Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мөнх дуурсагдах баатарлаг үйлст Жамсрангийн ЦэрэнУншсан3,653

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга доктор Ph.D, хошууч Т.Сүхбаатар, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, түүх улс төрийн шинжлэх ухааны профессор, академич Ц.Мягмар

Дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэнгийн тухай Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга доктор Ph.D, хошууч Т.Сүхбаатар, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, түүх улс төрийн шинжлэх ухааны профессор, академич Ц.Мягмар нарын бичсэн өгүүллийг хүргэж байна.


Халхын голын дайны ид үед Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штабын даргаар томилогдож эх орныхоо дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах онцгой хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж, ялалт гэх эрхэм алдрыг эх орондоо авч ирэхэд үнэлж барашгүй алдар гавьяа байгуулсан хүн бол МАХЦ-ийн дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн юм.

Жамсрангийн Цэрэн Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, Цэцэрлэгмандлын аймгийн Рашаант уулын хошуу, өнөөгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Тусгалтын голд ард Жамсран, Цэндхүү нарын 12 хүүхдийн 2 дахь нь болон 1908 онд хорвоод мэндэлжээ. Тэрбээр өөрийн нэгэн намтарт нас 21, Хөвсгөл аймаг, Рашаант сум, 22 дугаар хорин, Ард халх, Эвлэл, Мопр осоавиахими, бурхангүйчүүдийн гишүүн, бага даргын сургууль төгссөн. Монгол бичиг мэднэ. Гэрийн дотор ам бүл 3, эх Цэндхүү, дүү Цэрэн 20 настай. Малаар амьдарна. Орлогын төгрөг 100, Урьд эдүгээ ял шийтгэлгүй, Цагааны цэрэгт яваагүй, Эдүгээ 7 дугаар хорооны 1 дүгээр салааны дарга. Гавьяа шагнал 4 удаа авч байсан.1934 онд цэргийн яамнаас Нагаан буугаар, Халх голын байлдаанаас бүр өмнө 1936 онд засгийн газраас “Алтан гадас” одонгоор 1939 оны 8-р сарын 31-ны БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн хуралдсан 58-р хурлын тогтоолоор “Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон тэмдгээр шагнагджээ”. Цэргийн сахилга журам хариуцлага алдсаны улмаас сахилгад суух, шөнийн манаанд гарах үүргийг хүлээх зэрэг 2 удаа шийтгүүлсэн гэх зэргээр мэдүүлжээ.

Тэрбээр... “эцэг эх маань ядуугийн эрхээр бусдын мал маллаж тариа тарьж амьдардаг байсан. Эхээс 12-уулаа боловч 7 нь үрэгдсэн. Би өөрөө бусдын жингийн тэргийг хөлсөөр хөтөлж Жавхлант (Хантайшир буюу одоогийн Завхан аймгийн хуучин нэр) Алтанбулагт нэг биш удаа явж байлаа” гэж нэг бус удаа өгүүлж байжээ. Хахир хатуу цагийн хомсхон амьдралд төрж өссөн минь Цэрэнгийн хүмүүжил төлөвшилд ихээхэн нөлөөлжээ. Тэр өөрийн хичээл зүтгэл чармайлтаар Монгол бичигт шамдан суралцаж төрийн алба хаших хэмжээнд өөрийгөө боловсруулж 1928-1930 онд Рашаант сумын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ. Энэ тухайд нутгийн иргэд харц ядууст элгэмсэг дотно ханддаг, шулуун шударга зантай, эрдэм боловсролтой, сайхан морь унаж галигуулж явдаг (цурхай) Цэрэн хэмээх хүн цэрэгт яваад Халх голын дайнд гавьяа байгуулж улсын баатар болох хүн хэмээн шагшин яригдаж байгаад сураг тасарсан гэж саяхныг хүртэл өгүүлж байсан.

