Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.Түвшинбаяр: Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн найз минь юм шүү дээУншсан34,643

Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн бол найз минь юм шүү дээ. Дасгалжуулагч нарын хажуугаар намайг бэлдэж, уяа сойлгыг минь тааруулсан.

Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын 6 жилийн өмнө хэвлэлд өгч байсан "Н.Түвшинбаяр: Хөгшрөхөөрөө хамт амьдарчихгүй юу" ярилцлагын хэсгээс онцолж байна.


Н.Түвшинбаяр: Азийн аваргад олимпийн эрхээс мултрахад нь уур хүрээд, гарт юм тааралдвал Энхбатыг цохичихмоор санагдаж байж билээ

Энхбат Могодод төрж, өссөн болохоороо Могодынх гээд байдаг болохоос удам судраа хөөвөл Сайхан сумын хүн байгаа юм. Аав нь манай сумын хүн л дээ. Бид сум, сумандаа наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангид дэвшин суралцахаар би Сайхан сумаас, Энхбат Могод сумаас Булган аймгийн "Эрдмийн өргөө" сургуульд ирж байлаа.

Нэг анги биш л дээ, зэргэлдээ ангид сурч байсан. Нэг үеийн барилдаж, ноцолддог хүүхдүүд болохоор танилцаж ядах юу байх вэ. Үеийнхэн дундаа бас ч гайгүй барилдчихдаг нь байсан болохоор тэмцээн уралдаанд хот хүрээ рүү хамт явсаар ойртож нөхөрлөсөн. Бид хоёрыг их спорт л холбож, нөхөрлүүлж дээ. Бас бидний нөхөрлөл, спортын замналд том нөлөө үзүүлсэн хүн бол “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр ах юм шүү дээ. 10 жилийн сурагч байхад маань“Та хоёрыг компанийнхаа бөхөөр авлаа. Сар бүр 60 мянган төгрөгийн цалин өгнө. Та хоёр дунд сургуулиа төгсөөд над дээр ирээрэй” гэснээр бид бид цалинтай сурагч болж байлаа.

 

2003 онд дунд сургуулиа төгсөөд намар нь би аав, ээжээрээ ч хүргүүлэлгүй, ганцаараа Мэндээ ахыгаа зорьж Улаанбаатарт ирсэн. Энхбатыг аав, ээж нь хүргэж ирсэн. Мэндээ ах биднийг 21-р хороололд дүүгийнхээ хажуу өрөөнд оруулснаас хойш 2007 он хүртэл хамт амьдарч, салшгүй найзууд болсон доо. 2008 оноос гэр бүлтэй болж, тусдаа амьдралтай болсон.

2012 оны олимпийн эрх авах хамгийн сүүлийн тэмцээн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан шүү дээ. Тэгэхэд Энхбат 90 кг-д барилдаж байлаа. Ганц л ялчихвал олимпийн эрх авах гээд байдаг. Гэтэл Энхбат өөрөө тэрийгээ бодоод биеэ барьчихсан, хөдөлж чадахгүй байсаар Ираны бөхөд ялагдахад нь маш их харамссан. Манай хүн өөрөө ч их харамссан. Наадам, тэмцээнд найзыгаа барилдахыг харах хэцүү шүү дээ. Ялангуяа чухал, эгзэгтэй барилдаанд ялагдахыг нь харахад өөрөө ялагдсанаас дор санагддаг. 2012 оны Азийн аваргад олимпийн эрхээс мултрахад нь уур хүрээд, гарт юм тааралдвал Энхбатыг цохичихмоор санагдаж байж билээ.

