Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Өрсөлдөгчөө барьж авахаар хөөж явахад нь наадмын талбай тоосорч байдаг"Уншсан23,167

Л.Чимэд арслан аймгийнхаа баяр наадамд бүрэн бус мэдээгээр 1935, 1936, 1937 онуудад түрүүлж 1934 онд үзүүрлэжээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат “Мөнгөнморьтын” хэмээх Л.Чимэд арслан 1907 онд төрсөн. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг 1911 оны Халхын даншиг наадмын үзүүр бөх Гэндэндаржаа арслан гэх боловч эх Хорлоо нь Чимэдийг өөрийн төрсөн ах Лувсанмөрөөр овоглосон байдаг. Ямар ч байлаа гэсэн түүний бөхийн удам нь эцэг талаасаа болох нь тодорхой юм. Л.Чимэд багадаа ах Навааншаравын хамт Номчийн хийдэд шавилан сууж байсан тул “Номчийн Чимэд” хочтой байснаа хар болж ид барилдан гарч ирэх үедээ нутаг усныхаа нэрээр “Мөнгөнморьтын Чимэд” гэсэн нэрийг зүүдэг болжээ.

Л.Чимэд багадаа жижгэвтэр биетэй, ноомой хүүхэд байснаа 17-18 насандаа суга өсөн, удалгүй нийслэлд ирж нагац ах Лувсанмөрийндөө хамт амьдарч түүний ажилсаг, бөх, моринд хорхойтой сайн талыг өвлөн авч өөрөө барилдсанаас гадна бас морь уядаг байсан тухай түүний эхнэр Ч.Дулам дурсан ярьсан байна.

Л.Чимэд бүр арслан цолтой болсон хойно буюу 1937 онд 17 настай Ч.Дуламыг гэргий болгон амьдарчээ. Л.Чимэд анх 1927 онд 19 настайдаа Цэнхэрмандалын наадамд барилдаж 4-т үлдэж улмаар ирэх жил нь Богд хан уулын аймгийн наадамд хүч үзэж эхэлжээ. Тэрээр анх 1930 оны наадамд зодоглож 1000 шахам бөхөөс найм давж Монгол Улсын заан цолыг 22 настай хүртжээ.

Ээжийнхээ ах Лувсанмөрөөр овоглосон Л.Чимэд арслан Ардын төрийн наадамд 1 түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн. Тэрээр 1933 онд 880 орчим бөхөөс 7 давж улсын заан, 1934 онд 1024 бөхөөс Хэнтий аймгийн харьяат “Шар” хэмээх Б.Яндаагаар 9 даваад, 10-ын даваанд Архангай аймгийн харьяат “Өөлдийн Улаан хүзүүт” хэмээх Х.Дэлэгт унаж үзүүрлэсэн. 1935 онд 720 гаруй бөхөөс Архангай аймгийн харьяат Ш.Гомбосүрэнгээр 10 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1936 онд 1024 бөхөөс 9-ийн даваанд Дорноговь аймгийн харьяат “Гандангийн бүрхэг” хэмээх Г.Намжилваанчигийг орхиж, 10-ын даваанд Дорнод аймгийн харьяат “Хумбан хар” хэмээх Т.Балсанд унаж үзүүрлэсэн. Л.Чимэд арслан нь үүнээс гадна 1933 онд 7, 1937, 1938 онд 6, 1940 онд 6, 1943, 1944 онд тус бүр 5 давсан.

1934 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн

1935 онд 720 бөхөөс 10 давж түрүүлж улсын арслан

1936 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн

Л.Чимэд арслан аймгийнхаа баяр наадамд бүрэн бус мэдээгээр 1935, 1936, 1937 онуудад түрүүлж 1934 онд үзүүрлэжээ.

