Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Г.Бирваа: Ламын гэгээний долоон дүрийн товч түүхУншсан3,869

Ламын гэгээн шавь 300 шахам жил (1639-1937) оршин тогтнох хугацаанд тодорсон долоон дүрийн түүхийн товч ийм байна. Гэгээн шавь нь Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь сум бүхлээрээ, Эрдэнэцогт сумын ихэнх, Шинэжинстийн хагас буюу зургаан сум гаруй нутаг эзэмшсэн хүн, мал олонтой их том шавь байв.

Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсны "Эх орон гэдэг эцэг эхээс улбаатай" дурсамж ном-оос 

БӨХСӨН ЗУЛЫН ТУХАЙ

(Сэтгэлдээ сэргээн амилуулсан зураглал)

Ламын гэгээний шавийн ард түмний оюун ухаан, уран гар, шургуу хөдөлмөрөөр буй болсон Ламын гэгээний хүрээ нь монголын соёл урлаг, шарын шашны нэг төв болж, сүсэгтэн олноо буянт үйлс бүтээхэд уриалан сэтгэл санааг ариусган баярлуулж 300 шахам жил оршин тогтнож байгаад газрын хөрснөөс ул мөргүй болтол арчигдаж, зөвхөн түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. Энэ гайхамшигт хүрээ байгуулагдсан, хэрхэн устсан тухай залуу халаа дүү нартаа бага ч болсон танилцуулах, соёл урлаг, судлаач нарт санаа авахуулах зорилгоор энэ дурсамжийг бичлээ.

Би түүхч, сурвалжлагчийн алин ч биш, гэвч би Ламын гэгээний хүрээнд зургаан настайгаасаа арван хоёр нас хүртэл сууж байсан, хорин нэгэн нас хүртэл буюу ид залуу зандан насандаа жинхэнэ малчин ардын дунд өсөн бойжиж, тухай үеийн үйл явдлыг яс, мах, цусандаа шингээсэн өөрийн өвөө, эмээ, тэдний үе тэнгийн өтгөсүүдийн сургамж, хуучлан хүүрнэсэн буурал шашдир сонсож, түүнчлэн тэдний дараа үе миний аав, ээж, тэдний үе тэнгийн ахмад хүмүүсийн яриа дурсамжийг сонсож өслөө.

Энэ бүхнээс оюун ухаанд минь түүх болон үлдсэн мэдлэг, нүдээрээ үзэж барлаж үлдээсэн уран зураглал, чихээр сонсож сэтгэл зүрхэнд шингэсэн яруу эгшиглэн нь насан үүрд мартагдахгүй дурдатгал болж үлдсэний дээр Ламын гэгээний хүрээнд шавилан сууж Нүвлэн дацангийн умзад байсан өвгөн Юндэнбат (одоо Ламын гэгээний хурыг дахин сэргээсэн сүмийн хамба лам), гайхамшигт туурийг одоо хүртэл сахин суугаа өвгөн Чүлтэм, мөн хүрээний Диваажин дацангийн умзад байсан Дорж, өвгөн буурал Содномдагва, залуу судлаач Юндэнбат нарын зэрэг Ламын гэгээний хүрээний амьд түүх болсон хүмүүсийн ярианаас олж мэдсэн зүйлүүддээ тулгуурлан доорхи дурсанжийг бичлээ.

Монгол орон бутран сарниж, бага хаад, хаан ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж, улс орон хямарч байсан, нөгөө талаас шарын шашны нөлөө улам газар авч дэлгэрч байсан 17 дугаар зууны дунд үе буюу 1639 онд Сайн ноён хан аймгийн Онохуй үйзэн ноёны ач Эрх зүйхорын гэрт Ламын гэгээний анхны дүр(гэгээн) Лувсанданзанжанцан төржээ. Түүхнээ “Ханчинчойгял” гэж алдаршжээ. 1662 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Бөөрөлжүүт”хэмээх газар Ламын гэгээний хийд анх байгуулагдсан байна.

