АНУ болон барууны холбоотнууд ОХУ-ын зүгээс хэзээ мөдгүй Украинд довтлоход бэлэн болсон гэж зарласан ба Украин дахь ЭСЯ-даа нүүлгэн шилжүүлж, тус улсад аялж буй, ажиллаж амьдарч байгаа иргэдээ Украиныг яаралтай орхихыг уриалсан билээ. Украины хилийн ойролцоо ОХУ 100 мянга гаруй цэргийн албан хаагч, зэвсэг техниктэй татан төвлөрүүлсэн ба Кремлийн зүгээс барууны улсуудын мэдээллийг няцааж Орос улсад ийм төлөвлөгөө байхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр үүсээд буй нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-ын төр засгийн удирдагчидтай уулзалт, хэлэлцээр зохион байгуулж, ширээний ард суух саналыг Украины Засгийн газраас гаргасан байна. Уулзалтад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE буюу ЕАБХАБ) төлөөлөгчид оролцох гэнэ. Энэ тухай мэдээллийг Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хийсэн хэмээн Би Би Си агентлаг уламжилжээ.
Оросын эрх баригчид Украинд халдан довтлох төлөвлөгөөгүйгээ олон удаа илэрхийлсэн ч тус улсын хилийн орчимд 100,000 гаруй цэрэг хуримтлуулаад байгаа юм. Өрнөдийн орнууд эзлэн түрэмгийлэх дайн хэзээ ч эхэлж магадгүй болсныг анхааруулж байгаа. Венийн конференц, мөн Будапештийн хэлэлцээрийн дагуу ОХУ Украины хилийн ойролцоо явуулж буй цэрэг зэвсгийн бөөгнөрлөө тайлбарлах ёстой хэмээн ЕАБХАБ-аас мэдэгдэл хийгээд байгаа. Барууны гүрнүүдийн төр, засгийн өндөр албан тушаалтнууд Москва, Киевт ойрхон айлчилж байгаа ч эдгээр айлчлалууд үр дүн багатай, дипломат яриа хэлэлцээ ахиц гарахгүй хэвээр байгаа.
Германы канцлер Олаф Шольц өнөөдөр Киев хотод айлчилж, Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах бол маргааш Москвад Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хийнэ. Германы канцлер өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчилж, Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийсэн билээ. Энэ уулзалтын дараа АНУ, ХБНГУ-ууд Оросын “Умардын урсгал-2” хийн хоолойн төслийг зогсоох дээр санал нэгдсэнээ зарлаад байгаа.
Хурцадмал нөхцөл байдлын хүрээнд талууд дипломат уулзалт, яриа хийж байгаа ч зэвсэглэлээр хөөцөлдсөн хэвээр л байна. Хамгийн сүүлд Украин улс өчигдөр /2022.02.13/ Литва улсаас стингер зенит пуужингийн систем болон сум бүхий 180 тонн илгээмж Латви болон АНУ-аас хүлээж авчээ.
Үүний өмнөхөн, өнгөрөгч амралтын өдрөөр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар цаг гаруй утсаар холбогдож ярилцсан юм. Украин руу довтолбол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангаруулна гэдгийг Жо Байден дахин дурдсан ч В.Путины зүгээс энэ асуудалд онцын ач холбогдол өгөөгүй ба Москва, Вашингтон, НАТО-гийн харилцааны хөгжлийн түүхийн талаар сануулсан тухай Оросын албаны эх сурвалж мэдээлжээ.
Харин АНУ-ын албаны эх сурвалжаас бямба гаригийн орой АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын удирдагчтай нэг цаг орчим утсаар ярихдаа Украин руу халдсан тохиолдолд "АНУ холбоотон, түншүүдийнхээ хамт шийдвэртэй хариу арга хэмжээ авна, дипломат харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч бусад хувилбаруудад ч мөн бэлэн байгаа” хэмээн Жо Байден Ерөнхийлөгч В.Путинд тодорхой хэлсэн гэж мэдээлэлд онцолжээ.