Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дүүгээ өргөсөн алба минь"Уншсан7,439

-Анхныхаа үнаган мэргэжлээр хоёрхон жил Ерөөгийн САА-д (тэр үеийн нэрээр) ажилласан. Энэ мэргэжлээ хүндэтгэж явдаг. Анх цагдан сэргийлэхэд ороход минь гол түлхүүр нь болсныг би мартах эрхгүй.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд олон чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байх үед захиалагч, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан "Нүгэл буян" хэмээх сонины нэгэн ярилцлагыг онцолж байна. Ү.Хүрэлбаатар, Д.Энхбат нарын эрхлэн гаргаж байсан энэхүү сонинд 1994 оны нэгэн дугаарт нийтлэгдсэн "ДҮҮГЭЭ ӨРГӨСӨН АЛБА МИНЬ!" хэмээх Монгол Улсын гавьяат хуульч, зөвлөх профессор, доктор, цагдаагийн хурандаа Майдарын Батаевын ярилцлагыг та бүхэндээ хүргэе. 1994 онд М.Батаев дэд хурандаа цолтой, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга байжээ. Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.


ДҮҮГЭЭ ӨРГӨСӨН АЛБА МИНЬ

-Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Би 1950 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, ажилчин гаралтай, Архангайд бага дунд сургууль. Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум, ЗХУ-д ДЯЯ-ны дээд сургуулийг Ленинградад төгссөн. 1972 оноос эхлэн Цагдан Сэргийлэхэд орж эрүүлжүүлэх, баривчлах байрны дарга, Сэргийлэн хамгаалах байцаагч, орлогч дарга, даргын ажлуудыг хийж ирсэн.

-Уучлаарай, Батаев гэхээр нь буриад хүн гэж бодсон чинь та Архангайн хүн юмаа?

-Хүмүүс намайг буриад гэж боддог байх. Би цэвэр халх. Архангайд тэр үед уригдаж ажиллаж байсан буриад эмчийн гар дээр төрсөн юм гэнэ лээ. Тэр эмч надад нэрээ өгсөн юм гэсэн.

-Таны ажлын гол арга барил юу вэ?

-Нэгт, дэг сахилга. Сайн зохион байгуулалт хүчийг арав дахин өсгөдөг гэдэг. Мөн ч үнэн үг дээ. Дэг сахилга бол ямар ч ажлын гол "араг яс". Хоёрт, гүйцэтгэлийн хяналт. Гуравт, захирагдагсдын урмыг сэргээж, ажиллаж амьдрах нөхцөлийг хангах.

-Таны ажлын цагийн режим юу вэ?

-Цагдаагийн ажилтанд цагийн режим байдаггүй юм. Өглөө голдуухан 8 цаг 15 минутад ажил дээрээ ирнэ. Харих цаг баримжаагүй. Телевизийн мэдээ үзэхээр гэртээ яарч ирэхэд "аав өнөөдөр эрт ирлээ" гэж хүүхдүүд маань баярлацгааж байдаг.

-Хамгийн сүүлд цагаан сарын өдөр аав ээж хоёртоо хэдийд золгосон бэ?

-Би үүнийг ноднин л тооцож үзээд гутарсан. Би аав ээждээ цагаан сарынх нь өдөр очиж золголгүй 22 жил болж байхад аав минь уржнан өөд болсон. Ноднин 23 дахь жил дээр манай хамт олон "Та цагаан сарынх нь өглөө ээжийгээ ганцаардуулаад яахав очиж золго!" гэж намайг явуулсан. Ээждээ ноднин жил анх удаа цагаан сарын өдөр нь золгосон.

-Сайн ажиллахад ар гэрийн нөлөө их байсан нь мэдээж?

-Тэгэлгүй яахан. Миний эхнэр Сэвжидмаа гэж сайхан хүн бий. Би түүнийхээ л ачаар өдий зэрэгтэй яваа хүн.

-Цагдан сэргийлэхийн алба эр хүний шалгуур ажил. Байлгах хүнээ байлгадаг, байлгахгүй хүнээ байлгадаггүй нарийн шигшүүр ажилтай зууралддаг. Бид чинь алдаж онож, унаж босч л явдаг. Харин та дандаа “ногоон гэрэл”-ээр дэвшиж явжээ. Юу иймд хүргэсэн гэж боддог вэ?