Ламын гэгээний анхдугаар дүр Ханчинчойгял шашны эрдэмд суралцахаар Төвдөд очиход Өндөр гэгээн Занабазар тэнд суралцаж байсан тул энэ хоёр гэгээнтэн хар багаасаа их дотно болсны дээр хоёулаа их эзэн Чингис хааны удам угсааны ах дүүсийн хүүхдүүд байжээ. Ламын гэгээний анхны дүр Ханчинчойгял шарын шашны ном эрдэмд суралцаж нутагтаа ирээд өөрийн хийддээ их бага таван ухаанд суралцах, судлах сургуулийн анхны суурийг тавьжээ. Шарын шашны ном, эрдэмд гарамгай суралцсан их эрдэмтэн Ламын гэгээнд Өндөр гэгээн 1669 онд “Эрдэнэбандид”, 1695 онд Монголын шарын шашны тэргүүн Богдоос “Хамба Ханчинчойгял” цол тус тус шагнасан байна. 1690-ээд оны үед Ламын гэгээний хийд нүүж “Бийрийн нуур” хэмээх газар түр байрлаад тэндээсээ 17 дугаар зууны эцсээр нүүж “Баянзүрхийн хотгор” хэмээх газар суурьшжээ. Энэ нүүдэлтэй уялдан ардын домог хүртэл зохиогдож байжээ.

Үүнд: Өндөр гэгээн, Заяын гэгээн, Ламын гэгээн гурав хангай говийн заагт сайхан газар олж хүрээ байгуулахаар Сайн ноён хан аймгийн нутгаар аялал хийж яваад дөрвөн талдаа уултай, зүүн талын уулын ар нь бурханы найман тахил шиг найман төгөл модтой их элбэг цэнгэг устай булагтай, өмнө зүгт нь 200 гаруй км алсад орших их Богд уул (4000м) үлгэрийн юм шиг цэнхэртэн харагддаг “Баянзүрхийн хотгор” буюу “Шар нохойн шанд” хэмээх сайхан газар хүрээ байгуулъя гэж тохиролцон, аягануудаа дээш нь харуулж тавиад хоноглоё, хэний нь аяганд ус дүүрсэн байна тэр нь энд хийд байгуулъя гэж тохирчээ.

Ламын гэгээн шөнө сэрээд харсан чинь Өндөр гэгээний аяганд ус дүүрсэн байсныг өөрийнхөө аягаруу хийчихжээ. Үүнийг нь Өндөр гэгээн харсан боловч Ламын гэгээний чин хүслийг хүндэтгэн чимээгүй өнгөрсөн гэнэ. Өглөө босоод харсан чинь Ламын гэгээний аяганд ус дүүрсэн учир Ламын гэгээний хийдийг энд байгуулах болсон юм гэнэ. Харин Өндөр гэгээн Ламын гэгээнд хийдийнхээ лам нарыг их хатуу сахилга баттай байлгаарай гэж зориуд захисан юм гэнэ билээ. Өндөр гэгээний захисан ёсоор Ламын гэгээн өөрийн шавь лам нараа их хатуу сахилга баттай байлгахын тулд зориуд Төвдийн шашны нарийн чанд хатуу ёс заншлыг авч өөрийн хийдээ төвдийн дэг жаягтай болгосон юм гэсэн домог гарсан түүхтэй байна.

Олон газар ижил төстэй олон жижигхэн хийдүүд байгуулагдаж байсан үед цоо шинэ дэг жаягтай дорвитой том “хүрээ” байгуулах нь тухайн нийгмийн шаардлага байсан нь лавтай. Энэ домогт өгүүлэгдсэн үйл явдал болж байсан үе 1703 онд Ламын гэгээний 1 дүгээр дүр “Ханчинчойгял” таалал төгсжээ. Үүнээс хойш 11 сар болсны дараа Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны Бандид Поврон хэмээх хүний хүү Лувсанданзанванчинбалбар 2 дугаар дүрд тодорсон бөгөөд түүхнээ “Буурал дүр” гэж алдаршжээ.

Энэ дүр нь төрөлхийн хар ухаантай гэгээнтэн байсан тул анхдугаар дүр суурийг нь тавьсан их, бага таван ухааныг улам хөгжүүлж, хийдээ нэг газар суурьшуулан тухайн нийгмийн хөгжлөөс урган гарч байгаа шаардлагад нийцүүлэн хүрээ болгон өргөжүүлэн, хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж байлаа. Яг энэ үе 1737 онд Монголын шарын шашны тэргүүн Богд гэгээн Манжийн хаан хоёр Ламын гэгээнийг тамгатай хутагтад өргөмжилж, Сайн ноён хан аймгийн хошуудаас айл өрх нэмж өргөсөн. Тамгатай хутагтад өргөмжлөгдсөн гэгээнтэн их хүндэтгэл олж, аливаа ажил явуулах эрх мэдэл нь өргөжиж, гэгээн шавийн харъяа ардууд албан татвар төлөх, цэргийн алба хаах, өртөө хийхээс чөлөөлөгддөг болжээ.

