Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Черчилль ба "зуун грамм"Уншсан1,253

АНУ-д ирээд хэрэн хэсэн лекц уншиж байх үед нэг л зүйл түүнийг маш их зовоож байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн олон улс орны удирдагч дунд тун ч хэцүүхэн хатуу ундаанд дурлагчид цөөнгүй байсан тухай олон юм ярьж болох байх. Манай хойд хөршийн анхны ерөнхийлөгч Борис Ельцин... гээд тоочиж болох боловч энэ удаа бас нэгэн хэт их гүрний удирдагч, дэлхийн түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэг хүний тухай, түүний  архи согтууруулах ундаатай хэрхэн харьцдаг байсан талаар сонирхуулъя.

Уинстон Черчилль гэж хэн байсан тухай ярьж төвөг бололгүй шууд нэгэн адал явдлынх нь тухай. 1931 онд Черчилль АНУ-д ирж цуврал лекц унших  болжээ. Энд тэнд хэсэж хэдэн сайхан үгтэй, хүний зүрх хөөргөсөн хуурай яриа хийх бол мань эрд алга урвуулахын төдий ажил. Тэгээд ч хөлс мөнгө нь тун ч хорхой хүрэм хэмжээний.

АНУ-д ирээд хэрэн хэсэн лекц уншиж байх үед нэг л зүйл түүнийг маш их зовоож байлаа. Тэр үед АНУ-д манайхны хуурай хууль гэж орчуулсан тэр хууль хэрэгжиж байсан бөгөөд архи гээч юмыг зөвхөн хулгайн аргаар, ихээхэн юм болж байж л олох байв. Черчилльд архигүй байна гэдэг тун ч хэцүү хэрэг. Ямар нэг байдлаар буюу албан ёсоор архи олох арга чарга хайхад ганц арга олдсон нь тодорхой нэг өвчин олж түүнийгээ архиар эмчлэх зөвшөөрөл авах байв. Гэтэл Черчиллийн тэр “зовлогод” нь үзээд өгье гэсэн ч ямар нэг өвчин зовлон байдаггүй.

Уран сайхны кинон дээрх шиг яг ийм гарах гарцгүй болсон хэцүү үед гэнэт санаанд оромгүй онцгой явдал болдог шиг Черчилль маань машинд мөргүүлж орхидог байгаа. Британи хүн зам хөндлөн гарахдаа буруу тийш харснаас болсон юм гэнэ. (Энийг одоо “сонгодог осол” гэж болох байх) Ямар ч байсан их бага хэмжээгээр гэмтсэн мань эрд эмчилгээ болгож эм тариа бичиж өгч таараа. Эм тариа нь нөгөөх архи. Эмчийн бичиж өгсөн эмийн бичгээр бол мань эр өдөрт 250 гр архи эмчилгээний зорилгоор ууж болох  бөгөөд шаардлагатай бол түүнээс ч их хэмжээгээр хэрэглэж болох нь. Харин дээд хэмжээг нь бичээгүй орхиж.

Ингэж Черчилль хуурай хуулийн үеэр АНУ-д тун ч зовлон багатайгаар ихээхэн мөнгөний ажил хийсэн юм гэнэ лээ. Яагаад ч юм Черчиллийг мөргөсөн тэр жолооч баларсан болов уу гэхээсээ илүү... овоо мөнгө хармаалсан юм болов уу гэсэн зүйл бодогдох юм.