Бид одоо гуч гарчихлаа. Барилдах хугацаа бага үлдэж байна гэсэн үг. Найзыгаа сайн бэлтгэл хийгээд 2-3 жил сайхан барилдаж, амжилт гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Өөрт нь ч энэ талаар хэлсэн. Үндэсний бөхөөс өмнө жүдогоор бэлтгэл хийж байсан юм чинь түүгээрээ явбал яадаг юм бэ гэсэн санал тавиад л байгаа. Өөрөөсөө илүү найзыгаа бодох үе байх юм. Бэлтгэл сайн хийлгэж л тусална уу гэхээс өөр юугаар туслах вэ дээ. Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс бэлтгэл сургуулилалт гээд цаг наргүй явах хэцүү, найзыгаа ойлгож байна. Би Үндэсний шигшээ багийн тамирчин гэдгээрээ ар гэрээсээ чөлөөлөгдөж, үр хүүхэд, гэр оронгүй юм шиг явдаг болохоос бас хэцүү л дээ. Уг нь манай Энхбат бөхийнхөө хувьд мундаг, хэнээс ч дутахгүй.  Би  бэлтгэл дээр Энхбаттай жүдогоор барилдаад яагаад ч дийлдэггүй юм. Тэгээд өөр хүмүүстэй барилдахаараа би салгалж яваад ялчихдаг, Энхбат ялагдчихаад байдгийг гайхдаг юм. Жижигхэн юман дээр л алдаад байна. Олимпийн эрхээ авчихвал олимпод цөөхөн тамирчин өрсөлддөг учраас боломж байгаа шүү дээ. Одоо бид нэг жинд барилдаж байгаа. Энхбатыг өөдтөйхэн барилдаад өрсөлд гээд л байгаа.

Хоёр олимпод бид хоёр хамт орсон. 2008 онд Энхбат маань 81 кг-ын жинд олимпийн эрх авсан. Тэр үед Монголын жүдо бөхийн холбооноос 81 кг-ын жинд Нямхүү ахыг олимпод барилдуулахаар шийдэж, найз маань өөрийнхөө бэлтгэлийг орхиод надтай олимпийн бэлтгэлд гарч, миний бэлтгэл хангагчаар ажилласан. 2012 оны олимпод бас бэлтгэлийг маань хангасан.

Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн бол найз минь юм шүү дээ. Дасгалжуулагч нарын хажуугаар намайг бэлдэж, уяа сойлгыг минь тааруулсан. Ялангуяа 2012 оны олимпод бол бүр  ойр байсан. Олон жил нөхөрлөөд ирэхээр биe, биенийхээ юу бодож байгааг мэддэг болчихдог юм байна. Бие, биенийхээ юу хийх гээд байгаа, юу хүсээд байгааг хэлүүлэлтгүй ойлгодог. Тийм болохоор бэлтгэл хийхэд маш сайн хамтрагч болдог. Тэмцээнд ганц биеийн бэлтгэл бус, сэтгэл санааны бэлтгэл маш чухал. Энэ бүгдэд дандаа хамт байж тусалдаг найздаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулъя. Тамирчид бид чинь уран сайхан үггүй, бодож санаж явдгаа тэр бүр ил гаргаад байж чаддаггүй, дотогшоо хүмүүс шүү дээ. Энхбат бид хоёр бие биенээ найз минь гэж дуудсан нь ч цөөхөн байх. Дотроо бол хамгийн дотны минь хүмүүсийн нэг шүү гэж бодсон хэрнээ ил гаргаж, хэлж яриад байх нь ховор юм.

Э.Энхбат: Бид хоёр олон жил нөхөрлөлөө. Одоо бол бие биенийхээ юу ярих гээд байгааг харцнаас нь ойлгоно гээд хэлчихэд буруудахгүй байх

Хотод анх ирээд буруу автобусанд сууж төөрөхөөс эхлээд хөдөөнөөс ирсэн оюутнуудын туулдаг бүхнийг туулсан. Ийм амжилтанд хүрнэ гэж зүүдлээ ч үгүй явахдаа жаахан зүйлд шантарч “Хоёулаа бөх болж чадахгүй бол хөдөөгөө очоод малаа маллаад амьдарчихна даа” гэж ярьж явсан удаа бий. Түвшээ их ганган. Эгч нь Солонгосоос гоё хувцас өгч явуулна. Нэг өглөө манай хүн жигтэйхэн гангалчихсан, бид хоёр хичээлдээ явж байтал дээрээс нэг юм унах шиг боллоо. Тэгтэл Түвшээгийн дээрээс шувуу баачихсан. Шувууны сангас чинь их том байдаг юм билээ шүү дээ, энгэр нь тэр чигээрээ нялцгай цагаан юм болчихсон, “паа пий” гээд сүйд болж байлаа. Тэр их учиртай, аз амжилт зөгнөсөн явдал байж гэж одоо боддог.