Ж.Цэрэн 1930 оны 10-р сарын 15-нд АХЦ-ийн албанд татагдаж “Гурван Баянд” байсан 5-р морьт хороонд цэрэг, 1931 оны нэгдүгээр сараас мөн оны 9-р сар хүртэл бага даргын сургуульд суралцаж төгсөөд тэндээ салааны даргын туслах, 1931 оны 9-р сарын 20-нд мөн сумангийн 3-р салааны даргаар, 1932 оны 3-р сарын 1-ээс 1933 оны 11-р сар хүртэл 14-р хороонд салаан даргаар шилжин ажиллаж байгаад мөн оны 12 –р сараас 1934 оны 6 сар хүртэл Цэргийн ерөнхий сургуулийн дарга нарын давтан сургуульд 6 сар суралцаж төгсөөд 15-р морьт хороонд пулемёт сумангийн даргаар томилогджээ. 1936 оны 3-р сараас 11 дүгээр сард 5 дугаар дивизэд 14-р морьт хороонд пулемёт сумангийн дарга, 1936 оны 11-р сараас 1938 оны 3-р сар хүртэл 20 –р хороонд штабын дарга, 1938 оны 4-р сард 7-р дивизийн 20 дугаар хорооны дарга, дивизийн штабын дарга болж удалгүй дивизийн даргаар тус тус дэвшин ажиллажээ.Халхын голын байлдааны гал ид  дүрэлзэж байсан 1939 оны 7-р сарын дундуур МАХЦ-ын жанжин штабын даргаар томилогдсон байна.  

Ж.Цэрэн нь морин цэргийн сургууль, хүнд пулемёт, тантарок, буудлага гэсэн 4 зүйлийн цэргийн эрдэмд мэргэшжээ. 1933 онд Баянтүмэнгийн 14-р хорооны 2-р сумангийн МАХН-ын үүрт намын гишүүнээр элссэн. Намын гишүүдийн дунд итгэл хүндэтгэлийг олж 1935 - 1936 оны 11-р сар хүртэл 14-р морьт хорооны, 1937-1938 онд 20-р хорооны, 1938 оноос 7-р дивизийн намын товчооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажилласан. 1940 оны МАХН-ын 10-р их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогджээ.

Халхын голын дайны гал ид дүрэлзэж байсан 1939 оны 7-р сард МАХЦ-ийн жанжин штабын даргаар томилогдсон түүхтэй. Улс орны хувь заяа хутганы ирэн дээр байсан тэртээх он жилүүдэд жанжин штабын дарга, дивиз командлан захирагч хэмээх эрхэм хариуцлагатай албыг гагцхүү Ж.Цэрэнд олгосон нь санамсаргүй тохиолдол байгаагүй. Тэрбээр цэргийг удирдан зохион байгуулахдаа маш чадмаг, ялангуяа хувьсгалт цэргийн байлдааны хүчин чадлыг дээд зэргийн бэлтгэлтэй байлгасан бөгөөд дарга цэргүүдийн санаа сэтгэлийг туйлын хатуу батжилтай байлгаж, сэтгэл зүйн хувьд тэднийг дайнд бүрэн бэлдэж чадсан юм. Тиймээс Ж.Цэрэнг японы тагнуул, эх орноосоо урвагч зэргээр янз бүрийн байдлаар мэдээлэлж байхад маршал Х.Чойбалсан чихнийхээ хажуугар өнгөрөөсөөр байсан нь цэрэг дарга удирдлагын дунд маш нэр хүндтэй удирдан зохион байгуулах чадвартай хүн улс эх оронд ус агаар мэт хэрэгтэй байсанд оршино. Цагтаа ЗХУ-ын маршал аугаа жанжин Г.К.Жуковын талаар маш олон матаас очиж байсан ч И.В.Сталин аугаа жанжны нэр хүндээс эмээн гар хүрч чадаагүй гэдэг. Яг л ийм зүйл Ж.Цэрэнд тохиолдсон юм. Ер нь нэр бүхий хүмүүсээс аль 1939 онд Ж.Цэрэнг эсэргүү хэрэгт холбогдуулан нэр илрүүлэн мэдүүлсэн байдаг ч 1940 оны эцэс хүртэл баривчлаагүйг бодвол Х.Чойбалсан болон бусад хүмүүс Ж.Цэрэнгийн үнэнч шударгад итгэдэг бие бүрэлдэхүүнүүдийн дунд нэр хүнд, нөлөө ихтэй байсантай холбоотой юм.

