Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Валентина Терешкова ба туршилтын үр дүнг устгасан алдааУншсан53,363

Валентина Терешкова-энэ бол сансарт анх гарсан эмэгтэй гэдгийг хүн болгон мэдэх байх. Тэрээр сансарт байсан 3 хоногтоо (2 өдөр, 22 цаг, 50 минут) дэлхийг 48 тойрсон бөгөөд түүнээс хойш ниссэн бүх л эмэгтэй нисгэгч нарыг бодвол хөлгийн бүхээгт цорын ганцаар ниссэн бас нэг цорын ганц (яахав Быковский “дөрөө харшуулаад” ойрхон л явсан) бүсгүй юм.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Валентина Терешкова-энэ бол сансарт анх гарсан эмэгтэй гэдгийг хүн болгон мэдэх байх. Тэрээр сансарт байсан 3 хоногтоо (2 өдөр, 22 цаг, 50 минут) дэлхийг 48 тойрсон бөгөөд түүнээс хойш ниссэн бүх л эмэгтэй нисгэгч нарыг бодвол хөлгийн бүхээгт цорын ганцаар ниссэн бас нэг цорын ганц (яахав Быковский “дөрөө харшуулаад” ойрхон л явсан) бүсгүй юм. Мөн нислэгийн үеэр навигацийн тохируулга нь буруу хийгдэж хөлөг нь буух болоход дэлхий рүү биш харин эсрэгээр сансар луу чиглэсэн программтай байсныг Валя илрүүлж газарт Королев, Гагарин нар яаж энэ байдлаас гарах талаар ажиллаж шийдэл олсны хүчинд “Чайка” (Цахлай- Терешковагийн дуудлага нэр) эсэн мэнд газардсан гэх зэрэг зүйлс бий. 

Нэлээд хэтрүүлэгтэй гэмээр дээрх мэдээллүүд ерөнхийдөө үнэн боловч өөр олон хатуу хэцүү зүйл нислэгийн үеэр, дараа болж байсныг чухам иймэрхүү маягийн лоозонгоор хааж явсан гэдэг. Яг үнэндээ Терешковагийн нислэг нь суртал ухуулга, улс төрийн хувьд том (Америкчууд бас л эмэгтэй хүн сансарт гаргах гэж өрсөлдөж байв)ялалт байсан боловч шинжлэх ухааны хувьд ямар ч ач холбогдолгүй шахам, өчнөөн их хөрөнгө, хүний хүч хөдөлмөр дэмий үрсэн ажил болсон төдийгүй бусад эмэгтэй хүн сансарт нисэхэд ч саад болсон тийм л нислэг болон түүхэнд үлджээ.

Терешковаг сансарт нисгэх шийдвэрийг Королев биш харин тухайн үеийн ЗХУ-ын төрийн удирдлага гаргасан гэсэн яриа бий бөгөөд Валя нь эгэл жирийн тариачин айлаас гаралтай, (бусад 4 бүсгүй нь бүгд сэхээтний хүүхэд, дээд боловсролтой  ) нэхмэлчин хийдэг, шүхрээр үсэрдэг ... царайлаг  гэх мэтийн шалгуураар сансарт ниссэн гэх зэрэг. Нөгөө талаар Королев жинхэнэ чангахан эмэгтэйчүүдээ энэ удаа нисгэлгүй дараа дараагийн жинхэнэ хатуу ширүүн туршилт бүхий нислэгт зориулан бэлдэж байсан гэдэг.  Тэрхүү чангахан, маш сайн бэлтгэгдсэн дөрвөн эмэгтэйчүүд маань яагаад сансарт нисээгүй юм бол?

Эмэгтэй сансрын баг: Ирина Соловьева, Татьяна Кузнецова, Жанна Ёркина, Валентина Пономарева, Валентина Терешкова болон Сергей Королев

Терешковагийн сансарт гарсан нислэгийн гол зорилго нь сансрын орчин эмэгтэй хүний бие организмд хэрхэн нөлөөлж байгаа болон Восток хөлгийн удирдлагыг боловсронгуй болгох туршилтууд, дэлхий болон сарны өндөр нарийвчлалтай зураг авах явдал байв.

Валя сансарт гараад л сансар дахь “далайн өвчинд” нэрвэгдэж дотор нь муухайрч, байнга бөөлжих гэсэн зовиуртай байсныгаа таг нуусан байна. Урьд өмнө ийм явдал бусад  сансрын нисгэгч нарт тохиолдож байсан бөгөөд энэ нь тухайн нислэгийн бас нэг туршилтын ажил байжээ.