Энэ завшааныг ашиглан Буурал дүр манжийн хаанд өргөх бичиг барьж, Ламын гэгээний хийдийг Баянзүрхийн хотгорт сууришуулан сүм дуган бариулж, хурал ном хурах, хуврагийн тоог нэмэгдүүлэн хүрээ болгох хүсэлт тавьжээ. Үүнд Манжийн хаан Ламын гэгээний анхны дүр Ханчинчойгял нь Манжийн эсрэг тэмцсэн Галдан бошигтод сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэн манжийн эсрэг тэмцэж байсан уламжлалтай, нөгөө талаар хүн, мал олонтой, газар нутаг арвинтай гэгээн шавийн харъяат нар нэг дор бөөгнөрч суурьшихаар, соёл дэлгэрэн хүмүүсийн эх оронч үзэл нэгдэн манжийн эсрэг хөдөлгөөн өрнөж магадгүй гэж болгоомжилж, зөвхөн 4 дугантай 40 ламтай Дэдлэн хийд байх зөвшөөрөл өгч, өгсөн зарлиг хэрхэн хэрэгжиж байгааг 5 жилд 1 удаа шалгаж байх болжээ.

Үүнд Буурал дүр Дэдлэн хийдийн 4 дуганаа нэлээд том хэмжээний бариулсны дээр дагуул сүмүүд хэд хэдийг бариулсан, 1745 онд дотор зай нь 44х44 буюу 1936 ам дөрвөлжин метр талбайтай, оройдоо 3 давхар бөгөөд мянган лам багтах том “Чогчин” дуганыг бариулж, хурал номоо хуруулах болсон түүхтэй. Энэ хугацаанд манжийн хааны шалгах түшмэл ирж байсан нь мэдээж, гэвч манжийн шалгах түшмэл ирэхийг урьдаас мэдэж, угтах хүнийг зориуд эрт явуулж манжийн түшмэлийн зан араншинг урьтаж судлаад мэдээ ирүүлдэг, Ламын гэгээний нутагт орж ирүүт маш их хүндэтгэл үзүүлдэг, хүрээнд ирэхэд нь их ёс төртэй угтаж аваад дээд зэргийн хүндэтгэлийг илэрхийлэн шижир алтан тойгон ембүү 1, 50 лангийн мөнгөн ембүү 1, гурван алд баранзад хадаг нэгийг барьж түшмэдийг байх хугацаанд нь дураар нь байлган зочлоод буцаадаг байсан бөгөөд тэр их бэлэг авсан түшмэл манжийн хаандаа зарлигт заасан хэмжээнд хурал номоо хурж байна гэж мэдүүлдэг байжээ гэсэн домог гэгээн шавийн ардын дунд яригддаг, энэ домог ортой болов уу.

Манжийн хааны түшмэлийг аргалах нарийн арга нэгэнт сурсан учир хийдээ хүрээ болгон өргөтгөх ажлыг маш идэвртэй явуулж Дацангуудын дуганыг ээлж дараалан бариулж байжээ. 1746 онд Шарлин дацангийн дуганыг бариулсан байна. 1762 онд 30х40 ам дөрвөлжин метр талбайтай хоёр давхар дуган бариулж Мамба дацан байгуулан анагаах ухааныг монголд анх удаа нээн ажиллуулсан байна. Мөн 30х40-ийн ам дөрвөлжин метр талбайтай урлагийн гайхамшигт чимэглэлтэй Дүйнхорын дуганыг бариулан одон орон судлал-зурхайн дацан байгуулан ажиллуулсан зэрэг сүм дуганыг бариулан хурал ном хурах цар хүрээг өргөжүүлж шарын шашны, соёл урлагийн нэг төв болгон лам хуврагийн тоог түм (10000)-д хүргэх хэтийн зорилготой эрчимтэй ажил зохион явуулж байгаад 1788 онд Буурал дүр таалал төгсжээ. Үүнээс хойш таван жилийн дараа 1793 онд Лувсанцэвээнчовчиг буюу түүхнээ Доржийнчан гэж алдаршсан гуравдугаар дүр тодорсон байна. Энэ дүр есөн настай Төвдөд очиж ном эрдэмд арван дөрвөн жил суралцаж ирээд 1816 онд гүн ухааны талаар гавжийн дамжаа барьж дэд эрдэмтний зэрэг хамгаалж байжээ.

