Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Лувсан минь буцаад яв, гүүрний цаана хүүхэд тэвэрсэн, ачаатай эмэгтэй харагдсан"Уншсан41,930

Ю.Цэдэнбалын тухай дурсамжууд

"Дарга хэдэн цагт унтсанаасаа үл хамаараад өглөө яг 6 гэж босно. Ингээд 7:30 гэж ажилдаа ирээд, 10-15 минут дасгал хийнэ. Бид ч хийдэг байлаа. Дарга бидэнд хандаж "Өдөржингөө ажиллах хүмүүс өглөө заавал дасгал хийж, биеэ бэлдэх хэрэгтэй. Гэхдээ тодорхой ном журмынх нь дагуу хийх ёстой шүү. Дасгал хийж байна гээд хаа хамаагүй юм хийвэл эм биш хор болно" гэж байнга захидаг байлаа. Дасгал хийж дууссаны дараа өдөр тутмын тогтмол хэвлэлүүдээ уншчихаад хэзээ дуусах нь үл мэдэгдэх их ажил руугаа ханцуй шамлаад л орно. Бид ч тус тусын байрандаа очиж, хийх ёстой ажлуудаа хийж эхэлнэ. Саарал ордонд ажил буцлах шиг болдог байлаа...

Харин өдөржин ажиллаж, ажил тарах үе болоход ганцхан бид л хэзээ тарахаа үл мэдэн үлддэг байв. Ю.Цэдэнбал дарга их сууна. Шөнө дөл болтол сууж ажиллана. Бид ч даргыг дагаад сууна шүү дээ. Өдрийн цайны цаг номоороо бол нэг цаг үргэлжлэх ёстой байтал, Цэдэнбал дарга дээд тал нь ердөө 10 минут л болно. Цайндаа орсон болоод шууд л ажилдаа орно. Шөнө хамгийн эртдээ 12 гэж тарна. Ер нь бол ихэнхдээ шөнийн 1 цаг хүртэл ажилладаг байв. Дарга ер нь 4-5 цаг л амардаг л байлаа. Үнэхээр хөдөлмөрч, асар их зүтгэлтэй, дэндүү их ажилладаг хүн байлаа.

Ёстой л жинхэнэ улсын төлөө төрчихсөн хүн байсан. Харин эцэст нь энэ хүн яаж хохирлоо??? Шүүсээ шахаж, чөмгөө дундартал зүтгэснийх нь хүчинд бид үндэсний их сургуультай, бичиг үсэгтэй, соёлтой боловсролтой, хоттой, үйлдвэртэй болсон шүү дээ. Үүнийх нь хариуг харин яаж барив??? Асар их ажиллаж, асар их хөдөлмөрлөдөг, жинхэнэ ард түмнээ гэсэн удирдагч байлаа... Ю.Цэдэнбал гэж ийм л хүн байсан юм."

Комиссар Л.Нанзад

 

"1981 оны цагаан сарын битүүний шөнө Бал даргын өвлийн ордонд харуулд гарч байлаа. Гэтэл даргын комиссар нь яагаад ч мэдээгүй юм, Бал дарга тавагтай хоол, боов чихэр барьчихсан дэргэд хүрээд ирдэг юм. Би сандрахдаа рапорт өгөөд номхон зогслоо. Дарга "Сайн байна уу, даарч байна уу. Үүнийг ид. Би наад бууг чинь барьж байя" гэж хэлэхээр нь "Болохгүй шүү дээ, дарга минь" гэж хэлтэл "Би мэдэж байна аа. Зүгээр" гээд бууг минь авч, би өөрийн эрхгүй хоолыг нь авч идсэн юм. Сандарсандаа ямар хоол байсныг нь ч мэдэлгүй маш хурдан идсэн. Харин хамаг бие дулаацаж их сайхан болж билээ. Дарга "Цагаан сар гарлаа, чи хө хөдөөнийх үү? Аль аймаг вэ?" гэж асуулаа. Өвөрхангайнх гэвэл -Гэрээ санаж байна уу? Халагдах болж байгаа юу? гэх мэтээр асууж ярилцаж билээ..."

Тусгай хорооны түрүүч Д.Дашцэрэн

 

"Манай нөхөр Түгжсэнгэ даргын тогооч байлаа. 1968-1969 онд Баянхонгор аймагт зуд болох үеэр манай нөхөр Түгжсэнгэ Цэдэнбал даргатай хамт явсан юм. Тэгэхэд нөхөр маань залуу ч байж, гоголь малгай, каракуль захтай польтотой явж байж л дээ. Цэдэнбал дарга "Зуданд явж байж бүжгэнд явж байгаа юм шиг ингэж яаж явж болох вэ" хэмээн сайн зэмлээд өөрийнхөө нэг ээлжийн дулаан өмд куртикыг өмсүүлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирэхдээ даргын хувцастай ирж билээ."