-Мэдэхгүй. Даалгасан ажил үүргийг нь биелүүлэхийн төлөө чармайсаар л яваад байсан, нэг мэдэхэд л дэд хурандаа, газрын дарга болчихсон байна. Багадаа дэг журамтай, нямбай өссөн маань нэмэр болсон ч байж магадгүй.

-Та одоо аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, дуртай мэргэжлийнхээ сургуульд ороход бэлэн байгаа гэж бодвол ямар сургууль сонгох бол?

-Ялгаагүй би Цагдаагийн дээд сургуульд л саналаа өгнө. Би өөр ямар ч мэргэжлээ солихгүй.

-Хувийнхаа амьдралыг хэр тохижуулсан бэ, аминдаа машинтай юу?

-Алба, аминыхаа эрх ашгийг тэгш хангаж явахыг хичээдэг боловч энэ талаар хааяа зэм сонсдог. Аминдаа машин байхгүй. Уг нь нэг муу юм байснаа зарчихсан.

- Алба амины эрх ашгийг тэгш хангаж явах талаараа жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Алба ажил гэж зүтгээд хувийнхаа амьдралыг ор тас орхичихдог хүнийг би өрөөсгөл хүн гэж үэдэг. Ар гэр бол амьдрах орчин. Эцсийн эцэст хүн ар гэртэйгээ л үлдэнэ. Ар гэртээ л үлдэнэ. Бас албаныхаа ажлыг хоёрдугаарт тавьчихдаг хүнийг ч өрөөсгөл гэж үзэхээс аргагүй. Хүн энэ хоёр эрх ашгаа тэгш авч явах ёстой.

-Эмнэлгийнхээ мэргэжлийг бүр орхисон уу?

-Анхныхаа үнаган мэргэжлээр хоёрхон жил Ерөөгийн САА-д (тэр үеийн нэрээр) ажилласан. Энэ мэргэжлээ хүндэтгэж явдаг. Анх цагдан сэргийлэхэд ороход минь гол түлхүүр нь болсныг би мартах эрхгүй. Эмнэлгийн мэргэжил минь намайг сэргийлэхийн эрүүлжүүлэх албаар дамжиж өдий зэрэгт хүрэх хаалгыг нээсэн. Одоо гэртээ л эмч байх юм шив дээ.

-Сэргийлэхэд ажиллаж байхад тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал?

-Хоёр бий. 1978 онд хоёр цагийн өмнө надаас үүрэг аваад гарсан цагдаа Лувсанжамцыг архичин согтуу жолооч мотоциклтой нь дайрч алсан байсан. Газар дээр нь биеэрээ очиж ар гэрт нь би дуулгасан. Сэргийлэхэд ороод удаагүй байсан. Сэтгэлд минь маш хүнд, маш тод туссан. Түүний дүр, зан төрх нь сэтгэлд тод хоногшсон. Энэ цагдаагаа өрөвдөж харамсдаг. Дахиад ийм юм бүү тохиолдоосой гэж цагдаа нараа хайрладаг. Нөгөөх нь 1986 онд миний дүү Батхаан энд Сүхбаатар хотын гал командад дэслэгч цолтой салааны захирагч хийж байхдаа галын аюултай тэмцэж яваад шатаж амь насаа алдсан юм. Олон талт албаны осолтой төвөгтэй нэг алба үүрэгт би дүүгийнхээ амийг өргөсөн хүн. Мэдээж гомдолтой ч харамсалтай ч байсан. Гэлээ ч миний дүү улс нийгмээ аюулаас аврахын тулд амиа өгсөнд нь бахархаж явдаг. Үнэгүй үхэл зөндөө л байна шүү дээ. Миний дүү хүндтэй л өнгөрсөн. Дараа жил нь дахиад нэг дүүгээ гал командад оруулсан. Ийнхүү цагдаагийн байгууллагад дүүгээрээ "сор залчихсан" минь миний амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлын нэг ээ.

