэй хэрнээ хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлтэй Жон Коффигийн дүрээрээ Оскар болон бусад кино наадмуудын Шилдэг туслах дүр номинацид нэр дэвшсэн юм. Хэдийгээр эдгээр шагналуудаасаа нэгийг нь ч хүртэж чадаагүй үзэгчдийн сэтгэлд тэр хэдийнэ дүрээ мөнхөлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан байлаа.

Үүнээс хойш тэр олон кино болон телевизийн олон ангит кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээсэн ч дахин том кино наадамд нэр дэвших хэмжээний амжилт гаргаагүй юм.

Нэр алдарт хүрсэн эрчүүдээс ялгарах нэг онцлог нь Данкан охид бүсгүйчүүдтэй төдийлэн нэр холбогддогүй байв. Тэрээр албан ёсоор нэг ч удаа гэрлэж байгаагүй, бас хүүхэдгүй.

2012 оны долдугаар сарын 12-нд алдарт жүжигчин гэнэт зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээ хэвлэлүүдээр цацагдаж эхлэв. Түүнээс хойш эмнэлэгт эмчлүүлсээр Майкл Данкан есдүгээр сарын 3-нд 54 насандаа хорвоог орхисон билээ.

Түүнийг нас барснаас долоон сарын дараа гэр бүлийнхэн нь алдарт жүжигчний найз бүсгүйг шүүхэд дуудсан дуулиант хэрэг мандсан юм. Данканы найз бүсгүй телевизийн од Омароса Манигаулт гэх эмэгтэй сүй тавьсан гэж худлаа ярин  гэрээслэлийг хуурамчаар үйлдэж, гэр бүлийнхэнд нь мэдэгдэлгүйгээр түүний чамгүй олон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, мөнгийг нь завшсан байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]