Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Доктор Гупта: Найзууддаа би тусалж чадаагүй...Уншсан1,182

Бүтэн жилийн хугацаанд 625 онгоц, өөрөөр хэлбэл өдөрт хоёр иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэнтэй адил хэмжээний тоотой хүн биднийг хэдийнэ орхин оджээ.

Хэд хоногийн өмнө манай сайт "Би Би Си" агентлагийн анагаах ухааны эдитор Фергус Уолшийн нийтлэлийг (Ковидоор халдварласан өвчтнүүд ярьж байна) хөрвүүлэн уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа "Си Эн Эн" агентлагийн анагаах ухааны сэдэв хариуцсан албаны дарга, доктор Санжэй Гуптагийн нийтлэлийг сонирхуулж байна.

Хөрвүүлсэн Б.Нямдолгор


Доктор Гупта охидын хамт

Хорин жилийн турш сэтгүүлчээр ажиллахдаа дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа хурцадмал байдал, осол сүйрлийн талаархи мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь авсаар иржээ. 2004 онд Энэтхэгийн далайн эргийн дагуу буюу Индонезийн Суматра аралд болсон 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүний дараа үүссэн цунамид нийт 220 мянган хүн амь үрэгдсэн зэрэг нэг удаагийн байгалийн гамшгийн талаархи мэдээллийг ч анхдагч эх сурвалжаас нь үзэгчдэдээ хүргэж байсан юм.

Тэгж байхдаа гурвын гурван мянган хүн дундаа ганцхан жорлонтой Шри-Ланкийн тосгонд ч очиж үзсэн удаатай. Хэдэн өдрийн турш машинаасаа буулгүй явж, дотор нь хоноглож, машинаасаа камер, гэрлээ цэнэглэж байж энэхүү нүд хальтрам сүйрлийг шууд дамжуулж чадсан. 2004 онд Гайтид газар хөдлөлт болоход би ердөө 14 цагийн дараа л газар дээр нь оччихсон байлаа.

Цэрэг, тусламжийн томоохон байгууллагууд арай ирээгүй байсан тэр үед манай багийнхан Порт-о-Пренс хотод болсон аймшигт үйл явдлын гэрч болж байсан юм. Байшин барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, 100 мянган хүн амь эрсэдсэн гэсэн тооцоог тухайн үед гаргаж байв. Газар хөдлөлт болж өнгөрснөөс хэдхэн долоо хоногийн дараа дахин 120 мянган хүн нас барсан. Балчир хүүхдүүд аав ээжийгээ дотор нь байгаа эсэхийг харахаар цогцос ачсан том тэрэгнүүдийн араас гүйлдэж байсныг би ер мартдаггүй. Сурвалжлагуудын маань дотроос хамгийн өр өвтгөм, нүд хальтрам энэ явдлыг яаж ч мартах билээ.

2011 онд Сомалид болсон ган гачиг, өлсгөлөнгөөс болж 250 мянган хүн нас барсны тэн хагас нь хүүхдүүд. Өлбөрөхийн даваан дээр байсан тэдгээр хүмүүс олон хоногийн турш дүрвэгсдийн хуаран руу алхаж ирдэг байсан ч ирэх үедээ биеийн байдал нь хамаагүй дордчихсон, шим тэжээлийн архаг дутагдалд орсон, зарим нь явдлаа дийлэхгүй замдаа нас барсан байдаг байв. Сомалийн иргэдийн олонхи нь амьд гарч чадаагүй юм. Эдгээр үйл явдлуудыг эргэн санахад сэтгэл зүрх эмтэрч, хамрах хүрээ, үр дагавар, амь насаа алдсан хүмүүсийн тоог нь бодохоор үргэлж айдас түгшүүрт автдаг. Бусад орнуудад тохиолдсон эмгэнэлт үйл явдлуудыг нүдээр үзэж явснаас биш эх оронд маань ийм гай гамшиг тохиолдож ингэж зовж зүдэрнэ гэж огт бодож байгаагүй юм.

