Өвлийн олимп өндөрлөхөөс өмнө, тодруулбал энэ долоо хоногийн дундуур ОХУ-ын зүгээс Украин улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдээллийг өрнөдийн албан болон албан бус эх сурвалжууд цацаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулж улс орнууд Украин улс дахь иргэдээ тус улсын нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн Укарины талаас хэлэлцээрийн ширээний ард 48 цагийн дотор суухад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өчигдрөөс Беларусь болон Украины хилийн орчим бүс нутагт байгаа цэргийн анги нэгтгэлүүдээ буцаан татаж эхэлжээ. Энэ тухай мэдээллийг анхлан ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өөрийн сошиал хуудастаа цацсан юм. Түүнчлэн энэхүү мэдээллийг үнэн болохыг баталсан зураг, бичлэгүүдийг өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд гаргасаар байна. Беларуссийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан байлдааны сургуулилалтад оролцсон ОХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд ямартай ч үндсэн бааздаа буцаан татагдаж эхэлсэн бөгөөд тэдгээр анги нэгтгэлүүдийн танк, хүнд машин механизмыг галт тэргэнд хэрхэн ачиж буй, цэргийн техникийн цуваа хэрхэн хойд зүгт хөдөлж байгаа зэрэг зураг бичлэгүүд гарч байна. Хошууч генерал Игорь Конашенков “Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдааны сургуулилалтаа дуусгаад төлөвлөгөөний дагуу үндсэн бааз руугаа буцаж байна. Өмнөд болон Баруун цэргийн тойргийн дивизүүд үүргээ гүйцэтгэж дуусаад автомашин болон галт тэргэнд ачигдаж эхэлсэн. Өнөөдөр бүгд цуваагаар бааз руугаа хөдөлнө” гэж мэдэгдсэн байна.
ОХУ, Беларусийн зэвсэгт хүчний хамтарсан байлдааны сургуулилалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. Оросын цэргүүд Украины хил орчмоос буцаж эхэлсэн нь хурцадмал байдлыг намжаах найдлага төрүүлж байгаа ч сөргөлдөгч талууд нь тайвшрах болоогүй хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Орос уулс цэргээ татаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ энэ мэдээллийг албаны түвшинд баталгаажуулаагүй. Манай шинжээчдийн дүгнэлтээр бол Оросын зэвсэгт хүчний аюул өндөр хэвээр байна” хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын тал Украины хилийн орчимд нийтдээ 120-130 мянган цэрэг, зэвсэг техник бөөгнөрүүлээд байгаа бөгөөд энэхүү цэргийн бүлэглэлийг анхны байрлалдаа буцаж татахад 1-2 сарын хугацаа орох аж. Кремлийн зүгээс АНУ болон НАТО-гийн орнуудаас Зүүн Европт НАТО-г тэлэхгүй байх замаар аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа бөгөөд ялангуяа Украин улс Хойд Атлантын гэрээний байгууллагад гишүүнээр элсвэл хүссэн хүсээгүй дайн хийх болно гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн билээ. Одоогоор ОХУ өрнөдийн гүрнүүдээс нэхэж байгаа аюулгүй байдлын баталгаагаа авсан эсэх нь тодорхойгүй ба Украины хил дээрээс цэргээ татаж байгаа явдлыг нь Оросын ялалт гэх үү, НАТО Оросыг буулган авлаа гэх үү, ямар нэг хэмжээгээр дүгнэлт тавихад эрт хэвээр байгаа юм.
Өмнөх мэдээллүүд:
Украины өнөөгийн байдлыг харуулсан гэрэл зургууд
Британийн Гадаад хэргийн сайд газарзүйн мэдлэгээрээ С.Лавровын өмнө эвгүй алдаа гаргажээ
Жо Байден: Байдал хурцдахаас өмнө Америкийн иргэд Украины хилээр гарсан нь дээр
Жо Байден: Герман улс дэлхий дээрх бидний хамгийн чухал холбоотнуудын нэг, эргэлзэх зүйл алга
В.Путин: Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу, Украин НАТО-д элсвэл яг ийм зүйл болно