-Санаанд хүрэхгүй ажил юу вэ?

-Санаанд хүрч байгаа ажил цөөхөн. Мөрдөн  байцаалтын ажил, Зүүнхараагийн цагдаагийн хэлтсийн хэрэг илрүүлэлт сүүлийн хоёр жилд ноцтой доголдлоо, жижүүрүүдийн алба сэтгэлд хүрэхгүй байна.

-Ажилд саад болдог зүйд?

-Олон бий. Амьдралд нийцэхгүй баахан хуулиуд гарлаа. Хэрэгжүүлэх хүмүүс нь зовох юм байна шүү дээ. Эргэж харж засна ч гэж байхгүй, төр их хөшүүн байна. Шүүх гэмт хэрэгтэнд ногдуулах ялын бодлогодоо алдаад байх юм. Бид нэр нүүрээ барж, үлсын өч төчнөөн хөрөнгө урсгаж байж, хүч цагаа зарсан хөдөлмөрөөр нэг олиггүй этгээдийг шүүхэд арай гэж шилжүүлэхэд хэд хоногийн дараа тэнсэн торгууль мэтхэнээр гарчихсан дахиад бүүр хашир аргаар хэрэг үйлдээд явж байна. Хууль л шударга байх ёстойсон. Өөрсдийгөө хамгаалдаг цагдаагийнхаа ажилд туслахын оронд эсрэг хандаг иргэдииг би сайн ойлгодоггүй. Цагдаа бол төриин албадлагын аппарат. Гэтэл согтуу танхай этгээдэд "гар хүрэхийг" зөвтгөдөггүйд нь гайхдаг. Засгийн цагдаагийн шаардлагыг хаана ч хэзээ ч ямар ч албан тушаалтан эрх мэдэлтэн үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Хэрэв эсэргүүцвэл албадлага хэрэглэнэ. Албадлагаас учирсан хохирол гэмтлийг цагдаа хариуцахгүй. Төр ч хариуцахгүй. Төр цагдаагаа эсэргүүцэгч, дэг хуүлиа зөрчигч гуай өөрөө хариуцах учиртай. Элийртлээ согтож яваад эрүүлжүүлэхэд ирээд үхсэн болгоныг цагдаад хариуцуулах эсвэл цагдааг харддаг байх юм бол татан буулгах хэрэгтэй. Архи бараашганд бие нь нэвчсэн нус цусаа гоожуулсаар өмхий үнэртүүлж ирдэг хүн хогуудгай бид дуртайдаа ноцолдож суугаа улс биш. Цагдаа бол аргадагч, сэнхрүүлэн дүрэмдэгч биш. Үүнийг хууль хэрэгжүүлэгчид ч, төр түшигчид ч ойлгодоггүй. Өнөөдөр цагдааг их хэлмэгдүүлж байна.

Батаевын цагдаа нар хүн их зоддог гэдэг гэнэ лээ. Зодуулахгүй явья гэвзл цагдаад өртөхгүй явах хэрэгтэй. Цагдаад өртөхгүй явья гэвэл хууль зөрчихгүй, хэн нэгэн иргэнд маань хор хүргэхгүй, хэт согтохгүй мөрөөрөө явах хэрэгтэй. Эцэст нь цагдаагийн шаардлагыг эсэргүүцэхгүй байх хэрэгтэй. Эсэргүүцвэл төрийн албадлага хэрэглэх л болно. Хохирлыг бид хариуцахгүй. Ямар ч орны цагдаа тийм л байдаг.

-Хамгийн их хүсдэг юм?

-Төр, хожуу ч гэсэн цагдаагаа цагдаа болгож эрх хэмжээг нь өгөөсэй.

-Таны хүндэлдэг хүмүүс?

-Анхныхаа дарга нарыг мартдаггүй. Намсрайжав хурандаа, Намнан хошууч, Баасандорж дарга гээд надад цагдаагийн албаны хүний шинж төрхийг үзүүлж үнэмшүүлсэн дарга нараа хүндэлж явдаг даа. Бас сайхан хамг олноосоо сурч тэднийгээ хүндэлж явна.

-Хүүхдүүд чинь таны мэргэжлийг өвлөх болов уу?

