Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буган халиун ба тахийн унага хүлэглэсэн ньУншсан7,020

Гэсэн ч цаг нь ирэхээр Галшар нутгийн гайхамшигт хурдан хүлгүүдтэй даншиг их наадамд уралдуулахаар халиуныг ижил сүрэг морьдын хамт хөтлөн унаган нутгийн уяанаас алсын замд гарчээ.

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Энэ удаа бид Монголын ард түмний дунд ам дамжин яригдаж үлдсэн хурдан морины домгуудаас хоёрыг хүргэж байна.

БУГАН ХАЛИУН

Хуучин Түшээт хан аймгийн Эрдэнэ Вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт Товхонхан гэдэг үзэсгэлэн төгөлдөр нэгэн сайхан уул бий. Тэр уулын өвөрт 1860˗аад оны үед нэгэн баян тайжийнх нутагладаг байжээ. Тэдний хурдан морины уяанд нас насны морьд наадам уралдаанд уялга сойлго нь гүйцэн уулын буга шиг дүүхэлзэн улс амьтан тойрон харцгаана. Эзэн, хашир уяач хоёр энэ даага ийм, тэр шүдлэн тийм гэж эрдэнэт хүлгийн эр шандсыг магтан ярихад аагтай баячууд атаархах сэтгэлд автагдан, уяаны ганц шон ч үгүй, уясан ганц үрээ ч үгүй харц ядуу хашир догь уяачдыг наагуур цаагуур дагуулан сэм сэмхэн ярилцана. Уулын ногоон мод арваадыг угсруулан зоож татсан цээл чанга суран хэцтэй урт уяаны дээхэн хэрд, ган төмөр гархин эргүүлгээс уяатай байгаа, халтар амтай халиун үрээг эзэн хүн элдвээр магтах нь их, эргэж үзэх хүний тоо ч олоон.

Зөв тийшээ налсан шингэн дэлтэй тэр халиун хязаалангийн нарийвтар шингэн сүүл, согоон чих, өргөн салтаа, ханхар ташаа, монхор хамар, галбир цуугтайхан байгаа нь хурдан моринд жархай хүмүүст таалагдаж байсан биз ээ. Эзэн уяач хоёр долоон хошуу даншигт энэ хязаалангийн тоосыг үзэхээр завдаж байгаа болохоор олны сайшаалыг сонсоод цагаан хэл ам хүрнэ гэж наанаа дургүйцэх дүр үзүүлдэг нь цаанаа Галшарын хурднуудаас айсан хэрэг байжээ.

Гэсэн ч цаг нь ирэхээр Галшар нутгийн гайхамшигт хурдан хүлгүүдтэй даншиг их наадамд уралдуулахаар халиуныг ижил сүрэг морьдын хамт хөтлөн унаган нутгийн уяанаас алсын замд гарчээ.

Халиун үрээ их наадамд тоосоо өргөлөө. Уралдсан морьдыг нэр цол, өнгө зүс, аймаг хошуудаар нь ялган энэ нь түрүүлнэ тэр нь түрүүлнэ гэсэн яриа асар майхан амьтан олноор дамжин хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж байв. Барааны газраас тодорсон түрүүчийн хэсэг морьд руу наадамчдын анхаарал шилжлээ. Голдуу бараан зүсмийн морьд харагдана. Дурантай дурангүй олон хүмүүс дур дураараа тэдний тэр, эдний энэ гэж ам амандаа үнэн худал ярилцана. Барианы газар ойртлоо. Хар ч юм уу, хээр, халиун ч юм уу, осолгүй л бараан морь 1500 гаруй морьдын магнайд гав ганцаараа саахалтын хол цойлон түрүүлж явна. Барианы газар ойртох тусам улам улам эрч аван хойд морьдоосоо хол сугаран тасарлаа. Наадамчин олон ам амандаа халиун морь, халиун морь гэхээс өөр үг хэлж үл чадна. Барианд орлоо. Түмний түжигнээн, бумны бужигнаан, морьдын төвөргөөн, хүүхдийн хашхиралт дунд Буган халиун гэсэн үгийг нэгэн эр хоолой зангируулан хашхирч морь бариачийн хажуугаар гуугалан довтоллоо.

