Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тайлбарлагч С.Шижирбат: Одоо урагшаа харж явахаас өөр гарцгүй ээУншсан16,769

Допинг хавтгайрсан үндэсний бөхөд баригдсан баригдаагүйгээрээ л ялгаатай гэдгийг бөхийн ертөнцөд улиг болтол ярьж ирсэн.

Үндэсний бөхөд үүссэн маргаантай асуудал, допингийн дуулианы талаар спортын тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийлжээ. Бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй түүний тайлбарыг хүргэж байна.

 

Тайлбарлагч С.Шижирбат: Хуулиа чангал гэж олон жил ярьсан,
чангалдаг нь зөв

 

Допинг хавтгайрсан үндэсний бөхөд баригдсан баригдаагүйгээрээ л ялгаатай гэдгийг бөхийн ертөнцөд улиг болтол ярьж ирсэн. Допингоо дарсан гээд буй 38 биш 50 бөх байгаа гээд байдаг. 38 байна уу, 50 байна уу, зарлаж чадахгүй дээ. Дөрвөн жилээр "бан"-дуулсан Ховдын Уртнасанг допингийн эсрэг төвийн ажилтан 25 сая төгрөг нэхэж, "Өгвөл чамайг допинггүй гэж дарна" гэсэн мессеж байгаа гэж ноднингоос бөхийн хүрээнд яригдлаа. Допингийн төвийг цэвэрлэе, дэлгээч наадах аа гэхээр чадахгүй юм. Өнгөрсөн жил харцагуудын халз барилдаанд гэнэт допингийн шинжилгээ авахаар болсон чинь О.Хангай, А.Цацабшир хоёр ковид тусчихлаа гээд машинаасаа гарч ирэхгүй явсан, дараа нь ковид эдгэрчихлээ гээд шинжилгээ өгсөн гэх.

Олон улсын дүрмэнд ч, манайд ч шинжилгээ өгөх өдөр өгөөгүй бол хэрэглэсэнд тооцдог. Дараа нь өгье гэвэл циклээрээ гаргасан байх магадлал өндөр гэдэг нь угаасаа ойлгомжтой зүйл гэж олон улсад үздэг. О.Хангай "Наадмаар шинжилгээ өгөх гээд байж байхад хажууд нь шинжилгээ өгөх гэж байгаа бөх шээсээ солих гэж оролдсоныг би харсан" гэж хэлсэн. Яагаад зарлаж, хэлж чадахгүй байна вэ, О.Хангай.

2002 онд анх допингийн нандролон гэж хүнд төрлийн стеройд илэрсэн А.Сүхбатын барилдах эрхийг хасч чадалгүй, энэ бүх завхрал эхэлсэн гэдгийг МҮБХ-ны өмнөх дэд тэргүүн Д.Данзан хэлсэн байдаг. Одоо үед л ялгавартай шийтгэлүүд оноогоод байгаа юм биш.

Хэн хэн барилдах эрхээ хасуулаагүй, хэн хэн хоёр жилээр хасуулсан, хэн зургаан сараар хасуулсан бэ гэдгийг бөх сонирхогчид санаж байгаа биз. Наадмын хуулийн цоорхой буюу допингийн цоорхойтой заалтуудаа зас аа, Наадмын комисс гэж бөх мэдэхгүй хэдэн хүмүүс ялгавартай шийтгэл оноож ирлээ, болио. Дэлхийн жишгээрээ тухайн холбоо нь шийтгэлээ хариуцах ёстой гэдгийг хэлсээр ирсэн.

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт 2020 онд наадмын комисс 11 сарын хугацаатай шийтгэл оноосон. 2021 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж, допинг илэрвэл дөрвөн жил, давтан илэрвэл найман жил барилдах эрхийг нь хасна гэсэн заалттай болсон. Хуулиа чангал гэж олон жил ярьсан. Чангалдаг нь зөв. Хууль гарсан өдрөөсөө хойш хэрэгжиж, буцаж үйлчилдэггүй учраас одоо урагшаа харж явахаас өөр гарцгүй ээ, бөхчүүд ээ. Одоо гэнэт ухаан орсон юм шиг эсэргүүцээд байгаа бөхчүүд 2020 онд дээр дурдсан гурван бөхөд 11 сарын шийтгэл онооход яагаад хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй юм бэ?

 

Улсын харцага О.Хангай: Харилцан адилгүй шийдвэрийг
би хүлээн зөвшөөрөхгүй

 

О.Хангай харцага өөрийн сошиал хуудастаа "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч  бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр  гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил,  8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу? Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн эсэргүүцэж буй шалтгаанаа дурджээ.

 

 Г.Намсрайжав: Допингийн асуудал аль хэдийнэ болоод өнгөрсөн

 

Улсын харцага Г.Намсрайжав “Миний хүүг Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд интернeтээр бүртгүүлэхэд нь Үндэсний бөхийн холбоо бүртгэж аваагүй. Харин өнөөдрийн барилдаанд өөрийн биеэр бүртгүүлж албан ёсоор барилдахаар иртэл мөн бөхчүүдийн эсэргүүцлийн дагуу түүнд барилдах боломж өгөхгүй байна. Допингийн асуудал бол аль хэдийнэ болоод өнгөрсөн. Хүү минь 11 сарын шийтгэлээ шудаpгаар хүлээж нэмэлтээр зургаан сар барилдахгүй өнжсөн. Залуу хүн барилдахгүй байна гэж юу байсан юм! Хүү минь ид залуу насан дээрээ барилдах эрхтэй! Энэ асуудал бол Ховд аймгийн бүлэг хэдэн хүмүүсийн л найруулж хутгасан асуудал. Миний хувьд маш гомдолтой байна” хэмээв.

