Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ-ын эрдэмтэд 40 жилийн турш хар арьстнуудад тэмбүүгийн туршилт хийжээУншсан16,001

Бид энэ судалгааг хэрхэн хийсэн, өвчтөнүүдээс зөвшөөрөл авсан эсэх, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг таамаглаж чадахгүй. Гэхдээ эдгээр туршилтаар олон хүний амь насыг аврах үнэ цэнэ бүхий мэдээллийг олж илрүүлсэн учраас арга нь буруу байсан гэх үндэслэлээр энэхүү судалгаануудын үр дүнг ашиглахгүй өнгөрөөх ёсгүй

Аполло пуужингаас эхлээд ХДХВ-ын шинэ эмчилгээ хүртэл зарим шинжлэх ухааны шинэ ололт, бүтээлүүдийг учир битүүлэг, хүнлэг бус аргаар олж нээсэн байдаг. Нацистуудын еврейчүүдийн бие дээр хийсэн судалгаануудыг анагаах ухаанд ашиглах нь буруу зөвийн талаархи асуудал сүүлийн үед ихээхэн маргаан дагуулж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Саран дээр хүн анх буусны 50 жилийн ойд зориулж "Вашингтон Топ ньюс" агентлаг домогт пуужингийн эрдэмтэн Вернер фон Брауны гайхалтай намтрын талаар нийтэлжээ. Уг нийтлэл ихээхэн шуугиан тарьсан хэдий ч тэр даруй сайтаас нь буцаан татав. Шалтгаан нь юу байв? Тэнд фон Брауныг нацист байсныг дурдаагүй байв.

Пуужингийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Вернер фон Браун

Шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замд өөрийн түүхэндээ бусармаг, ёс суртахуунгүй байдалд ямар нэгэн байдлаар хутгалдаж байгаагүй цөөн хэдэн салбар байдаг. Физик, биологи, амьтан судлал, анагаах ухаан, сэтгэц судлал, урьдчилан сэргийлэх вакцины шинжлэх ухаан, антропологи, удам зүй, хоол тэжээл, инженерчлэл зэрэг нь бүгд ёс зүйгүй, тэр ч бүү хэл хууль бус гэж үзэх боломжтой нөхцөл байдалд нээгдсэн олон нээлтүүдийг агуулж байдаг.

Эдгээр харгис, хүнлэг бусаар олж авсан мэдлэгийг ашиглахдаа бид хэрхэн хандах ёстой вэ? Тэр тусмаа энэ нь соёл иргэншилд ихээхэн ач тустай, тэр байтугай эрдэнэт хүний амь насыг ч аварч чадах үед хэрхэн үзэх вэ?

 

Вернер Брауны мэдлэггүйгээр НАСА яах байсан бэ?

Фон Браун ганцаараа Аполло хөтөлбөрт гадны хүн байгаагүй юм. SS-ийн ажилтан Курт Дебус (НАСА-гийн Нислэгийн Ажиллагааны Төвийн дарга болсон) болон Бернард Тессман (одоогийн Кеннедигийн Сансрын Төвийн зохион бүтээгч) зэрэг нацист Германы 120 гаруй эрдэмтэн, инженерүүд Аполло хөтөлбөрт нэгдсэн байсан.

Тэдгээр эрдэмтэд Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлчээр Paperclip төслийн нэгэн хэсэг болж, 1600 орчим эрдэмтдийн хамт нацистын дайны гэмт хэрэгтнүүдтэй хамт яллагдахаас мултарч, АНУ-д аюулгүй нэвтрэн эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх боломжийг олж авсан хүмүүс юм.

Сансрын Аполло хөтөлбөрт Вернер фон Брауны оруулсан хувь нэмэр эргэлзээ байхгүй. НАСА фон Браун болон түүний Нацистын V-2 пуужингийн хөтөлбөрт ажиллах хугацаандаа олсон мэдлэгийн туслалцаагүйгээр Саран дээр хэрхэн газардахыг олох боломжгүй байсан.