Хангай нутгийн унага Хан уулын халиун ийнхүү түмэн хүлгийн дундаас түрүүлэн ирж «түмний эх» гэдэг алдар цол анх удаа хүртэн үеийн үед уламжлагдан үргэлжийн мөнхөд дуурьсагдах "Буган халиун" гэдэг нэрийг олжээ. Харамсалтай нь төрийн ёс түвшингүй түмний наадам шударгагүй үе байсан тул Буган халиун бурангуйн жамд өртжээ. Богд эзэнд долдойдож эрх ямбанд шунаж тэр тайж Буган халиунаа Богдод өргөсөн ажээ. Ийнхүү Буган халиун өссөн төрсөн нутаг, өргөн Сэлэнгэ мөрний өвс ус тэгш, өнгө сайхан нутаг бэлчээр, өнөр олон ижил сүргээсээ ангижран, үзэж хараагүй нутагт ирж үл таних адуун сүрэгт нийлжээ. Буган халиун унасан газар, угаасан уснаасаа холдсон боловч я с н ы  хурдан хүлэг тул 30 гаруй жил дараалан их наадамд уралдан үргэлж айргийн тавд багтан давхиж байсны дотор арван гурван удаа Даншиг наадамд түрүүлсэн гэдэг.

Мянган морины манлай түмэн агтын түрүү болон хол тасархай хурдалж хотол олныг баясгаж байсан уулын буга шиг гунхалзсан Туулын тул шиг туялзсан эрмэг хүчирхэг шандастай Буган халиун хүлэг эргэх хорвоогийн жамыг дагаж эртний их хурд нь саарчээ. 1897 оны үед долоон хошуу даншигт уралдах нас насны олон хурдан хүлгийг 45 хоног хагсраан сойхоор Богдын дархан сүргийн хэдэн зуун агтаас шинэ хурдныг шилэн сонгож, хуучин хурдныг хураан барьж уях газар авч явжээ. Харин 35 хүрч өтөлж ядарсан өвгөн Түмэн эхийг тоож барих уургач олдсонгүй. Тоосыг нь үзэх уяач ч байсангүй.

-Ээ хөөрхий зайлуул. Эрийг нас дардаг, уулыг цас дардаг гэгчээр эртний хурдан хүлгийг эзэн нь тоохоо болив уу? Уягдан сойгдож, уралдан хурдалж сурсан өвгөн түмэн эх Буган халиун товор товор шогшиж, толгойн чулуу бөмбөрүүлж хайвс хайвс алхалж хавийн чулуу бөмбөрүүлж, уях морьдыг бараадан ул мөрийг нь дагаж, Богдын хурдан хүлгийн уяан дээр өөрөө ирдэг болжээ.

Харин хурдны морьдыг хөлслөх, тарлах, үсэргэх, сунгалт хийх бүрд өвгөн халиун өөрийн дураар дагаж өөд уруу шогших нь харсан бүхэн хайрламаар, уяач бүр уярмаар!

Идэр залуугаас нь уяж ижил дасал болсон алдарт уяачин Дэчинжүрмэд өөртэйгөө адил өвгөрсөн түмэн эх буган халиуныг байн байн өрөвдөж байдал төрхийг нь ажиж арга буюу их наадамд уралдуулж үзье гэж шийджээ. Их насны морьд эргэлээ. Мянган морьдын бөөн тоосонд Буган халиун дарагдлаа хөөрхий! Хэзээ ч ингэж явлаа даа! Газрын дунд ороход Буган халиун морьдын цээжинд гарч ирлээ. Энэ жил анх удаа хурдны морь унаж байгаа бяцхан хүү Гэндэн хий л самгардан аль ч учрыг мэдэхгүй амыг нь зуулгасаар явлаа. Барианы газрын бараа харагдлаа. Хөгшин халиун хөлс чийхарч улам улам ахиж байлаа. Барианд орлоо. Хорин тавд цулбуурдуулжээ. Өвгөн түмэн эх төдий олон хурдан хүлгийн дундаас өдий дайтай хурдлан ирсэн нь хүний санаанд оромгүй үнэхээр гайхамшиг болов. Буган халиуныг энэ наадамд уралдаж ирэхэд м а х нь хөөж, үс нь хөлсөндөө угаагдан урдын жавхлант байдал нь дахин сэргэн хол ойрын нэрт уяачид, хотол түмний ид бах болон согоо шиг дүүхэлзэнхэн байсан гэдэг билээ.