Засгийн Газрын ордны хоол зөөгч байсан Н.Удриана

 

"1968 оны долдугаар сарын сүүлээр "Цагаан суварга"-ын ордыг япончуудад танилцуулахад Цэдэнбал дарга надад хоёр зүйл захисан юм. Нэгдүгээрт нэрийг нь битгий хэл, хоёрдугаарт хаана гэдгийг нь хэлээд хэрэггүй гэсэн. Би ч даргын хэлсэн ёсоор танилцууллаа. Их л аятайхан танилцуулга болсон. Тэгээд бараг сарын дараа намайг Пэлжээ гуай дуудаж байна. Яваад очтол Цэдэнбал дарга Брежневтэй уулзахаар явлаа гэв. Ямар шалтгаантайг нь үнэхээр мэдээгүй. Бас ганцхан комиссартайгаа явсныг бодоход их л чухал асуудал юм шиг надад санагдлаа. Удаа ч үгүй дарга ирлээ. Их баяртай ирсэн. Нөгөө нэрийг нь хэлээд хэрэггүй гэсэн "Цагаан суварга"-ын ордын талаархи мэдээлэл Японы сонинд гарчхаж. Түүнийг нь Зөвлөлтийнхөн Эрдэнэт гээд бодчихож л дээ. Угаас нэр нь дурдагдаагүй болохоор тэгж бодох нь гарцаагүй. Тэгээд манайхыг Эрдэнэтээ япончуудтай нийлж ашиглах нь гэж сандарсандаа Брежнев яаралтай уулзъя гэсэн нь энэ юм билээ. Сигнал авсан Зөвлөлтийнхөн ч яаралтай ажилдаа орж, Эрдэнэт гэдэг их айл үндсэндээ тавхан жилийн дотор сүндэрлэн боссон доо. Ю.Цэдэнбал даргын ухаан айхавтар байгаа биз. Нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж, Эрдэнэтийг шуурхай барьж байгуулсны ачаар өнөөдөр ч бид энэ том үйлдвэрийнхээ буяныг эдэлж байна, цаашид ч эдэлнэ. Хүнд хэцүү үед Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ."

Хөдөлмөрийн баатар, Геологи, Уул уурхайн Үйлдвэрийн сайд асан Чойжингийн Хурц

 

"Далаад оны сүүлчээр юмдаг. Оргил амралт руу ажлаар очиж цаг гаран болоод буцаж ирсэн юм. Дарга замдаа юу ч ярилгүй ирээд ордны хашааны үүдэнд "Зогс, зогс би бууна" л гэж байна. Уг нь хашаанд машинтайгаа орох учиртай. Яах гэж байгааг нь мэдсэнгүй. Тэгтэл "Лувсан минь буцаад яв. Гүүрний цаадах автобусны буудал дээр хүүхэд тэвэрсэн нэлээд ачаатай эмэгтэй харагдсан. Түүнийг яваагүй байвал очих газарт нь хүргэж өгчихөөд ир. Түрүүн чи бид хоёрыг урагшаа явахад зогсож байсан. Сая эргээд ирэхэд зогсож л байна билээ. Хүүхэд нь хэцүүдэж байгаа түргэл хө" гэв. Үнэхээр 120 мянгатын буудал дээр очиход нэлээд ачаатай хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй байв. Нисэх орж, Хэнтийн онгоцонд суух гэсэн унаа хүлээгээд гэж байна. Ингээд тэднийг суулгаад Нисэх рүү яаран давхилаа. Буудалд ороход яг онгоцыг нь зарлаж байв. Харин хүүхэн баярласандаа уйлаад л байж билээ."

Ю.Цэдэнбалын жолооч Т.Лувсанренчин

 

"Миний эр нөхөр Ю.Цэдэнбал хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган зантай хүн байлаа. Түүний энэ сайхан чанарыг ашиглах гэсэн олон хүн байсан. Гэвч Цэдэнбал буруу, зөвийг ялгаж мэддэг...

Тиймдээ ч дөч гаруй жил дарга хийж чадсан шүү дээ. Түүний өр нимгэн чанарыг ашиглах гээд чадаагүй хэдхэн нөхөд л түүнийг тийм байдалд оруулсан. Түүнээс биш Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ, одоо ч үгүйлэн санадаг. Нэг л өдөр үнэн ялж, түүний нэр төр сэргэнэ. Би үүнийг маш сайн мэдэж байна. Учир нь түүний бүх хайр нь ганцхан ард түмэн байсан. Түүний нүднээс л мэдэгдэнэ. Өглөө 6 цагт босож ажилдаа яваад, орой хамгийн эртдээ 11 цаг гэж ирдэг. Энэ бүхэн заримдаа надад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Ядаж нэг өдөр ч гэсэн бүхнээс холдоод амраасай гэж хүсдэг байлаа...

Анастасия Цэдэнбал-Филатова. 1996 он

 

 Юмжаагийн Цэдэнбал хуудсаас бэлтгэв.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 2. 18:33
Зочин

Nanzad komisar bol estoi urvaj sharvaagui ajlaa chin unencheer hiin dargiinhaa itgeliig Altai Hangain nuruu shigee danhaital daaj chadsan tsagiin buranguid samuur h higee aldaagui jinhene tungaasan shijir alt shig hun bolohiig yariltslaga ogch baihad ni nudnees ni olj harsaan. Tiim ch bolohoor burhan tuund sain hani saihan amidral achlaltai huuhduud eruul bie saruul uhaaniig urt udaan nastai ni hamt haramgui ogson bna lee. Buyan ni ulam delgerch yavag!

11 сар 3. 8:51
Зочин

Одоо ч ийм дарга нар байхгүй болсон цаг болжээ хувиа хичээсэн би болж байвал боллоо гэсэн сэтгэлтэй газар нутгаа зарсан хужаанууд үй олноор оруулж ирсэн өчүүхэн бодолтой болсон б.а

11 сар 2. 7:11
Зочин

🙁

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]