Эргээд бодоход бид их азтай оюутнууд байж. “Аварга” дээд сургууль дотуур байргүй ч цөөхөн хүүхдэд өрөө гаргаж өгч, сургууль дотроо байрлуулж, хоол ундыг цаанаас нь дааж, бэлтгэл хийх бүх боломжоор хангаж байсан. Мөнхбаатар арслан, Жаргалсайхан гарьд, Гансүх начин, Түвшинбаяр бид тав нэг өрөөнд амьдардаг байлаа. Түвшээ бид хоёр сургуулийн байранд гурван жил шахам амьдарсан.

Бодоод байсан чинь eр нь Түвшээ намайг жимс, ногоонд оруулсан юм байна шүү дээ. Бид арван жилийн сурагч байхдаа Эрдэнэт рүү тэмцээнд очсон юм. Тэгсэн Түвшээ “Би чамд гоё юм идүүлж үзүүлнэ. Би дээр идэж үзсэн. Янзын гоё юм билээ” гээд нэг бөөрөнхий бор юм үзүүлж байна. Гоё нь юу л бол доо гэмээр царай муутай бор юм, идэж үзсэн үнэхээр гоё амттай байсан. Одоо би кивинд дуртай.

-Багш нар л Түвшээд найдлага тавьж байснаас хүмүүс ийм сайн тамирчин гэж мэддэггүй байсан үе л дээ. Олимпийн бэлтгэлд Түвшээ Нүхтэд гарч, би бэлтгэлийг нь хангаж байсан. Тэгэхэд Түвшээ “Одоо очоод олимпийн аварга болчихвол яах вэ, бидний амьдрал ямар болох бол” гэж ярьдаг байлаа. “Олимпоос медаль авчихвал…” гэж ерөөсөө ярьдаггүй, аварга болчихвол л гэж ярьдаг, их том мөрөөдөлтэй байсан байгаа биз.

Олимпод орох тамирчид онгоцоор явж, биднийг бэлтгэлд нь тусал гээд араас нь галт тэргээр явуулсан юм. Галт тэргэнд явж байтал Түвшээгээс “Эхний тойрогт Японы Сүзүки, хоёрдугаар тойрогт Оросын бөх, түүнийг ялбал Солонгосын Чан Сонхутай барилдах юм байна” гэсэн мессеж ирлээ. Тухайн үед барилдаж байсан хамгийн хүчтэй, шилдэг тамирчидтай нэг  хэсэгт орчихсон байгаа юм. Тэгэхэд нь би “Түрүүлэхийн тулд бүгдтэй нь л барилдана шүү дээ. Хаана, хэзээ таарах нь сонин биш” гэж хариу бичиж байсан санагдаж байна.

-Эхний тойрогтоо Сүзүкиг нэг их зовлонгүй ялчихсан. Хоёрдугаар тойрогт барилдана гэж байсан орос нь Германы Бенжамин Берлатад ялагдаж, манай хүн Берлатаг амархан ялчихсан. Дараа нь солонгостой барилдахад их муудсан. Цаг дуусахад бараг ухаан алдчих гээд тэргэн дээр түрүүлээд орж ирсэн. Тэгж хамаг юмаа шавхаж барилдаж байж амжилтад хүрсэн дээ. Үзэж байгаа хүмүүст тэр таван минут богинохон хугацаа,  нэг их зовлонгүй барилдчихаж байгаа мэт санагдаж болно. Харин барилдаж байгаа тамирчин тэр таван минутад ямар их хүч, тэвчээр гаргадаг гэж санана. Багийн эмчээр ажиллаж байсан Энхээ ах спирттэй хөвөн үнэртүүлээд ч нэмэр болохгүй, Түвшээ их хүч гаргасандаа багтарч, амьсгаа нь давчдаад байж чадахгүй байсныг нь би нүдээрээ харж байлаа. Тэгээд хэсгийн аваргын төлөө Азербайжаны Мовлуд Миралиевтэй цаг сунгаж, маш хүнд барилдаан хийсэн. Бас л жигтэйхэн болчихсон орж ирсэн. Гадаа бороо орж байсан болохоор нойтон зүлгэн дээр хэвтэж арай жаахан онгойсон.