Гуравдугаар дүр нь төрөлхийн их сэргэлэн өөрийн их өвөрмөц зан араншинтай, урлагийг их дээдэлдэг гэгээнтэн байсан учир төвдийн шашны номын ая дан, цам майдарын харайх дэгийг тэр чигээр нь хуулбарлан дууриадаггүй, монгол зан төрхөнд тохирохгүй байна гэж заасан багштай зөрөлдөж байсан байна. Монголдоо эргэж ирээд Ламын гэгээний хурал номын ая дан, цам майдарын жаягийг шинээр буй болгохдоо Монгол намба төрх оруулсан эх үүсгэвэр тавьсан байна.

Энэ нь хойших дүрүүдийн явуулах ажил үйлсийн нэг бодлогын хэмжээнд хүрч урлагийг шашинтай нягт хослуулан явуулах болсон түүхтэй. Нөгөө талаар Төвдийн шашны нарийн дэг жаягийг нарийн чанд мөрдөх болсон, буян үйлдэх хурал номын тоог нэмэгдүүлэн дуган сүмийг барих ажил эрчимтэй явагдаж хүрээнд шавилан суух хуврагийн тоог эрс нэмэгдүүлж, зургаан мянгад хүргэсэн нь үнэн болов уу. Үүнээс нэгэн баримт дурдахад, хэдэн өвгөн лам нар айраг ууж байгаад намайг хөдөө гарч малчин болсныг буруушаах яриан дундаа гэгээн шавийн ард түмэн ихэд хүндэтгэн дурсаж ярьдаг тав дугаар дүрээ хүрээний лам нарыг түм хүргэх байсныг хорьж цөөлснийг шүүмжлэн ярилцаж байснаас үзэхэд уул хүрээний лам нар зургаан мянга байсан нь лавтай бололтой. 1846 онд гуравдугаар дүр таалал төгссөний дараа 1847онд дөрөвдүгээр дүр Дамбачүлтэм тодорсон, энэ дүрийн үед ганц дуган нэмж баригдсан, шашны номын нэгэн шинэ ая дан зохиосон зэрэг шинийг бүтээх их тэмүүлэлтэй гэгээнтэн байсан ч дөнгөж 14 насан сүүдэр хүрээд таалал төгссөн байна. 1862 онд тухайн үед Засагт хан аймгийн Засагт хааны хошуу эдүгээгийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт “Үнээн ус” хэмээх газар Лувсанданзанпэрэнлэйтогмэд буюу түүхнээ “Тарган дүр” хэмээн алдаршсан тавдугаар дүр тодорсон байна. Энэ дүр 1907 онд таалал төгссөн, энэ дүрийн тухай хойно өгүүлнэ.

1908 онд Сайн ноён хан аймгийн Хондог засгийн хошууны эмэгтэй Хандын гэрт 6-р дүр Жамъяндорж тодорсон бөгөөд 1912 онд дөнгөж дөрвөн насан сүүдэр зөөглөөд таалал төгсжээ.

1913 онд Ламын гэгээн шавийн харъяат говийн айл Билэгтийнд долдугаар дүр Цэрэндорж тодорчээ. Энэ дүрийг есөн настай байхад нь ардын хувьсгал үүссэн учир хүрээндээ шинэ зүйл бүтээсэнгүй. 1920-иод оны сүүлчээр шоронд орж жил гаруй оригдож байгаад суллагдан нутагтаа ирж мал маллаж байгаад 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн ертөнцөөс хальсан байна (энэ гэгээн 1991 онд цагаадсан).

Ламын гэгээн шавь 300 шахам жил (1639-1937) оршин тогтнох хугацаанд тодорсон долоон дүрийн түүхийн товч ийм байна. Гэгээн шавь нь Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь сум бүхлээрээ, Эрдэнэцогт сумын ихэнх, Шинэжинстийн хагас буюу зургаан сум гаруй нутаг эзэмшсэн хүн, мал олонтой их том шавь байв. Хүрээ нь гоо сайхны үүднээс байгуулагдсан, их эмх цэгцтэй хүрээ байсан бөгөөд эргэн тойрон шургааган хашаагаар хүрээлэгдсэн дөрвөн талдаа дааман (том) хаалгатай,лам нар нь хувийн хашаа байшинтай, дацан дацангаараа байрладаг, дуганууд нь хүрээнийхээ голд баригдсан, хүрээний хойт талд арав гаруй дугантай Дэдлэн хийд, зүүн талд нь төрийн үйл хэрэг явуулдаг жасаа тамгын газартай, дэргэд нь монгол бичгийн сургуультай, зүүн урд талд нь шинэ Бээжин, Ар Бээжин, Даашинхүү, Ногоон дэлгүүр, Цоохор буянт, Батхишигт гэх мэтийн хятадын арав гаруй пүүс, Оросын гурван том сангийн дэлгүүрүүдтэй, хүрээний эргэн тойрны уулын бэл хормойгоор суурьшсан цөөн тооны малтай малчид, огт малгүй борчууд (залхуучууд) дацан дацангаараа байрладаг. Нийт эргэн тойрон суугчид есөн мянга орчим байсан болов уу.

