Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Ээ дээ мэдээтэй л байгаарай, нэг нь сугавчлаад явчих вий"Уншсан14,196

Үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Манай алдарт аварга, арслан, хүчит бөхчүүдийн ард түмнийхээ дунд түгэн тархсан хууч яриа болсон явдлууд олон бий.

Үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Манай алдарт аварга, арслан, хүчит бөхчүүдийн ард түмнийхээ дунд түгэн тархсан хууч яриа болсон явдлууд олон бий.

Дэлхийн хамгийн аймшигтай амьтан бол бар

А.Энхээ ер нь алиа хошин зантай бөх гэнэ. Нэгэн удаа бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийнхан дэлхийн хамгийн аймшигт амьтан юу болох тухай ихэд маргацгааж хэн нь ч баримтаар нотолж чадахгүй байтал аль түрүүнээс маргаанд оролцохгүй сууж байсан А.Энхээ “Дэлхийн хамгийн аймшигтай амьтан бол бар” гэжээ. Цаадуул нь юугаар нотлох юм бэ гэцгээхэд А.Энхээ “Би нэг удаа гадаадад тэмцээнд оролцчихоод зоопарк үзэж явлаа. Торонд байсан хоёр барын хажууд аквариумтай загас байв. Аквариум дахь алтан загасыг шохоорхон харж зогстол бар архирах нь тэр. Гэтэл үүнээс айсан нэг алтан загас шээс алдаж байсан юм даа хэмээн “ялалт” байгуулжээ.

Хадаад инээдэм, бусдад нь...

Алдар нийгэмлэгийнхэн хаврын нэгэн өдөр тамирчид субботник хийж байж. Д.Хадбаатар аварга заан цолтой ид залуухан байжээ. Гэтэл 150-200 кг орчим жинтэй эвдэрхий цементэн хавтангууд үүрч зайлуулж хаяж байсан Хадаа заан хөнген атлетикийн бүсгүйчүүдтэй их л марзганан тоглож байх юм гэнэ. Цаадуул нь доог тохуу хийгээд байхаар нь мань эр өнөөх үүрсэн хавтангаа дээр чинь тавина даа хэмээн айлган хөөхөд бүсгүйчүүд бутран зугтаж байжээ. Хадаа хавтан үүрсэн чигээрээ маасайтал инээн тун хурдан гүйж байсан бөгөө энэ нь Хадаад инээдэм, золгүй учралаар нөгөөдүүлийг гэмтээж орхивол айхтар ханиадам болох байв.

Босоо Шагдарын чулуу

1924 оны цэргийн наадамд 674 бөхөөс 10 давж түрүүлсэн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны С.Шагдар арслан багцаагаар хоёр метр орчим өндөр, зузаан, мэх муутай ч асар их бяртай хүн байжээ. Тэрээр галзуурсан сарлагийн бухыг барьж аваад хүзүүг нь хуга мушгиж байсан гэнэ. Хөвсгөл аймгййн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргаар 20-иод жил ажилласан хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуай С.Шагдар арслангийн өргөсөн чулууг зориуд авчруулан нэгдлийнхээ аж ахуйн хашаанд байх орон нутаг судлах танхмийн үүдэнд тавьсан байдаг. Улаан хүрэн өнгиин том чулууг 600 гаруй кг гэж Ү.Аварзэд гуай ярьж байв. Тийм том, хүнд чулууг хүн өргөсөн гэхэд санаанд багтахааргүй.

Дэнж нь булгидаггүй л юм бол Дэмүүл хүү...

Дэмүүл арслан багын их бяртай хүүхэд байжээ. Тэрээр 15-16 орчим настайдаа үхрийг хонь мэт гараараа өвчиж байсан гэсэн яриа бий. Улсын цол авахаасаа өмнө ид бяр нь амтагдсан залуу Дэмүүл Дундговь аймгийн нэгэн сумын наадамд таарч барилджээ. Нутгийнхан гадны бөх хэмээн илүү үзэн хатуу ам оноогоод байхаар мань эрийн шазруун зан хөдөлж, “Танай энд дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” гээд хэлчихсэнд тэр дороо тархан нутгийн яггүй залуучуудын ташуурын амт «хүртэж» байсан гэдэг.

Найр тавьсан нь

Бөхчүүд, бөх сонирхогчдын дунд наргиа хөгөөрөө хамгийн их алдаршсан нь улсын арслан Ө. Эрдэнэ-Очир, улсын заан «том» Санжаа нар билээ. Авто бааз нь Ө.Эрдэнэ-Очир, Санжаа нарт сайн барилдлаа хэмээн нэг ёсны урамшуулал болгон ардаа мотортой будаг нь ханхалсан шинэхэн «ЛАЗ» маркийн автобус өгчээ. Маргааш нь Санжаа заан, арслан дээр их л сандран гүйж ирээд "За арслан минь сүйд боллоо, би тэрэгнийхээ моторыг алдчихлаа, хайран мотор, хайран мотор, шинээрээ шүү" хэмээн шогшироход цаадах нь нөхрөө ихэд тайтгаруулан "За яахав дээ заан минь, тийм юм алийг тэр гэхэв. Миний тэрэгний ард нэг илүү мотор байна билээ. Түүнийг ав л даа хэмээн найр тавьжээ.

Хашир заан

Санжаа заан ЗИЛ-130 машиныхаа урд тэнхлэгийг манаачийн шовгорын дэргэд авчирч орхиод, сайн харж байгаарай гэж захив. Ийм цул хар төмрийг түүнээс өөр амьтан даахгүй нь хэнд ч мэдээж тул манаач нь үл хайхран "Чиний энэ бул хар төмөр хаачив л гэж" гэхэд заан "Ээ дээ мэдээтэй л байгаарай, нэг нь ирж сугавчлаад явчих вий" гэж үнэн сэтгэлээсээ дахин дахин захиад явж одсон гэдэг.

Ийм мэх боловсруулаад сууж байна гэхээр нь үнэмшээгүй юм

Монгол Улсын заан "Том" хэмээгч Санжаа "Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.

-"За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу?" гэснээ 

-"Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих" гэдэг юм байна.

-"Арай ч муухай юм биш үү..." гэсэнд

- "Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг" гээд яваад өгөв.

Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад

-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.

-"Би ямар санаатай тэгсэн юм уу" гэж гөжтөл өөдөөс... 

-"Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм" гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдсан даа хэмээн Том Санжаа гуай хуучилсан байдаг.

Хүчит бөхчүүдийн түүх домог, хууч яриа

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 8. 14:27
Зочин

Босоо Шагдар сарлагийн бухтай ноцолдоод өөрөө хэсэг хугацаанд галзуурсан юм гэнэлээ. Сарлагийн бух нь эхлээд түрээд хөөхөөр нь гишгэдэл алдуулдаад буцааж түрж хөөгөөд Тэсийн голын эрэг рүү унагасан юм гэнэлээ. Тэгээд галзуурч ямар ч сураар хэдэн давхар хүлсэн тас татчихаад болохгүй болохоор нь хадгаар хүлж тогтоодог байж. Мах руу шигдээд арай тасарчихдаггүй байж л дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]