Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үүргээ гүйцэтгээгүй цаазын тавцанУншсан20,480

Жон Ли хэмээх дээд хэмжээтэй эрийг гүйцэтгэх өрөөнд авчрах үед ламтан тосож ирэн нүглээ наманчлах хүсэл байгаа эсэх талаар асуужээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.


Энэ явдал 1885 онд Английн нутагт болсон гэдэг.

Жон Ли хэмээх дээд хэмжээтэй эрийг ялыг нь гүйцэтгэх өрөөнд авчрах үед ламтан тосож ирэн нүглээ наманчлах хүсэл байгаа эсэх талаар асуужээ. Өнөөх нь ч хариуд нь “удахгүй эргээд уулзах хойно тэрүүгээр яахав” гэж хэлж.

Гайхсан ламтан ялтныг дагасаар тавцан дээр гарч амандаа мэддэг маань мэгзмээ уншиж эхэллээ. Энэ үед ял гүйцэтгэгч эр Жоны гарыг хүлж, толгойд нь цагаан даавуу угласан ба шүүхийн төлөөлөгч тэнд аймшигт ялын тогтоол уншаад жигтэйхэн. Цаг боллоо. Нөгөө ертөнцөд одох цагаа хүлээсэн хүнтэй цуг гурван хүн тавцан дээр байх ёстой бөгөөд хуулийн дагуу ямар хүмүүс хаана яаж зогсохыг хүртэл заасан. Тэд ч байр байраа эзлэн зогссоны дараа шүүхийн төлөөлөгч дүүжлэх дохио өгөхөд туслагч нь ялтны хөл доорхи нүх онгойлгох оньсыг татлаа.

Энэ нүх огцом онгойход ялтан доош унахдаа тэр дороо нөгөө ертөнцөд одох зориулалттай байв. Гэтэл энэ удаа тавцангийн нүх онгойсонгүй. Гайхсан нөхдүүд хэсэг нэг нэгнийгээ харснаа дахин оньсыг татлаа. Мөн л адил.

Ялтны толгойд угласан даавууг авсны дараа тавцан дээрх бүх л хүмүүсийг буулгаад оньсыг шалгаж үзэхэд ямар ч анхаарал татах юм байсангүй. Оньс ном ёсоороо ажиллаж, нээгдэх нүх ч огцом хүчтэй нээгдэж байв.

Ялтны толгойд дахиад л даавуу углаж, ялыг гүйцэтгэх ном журмын дагуу бүхнийг хийгээд оньс таттал дахиад л байдаггүй. Хүмүүсийг буулгаж байх үед ламтан “хөөрхий амьтныг бурхан өршөөж байгаа юм биш үү” гэж уйлах дуулахын завсраар үглэсээр байлаа. Гүйцэтгэгчид ёстой хөлсөө гоожуулан үзсээр. Юу ч олсонгүй. Аргаа барсан шүүхийн төлөөлөгч өөрөө ялтны байранд зогсож байгаад олсноос гараар дүүжлэгдэн оньс татуулахад нүх яг таг онгойж байлаа. Найдвартай нь дээр гээд дахиад үзэхэд дахиад л бүх юм жин тан.

Жон Лиг гурав дахь удаагаа тавцанд гаргах үед ламтан нүдээ тас аньчихсан маань мэгзмээ чанга гэгч уншиж байлаа. Чимээ аниргүй болсон яг энэ үед ялтан гэнэт зөөлөн дуулж эхэлжээ. Энэ дуу нь ямар нэг юмнаас салж хагацах тухай биш харин ч сайн сайхан ирээдүйн тухай дуу байв.

Тоглоом наадам дууслаа, одоо бүх зүйл номоороо болох ёстой, болох ч болно гэж үзсэн  шүүхийн төлөөлөгч сүртэйхэн байдлаар дүүжлэх дохио өгөхөд туслах ч огцом гээч оньс таттал... байдаггүй. Хэн ч юу ч дуугарч чадахгүй хэчнээн хугацаа болсон юм бүү мэд, ялтан эр л битүүхэн инээж байгаа чимээ сонсогдож байв.

Шүүхийн төлөөлөгч дахин оньс татахыг шаардаж туслах хичнээн ч удаа юм бүү мэд татаад татаад юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо яах ч аргагүй болсон нөхөд ялтныг хорих байр руу явуулахаас өөр шийдвэр гаргаж чадсангүй. Гэхдээ энэ тавцанг хийсэн гарын дүйтэй хоригдолд их учир байж болох юм гэж сэжиглэсэн шүүхийн төлөөлөгч тэр даруй хоригдлыг дуудан авчирч байцаахад нөгөө нөхөр ч юу болоод байгааг ойлгохгүй байна гэжээ. Дахиад л шалгаж үзэхдээ шүүхийн төлөөлөгч ч тэр, тавцан барьсан хоригдол ч тэр дүүжлэх олсноос зүүгдэж байгаад оньс татуулахад зүв зүгээр онгойгоод л байлаа.

Жон Лиг хорих өрөөнөөс дахин гаргах үед шорон даяар бөөн шуугиан. Энэ нөхрийг цаазлах гээд гурван удаа оролдоод бүтээгүй, дөрөв дэх удаагаа үзэх гэж байна гэдгийг шоронгийнхон бүгд мэдсэн учир ингэж шуугилдах нь ч ойлгомжтой. Харин Жон Ли тайван сайхан алхсаар тавцан дээр ирлээ.

Айж сандарсан албаны нөхдүүд яаж ийж байгаад хийх ёстой зүйлээ хийсэн болох тэр үед ламтан бараг л ухаан алдах шахсан, амь голтой төдий амьтан. Тэрээр чичирсэн дуугаар “дахин нэг удаа гайхамшиг үзүүлээч бурхан минь” гэж шивнэсээр. Дохио өглөө, оньс татлаа...

Инээд алдан зогсох Жон Лиг тавцан дээрээс буулгаж байх үед шүүхийн төлөөлөгчийн нүүр царай гэж дүүжлүүлсэн юм шиг хувхай цайж, амьдын шинжгүй болсон байв. Тэрээр хоригдлыг буцааж өрөөнд нь хийчихээд шоронгоос зугтах шахан явсан бол харин ламтан сөхрөөд суучихсан бурхны ач ивээлд талархаж байгаагаа нус нулимстайгаа хутгалдан үглэж байжээ.

Энэ явдлаас хойш хэдэн хоногийн дараа Лигийн ялыг бүх насаар хорих болгон өөрчилсөн ба 22 жилийн дараа бүр өршөөж шоронгоос сулласан байна. Жон эрүүл энх амьдарч байгаад 1943 онд насан өндөр болон амьсгаа хураажээ. Энэ хүний амьд үлдсэн шалтгаан нь ямар нэг бурхан, чөтгөртэй огт хамаагүй байсан тухайгаа Ли хожим ярьсан гэдэг. Түүний хэлснээр бол цаазын тавцан хийсэн эр ламын зогсох ёстой газрын банзыг ганцхан см дутуу хийсэн ба лам дээр нь зогсох үед тавцангийн оньс гацаж онгойхгүй байхаар тааруулсан байж. Хуулийн дагуу лам тэнд заавал зогсох ёстой учир... Өч төчнөөн шалгаад байхад зүгээр байсан оньсны учир энэ.

Энэ явдлаас хойш Англид хоригдол хүмүүсээр цаазын тавцан болон түүнтэй холбоотой бусад зүйл бэлдүүлэхийг хуулиар хорьсон гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]