Л.Чимэд арслан 198 см өндөр гуалиг нуруутай, шар цоохор нүүртэй, хөнхөрдүү нүдтэй, жижигхэн чихтэй, өргөн зузаан цээжтэй, бүдүүн хүзүүтэй хоёр шуу нь том бөгөөд бяртай, хурдтай, эгэм тахим мэхийг аль ч талаараа хийдэг, хүнийг хоёр сугаар нь тэвэрч шилбүүрддэг, барьцгүй харвах, хамж дайрах, гол мэхүүдийг чадамгай хийдэг өрсөлдөгчөө барьж авахаар хөөж явахад нь наадмын талбай тоосорч байдагсан гэж түүний барилдааныг мэдэх хүмүүс ярьж байсан байна. Мөн улсын арслан Ш.Ванчинхүү хий харвах мэхийг Чимэд голлон хийж байдгаараа ихэд алдаршсан байлаа гэж бичжээ.

Л.Чимэд арслангийн гуяны хоёр өгзөг хойшоо овойсон, гарын хоёр хуруу том, гар нь учиргүй урт, мөрөн дээгүүр өрөөсөн гараа тавихад хүнд байдаг байсан ба тэрээр зодог шуудгаа өмсөөд засуул руугаа очиход маш их хурц, түүнийг харсан хүн ёстой л сүрдмээр байдаг. Барилдах талбай руугаа бол маш сайхан дэвдэг, очоод шавж байгаа нь үнэхээр гайхамшигтай бяр тэнхээ ихтэй аваргын энтэй бөх байжээ. Энэ талаар өндөр настан Ринчин гуай өгүүлэхдээ "Л.Чимэд арслан үхсэн адууг хөлийг нь хоньчилж боогоод хашаан дээгүүр давуулаад хаячихаж байхыг би нүдээрээ үзсэн" гэжээ.

Л.Чимэд арслан шиг маш эрэмгий барилдаантай ухарч гишгэдэггүй, золбоолог зоригтой хурдан шаламгай барилддаг бөх ховор байна даа гэж ахмад буурлууд олонтой дурсан ярьдаг байжээ.

Л.Чимэд арслан багийн дарга ажилтай байсан ба зунжин наадам хэсч барилдахаас гадна албан журмын ноолуур, ноос, мах зэргийг цаг тухайд нь ардуудаас авч тушаачихдаг ажилсаг нэгэн байжээ.

Арслангийн эхнэр Ч.Дулам дурсахдаа "Бид хоёр 12 жил хамт амьдарч, хоёр охин нэг хүү төрүүлсэн юм. Тэр маань дөчөөдхөн насандаа бурхны оронд заларсан. Би гэдэг хүн 9 настай, 2 настай хоёр охин, 4 сартай нэг хүүтэй үлдсэн. Хүү маань эцгийнхээ дараа удалгүй нас барчихсан. Харин нөхрөө бурхан болсны дараа хотод ирж суурьшин амьдарсан. Том охин Лхамсүрэн нь санхүүч, бага охин Дэчинцэрэн нь эмч болж улсад олон жил хөдөлмөрлөсөн" гэжээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 25. 12:39
Ганаа

Аварга байтугай даян аварга цолны болзолыг ч хангачихсан юм байна. Нөхөн олгох боломж байдаггүй л байх даа

11 сар 14. 10:19
Hohoo

Tiim shdee 10 davj neg turuu 9 davj 2 uzuur

9 сар 3. 10:01
Зочин

Аймгийн наадамд гурав түрүүлсэн гэж байхад . Улсад нэг үзүүрлэсэн юм бна

8 сар 25. 12:41
Ганаа

Ер нь дээр үед арай л хамаагүй цол өгдөг байж дээ. 7 давсан арслан ч байх шиг. Хүнийх нь царайг хардаг байсымуу хайшаа юм ха ха

9 сар 7. 14:09
Зочин

10 Даваад арслан болсон гэж байгааз дээ? Уншсан юмаа ойлгодогүй юм уу хаашаа юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]