Монголын цэрэг дайчид дайн байлдаанд оролцоогүй, командлалын бие бүрэлдэхүүн удирдах дарга нарын ихэнх нь залуу туршлага бага байсан учир ихээхэн бэлтгэл шаардлагатай байсан бөгөөд байлдааны бэлтгэлийг хангахад өөрийн бүхий л хүч анхаарлаа чиглүүлэн биечлэн удирдан ажилладаг байжээ.  Японы армийн бүрэлдэхүүн Хятадын нутагт дайн байлдаанд оролцсон, удирдах бүрэлдэхүүн нь Орос улсад боловсрол эзэмшсэн. 1905 оны Орос Японы дайнд оролцсон харьцангуй туршлагатай болохыг тагнуулын мэдээ, олзлогдогсдын мэдүүлгээс сайтар мэдсэн учир зөвлөлтийн армитай нягт харилцан ажиллагаатайгаар дайсны давшилтаас хориглон байлдахад гол анхаарлаа хандуулан дайсныг ядарч сульдтал нь давшуулж хүчийг нь сулруулж барж байгаад Японы 6-р армийг бүхэлд нь нэгдсэн фронтоор бүслэн авч устгасан явдал орчин үеийн дайнд бүслэлтийг анх удаа хэрэглэсэн дэлхийн туршлага болсон юм. 

Дайнд оролцсон гавьяа зүтгэлээрээ Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан болон энэ бүх баримт тухайн үедээ эгэл жирийн жагсаалын цэрэг байлдагчаас жанжин штабын дарга дивиз командлан захирагч хүртлээ дэвшин ажилласныг үнэлэхдээ “ ...Тус улсын тусгаар тогтносон байдлыг батлан хамгаалах хэрэгт ба ялангуяа хувьсгалт цэргийн байлдааны хүчин чадлыг дээд зэргийн бэлтгэлтэй байлгасан хийгээд бас нийт байлдагч, дарга цэрэг нарын санаа сэтгэлийг туйлийн хатуу батжилтай байлгаж японы самурай нарыг устган сөнөөх хэрэгт онц зүтгэлийг гарган ихээхэн гавьяа байгуулсан хувьсгалт цэргийн жанжин мөнийг” Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 58-р тогтоол гарцаагүй нотолж байна.

1937 оноос эхлэн улс орон даяар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан олон мянган хүнийг баривчилсан бөгөөд МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүний 80 орчим хувь нь хилс хэргээр баривчлагдсан, устгагдсан, цэргээс зайлуулагдсан” байна. “Өнөөгийн генерал цолтой дүйцэх цол хүртсэн дарга нарын 90 гаруй хувь нь хэлмэгдэж, ихэнхдээ цаазлагдсан гашуун түүхтэй. Ингэж хэлмэгдэж, ийм хохирол үзсэн арми Монголоос өөр улс оронд байдаггүй.  Улс төрийн хилс хэрэгт баригдсан цэргийн дарга нар 1939 оноос эхлэн хүчээр Ж.Цэрэнгийн тухай сөрөг мэдүүлэг өгөх болсон хэдий ч  Халхын голын дайны ид үед БНМАУ-ын жанжин штабын даргаар Ж.Цэрэн ажиллаж байх нь тухайн үедээ нэн чухал хэрэгтэй байсан учраас түүнийг нэг хэсэгтээ цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсрол нь аварч байжээ.

Гэвч нэг л өдөр түүний ээлж ирсэн юм. 1940 оны 11-р сарын 11-ний үдэш эхнэр Даариймаа нь хөршийндөө байж байгаад гэртээ орж иртэл 3-4 танихгүй хүн ирчихсэн дүү Дарьсүрэн нь уйлчихсан суухыг хараад хагацал, өнчрөхийн хар аюул нүүрлэснийг мэдсэнгүй. Шөнө дөл хүртэл ажилладаг Ж.Цэрэнг ажил дэрээс нь баривчилж гэр орныг нь нэгжихээр ирсэн нь тэр байжээ. Ийнхүү түүний цагаан мөртэй бүтээлч хөдөлмөр цэцэглэж байсан амьдрал тасарч гүжир байцаалт, доромжлол, гүтгэлэг, бас цаазын тавцан өмнө нь хүлээж байжээ. Жил шахам хугацаанд 29 удаа (хэрэгт байгаа нь) байцаасны эхнийхээс бусдыг Ц.Цогзол гэгч гүйцэтгэжээ. Анхны байцаалтыг Д.Гомбодорж (Лхүмбийн хэргийг зохион байгуулагчдын нэг бөгөөд Данзангийн гүтгэлгийн захиаг гараараа бичсэн хүн) явуулжээ.