Нацист эмч нар гипотерми буюу биеийн дулааныг хэт буруулахад гарах нөлөөг судлах зорилгоор еврей хоригдлуудад аймшигт туршилт хийж буй байдал

Холбоотнууд оросуудаас өрсөн нацистуудын олон шинэ бүтээлүүдийг гартаа авч чадсан. Табун, Сарин гэх мэт мэдрэлийн хүчтэй бэлдмэлүүд, хумхаагийн эсрэг хлорохин, метадон ба метамфетамин, түүнчлэн гипотерми, гипокси, усгүйжил зэрэг бусад анагаах ухааны судалгаануудыг нацистын бөөнөөр хорих лагерьт хүн дээр хийсэн туршилтуудын үр дүнд бий болгосон.

Түүгээр ч зогсохгүй хийжүүлсэн ундаа Фанта, төрөл бүрийн синтетик резинүүд болон гуалин зүсэх хавтангуудыг нацистын германчууд бүтээж байж.

 

Бусад жишээ

Гэхдээ зөвхөн нацистууд ёс зүйгүй, хүнлэг бус судалгааг хийж байсан гэж ойлгож болохгүй. Ийм түүхүүд нацистуудаас өмнө ч хойно ч улс орнуудад байсаар ирсэн юм.

1932 оноос эхлэн нийт 40 жилийн турш АНУ-ын Алабамагийн Их Сургуулийн эрдэмтэд тухайн үед өвчнийг эмчлэх боломжтой антибиотик пенициллин байсан ч огт оношлогоо, эмчилгээ хийлгэж байгаагүй хэдэн зуун хар арьст ядуу эрчүүдийн тэмбүү өвчний явцыг судлан шинжилсэн байдаг.

Мөн 1940-өөд оны үед Америкийн эрдэмтэд бэлгийн замаар дамжих халдваруудыг судлахын тулд хайхрамжгүй өвчтөнүүдэд тухайн халдварыг зориудаар тарааж байсан байна. Үүнээс үүдэн гарах нийгмийн эсэргүүцлийг таамагласны дараа тэд туршилтуудыг АНУ-ын нөлөөн дор байсан ядуу буурай улс болох Гватемалад үргэлжлүүлжээ.

Бас нэг жишээ. 1955-1976 оны хооронд умайн хүзүүний хорт хавдрын урьтал өөрчлөлт илэрсэн хэдэн зуун эмэгтэйд эмчилгээ хийхгүйгээр тандан ажиглаж, хавдрын үүсэлтийг судалсан нь одоо “Золгүй туршилт” хэмээн алдаршсан. Уг судалгааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн хоёр эмэгтэйн өмгөөлөгч Сандра Коней ба Филлида Бункл нар илчилсний дараа л тодорхой болсон.

Хенриетта Лакс

Полиомилетийн вакцин, болон анагаах ухааны хэд хэдэн нээлтүүд Хенриетта Лакс /Henrietta Lacks/ гэгч америк эмэгтэйн ачаар хийгдсэн. Түүнд туршилтын талаар тайлбарлаж, зөвшөөрөл аваагүйн дээр арилжааны нөхөн төлбөр ч олгогдоогүй билээ. Энэхүү анхны сорьцоос авсан эсийн омгийг тоолшгүй олон судалгаануудад ашигласан. Жишээ нь эм бэлдмэлүүд, нянгийн хор, вирус, хүний генийн мэдээллийн судалгааг ч мөн хийсэн.

1950-иад онд Роберт Жи Хэт хэмээгч эмч бэлгийн чиг баримжааг сэргээхийн тулд хүний тархинд электрод суулгаж туршиж үзсэн байдаг. Өнөө цагт үүнтэй ижил зарчмаар буюу эпилепси, Паркинсоны өвчин болон Элон Маскын сүүлд нээсэн мэдрэлийн торыг эмчлэхэд хүн дээр туршилт хийх журмаар ашиглаж байна. Эдгээр туршилтуудыг хэзээ ч хийх ёсгүй байсан талаар олон хүн санал зөрөлдөх нь маргаангүй. Гэхдээ одоо харгисаар судалж, олж илрүүлсэн, тэдний бүтээсэн мэдээллээр юу хийгдэх ёстой вэ?

“Хэрэв аливаа мэдээллийг ёс зүйгүй гэж үзсэн боловч бид өөрсдөө уг мэдээллийг ашиглаж л байгаа бол бид ч гэсэн өнгөрсөнд хийгдсэн тэр зүйлийн хамсааатан болж байгаа юм” гэж Оксфордын Их сургуулийн эмнэлгийн ёс зүйч Дом Вилкинсон хэлжээ. Энэ төрлийн нээлтүүдийг ашигладаг хүмүүсийн дунд ч энэ бол нийтлэг үзэл юм.