Коронавирус АНУ-д тархаж эхэлсэн явдал миний өнөөг хүртэл сурвалжилж байсан хамгийн сэтгэл өвтгөм явдлуудын нэгт тооцогдох болоод байна. Би энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй юм. Манай цэнхэр гараг дээрх хамгийн их хохирол сүйрэл амссан газруудад хоёр арваны турш очиж сурвалжлага бэлдэж явсан би хүн төрөлхтөнд тулгарсан аймшигтай муухай зүйлсийг ч харсан. Урьдчилан сэргийлж болох байсан дуудлагын тохиолдлууд эм тарианд дарагдалгүйгээр олон хүний амь насыг авч одсоор байна. Энэ долоо хоногт манай улсад ковид-19 вирусээр өвчилсөн тохиолдол 10 саяыг давлаа. Үүнээс одоогийн байдлаар ойролцоогоор 250 мянган хүн нас бараад байна. Энэ тоо Вьетнамын дайнаас хойш гарсан бүх дайнд амь эрсэдсэн манай улсын иргэдийн тооноос ч их байгаа юм. 

Бүтэн жилийн хугацаанд 625 онгоц, өөрөөр хэлбэл өдөрт хоёр иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэнтэй адил хэмжээний тоотой хүн биднийг хэдийнэ орхин оджээ. Коронавирусээр нас барсан найзуудынхаа эхнэр хүүхдүүдтэй шөнө оройн цагаар нулимс урсган харилцан яриа өрнүүлдэг боллоо. Найзууд минь надад найз, сэтгүүлч, эмчийн хувьд итгэл найдвар тавьж байсан ч би тэдэндээ тусалж чадаагүй болохоор сэтгэл санааны хувьд тун хүнд байх юм.

Пүрэв гарагт АНУ-д нэг өдрийн дотор 153 мянга 496 тохиолдол бүртгэгдэн дээд амжилт тогтоосны 67 мянгыг өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтүүлээд байна. Гуравдугаар сараас хойш өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэж, улсын хэмжээнд эмнэлгүүд дүүрч байна. Олон мужийн эрчимт эмчилгээний тасгийн багтаамж багасч, ажилчдын хомсдол үүсээд байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгасан.

Дараа жилийн эхээр (2021 оны) амьсгалах гэж зовж байгаа, хайртай дотны хүмүүсээсээ тусгаарлагдсан, эмнэлэгт хэвтсэн хүний тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гараад буй. Бид коранавирусээс ангижирч, ямар ч “буланг тойроогүй”, харин ч коронавирусын өвчлөл асар хурдтайгаар нэмэгдэж байна. 2021 оны гуравдугаар сар болоход 1 сая 439 мянган хүн нас барсан байна гэсэн тооцоог Вашингтоны Их сургуулийн Анагаахын сургуулийн Эрүүл мэндийн хэмжил зүй, Үнэлгээний хүрээлэнгээс гаргажээ.

Энэ бол ковид-19 өвчин зөвхөн нэг улсад яаж хор хохирол учруулж байгаа жишээ юм. Хүний амь насыг аваад зогсохгүй манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж олон хүнийг ажил орлогогүй болгож, айл өрхүүд хэмжээнээсээ хэтэрсэн байдлаар бүсээ чангалахад хүрч, хувийн хэвшлийн компаниуд дампуурч, иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудаж, хүүхдүүд хичээл сургуулиасаа хөндийрсөн гээд тоочоод байвал барагдахгүй маш олон байдлаар бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юм. НҮБ хүн төрөлхтөнд учирч байгаа гамшгийг “хүний амьдрал, материаллаг эд зүйлс, эдийн засаг, байгаль орчинд өргөн цар хүрээтэй хохирол учруулах юмуу сөрөг нөлөө үзүүлэх, энэ нь гай гамшигт өртсөн хүмүүс, нийгмийг өөрсдийнхөө нөөц баялгийг ашиглан шийдвэрлэх боломжгүй түвшинд хүргэж, үйл ажиллагааг нь ноцтойгоор тасалдуулахыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Коронавирус бүртгэгдээд хэдэн сарын нүүр үзлээ