Алтан медалийн төлөө Казахстаны Асхат Житкиевтэй барилдах боллоо. Гэтэл Түвшээ бид хоёрыг нэг өрөөнд оруулаад, өрөөний хаалгыг багш дараад зогсчихов. Хааяа Тулга сайд л орж ирнэ, өөр хүн оруулахгүй. Түвшээ давчдаад байгаа бололтой газар хөрвөөх юм, ширээн доогуур орж суух юм. Юм ярих гэхээр тийм үед ярих зүйл олддоггүй юм билээ. Тэр үед яасныг мэдээгүй ч сүүлд дуулах нь ээ, Казахстаны хүмүүс манай багш нартай уулзаж, янз бүрийн яриа тохироо хийе гэсэн шиг байгаа юм. Казахстан бас олимпийн аваргатай болох гээд үзээд байна шүү дээ. Тэгээд манай багш нар Түвшээтэй янз бүрийн хүмүүс уулзаж элдэв юм яриад сэтгэл санааг нь хоёрдуулчих вий гэж болгоомжилж, хүнтэй уулзуулахгүй тусгаарлаж байгаад шууд татамид гаргасан. Барилдаан гурван цаг завсарласан, тэр хооронд Түвшээ сайхан ч сэргэсэн. Асхат Житкиевт өмнө нь ялагдаж байсан нь бас их нөлөөлсөн байх. Тэр казахыг тактикаар гоё ялсан шүү, тийм ээ. Асхат Житкиев барилдаж чадахгүй байсаар байгаад л ялагдсан. Би яг алтын төлөөх барилдааныг үзэгчдийн суудлаас үзэж чадаагүй. Мандаттай, үзэгчдийн суудлаас үзэх боломжтой байсан ч яагаад ч юм бэ, зүрх хүрээгүй. Насаа багш бид хоёр тамирчдын бэлтгэлийн өрөөнд зурагтаар үзсэн. Насаа багш уйлаад, чичрээд… Настай хүн сэтгэл нь хэт их хөдлөөд янз бүр болчих вий гэж санаа зовж байсан шүү.

Бээжингийн олимпийг Монголчууд олуулаа үзсэнийг ч хэлэх үү, алтын төлөө барилдаад ялсан чинь тэнд хүмүүс эр эмгүй уйлалдаад бөөн юм болсон. Би өөрөө мандаттай, тамирчдынхаа мандатыг авч гараад тасалбаргүй Монголчуудаа зөөж оруулах ажил хийж байлаа шүү дээ.

Олимпийн аварга болж ирчихээд хоёулаа машингүй, хүний машин гуйж унаад нутаг руугаа явъя гэж ярилцаад байж байтал Тулга сайд дуудав. Очсон чинь Монголын жүдо бөхийн холбооноос цагаан "Ланд 200" өгдөг юм байна. Хагартлаа баярлаад нутаг руугаа гарсан. Олон хүн хамт явсан. Их давхидаггүй, намбатай явдаг, найдвартай гээд надаар машинаа бариулахаар боллоо. Би өмнө нь "Ланд 200" унаж үзээгүй юм чинь. Машиндаа дасахгүй, олимпийн аваргыг авч яваа болохоор хашир, хариуцлагатай ч явж байгаа гэж жигтэйхэн. Эндээс их олуулаа цуваа үүсгээд явсан юм. Гэтэл би цуваанаасаа сугараад үлдчихнэ, нөгөө машинууд биднийг хүлээж зогсоод гүйцэж ирэхээр явна. Их удаан явсан. Тэгж найзынхаа буянаар "Ланд 200" гэдэг машиныг анх унаж үзэж байлаа.