 Эрдэнийн түмэн эх Буган халиун 1900 оны хаврын гэнэтийн нэгэн их шуурганд өөрийн эрхгүй гэлдрэн сажилж явсаар одоогийн баруун аймгуудын зам дайран өнгөрдөг Бор хөндийгөөр нутаглаж байсан Хамбын отгийн дарга Гомбожав гэгч баян айлын хотонд ирж босоогоороо нөгч сөн гэдэг. Ядарч туйлдаж нөгчихдөө шандас сайтай хүлгийн алдрыг үзүүлэн хүний бахархлыг төрүүлсэн маш гайхамшигт манлай баясгалант түмэн эх Буган халиуныг дээд бүрэн шүдэндээ дээрхийн наадамд түрүүлсэн, доод шүдэндээ долоон хошуунд түрүүлсэн гэж хүлгийн хурданд дуртай ард түмэн маань дуу магтаалдаа дуурсган үлдээсэн билээ.

 

Тахийн унага хүлэглэсэн нь

1898 оны үест бололтой, Сэцэн ханы нутагт Ажив, Готов хэмээх ах дүү хоёр сайн эр байсан гэдэг.

Энэ хоёр хүн угаас гэр орон ядуу зүдүү учир хар багаас бусдад зарцлагдан байснаа, нас бие гүйцэн эрийн цээнд хүрмэгц хоёул босож, уул хаданд орогнон, хулгай хийж амь зуусаар нутаг хошуунаас гарч баян пүүс талж, энд тэндхийн адуу мал хөөсөөр нэрд гарчээ. Ийнхүү тэр үеэр Монголын аймаг, хошуу бүхэнд шахам бий болоод байсан нэр зартай сайн эрсийн зэрэгт хүрч, удалгүй бусад аймгийн хошуу тамганаас Сэцэн ханы тамгын газарт энэ хоёр хулгайчаа татаж авч шийтгэж өг гэсэн бичиг ирэх болжээ. Ингээд хүний нутаг хошуунд нэлээд он удаж, ах дүү хоёрын байдал нэгэн удаа их л доройтон унаа мориор ягдаж, хотол хошуунаасаа хол газарт яах ч аргагүйдэж иржээ. Үүнд, Готов нь ах болох хүн тул,

-Чи бид хоёрын ингэж явдаг угаас буруу тул тэнгэр бурхан цаанаасаа тэтгэсэнгүй дээ! Одоо эзэн ноёндоо буруугаа хүлээж, эмээлээ үүрэн очъё гэхэд дүү Ажив нь угийн шөрмөслөг хатуу хүн байсан тул:

-Эр хүн зорьсондоо хүрэлгүй энэхэн зэргээс буцах бол, эхэлж юунд хадан гэртэй, харанхуй замтай явах гэж хэлэлцлээ. Тэнгэр үл таашаасныг яаж мэдээ вэ? Тэгвэл, тэнгэрээс унаа гуйна даа! гээд, говь цөл рүү, хулан, тахь барьж унахаар явжээ. Угаас муудсан хоёр морио өдөр нь амрааж, шөнө нь гэлдрүүлсээр, зам зуурт хүнс хоолны зүйл базааж аваад ганц гүзээ устай, их говийн зах руу оржээ. Удаан ч явсангүй хоёр морь нь цуван ү х э ж, ах дүү хоёр эмээлээ үүрэн явган мацсаар айл амьтангүй их цөлийг олон хоног туулжээ. Авч явсан хүнсээ ч дуусах дөхөж, ганц гүзээ усаа ууж бараад харангадаж унах дөхөж явав. Тэгж явсаар арай мөрий унаж өнгөрдгийн даваан дээр Ажив нь элсэн дунд хулангийн худаг олжээ. Элс хонхойлон малтаж цэнгэг сайхан ус гаргасан тэр хонхорт хоёул сайхан хүйтэн ус ханатлаа залгилаад овоо сэргэжээ. Тэр худагт, баруун урд талаас орж ирсэн зэрлэг адууны хонхор жим байна гэнэ. Ажив нь хэлжээ:

-За одоо хоёул, ханатлаа ус ууж аваад, гүзээний булан ус бие биедээ аван элсэн дор хонхойлон орж нуугдана даа. Энд хулан тахь орж ирэхээс нааш ер хөдөлж өндийж болохгүй. Тэгээд бидний унаатай болох эсэхийг өөрсдийн маань авхаалж л мэдэж дээ! Бугуйлаа л сайн шиддэг юм шүү! Би исгэрнэ! гэжээ. Ингээд тэр хоёр, хулангийн жим замын хоёр талд, элс хонхойлон нуугдаж, хөлсний үнэр гаргахгүй гэж авч гарсан агь шарилж өвсөө норгож биедээ нааж, бугуйлаа зэхээд далд хэвтжээ. Нэгэн шөнө өнгөрч гэнэ. Хулан тахь ер ирсэнгүй. Маргааш нь өнгөрч, дараах шөнө нь бас нүд цавчилгүй хонож гэнэ. Бас байдаггүй. Готов нь Аживаасаа айх тул хэдий ядарч туйлдавч чимээгүй л суужээ. Дараах өдөр өнгөрч шөнө болоход Готов нь энд ерөөс юу ч ирдэггүй юм байлгүй хэмээн сэтгэлээр ихэд унан уйлж суусан гэдэг.