Гай гамшиг гэв гэнэт бий болчихоогүй юм. Гуравдугаар сард коронавирусийн улмаас улс орон даяар онцгой байдал зарласнаас хойш энэ бүхэн аажмаар бий болсон билээ. Цэнгээний газрууд, үсчний салон, фитнесс, рестораныг хаах хэрэгтэй байна гэж мэдэгдэхэд зарим мужууд эсэргүүцэж байсан. Мужууд өөрсдийн эдийн засгаа бушуухан шиг сэргээх гэхдээ олон нийтийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн гаргасан аажмаар дахин нээх шатласан төлөвлөгөөг огт тоогоогүй  өнгөрсөн гэхэд болно. Амны хаалт өвчний тархалтыг хянаж чадаж байгаа нь илэрхий болчихоод байхад хүртэл олон мужийн удирдагчид маск зүүх захирамж гаргах үйл явцад саад хийсээр байсан.

Даваа гарагийн байдлаар нийт 35 мужид амны хаалт заавал зүүх захирамжийг гаргаад байна. Тэгвэл зарим мужийнхан өвчлөлд хариуцлагатай, хатуу гараар хандаж байна. Эрүүл мэндийн хэмжил зүй, Үнэлгээний хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр иргэдийн 67 хувь нь гадагш гарахдаа маск тогтмол зүүж байгаа ажээ. Харин энэ үзүүлэлт Вайоминг, Идахо, Өмнөд Дакота мужуудад тавин хувь хүрэхгүй буюу харьцангуй доогуур байгаа.

Зовж зүдэрч байгаа улсад хүрч, хамгийн хэрэгтэй газарт нь тусламжийн гараа сунгадаг Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллага АНУ-ын  өвчлөл гарсан хэсгүүдэд олон сарын хугацаанд байрлаж, хөгжиж буй орнуудад хийдэг ажлаа хийлээ. Баруун Африкт Эбола вирус тархаж, Пакистанд аймшигт үер болоход, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Гайти улс гээд дэлхийн олон оронд тэднийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь би хамт байсан юм. Би тэднийг хэзээ ч миний төрсөн Мичиган мужид ирж тусламж үзүүлнэ гэж зүүдэлж ч байгаагүй.

 

Зул сар ирлээ

Вирусийг хяналтдаа оруулж чадаагүй байхад зул сар хаяанд ирлээ. Баяр ёслол тэмдэглэхээр олон хүн нэг дор цугларч таарна. Хэлэхэд хэцүү  байгаа ч гэсэн бүр олон хүн корона вирусээр өвчилж нас барах нь ээ. Хэрэв бид хандлагаа өөрчлөхгүй бол оны сүүлч гэхэд Америкт нэг өдөрт 300 мянган хүн энэ вирусээр өвчилнө гэсэн урьдчилсан загварыг гаргаад байгаа юм байна. Мөн нэгдүгээр сарын дунд үе гэхэд өнөөдрийнхөөс хоёр дахин их хүн буюу 128 мянган иргэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ажээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдений ковид-19 өвчний асуудал хариуцсан зөвлөх хорооны гишүүн Майкл Остерхолм “Америкчууд бид вирусын тамын хаалгаар орох гэж байгаагаа ойлгох ёстой. Ийм зүйл үнэхээр болж байна” гэж CNBC сувагт ярилцлага өгөх үеэрээ сануулсан.

