Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зуутын ногоонд мөнхөрсөн "Прометей"Уншсан4,993

Харин ч үгүй шүү. АНУ-ын 100 долларын дэвсгэр дээрх тэр өвгөн чинь АНУ-ын Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй гэдгийг яагаад ч юм олон хүн мэддэггүй байна.

Нийтлэлч Чалчаа саарал Бенжамин Франклины тухай.

Энэ дэлхийн хүмүүс дотроос хамгийн алдартай хоёр хүнийг нэрлэ гэвэл чухам ямар хүнийг нэрлэх бол? Хариулт нь маш энгийн.

АНУ-ын 1 долларын дэвсгэртэд байх Жорж Вашингтоныг бараг хүн болгон л тус улсын анхны Ерөнхийлөгч гэдгээр мэдэх бол харин 100-тын доллар дээр байх Бенжамин Франклиныг “Энэ сайхан өвгөн чинь хэд дэх Ерөнхийлөгч нь билээ” гэж толгойгоо маажихаас цаашгүй. Ингэж хэлэх нь ч аргагүй буюу АНУ-ын бүх л долларын дэвсгэрт дээр янз бүрийн үеийн Ерөнхийлөгч нар байдаг хойно...

Харин ч үгүй шүү. АНУ-ын 100 долларын дэвсгэр дээрх тэр өвгөн чинь АНУ-ын Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй гэдгийг яагаад ч юм олон хүн мэддэггүй байна. Магадгүй АНУ-ын хамгийн том мөнгөн дэвсгэрт дээр байгаа болохоор тэр байх. Тэгвэл энэ хүн ямар гээч гавьяатай хүн болоод энэ хорвоогийн хамгийн “сайхан мөнгө” дээр дүрээ мөнхлүүлсэн хүн юм бол? Цахилгаан зайлуулагч, газардуулагч хийсэн учраас тэр.

Бенжамин нь зүгээр ч нэг мундаг улстөрч байсангүй. Тэрээр АНУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч том удирдагч нарын нэг, АНУ-ын төр улс бүрэлдэн тогтох суурь болсон гурван бичигт (Үндсэн хууль, АНУ-ын тусгаар тогтнолын деклараци, 1783 оны Версалийн энхийн гэрээ) гарын үсэг зурж байсан хүн бөгөөд улс төрөөс зав чөлөөтэй байх үедээ нийтлэлч, зохиолч, зохион бүтээгч, эрдэмтэн, сэтгүүлч, Масоны гишүүний ажлаа хийж явсан нэгэн гэдэг. Энэ хүний улстөрчийн амьдралыг ярилгүй зөвхөн эрдэмтэн зохион бүтээгч байсных нь тухай хэдхэн үг хэлье.

Дээр цахилгаан зайлуулагч хийсний учир зуун долларын дэвсгэрт дээр мөнхөрсөн гэдэг нь мэдээж наргиа боловч энэ хүний хийсэн, анх бодож олсон цахилгаан зайлуулагч нь тухайн үедээ шинжлэх ухааны мундаг том ололт байлаа. Аугаа их гүн ухаантан Иммануил Кант нь Франклиныг ийм зүйл хийсэн гэдгийг сонсоод “Энэ хүн бол тэнгэрээс гал авчирсан шинэ үеийн Прометей” хэмээн дуу алдаж байжээ. “Шинэ Прометей” маань тэнгэрээс зөвхөн гал авчраад зогссонгүй, түүнийг удирдаж, хянаж чаддаг болгосон хүн юм. Урьд өмнө аянга цахилгаанаас болж өч төчнөөн хүн үхэж, байшин сав шатаж байхыг тэнгэрийн гэсгээл шийтгэл л гэж хүлээж авдаг байсан бол Франклинаас хойш энэ нь жирийн нэг байгалийн үзэгдэл төдий зүйл болон хувирсан билээ. Энэ утгаараа Франклин нь Прометей (эртний Грекийн бурхан, тэнгэрээс гал хулгайлан хүн төрөлхтөнд өгснийхөө төлөө хаданд гинжлэгдэж, шувуу элгийг нь нь тоншдог байсан гэх тэр домгийг санаж байгаа биз) төдийгүй бас Данко (Горькийн зохиол. Ард түмнийхээ төлөө зүрхээ суга татан гарган ирж харанхуй замыг зүрхээрээ гэрэлтүүлсэн баатар) нараас ер дутуугүй хүн.