Бас ядарч цуцсан, хоёр шөнө нойргүй зэргээс ухаантай ухаангүй байжээ. Гэтэл гэнэт Аживын исгэрэх сонсогдмогц Готов ч ухаан орон өндийж, усны зүг олон адуу бололтой амьтан хамар хоолой нь тачигнан, хурдан хөл нь пижигнэсээр дэргэдэх жимээр нь хуй салхи мэт өнгөрөхөд арай гэж бугуйлаа шидсэн боловч юу ч үл тээглэв гэнэ. Гэтэл Ажив нь нэгэн адууг бугуйлдчихсан чирэгдэн зүүгдэн, цаад адуу нь цамнаж сүйд болж байгаа үзэгдэх бөгөөд сая ухааран харвал үүр тэмдгэрэн гийж байна гэнэ.

-Бушуухан оосорлоод ав! гэж Ажив нь хашхиран их элсэн дундуур уллан чирэгдэж, тэр адуу сэнс мэт эргэлдэн цамнах нь аюултай харагдана гэнэ. Готов түүнд ойртож эс ядан сандарч байхад Ажив нь уурлан загнаж хоёул зөндөө будилжээ. Гэвч хүмүүс тулдаа тэр адгуусыг дийлж, эцсийн эцэст эмээл тохон мордсон гэдэг. Сул элсэн дунд ямар ч эмнэг хангал морь тэр бүр булгиж базаадаггүй цуцдагчлан, тахь хэчнээн цамнавч төдийлөн булгиж базаасангүй Аживын унаа болжээ. Ингэж барьсан тэр унаа нь залуу тахь байсан бөгөөд Ажив нь хүч чадлаар ааглан номхруулж аваад, дахин нэгийг барьж авъя гэсэнд түрүүчийн явдалд ү х э н алдсан Готов нь «Үүгээрээ л зогсъё» гээд залбирч байсан гэдэг. Ингээд тэнгэрийн унаа хэмээх тахь барьж унасан Ажив нь урьдын явдлаа үргэлжлүүлэн амь зууж, Готов нь эзэн ноёндоо бурууг хүлээн гуйж очсон ажээ.

Гэтэл эзний хайр хишиг болсон хар гэр, банз шаахайтай угтаж,

-Аживыг барьж өг! гэж өдөр шөнөгүй тулган шахаж, асар хүнд зовлонд учирчээ. Гэтэл тэр жил Сэцэн ханы аймаг их наадам болж арав гаруй жил өөрийн нутагт ирээгүй Ажив анх удаа аймгийнхаа наадам дээр иржээ. Унасан хүн нь эгэл биш, унуулсан морь нь ч хачин тэр хүнийг наадамч олон тойрон сонирхож шивэр авир гэлцэн, «Нөгөө зартай хулгайч Ажив мөн байна» гэлцэж, яваа яваандаа барьж авах өнгөтэй болсонд Ажив, асрын өмнө морьтойгоо гарч:

-Өөрийн аймаг хошуунаас би өнчин ишиг ч аваагүй байтал өдий жил болоод нутгийн наадмаа харья гэж ирсэн намайг та нар юунд хавчуурхаж барих гээ вэ? гэж хашхирчээ. Гэтэл гартаа гавтай, хөлдөө тушаатай Готовыг хар гэрээс тэнд авчирч Аживыг нь заалгаж байсан тул ах нь тэндээс:

 -Төрсөн дүү минь, ахыгаа бодож, төрийн өмнө буруугаа хүлээ! гэж уйлан өгүүлсэнд: Ажив:

-Гартаа гав зүүсэн эзэндээ хэл, Газрын холыг даагаагүй өөртөө хэл! Ганц дүүгээсээ зугтсан заяандаа хэл! Хан эзний нутаг хавчаад байвал, Халх Монголын нутаг мундаагүй! гээд ганц исгэрсэнд хул хонгор тахь нь хурдлан ухасхийж, хуран цугларсан олон тоосон дунд нь үлдэж байсан гэдэг... Хурдан хөлт тахь унасан хатуу шударга тэр эрийг ямар ч сайн мориор барьж чадаагүй гэж хөгшчүүл өгүүлдэг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]