Бид яаж яваад ийм байдалд орчихов оо? Удирдах арга ухаан, бүх нийтийг хамарсан үндэсний стратеги дутагдсан нь үндсэн шалтгаан мөн. Мужийн 50 захирагчид үүсээд байгаа хурцадмал байдлыг бие даан шийдвэрлэх хариуцлагыг нь оногдуулсан. Доналд Трампын засаг захиргаанд харьяалагддаг доктор Энтони Фауци, доктор Дебора Биркс, доктор Роберт Редфилд нар өөр өөр утгатай мессежийг олон нийтэд дамжуулсаар байхад Ерөнхийлөгч Трамп хэдэн сарын турш улс орон цар тахлаас салж “булан тойрч байгаа” хэмээн худал мэдээллийг цацаж, өөрийнхөөрөө зүтгэсээр л байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар коранавирусээр хамгийн их өвчилсөн зарим мужуудад зохион байгуулагдсан томоохон хэмжээний цуглаануудад дийлэнх нь маск зүүгээгүй хүмүүс цугларсан. Цуглаанууд дээр, мөн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Трамп маск болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг шоолон “Ковид ковид ковид, ийм их анхаарал  хандуулаад байдаг энэ чинь ерөөсөө сонгуулийн маргааш л мартагдах сэдэв шүү дээ” хэмээн хошигнож байсан юм. Сонгуулиас хойш Ерөнхийлөгч Трамп коронавирусын сэдвээр нэг ч үг ган хийгээгүй хэвээр байна.

 

Саван дахь мэлхий

Энэ цар тахалд уй гашуу, шаналлын төв гэж үгүй. Биднийг салган холдуулж байгаа энэ хөнөөлт вирусийн хар гайгаар хаалттай оршуулгын газар, хаалттай өндөр настан асрах газар, хаалттай эмнэлэг, гол хаалганы цаана хүмүүс нэг нэгээрээ хохирол амссаар л байна. Бид 9-р сарын 11-нд болсон эмгэнэлт үйл явдал, Катерина хар салхи, Сэнди Хүүк бага сургуулийн буудалцаан зэрэг улс орон даяараа эмгэнэн гашуудсан үйл явдлуудын үеэр хуваалцаж байсан шигээ сэтгэл дэх уйтгар шаналлаа нэгэнтэйгээ хуваалцаж чадахгүй байна. Бусдын туулж байгаа зовлон шаналлыг харж чадахгүй байгаагаас болоод хөндий, хийсвэр мэдрэмж төрөх болжээ. Эмгэнэлт үйл явдлын үеэр бид зовж шаналж байгаа хүнийг өрөвдөж тэдэнд туслахыг хүсдэг гэдгийг сэтгэл судлаачид  мэддэг.

Олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цар тахлын үеэр бидэнд хүн хоорондын зайгаа барих, маск зүүх, гараа тогтмол угаах зэрэг үндсэн анхааруулга, арга замуудыг зааж өгсөөр л байсан. Бусад орнууд жишээлбэл Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг улс орнууд вирусыг хяналтдаа оруулахын тулд биднээс сайн ажилласан. Вирусыг хяналтдаа авах боломжтой гэдгийг бид өөрийн нүдээрээ харцгаасан. Бид тогоотой усанд байгаа мэлхий шиг байсаар өнөөг хүржээ. Мэлхий халуун усанд байгаагаа мэдэхгүй болохоор аюултай гэдгийг нь ойлгодоггүй. Аажимдаа температур нэмэгдсээр буцлах дөхөхөд мэлхий яах ч аргагүй болж савнаас үсэрч гарах нь хэдийнэ оройтсон байдаг. Бидний хувьд бүх юм тэгтлээ оройтчихоогүй байна. Таны үзэл бодлоос шалтгаалаад магадгүй хэзээ ч оройтохгүй байж мэднэ. Биднийг аюулгүй байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн зөвөлгөөг дагацгаая. Одоо тэд бидэнд баяр тэмдэглэхдээ болгоомжтой байгаарай гэж захиад байгаа. Талархлын баярын зоогийг бодолтойхон хүртэцгээе. Хоёр талд ашигтайгаар буян үйлдэе. Бид хамтдаа энэ цар тахлыг ялан дийлж чадна.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]