Чухам ийм учраас Франклиныг зуутын долларын дэвсгэрт дээр "мөнхөлсөн” хэмээн тоглоом наадам хийдэг тухай бичсэн билээ. Магадгүй энэ нь үнэндээ тоглоом наадам биш байж ч болох юм. Бенжамин зөвхөн аянга зайлуулагч хийгээд зогссонгүй. Тэрээр камен зуух гээчийн орчин цагийн хувилбарыг бий болгосон, цахилгааны туйлын тухай олон чухал нээлт хийж байсан учраас Си системд нэгж цахилгаан энергийн цэнэгийг Франклины нэрээр нэрлэдэг болсон гээд хэлж ярих зүйл бас олон бий билээ.

Энэ хүн Америкийн ард түмний хамгийн хайртай хүмүүсийн нэг байжээ. Улстөрчид хүний хайр татах нь бараг л гаж үзэгдэл шахам байдаг бол Франклиныг ард түмэн бараг тахин шүтэж байсан нь түүний зохион бүтээгч, хэвлэн нийтлэгч байсантай холбоотой. Энэ хүнийг нас барах үед АНУ даяар хоёр сарын гашуудал зарлаж (нөгөө Солонгосын Кимүүд талийгаач болоход хэдэн сарын гашуудал зарлаж байлаа?), оршуулгын ёслолд 20 000 хүн оролцож байсан, АНУ-ын түүхэнд өөр ямар ч хүнийг ингэж хүндэлж, ёсолж байгаагүй гэдэг нь багагүй юм хэлж өгч байгаа хэрэг.

Ингээд нийтлэлч Франклины алдартай афоризмуудаас эш татвал,

  • Хүн юу иддэг вэ? Амандаа хийж байгаа биш харин боловсруулан шингээж байгаа тэр юмыг л иддэг
  • Хэрвээ цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цаг дэмий өнгөрөөх гэдэг хамгийн үрэлгэн явдал байх нь
  • Чамайг үхсэний дараа хүмүүс бүү мартаасай гэж хүсэж байгаа бол сайн ном бичих юм уу ном сэтгүүлд бичигдэн үлдэх сайн, баатарлаг үйл хий
  • Цаг бол мөнгө
  • Муухан засаг захиргааны хөвөөгөөр таагүй зүйл л хөвж байдаг (нөгөө б**с усанд живдэггүй гэдгээс гарсан санаа)
  • Хэн илүү юм худалдаж авна, тэр дараа нь хамгийн хэрэгцээтэй зүйлээ зарах болно
  • Жижиг зардалд хамгийн болгоомжтой хандаж байгаарай, хөлөг онгоцонд гарсан хамгийн жижиг нүх уг онгоцны живэх шалтгаан болдог юм шүү
  • Бүсгүйн дутагдалтай талыг мэдэхийг хүсвэл найз бүсгүйчүүдэд нь түүнийг магтан ярь.
  • Яршиг төвөг болсон, байнга ирдэг ядаргаатай зочноос салахыг хүсэж байгаа бол хүссэн мөнгийг нь зээлээр өгчих
  • Найз нөхөд сонгох гэж яарах хэрэг огт үгүй. Түүнийгээ солих гэж бүр ч яарах хэрэггүй
  • Хүн урт наслах хүсэлтэй бол идэх хугацаа, хэмжээгээ багасга
  • Мөнгө бүхнийг чадна хэмээн ярьж байгаа хүн нь өөрөө мөнгөний төлөө юу ч хийж чадах хүн байна
  • Байхгүй байгаа хүн л дандаа буруутан болдог
  • Харах ч амархан, харин урьдчилж харах л хэцүү дээ
  • Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ
  • Уураар эхэлсэн зүйл ичгүүрээр дуусна
  • Том хүн өөрөө өөрийгөө л сүйтгэдэг билээ.

Харин одоо хамгийн алдартай нь

  • Өнөөдөр хийж болох юмыг маргааш гэж бүү хойшлуул
  • Гурван нүүдэл нь нэг түймэртэй адил хохиролтой
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]