Төлөвлөгөө ёсоор сансарт гараад хийх ёстой хөлгийг удирдах янз бүрийн зааврыг биелүүлэхгүй, удаан хугацаагаар  дуудлагад хариу өгөөгүй таг чиг болж байсан, (газраас өгч байсан заавар биелүүлэхгүй байгаад уурласан нислэгийг удирдах төвийнхөн ширүүн дориун харьцсанд нь Валя уурлаж ингэсэн гэсэн яриа байдаг), хоол хүнсний тогтоосон дэг журмыг биелүүлээгүй, тэмдэглэл хийх харандаагаа будлиж байж хугалсан учир тэмдэглэл бүрэн биш.

Ингээд дууссангүй. Газардахдаа төлөвлөж байсан цэгээс 600 км-ийн зайд буусан эмэгтэй маань аврах бүлэг ирэхээс өмнө сансрын хоол хүнсээ нутгийн ардуудад тараасан, өөрөө тэдний өгсөн сүүн бүтээгдэхүүн, сонгино, төмс зэргийг идсэн нь маш хориотой зүйл байлаа. Өөрөөр хэлбэл сансарт ниссэн ажлын хамгийн том туршилт болох эмэгтэй хүний бие организмд сансрын орчин хэрхэн нөлөөлдөг тухай туршилтын бүх л үр дүнг устгасан хэрэг.

Гэсэн хэдий ч Зөвлөлтийн сансар судлал эмэгтэй хүнийг сансарт нисгэж бас нэг том алхам хийсэн гэдгийг сурталчилж таниулах ёстой тул газардаад байгаа үеийн бичлэгийг сүүлд дахин хийж дэлхийд цацсан бөгөөд тэрхүү бичлэгт инээж ханиан байх сайхан бүсгүй маань буух үедээ юм мөргөж хамар нь хөхөрсөн байсныг зузаан тосоор хааж нууж бичлэг хийжээ.

Энэ бүх явдлын дараа дэлбэртлээ уурласан Королев сансарт нисэх эмэгтэйчүүдийн бүлгийг тараасан ба тэрээр “намайг байгаа үе дахиж авгайчууд (баба-эмэгтэйчүүдийг нэлээд бүдүүлэг байдлаар нэрлэсэн нэр) сансарт нисэхгүй гээд түүндээ ч хүрсэн гэдэг. Сансар судлалд ойрхон сэтгүүлчид түүний энэ үгийг олонд дэлгэрүүлсэн боловч яг хэлсэн үг нь ихээхэн хатуу хөтүү үг байсныг арай зөөлөн “авгай-баба” гэсэн үгээр сольж тараасан гэсэн яриа бий.

Үүнээс хойш, С.П. Королевыг нас барснаас 16 жилийн дараа буюу 1982 онд л Зөвлөлтийн 2 дахь эмэгтэй сансрын нисгэгч Светлана Савицкая ниссэн билээ.

P.S

Манай сансрын хоёр нисгэгч болох Гүррагчаа болон Ганзориг (Ганхуяг ч гэдэг) нарын чухам хэнийг нисгэх тухай шийдвэр гаргах болоход тухайн үеийн БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал нь малчин гаралтай хэмээн Гүррагчааг сонгосон гэсэн цуу яриа бий. Үнэн худлыг нь мэдэхгүй ч адил хэмжээний бэлтгэлтэй хүмүүсээс сонголт хийхэд дээрх шиг нөхцөл байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ зөвхөн адил хэмжээний бэлтгэлтэй үед  гэдгийг онцлох нь чухал байх. Харин Валентина Терешковагийн тохиолдолд ийм адил хэмжээний бэлтгэлтэй байж чадаагүй бололтой. Сүүлд Терешкова Оросын төрийн Дум-ын гишүүн болж улс төрийн амьдралд ихээр оролцох болсон үед нь Королевын нэгэн хамтран зүтгэгч түүнийг “Валягийн улс төрд хийж байгаа ажил нь одоо л сансрын хэмжээнд хүрлээ” хэмээн хэлж ёстой л хөвөнд боосон чулуугаар бас нэг цохиод авсан гэдэг юм гэнэ лээ. 

Чалчаа саарал

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 15. 13:22
Зочин

Өө лалараа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]