Энэ тоог нутгийн буурлууд хүрээний тойрон оршин суугч нь түм хүрэх гэж байгаа гэнэ, хуврагуудын тоо хэзээ түм хүрэх бол гэж ярьдаг байсны дээр уул хүрээнд шавилан сууж байсан одоо хүртэл туурийг сахиж , нууцлагдан үлдсэн соёлын зарим их үнэт зүйлийг хамгаалан суугаа өндөр настан Чүлтэм гуай 1921 оны ардын хувьсгал үүсэх үед Ламын гэгээний хуврагийн тоо 3800 орчим бөгөөд тойрон суусан хүний тоо нэлээд хэдэн мянга байсан гэж батлан ярьж байгаагаас үзэхэд уул хүрээний нийт хүн арван мянга гаруй байжээ.

Ард түмний буй болгосон юугаар ч сольшгүй баялаг эрдэнийн сан болсон зан заншил шашны жаягийг урлагийн гайхамшигтай хослуулан буй болгосон ёс журмыг машид хүндлэн дагаж хуульчлан биелүүлдэг нарийн чанд дэгтэй ийм хүрээ байлаа. Хүрээний бүх лам нар эргэн тойрны хүмүүс нэг жилийн хугацаанд томилогддог “шунлай” хэмээх зохицуулагчийн үгийг бурхны зарлиг болгон дагана. Гадна гарч явахдаа заавал шавь хувцастай явах бөгөөд шалтгаангүй сэлгүүцэж явах, “Шунлай”-д харагдах ёсгүй, хэрэв шунлайд харагдвал шууд зугтах буюу нуугддаг хатуу дэгтэй байсан. Хүрээний горлом дотор гэгээнээс өөр хүн морьтой явж болохгүй. Золбин нохой ерөөсөө байлгахгүй. Лам багш нараа бурхан болгон шүтнэ, ахмад болон дээд зиндааны хүмүүсээ ихээр хүндэлнэ, хүрээний мяндагтан хамба ламтан, шунлай, гэсгүй, умзад нар улиралд буюу заримдаа сард нэг удаа хуралдаж тухайн асуудлаа хэлэлцэж шийд гаргана.

Аж ахуй эрхэлсэн Гэгээн сангай сан, Яам, Бадрах сан гэсэн гурван аж ахуйн газартай. Найман дацангийн найман жасаас гадна Чогчин жас, Жүдийн жас, Нүгнээн жас гэсэн аж ахуйн газартай. Энэ аж ахуй эрхэлдэг жасууд их баян. Жишээлбэл гэгээний гурван жас гэхэд л зөвхөн мал нь зуун мянга гаруй (энэ ламын гэгээний хувийн мал), түүнээс тэмээ нь түм (10000) гаруй байсан жишээтэй. Сүм дуганууд нь төвд, монгол, хятад уран барилгачдын зураг төслөөр баригдсан. Нэг шүтээн бурханд зориулсан “Лхаган” хэмээх жижиг дуганаас Жий дацан (Чойр)-ын дуган нь оройтойгоо дөрвөн давхар, дотор зай нь 46х52 метр буюу 2392ам дөрвөлжин талбайтай.

Мөн оройтойгоо гурван давхар Чбгчон дуганы дотор зай нь 44х44 метр буюу 1936 ам дөрвөлжин талбартай, мянга гаруй лам нар хурлаа хурдаг асар том дуган, мөн найман дацаны найман дуган, Жүдийн дуган, Бархан зэрэг том хэмжээний 10 гаруй дуган, Ламын гэгээний байнга заларч байдаг “Лавиран” хэмээх уран барилгын гайхамшигт цогцолбор болсон монгол уран барилгын төслөөр баригдсан 18 дуган, Дэдлэн хийдийн арав гаруй дуган зэрэг 41 дугантай, дуганы чимэглэл нь ар халх даяар алдаршсан дээд зэргийн урлалаар чимэглэгдсэн байв.