1940  оны 11-р сарын 11-нд ДЯЯ-ны орлогч сайд II комиссар Жамбалдоржын баталсан №129 тоот ордероор тус яамны ажилтан Осоржав, Шагдаржав, Дамдинсүрэн нар улс төрийн хэлс хэрэгт дайчлан баривчилжээ. Дайчлан баривчлах тогтоолд тэмдэглэснээр Гэндэн, Дэмид нарын эсэргүү байгууллагын гишүүн болох нь хэрэгтэн Цэрэв, Гомбо, Данзан нарын мэдүүлгээр дам илэрсэн ба хэрэгтэн Чимид-бордухын эсэргүү ажлын талаар шууд харилцаатай ажиллаж байсан хэмээн тус тус нэр илэрсний дээр Монголын бүх цэргийн тоо ба зэвсэг, техник, бүхий л зүйлүүдийг тусгай дэвтэрт товчлон нэгтгэж өөрийн биед авч явсан зэрэг онц сэжиглэлтэй байдлууд сүүлийн үед баримттайгаар илэрсэн гэж түүнийг буруутгасан байна. Ж.Цэрэнг дайчлан баривчлахдаа гэр орныг нь нэгжин одон тэмдэг, бугуйн цаг, герман үзэг, мөнгө төгрөг, үнэт цаас /облигац/, бичгийн цүнх, буу зэвсэг гутал хувцас зэрэг бүхий л зүйлийг нь хураан авчээ.

Нөгөө талаар Ж.Цэрэн нэгэн дэвтэрт анги, нэгтгэлүүдийн хүний тоо, зэвсгийн талаар тэмдэглэн авч явсан нь түүний амьдрал гунигтайгаар төгсгөхөд нэрмээс болжээ. Энэ тухай Ж.Цэрэн орлогч жанжин Лхагвасүрэнгээс зохих тэмдэглэл хийж хэрэгцээ шаардлагатай үед хэлэхэд бэлэн авч явж бай гэснээр нэгдүгээр хэлтсийн эх зохиогч Базарсадаар уг зүйлийг бэлтгүүлэн авч явснаас өөр ямар ч зорилгогүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлжээ. Тэгээд ч уг тэмдэглэлийн талаар тогтоосон баримтжуулсан материал мөрдөн байцаалтын хэрэгт байхгүй байна.

Тухайн үед улс төрийн хилс хэрэгт баригдсан хүмүүс дотоод явдлын яамны харгис эрүү шүүлт дор тамлагдан шаналхын эрхэнд зовлонгоос түр ч атугай ангижрахын тулд хамаг таньдаг, мэддэг хүмүүсээ эсэргүү байгууллагын гишүүн хэмээн мэдүүлдэг байсан нь үнэн. Гэвч Ж.Цэрэн нь өөрөө гарах газаргүй гүжир гүтгэлэгт унасан ч дайчин нөхдөө зохиомол хилс хэрэгт хоморголон татаагүй шударга хүн юм.    

Мөрдөгчөөс Ж.Цэрэн чиний хийсэн хэрэг хууль, мөрдөн байцаах газрын өмнө баримттай илэрсэн тул бүхий л хэргээ хүндрүүлэхгүй, ахар богино хугацааны дотор үнэн зөвөөр тодорхойлон мэдүүл!. Чамайг өөрийн эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү хэрэгт чинь дайчилсан тул  олон үггүй эсэргүү ажлаа мэдүүл гэх зэргээр асуухад Ж.Цэрэн эхэндээ хилсээр тулгасан хэргийг хүлээлгүй  “Надад хийсэн хэрэг байхгүй. Би арван хэдэн жил ардын хувьсгалт цэргийн алба хааж явсан хүн боловч чухам тийм хэрэг хийсэн хэмээхээ мэдэхгүй байна...”  /надад/  дайсанд ашиглагдаж, эх орноосоо урвасан зүйлгүй. Харин миний ажил дээр гарсан дутагдал байж магадгүй, эсэргүү байгууллагад элссэн зүйл байхгүй...надад хэлэх хэрэг байхгүй... Би дайсны жагсаалд ороогүй,тэдний туган дор нэгдээгүй... надад эсэргүү ажил хийсэн  зүйлгүй, хэрэв хийсэн ахул шаардлагагүй ярих байсан”. гэхчлэн шударга бус байдлыг илчлэн тэмцэж байлаа.