 

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан цуцлагдахаас өмнө МҮБХ-ны тэргүүн
Ц.Магалжавын бөхчүүдэд хандаж гаргасан уриалга

 

Эрхэм бөх сонирхогчид оо, бөхчүүд ээ, өнөөдрийн барилдаан харамсалтайгаар үргэлжлэх магадлал багатай болчихлоо. Найман хос 16 бөх л барилдаж байна. Бөхийн салбар хорооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд 11 сараар эрх хассан шийдвэрийг гаргасан. Энэ эрх хассан шийдвэр 2021 оны 6 сарын 10-ны өдрөөр дууссан тул Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Бат-Орших нарын барилдах эрх сэргэсэн. Үүнийг Бөхийн холбоо хүндэтгэн үзээд, мөн ёс зүйгүй байдал гаргаагүй байдлыг үзэн бөхийн барилдаанд оролцуулж барилдуулж байгаа юм. 11 сараар хассан. Энэ 11 сараар хассан шийдвэр зөв үү, буруу юу гэдэг дээр бөхчүүд, бөх сонирхогчдод маргаан үүсчихээд байгаа юм. Үүнийг бөхийн холбооноос гаргасан шийдвэр биш гэдгийг та бүхэн нэгдүгээрт сайн ойлгох хэрэгтэй. Баяр наадмын комисс гээд төрийн байгууллагаас томилогдсон комиссын шийдвэр энэ бүх үүсээд байгаа допингтой бөхчүүдийн зөрчлийн асуудал дээр маргаан тавьчхаад байгаа юм. Олон жил сар маргах маргааны эхлэлийг тавьсан. Тиймийн тулд энэхүү барилдааныг 15 жил зохион байгуулсан Жэм Интернэйшнл компанийнхаа хамт олныг хүндэтгэн үзэж байна. Нийт бөхчүүд, бөх сонирхогчдыг хүндэтгэж байна. Ямарваа нэг юманд нийтийн эрх ашиг гэж байх ёстой. Хэдийгээр барилдах эрх нь сэргэсэн гурван бөхийг оролцуулж барилдаж байгаа ч гэсэн нийт 253 бөхийн эрх ашиг, эдгээрийн цалин хангамж бүхий бай шагнал гэж асуудлууд байна. Иймд энэ хувцсаа өмсөөд гарахаар завдаад байгаа бөхчүүд харцага цолтой ахмад цолтой бөхчүүдээ хүндэтгээд, ард түмнээ хүндэтгээд бөхийн барилдаандаа оролцох хэрэгтэй. Дараагийн асуудал нь энэ маргаан, хүнд байдалд байгаа даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар энэ барилдаанд нийт бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс түр түдгэлзэх хэрэгтэй байна. Допингийн эсрэг олон улсын байгууллагад Монгол Улс 2016 онд элсэн орсон боловч өнөөдрийг хүртэл Допингийн үндэсний журам гэдэг зүйлийг Засгийн газраар батлуулаагүй явж байгаагаас Бөхийн холбоо, Баяр наадмын комисс гэдэг байгууллагууд өөр өөр шийтгэл ногдуулаад энэ байдлыг хүндрүүлээд байгаа юм. Нэгдүгээр сардаа багтаад допингийн эсрэг үндэсний журам батлагдана. Энэ журам батлагдахаар допингийн асуудлуудыг дахиж хэлэлцэхээс өөр аргагүй болж байгаа. Иймд одоо бүх зүйлд хүндэтгэлтэй хандаад монгол хүний уужуу ухаанаар хандаад барилдаанаа зохион байгуулаад явъя. Гарын да нарт энэ оноолтыг дахин хийгээд дахиж барилдуулах чиглэл өгч байна.

 

Харцага цолны хүндэтгэлийн барилдааны цуцлаж буйг мэдэгдсэн МҮБХ-ны тэргүүн
Ц.Магалжавын мэдэгдэл

 

"Юуны өмнө үзэгчдээсээ уучлал хүсье. 2022 оны 1 дүгээр сарын 13-ны Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаан дээр ийм асуудал үүсэхийг сануулж, Төрийн ёслолын албанаас зохион байгуулж байгаа учраас Н.Батсуурь аваргыг барилдуулаагүй юм аа. Өнөөдрийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, Жэм Интернэйшнл компани хамтран зохион байгуулдаг. Хамтран зохион байгуулж, олон жил ивээн тэтгэж ирсэн Жем Интернэйшнл компанийн хамт олноосоо хүлцэл өчье. Энэхүү барилдаан дээр бөхчүүд допингийг эсэргүүцэж ямар нэгэн асуудал үүсгэвэл үүнийгээ бас сайн тооцоорой гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга О.Балжинням, мөн миний бие, бид нар Н.Батсуурь аваргад сануулсан. Бөхчүүд эсэргүүцвэл энд асуудал үүснэ шүү гэсэн. Нэгэнт одоо талбайд 16, 17 залуучууд гараад ирчихсэн байна. Юуны өмнө бөх сонирхогчдоос болон Жэм Интернэйшнл компанийнхаа хамт олноос хүлцэл өчье. Өнөөдрийн барилдааныг ингээд зогсоож байна" хэмээлээ.

 

Үндсэн хуулийн барилдаанд оролцуулаагүйтэй холбоотойгоор даян аварга Н.Батсуурийн гаргасан байр суурь

 

Даян аварга Н.Батсуурь: Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн. Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан, тамирчнаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй. Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна. Үндсэн хуулийн өдрөөр Үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэх байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа. Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр МАШ ТОМ ЭРГЭЛЗЭЭ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 20. 0:00
Зочин

Допингтой допинггүй гээд тусд нь барилдуулчих оо.
Эрлийз морь гээд уралдаад л байгаа биз дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]