1984 онд биологийн судалгааны ёсзүйн Хастингс төвийн сэтгүүлд өөрийн судалгаандаа Нацистын мэдээллийг ашигласан Английн Колумбиагийн Викториа Их Сургуулийн гипотермийн тэргүүлэх зэргийн мэргэжилтэн Жон Хэйвордтой хийсэн яриаг өгүүлжээ. “Би уг нь энэ мэдээллүүдийг ашиглахыг хүсээгүй боловч тухайн сэдвийн хүрээнд өөр нэг ч өгөгдөл байгаагүй, ёс суртахуунт дэлхийд өөр байх ч үгүй” гэж хэлсэн байдаг. “Би үүнийг жаахан оновчтой болгосон. Гэхдээ ашиглахгүй байх нь адилхан муу хэрэг болно.”

Гэсэн ч Хэйвордын туршилт ер бусын байсан.

Ёс зүйч эмч Вилкинсон “Эдгээр нээлтүүд нь тус тусдаа маш ховор, чухал мэдээллүүдийг агуулж байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ихэнхдээ шинжлэх ухааны мэдээлэл эвлүүлдэг тоглоомын нэгэн хэсэг шиг ерөнхий оньстойгоо үргэлж яг таарч байдаг. Хэрэв умайн хүзүүний хавдрыг эмчлэхгүй бол цаашид юу болохыг харуулж болох ажиглалтын судалгаа тийм ч олон тохиохгүй. Хэдийгээр бидэнд ийм харгис, хүнлэг бус шинжлэх ухаан хэрэггүй ч бид умайн хүзүүний хавдрын талаар ойлголтыг үүнээс өөрөөр мэдэж авч чадахгүй байсан” хэмээжээ.

Хөгжиж буй улс орнуудад өнөөдрийг хүртэл олон тооны клиник туршилтууд Гветамалагийн тэмбүү өвчний судалгааг давтан ижил төстэй шалтгаанаар хийгдэж байна. 2008 онд Олон Үндэстний Корпорацийн Судалгааны Төвийн хэвлэлд Энэтхэг, Нигери, Орос, Аргентин, Балба болон өөр олон улсуудад хийгдсэн ёсзүйгүй туршилтуудын талаар дэлгэрэнгүй нийтэлсэн байдаг. ХДХВ-ын эсрэг Невирапин эмийн үйлдлийг судлах явцад Уганда улсын 14 эмэгтэй ямар нэгэн бүртгэлгүйгээр нас барсныг ил болгов.

Үүнээс гадна Энэтхэг, Гиперабад улсуудад цус бүлэгнэлтийн эсрэг эм стрептокиназыг судлах туршилтын шатанд 8 өвчтөн нас барсан бөгөөд тэдний нэг нь ч өөрсдийгөө туршилтын нэг хэсэг болсноо мэдээгүй байсныг илчилжээ. 

 

Гурван сая хүний цусны сорьцийн сан

Мэдээллийг ёс зүйгүй аргаар олж авсан байсан ч гэсэн түүнийг ашиглан сайн зүйлс хийх эрмэлзэл нь өөрийн гэсэн асуудлуудыг дагуулж байдаг. Одоогийн болон ирээдүйн судлаач нар ёс зүйгүй аргаар бүтээгдсэн тэдгээр нээлтүүдийг ашиглахдаа зөвшөөрөл хүсэхээс уучлал хүсэх нь дээр гэж үү?

“Мэдлэгийн талаар маш тодорхой нэг зүйл байдаг нь түүнийг хэн ч буцааж авахгүй. Чи мэддэг зүйлээ мэдэхгүй болж чадахгүй. Мэдээллийг ашиглах нэг асуудал бол тухайн судалгаа сайн хийгдсэн гэдэг хандлагыг илэрхийлж, ирээдүйн судлаачдыг түүх намайг эерэгээр шүүх болно гэж зоригжуулах явдал юм. Бид үүнийг хийхийг хүсэхгүй байна. Бид ёс зүйгүй судалгааг дэмжмээргүй байна" хэмээн ёсзүйчид өгүүлдэг.