Эцэст нь Ж. Цэрэнг: “... урьд илрэгдэн баривчлагдсан эх орноосоо урван тэрсэлдсэн ардын дайсан, дэслэгч жанжин Готовын Дамбаар 28/1938/ онд Байшинтийн долдугаар дивизийн дарга байхдаа хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагад элсэн орж Дамбын удирдлагаар тагнуулын ажлыг үйлдэж, өөрийн биеэр японы тагнуулын газартай харилцаа барьж байсан төдийгүй өөртөө хүлээсэн нууц үүргийг урвуулан ашиглаж, улс орныг батлан хамгаалах хүчинг бутарган хорлох зорилгоор ямар ч гэм  холбогдолгүй этгээд нарыг хэлсээр гүтгэн улс төрийн хэрэг холбогдуулан шийтгүүлж байсан хэмээн буруутган ялласан байна ”.              

Долдугаар дивизийн дарга байхдаа 1938 оны 7-р сард дивизийг шалгахаар очсон дэслэгч жанжин Г.Дамбын хувьсгалын эсэргүү байгууллагад элсэж, хорлон сүйтгэх ажил явуулж байсан гэсэн хэлс хэргийг түүнд тулган Дотоод явдлын яамны тусгай комиссын 1941 оны аравдугаар сарын 8-ны өдрийн  6-р хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, мөн сарын 11-ны өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэжээ.

Хожим түүний эхнэр асан Дариймаа дурсахдаа манайх Ж. Лхагвасүрэн жанжинтай нэг байранд /одоогийн Вьетнам элчингийн байр /  байсан: “Хүнийг бага гэхгүй аливаа зүйлд сургахыг их хичээдэг нийцтэй хүн байсан. Бид дарийн утаа үнэртсэн дайны талбартай танилцаж хэдэн жил амьдрахдаа ялалтын дараа ЗХУ-д амрахдаа эх орондоо элэг нэгт ах дүүсийн дайснаа дарж , дархан эрхээ байлдан олж эдлэн амар жаргалтай түвшин сайхан амьдрлыг авч ирсэн хувь заяандаа бахархан ёстой л жаргал гэдгийг амссан. Даанч богинохон амьдрал байждээ” гэж харамсаж байвч насан туршийн минь бахархал болсон анхны ханиа сэтгэл зүрхэндээ нандигнан улам бүр хайрласаар, харамссаар. “Би тэр хүний хажууд байж их юм сурч,ойлгож авсан. Баривчилгаа явагдаж эд хөрөнгийг хурааж авсны дараа гэрийн дотор үлдсэн эд зүйл,хувцас хунар эмх замбараагүй болсныг цэгцэлж байхад миний гар цүнхэнд байсан зүйлийг бүгдийг гаргаж хаясан байсан. Гэвч цүнхний буланд нөхрийн минь надад бэлэглэсэн “алтан зүүлт” үлдсэн байсан. Зүүлтээ амьдрахын эрхээр зах дээр гаргаж зараад гэр бусад зүйлийг худалдан авч Амгаланбаатарт нэг хэсэг амьдарсан билээ”. Гэх зүрх шимшрүүлмээр түүхийг өгүүлжээ.

 Дариймаа гуай Халхын голын дайны үед Байшинтад арын албанд шинэ үсгийн багшаар  ажиллаж, дайны дараа нийслэлийн сургуульд шинэ үсэг, латин үсгийн багшаар ажиллаж байсан боловсрол сайтай бүсгүйчүүдийн нэг байжээ.

Төрсөн дүү Начингийн Дарь асан: “Ахыг жанжин штабын дарга байхад би гэрт нь тусгай өрөөнд байдаг байсан. Би өрөөнд нь зоргоороо орж чаддаггүй бөгөөд хоол цайны цагаар нэг дороо цугларч хооллож ундалдаг  байсан.  Дүү Цэрэндорж нь Сүхбаатарын сургууль /офицерын сургууль/-д  суралцаж байхад хүүхдүүд нэг өдөр Цэрэндоржийн ах эсэргүү хэрэгт холбогдон баривчлагдсан гээд яриад байхаар нь ахындаа гүйгээд иртэл ахыг баривчлаад явсан байсан, дүү Дарь Ардын Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байгаад эсэргүүний үлдэгдэл хэмээн гадуурхагдаж хоёул нэг өдөр сургууль , ажлаасаа хөөгдсөн” гэж ярьцгааж байжээ.