Уинстон Черчиллийг архинаас, навчин тамхинаас тусад нь ярих аргагүй гэдэг. Үнэхээр л мань эрийн хэмжээлшгүй их архи уудаг тухай маш их яриа байдаг бөгөөд өдөрт тогтмол уудаг хэмжээг нь янз бүрээр гаргаж ирсэн олон баримт бий. Дээр нь энэ хүнтэй холбоотой түүхэн зураг болон баримтат кинон дээр байнга л лонх, навчин тамхи цуг.  Тэр битгий хэл гадаадын дипломатууд мань эрийг архи бага уух хэрэгтэй тухай сануулахад (Саудын Арабын хаантай уулзах үед хааны туслах нар ингэж сануулж байв) тэрээр “архи бол миний соёл, агаар, миний мөн чанар учир уухгүй байж чадахгүй ээ” хэмээн хэлж байсан гэдэг. Ер нь л орчин үеийн ойлголтоор бол энэ тарган эр нь эрүүл амьдрах ёс гэдгийг огт мэддэггүй хүн байж. Спортоор хичээллэх тухай хэзээ ч бодож байгаагүй гэх, өдөрт 2-3 шил виски, дээр нь нэмээд бас нэг лонх коньяк уух ба тамхи татах тоо нь хэмжээ хязгааргүй... Гэхдээ энэ бүх яриа нь Черчиллийн ойр тойрныхноос гарсан байдаг бөгөөд мань эр өөрөө ийм яриаг таслан зогсоох тухай бодож байгаагүй гэхээсээ илүү харин ч давс, хүч нэмж байсан гэх үзэл бодолтой түүхчид байдаг юм байна.

Яг үнэндээ залуу Черчилль нь туялзуур жадаар хичээллэж ихээхэн амжилт гаргаж байсан, морин спорт, тэр дундаа поло тоглох дуртай хүн байж. Мөн дайн байлдаанд орж олзлогдож байсан тийм л хүн байв. Эрүүл мэнд ч гэж жигтэйхэн сайн.

Гэтэл энэ архи уу... Үнэн хэрэгтээ  түүний архи их уудаг тухай яриа нь хэтрүүлэг байжээ гэдэг талаар одоо улам бүр их ярьдаг болж. Черчиллийн архи ууж байгаа болон навчин тамхитай байгаа зураг маш их. Гэтэл тэр их архи уудаг хүний согтуу байгаа зураг харин бараг үгүй юм гэнэ лээ. Архидаж байх үеийн зураг дээр архины хундага нь дандаа дүүрэн, барьж байгаа тамхи нь нэг бол саяхан асаасан, эсвэл дандаа унтарсан гэх мэт.

Архи ууснаас согтуурч элдэв дэмий балай зүйл болсон түүх мань эрд огт үгүй бөгөөд архины хордлогод орсон байтугай шартсан тухай баримт ч ховор юм байх.

Архи их уудаг, тамхи их татдаг тэр дүр нь ард түмэнд тэдний нэг болж харагдах, тэдний дэмжлэгийг авахад их хэрэгтэй байж. Архи их уудаг дээр нь элдэв зугаатай юм ярина, ухаантай, шийдэмгий, жинхэнэ удирдагч... гэх мэтээр нөгөө ард түмний дунд үлгэр домог шиг яриа явж өгнө дөө.

Бодит байдал дээрээ энэ хүн архи уух хэмжээгээ маш сайн тааруулдаг байсан бөгөөд архи ихээр уух болсон үед заавал их хэмжээний юм иддэг, эсвэл тусгай эм тариа ч хэрэглэдэг байсан тухай яриа бий юм гэнэ лээ. Ямар ч байсан архигүй, тамхигүй байж чадахгүй хүн мэт харагдуулж байсан боловч 70 насандаа тэрээр архи тамхи гээч юмнаас бүрэн татгалзсан байдаг. Архи тамхинаас гараад дахиад 20 жил амьд явсан гэж байгаа. Ер нь тун ч ухаантай, ямар яриаг дэвэргэх, хэний тархи толгойг яаж эргүүлэх вэ гэдэг  тал дээрээ үнэндээ тусгай нөхөр байж дээ гэмээр. Одоогийнхоор бол PR, тархи угаалт гээчийг тухайн цагтаа өрсөлдөгчгүй хийдэг нөхөр байжээ. (Геббельсийг эс тооцвол шүү дээ)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]