Полиомилетийн /саа өвчний/ вакцин дэлхий дахинаа хэдэн сая хүний амийг аварч буй хэдий ч түүнийг нээх үед хийгдсэн зарим ажлууд ёс зүйн хувьд асуудалтай гэж үздэг.

2018 онд Хятад улсын нэгэн судлаач хамгийн анх удаа генийн мэдээллийг засварласан хүүхэд бүтээсэн тохиолдлыг Вилкинсон онцлов. Тэр хэлэхдээ “Энэ бол үнэхээр цочирдом жишээ. Хамгийн эхнийх болно гэдэг нэр хүнд түүнийг зоригжуулсан байх.”

БНХАУ-ын Эрүүл мэндийн комисс үүнийг “хувийн нэр хүнд, ашиг сонирхлын төлөө хийсэн хууль бус судалгаа” гэж үзсэн. Алдар нэрд хүрч, анхаарал татахын тулд энэ мэт хууль бус хэргүүд үйлддэг этгээдүүдийн үйлдлийг зөвтгөх, хүссэндээ хүрэхэд нь туслах хандлагыг бид хэрхэвч гаргаж болохгүй гэж олон улс үзэж байгаа. 

Гэхдээ хүмүүсийн үйлдлийг бид бүтээж буй шинжлэх ухаанаас нь салгасан ч, бусадтай хамт сайн зүйл хийж буй нэгнийг буруушаасан ч гэсэн бид ёс суртахууны оньсоос гарж чадахгүй. Асуудалтай судалгааг хийж дуусаагүй байхад юу болох вэ?

Үүний жишээ Үндэсний Эрүүл Мэндийн Байгууллагын (NHS) Greater Glasgow and Clyde Health Board-ын зохион байгуулсан 3 сая гаруй Шотланд иргэдээс цуглуулсан цусны сорьцын маргаантай байдлын улмаас үүссэн асуудал юм. Дөнгөж төрсөн бүх хүүхдүүдийн удмын сангийн нөхцөл байдлыг шалгах зорилгоор тогтмол хийгддэг “өсгийний дусал цусны” шинжилгээний үеэр цусны сорьцуудыг цуглуулжээ. Гэхдээ 1965-2003 оны хооронд хүүхдээс нь авсан цусны сорьцыг нөөцлөх талаар эцэг эхээс нь огт зөвшөөрөл аваагүй учир энэ мэдээллийн сан бүхэлдээ хууль бус болж таарч.

Дэлхийн хамгийн том, хамгийн хуучны гэж хэлж болох энэхүү цусны сорьцын цуглуулгыг Гутри картын сан гэдэг. Энэ сан нь бүтэн нэг үндэстний генетикийн ер бусын өргөн ойлголтыг үзүүлэхээс гадна эмнэлзүйн судлаач нарт дахин давтагдашгүй нөөцийг бий болгодог. Гэсэн ч мэдээллүүдийг хууль бусаар цуглуулсантай холбоотой асуудлуудын улмаас Гутри картыг ашиглан судалгаа явуулахыг одоогоор хойшлуулсан байна.

Шотландын эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, ёс зүйч, өвчтөнүүд болон иргэд Гутри картын санг яах талаар зөвлөлдөж байна. Гурван сая хүнээс зохих ёсоор ретроактив зөвшөөрөл авахын тулд ажиллана гэдэг нь тийм ч жижиг ажил биш билээ.

Варшавын Гетто еврейчүүдийг бөөнөөр хорих лагерьт өлсгөлөнгийн талаар томоохон судалгаа хийсэн байдаг.

"Эдгээр судалгааны материал, мэдээллийг ашиглах шийдвэрийг харамсахгүйгээр, тэдгээрийг үүсгэсэн үл ойлгогдох аймшигт байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр хийнэ гэж байхгүй. Бид энэ судалгааг хэрхэн хийсэн, өвчтөнүүдээс зөвшөөрөл авсан эсэх, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг таамаглаж чадахгүй. Гэхдээ эдгээр туршилтаар олон хүний амь насыг аврах үнэ цэнэ бүхий мэдээллийг олж илрүүлсэн учраас арга нь буруу байсан гэх үндэслэлээр энэхүү судалгаануудын үр дүнг ашиглахгүй өнгөрөөх ёсгүй" хэмээн нэгэн Еврей эмч бичжээ.

Эх сурвалж: BBC

Орчуулсан Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]