Жишээ нь: Эдгээр дуган нь асар том байсан учир алтан ганжир, хорол бодь гөрөөс нь их сүртэй том байсан. Дүйнхорын Дуганы дөрвөн өнцөгт бараг амбан шарын дайтай далавчтай алтан шармал дөрвөн арслан байрлуулж, дайн дажин болбол дуганыг өргөн нисээд диваажинд очно гэж бэлгэдэн чимэглэсэн зэрэг их жавхлан төгөлдөр чимэглэлтэй байв. Том дугануудын дотор талыг монголын сонгодог уран зургийн аргаар чимэглэн “Шамбал”-ын дайн болж, галав юүлж байгааг зүрх шимширтэл дүрсэлсэн зургууд, Майдарын шашин дэлгэрч байгааг нүд баясан сэтгэл хөдөлтөл харуулан зурсан зургаар чимэглэсэн байдаг байв.

Том дугануудын урд талыг ертөнцийн дөрвөн хүчтэн “Хангарьд, луу, арслан, барс”-ыг их сүртэйгээр зурж чимэн, буян үйлдвэл хойт насандаа жаргаж, нүгэл үйлдвэл тамд унаж тарчлан зовох буюу хэдэн төрөлдөө хорхой шавьж, адгуус араатан болж төрнө, их цүзгэр гэдэстэй шуналын тулам бирд болон төрнө гэх мэтээр буяныг дээдэлж бузрыг жигшихийг олон аргаар харуулсан уран зургаар чимсэн байдаг байв.

Бүх дуганд том ширээн дээр гүнгэрваатай буюу ил залсан алт, шармал хөөмөл, цутгамал, том жижиг бурхан хүнээс их том жэмжээтэй шуумал бурхнууд залагдсан байхын дээр мөн алт шармал болон мөнгө, пойлоос, зэс, гуулин цөгцөнд ассан хэдэн зуун зул тахил ярайх нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр сүр жавхлан болж харагддаг байлаа. Маш том дугуй чулуун довжоон дээр суурилсан аварга бүдүүн өндөр модон баганууд, хөндлөн зангидсан 2-3 давхар нуруунуудыг хурц улаан өнгөөр будаж алтан өнгөтэй зүмбэрлэсэн луугаар ороолгон хээлсэн нь ер бишийн сүр оруулж түүн дээр дүг , дадар, чимэг, өнгийн яндар намирах энэ бүхэн нь гоо сайхны сүр жавхлангийн бүрэн төгс цогцолбор болон хүнийг бишрүүлнэ.

Шашныг ингэж шүтэх бишрэхтэй нягт уялдаатайгаар урлагийг онцгойлон үзэж, эрхэмлэн дээдэлдэг байлаа. Жилд болдог онцгой хурал ном, шашны баяраар олон хөгжмийн зэмсэг орсон найрал дуу, хөгжим, жодлойн дан, маань хөгжөөх ая, ном унших аялгуу, ян татах гэх мэтийн ном уншлагын 200 шахам ая дан байжээ. Уул хүрээнд чогчиндоо өдөр бүр майдарын ерөөл манж хурахаас гадна 75 “чог”, 60 гаруй “чоигям”, 200 гаруй “чогчид” хэмээх хурлаа найман дацандаа хуваарилан жилд өвөл, хаврын улиралд хурдаг, мөн жилд хоёр гавж, дөрвөн доороомбо, хоёр аграмын эрдмийн зэрэг хамгаалдаг байсны дээр 12 хоног номын дуу тасардаггүй хурдаг Чойрын “Цанжид молом”-ыг чогчин дугандаа өвлийн адаг сарын сүүлийн долоо хоног хурдаг.

Гүйдэр цагаан сарын 15-нд болдог дүрслэх урлагийн их баяр угтаж хагас сар хурдаг, “Чойнпормолом”зэрэг нүсэр хурал хурдаг байлаа. Үүнээс гадна сүсэгтэн олондоо зориулж харж үзэхийн урлаг цам харайх, Майдар, Ганжуур, Данжуур, гороо эргэх, дүрслэх урлаг, уран баримал, оёдол, хатгамал, мөргөлчдийн гоёлын өмсгөл, хувцас гэх мэт дахин давтахгүй гайхамшигт урлагийн их наадам жилд 16 удаа гол төлөв гадаа болдог байлаа.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]