- Мэдэхгүй. Охин маань УБИС-ийн монгол хэлний ангид сурдаг. Тэр хүртэл радиогийн сурвалжлагчид цагдаагийн ажилтан болох хүсэлтэй байсан гэж ярьсныг нь радиогоор сонссон. Сонирхол, хүсэл байдаг байх аа?

-Хамгийн их баярласан юм. Одон медаль, дэд хурандаа цол шагнахад мэдээж баярласан байх?

-Амьдрал дунд урсч яваа юм хойно баярлах, гуних хосолж л явах нь мэдээж. Шагнал гээч юм чинь та бид хоёрын хувьд азгүй зүйл биз ээ. Тухайлбал би таныг мэдэхийн хувьд хоёр зүйл асууя л даа. Та 26 жил ажилласан, танд одон бий юу?

-Байхгүй.

-Байхгүй. ”Онц сэргийлэгч” тэмдэг?

-Байхгүй.

-Та өөрөө дэд хурандаа цол аваад баярласан уу?

-Огт үгүй. Унжиж, боогдож байж ирсэн болохоор нь "өгөхгүй байх нь яагаав?" гэсэн шүү юм бодоод, хошууч цолоо тэр чигт нь сар гаруй зүүсэн.

-За тэгвэл та бид хоёр яг адилхан улс. Цол шагналын одгүй хүмүүс гэж байдаг Тэгэхдээ үнэнч ажилласаар л ирсэн шүү дээ. Тааруухан даргатай байх юм бол нэгж удирдсан дарга нар голдуухан хоосон хоцордог. Шагнал авахад сайхан шүү дээ. Харин хэн нэгнийг ялгаж хоцроох нь үнэнч хүмүүсийнхээ сэтгэлд ус хийдэг. Одоо ч шагналын нэр хүнд унаж дээ. Дээр үеийн цэргийн хугацааны одон медаль чинь цэрэг цагдааг ажил дээр нь уяж, сахилгажуулж ахмад хүмүүс маань бахархах юмтай насандаа гарч сэтгэл өег хойд төрөлдөө очдог байсан

Одоо хязгаарын цэрэг, хуяг, цагдаад өөдтэй хүн тогтохгүй байдаг нь аргагүй шүү дээ. Цалин хувцас гээд ер нь урам торгоох юм алга болж шүү дээ. Энэ бол төр засгийн алдаатай бодлого. Дээрээ цэрэг цагдаа тагнуулын албаны мөн чанар бэрхшээлийг мэддэггүй хүмүүс гарчихаар дороо хэцүү байдаг юм байна.

Зүүнхараад манай банкны цагдаа Батсүхийг буудаж алаад банк тоноход яав? Гэмтнийг шийтгээд илрүүлсэн хүмүүсийг шагнаад л гүйцээ. Алагдсан цагдаад минь төр засаг "Шударга журам" ч өгчихөөгүй хохь нь болоод л хоцорсон. Энэ бол харалган л бодлого. Будагтай алгын чинээ төмөр, цагдаагийн аминаас үнэтэй аж. Харин би өнгөрсөн өвөл том шагнуулсан юм. Үс сормуус нь цантсан өвгөжөөр жолооч орж ирээд "Хүү минь, дандаа гэрэлтэй байдаг танай гурван цонхыг хараад биднийг найдвартай хамгаалж байна даа гэж бодож баярладаг шүү" гэж билээ. Ойрын хэдэн жилд баярлаагүйгээ баярласан. Энэ иргэд чинь бидний ажиллаж байгааг бас харж мэдэрч дүгнэж байдаг байх нь ээ гэж баяссан. Энэ бол том шагнал, их урам.

-Хамгийн их тусалдаг хүмүүс?

-Аймаг сумын засаг дарга нар манай ажилтнуудад тусалдаг түшиг нь болжээ. Зарим нь хэсгийнхээ төлөөлөгчид машин аваад өгчихсөн нь бусдыгаа атаархуулж явна. Тийм засаг даргатай газар чинь манай төвийн аль л өөдтэй ажилтныг маань дуртай цагтаа булаах нь байна шүү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]