1932 оны 7 дугаар сараас баригдахыг нь хүртэл Ж.Цэрэнгийн жолооч байсан Сүхийн Ваанчиг гуай бол Ж.Цэрэнтэй хамгийн сүүлд уулзсан ганц амьд гэрч “зайлуул хөөрхий царай нь цонхийж их ядарсан байсан даа” гэж ярьж байсан бөгөөд Халхын голын дайны эд үед нойр нь хайчсан юм бол гэхээр өдөр шөнөгүй, байлдаж байгаа ангиудаар явж  нийт бие бүрэлдэхүүнд байлдааны төлөвлөгөөг танилцуулж цагийн байдал, газар орны онцлогийн талаар зөвлөж байсан. Одоо бодохоор их шаргуу хүн байж дээ. Амь алдвал алдахаар юманд олон удаа орж байсан. Зөвлөлтийн танкчид дээр очоод буцаж явахдаа Япончуудад бөмбөгдүүлж золтой л үхчилгүй амьд гарсан.  Гэтэл даргыг маань дайн дууссанаас хойш барьчих нь тэр. Намайг хүртэл хамсаатан гэж баривчилж “суулгаад авсан”.

“Рэнцэн, Цэрэн хоёр холбоотой байсан уу, тэр хоёр яах гэж холбоо руу хамт явсан бэ? Цэрэн Дамбын хамсаатан мөн үү” гэж тулгадаг байлаа. Надад мэдэх юм гэж юу билээ. Нэг өдөр Цэрэн бид 2-ыг нүүрэлдүүлэв. Тэгэхэд Цэрэн,

- Та нар энэ жолооч цэргийг оролдоод яана? Бидэнд ямар юмны холбоо сүлбээ байдаг юм. Харин байлдааны үед үүргээ сайн гүйцэтгэсэн юм шүү!  гэж хэлж билээ. Хэдийгээр ядарч туйлдсан байсан ч хүний төлөө гэсэн үнэнч, шударга , хүн чанараа хадгалсан  дарга минь мэдүүлгээр удалгүй намайг хэрэгт холбогдолгүй гэж сулласан. Халх голын дайны үед МАХЦ-ийн бүх цэргийн комиссараар ажилласан  жанжин  Ж. Лхагвасүрэн түүнийг цагаатгахаас бүр өмнө “Өмнөд бүлэг дээр дивиз командлан захирагч Ж. Цэрэн ажилласан юм. Цэргийн ерөнхий сургууль төгссөн өндөр шаардлагатай шаргуу хүний нэг байсан юм хэмээн дурдатгалдаа бичжээ”. Одоогоос 50 гаруй жилийн өмнө судлаач түүхч Д. Гомбосүрэн, Да. Дамдиндорж нар МАХЦ халх голын дайнд жанжин штабын даргагүй орсон юм шиг бодол сэтгэгдэл хойч үеийнхэнд төрвөл төрхөөр урт хугацаа өнгөрөөд байхад Ж.Цэрэнг дурсахгүй байна хэмээн харуусан бичиж байсан бол өдгөө 80 жилийн босгон дээр үүх түүхийг сэргээн нийтийн хүртээл болголоо.

Ийнхүү Ж. Цэрэнг хилс шийтгэсэн нь тогтоогдож Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 31 тоот магадлалаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.

 Ж.Цэрэн гэх идэрхэн сайхан эрийг бас л хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн, хорлон сүйтгэгч, японы тагнуул гэх зэргээр зохиомол хэрэг тулган егүүтгэсэн. Гэвч өндөр төр нь буруугаа хүлээж цагаатган өмөөрсөн ч армийн уураг тархи болсон Жанжин штабыг удирдан Халх голын дайнд ялалт байгуулсан түүхийг нь сэргээн алдаршуулж мөнхжүүлээгүйн улмаас Халх голын дайны ялалтыг жанжин штабын дарга гүйгээр байгуулсан мэт бүдгэрчээ. Тэрээр 1908-1941 он хүртэл 33-хан жил өсөн торниж эрдэм боловсрол эзэмшин өрнөн жавхаажиж явсан идэр залуухан жанжин явахдаа дайсны шивээсэн сум , ширмэн бөмбөгний  өөдөөс сөрөн тэмцээд тэнгэрт халиагүй атлаа элэг нэгт ахан дүүсийнхээ гарт амиа алдсан нь юутай харамсалтай. Түүний удам судар үүх түүхэнд эх орондоо үнэнч явсныг илтгэх олон баримтаас зарим зүйлийг дурдахад ийм байна.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 12. 9:57
Үнэн хаана байна

Монгол улс түүнийг мартахгүй. Баатар эр Баатар чигээрээ мөнхөрдөг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]