АНУ-д хамгийн алдартай Ерөнхийлөгч хэн бэ? Бодвол тэр буудуулдаг Кеннеди, 100-тын дэвсгэр дээр байдаг Франклин, Холливүүдийн Рашмор уулан дахь хөшөө бүхий дөрвөн Ерөнхийлөгч байх гэх зэргээр олон хүн хариулдаг. Тэдгээр дөрвөлийн нэг болох Теодор Рузвельтэд (1858-1919) тохиолдсон нэгэн явдлын тухай сонирхуулъя.
Америкийн Ерөнхийлөгч Рузвельт гэхээр олон хүмүүс дөрвөн удаа ерөнхийлөгч байсан, Америкийг их хямралаас гаргасан, Дэлхийн 2-р дайны ялалтад чухал хувь нэмэр оруулсан Франклин Делано Рузвельтийг санадаг боловч энэ удаа түүнээс дутуугүй алдартай АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузельтийн тухай өгүүлэх юм шүү.
Дашрамд хэлэхэд Франклин Рузвельт, Теодор Рузвельт нар хамаатан садны холбоотой байсан гэдэг.
Энэ хүн юугаараа алдартай хүн бэ гэхээр тэрээр АНУ-ын өмнөх, хойдох олон Ерөнхийлөгчийн адил дайн байлдаан чамгүй хийж байсан, чухам дайн хийж байсныхаа хүчээр юм уу Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан, Америкийн сонирхлын бүс бол дэлхий дахин тэр чигээрээ мөн хэмээх үзэл бодлыг бий болгосон, АНУ-ын хамгийн залуу Ерөнхийлөгч (42 нас), Ерөнхийлөгчид дундаас цэргийн дээд шагнал болох Хүндэтгэлийн одон хүртсэн цорын ганц эрхэм бөгөөд сонирхолтой нь түүний энэ одон авсныг бүр 2001 онд л баталгаажуулсан байна.
Энэхүү аялагч, анч, уран зохиолч хүнийг америкчууд Тедди хэмээн дууддаг байсан ба тэрээр Ерөнхийлөгч байх үедээ ан хийхээр “хөдөө” гарах үед нь түүнд зулгуйдах гэсэн нутгийн “засаг” нар баавгай буудуулахаар барьж аван модонд хүлжээ. Үүнийг мэдсэн Тедди өнөөх баавгайг өрөвдөн өөрөө (?) суллаж тавьсан гэдэг. Одоо Тедди гэдэг нэртэй бамбарууш - зөөлөн тоглоомын нэрний учир тодорхой болсон болов уу.
Улс төрийн амьдралд олон удаа ялж ялагдаж явсан Тедди маань 1912 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бөгөөд энэ удаа өөрийн намаас биш харин энэ намаас салж гаран сөрөг хүчин болсон Progressive Party-гаас (хөгжил дэвшлийн нам) нэр дэвшжээ.
Сонгуулийн сурталчилгаа хэмээх сайхан нэртэй тархи угаах ажлын хүрээнд Милуокийн цугласан иргэдийн өмнө гарч үг хэлэхээр болсон байна. Тухайн үеийн америкчууд гэж шулуухан зантай, аливаа хэргийг “хүч тэнцүүлэгч” хэмээх буу зэвсгээр шийдэх дуртай ард түмэн байсан болохоор тэр юм уу Жон Шрэнк гэгч эр Теддиг индэр дээр гарангуут буудсан байна.
Цус гарч байгаа газар нь цээж хэсэг байсан ба уушги хавьцаа сум туссан байжээ. Хашир туршлагатай анчин Тедди маань шархаа хараад амнаас цус гарахгүй, цусаар ханиаж найтаахгүй байхыг бодоход уушги гэмтээгүй байна гэж мэдээд босч ирлээ. Энгэрт нь байсан нүдний шилний гэр, нүдний шил зэрэг нь бут үсэрч тэмдэглэлийн дэвтрийг сум цоо цохин биед тогтсон байлаа. Сүүлд хийсэн эмчийн үзлэгээр тогтсон сумыг авах нь амь насыг нь эрсдэлд оруулах магадлал маш өндөр гэж үзсэн учраас тэр чигээр нь орхисон гэдэг.
Буудуулсан эр маань яав? Эмчийн тусламжаас татгалзан цусаа гоожуулсаар босч ирээд “Ноёд хатагтай нараа, та нар саяхан намайг буудлаа гэдгийг мэдсэн үгүйг тань мэдэхгүй байна. Гэхдээ хөгшин хандгайг тийм ч амархан алахгүй шүү” гэсээр цааш бэлдсэн үгээ үргэлжлүүлэн хэлж бүрэн дуусгасан байна. Чухам энэ хандгай гэсэн үгнээс болж түүний нэр дэвшсэн намыг хандгайн нам гэж нэрлэх болсон бөгөөд удалгүй лого нь хүртэл хандгай болсон гэдэг яриа бий. Одоо NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт тоглодог Милоуки хотын багийг Милоуки Бакс буюу Милоукигийн буганууд хэмээн нэрлэдэгийг ч жишээ татаж болно..
Энэхүү тухайн цагийн жинхэнэ эр хүн болох Тедди Рузвельт нь дэндүү гэмээр чалчаа нөхөр байсан бөгөөд усанд сэлж, хоол идэж байхдаа зогсоо зайгүй ярьж байдаг, хажууд нь хүн тогтоход хэцүү нөхөр байсныг Бразилд цуг аялаж байсан нөхдүүдээс эхлээд олон хүн бичсэн байдаг билээ.
Америкийн хамгийн алдарт ерөнхийлөгч нарын нэг болох Теодер Рузвельт нь түүхэнд дайчин морин цэрэг дүрээрээ мөнхөрсөн хүн бөгөөд морин цэргийн сайн дурын хороог удирдан Кубад гялалзаж явсан тэр дүрээрээ Бен Стиллерийн тоглосон “Night at the Museum” кинонд гардаг юм гэнэ лээ.
Нийтлэлч Чалчаа саарал