2012 оны олимпод хэсгийн аваргын төлөө барилдаж байгаад хөлөө гэмтээсэн. Тэгэхэд найзыгаа ямар аугаа сэтгэл зүйтэй тамирчин бэ гэдгийг харсан. Хөлөө гэмтээчихээд бууж ирэхэд нь үүрээд явж байхад “Салчихсан байх аа наадах чинь, салчихсан байх аа” гээд л уйлаад байсан. Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ. Тэгэхэд л уйлж байсан. Тэгээд алтын төлөө барилдана гэхэд нь “Одоо боль, мөнгөн медаль авчихлаа, болоо шүү дээ. Наад хөл чинь болохоо байчихаж. Бүр хөлгүй болвол яана” гэсэн чинь “Азаар дээр нь уначихвал яах юм бэ” гэж зүтгэсээр байгаад гарсан. Хөл нь санжигнаад хөдөлж болохгүй болчихсон байхад шүү дээ. Тэгээд Английн эмчээр боолгосон чинь буруу боогоод, гарч ирээд боолтыг нь авч хаяад, Цагаанбаатар, Түвшээ хоёр өөрсдөө боогоод гарсан. Олимпийн аваргын төлөө барилдаж байгаа Оросын бөх ч зүгээр нэг тохиолдлын хүн биш байж таарна. Өрөөсөн хөлгүй хүн түүнтэй яаж барилдах вэ дээ. Гараад ялагдсан. Дахиад олимпийн аварга болчих юмсан гэсэн хүсэл түүнд маш их байсан. Алтын дайтай мөнгө гэдэг чинь тэр шүү дээ. Монголд бүү хэл дэлхийд ч ховор амжилт. Тэр үед дэргэд нь байж, ямархуу байдалтай байсныг нь мэдэхийн хувьд олимпийн дараа “Түвшинбаяр Оросын бөхтэй тохиролцоо хийж, Путины өмнө унаж өгсөн” гэсэн яриа гарахад их муухай санагдсан.

-Бид хоёр олон жил нөхөрлөлөө. Одоо бол бие биенийхээ юу ярих гээд байгааг харцнаас нь ойлгоно гээд хэлчихэд буруудахгүй байх. Хүүхэд байхаасаа барилдаад өдий хүрчихсэн болохоор бие биенийхээ хаашаа хөдөлж, ямар мэх хийхийг бүгдийг нь мэднэ. Хоорондоо барилдахад их эвгүй, барилдаж болдоггүй. Бие биенээ мэх хийлгэдэггүй болохоор бид хоёр барьц сонгоогоор л давалцдаг. Манай найзууд биднийг хамт байхаараа шал өөр болчихдог гэдэг юм. Нийлэхээрээ найзуудыгаа шоолох, шоглох юман дээр их санаа нийлнэ. Манай жүдогийнхон хааяа завтай үедээ няслах шийтгэлтэйгээр хөзөр тоглодог юм. Тэгээд бид хоёр нөгөө хэдийгээ байнга нясалчихна. Манай Болдоо “Дух руугаа няслуулаад байсан чинь сүүлдээ дагз өвдсөн. Тархи хөдөлчихсөн байна” гэж байсан. Бид хоёр хоорондоо ярихгүй ч гэсэн ойлголцоод бусдыгаа хожчихдог болохоор манайхан бид хоёртой тоглохгүй, эсвэл та хоёр нэг хүний модоор тогло гэдэг юм. Тэгээд нэг хүний модоор хоёулаа тоглоно. Манай жүдогийнхон их сайхан хамт олон шүү дээ. Баг хамт олон, ар гэр, найз нөхөд бүх зүйл тэгширч байж амжилт гаргадаг байх. Амжилт гаргахад ар гэр гол нөлөөтэй. Түвшээгийн маань эхнэр сайн бүсгүй бий. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Өөртөө том зорилго тавьчихсан хүн ар гэртээ цаг гаргаж, үр хүүхдүүдээ өсгөлцөөд байх зав чөлөөгүй бэлтгэл гээд л явна. Тэр бүх боломжийг бүрдүүлж, хүүхдүүдээ өсгөж, нөхрийнхөө санаа сэтгэлийг зовоохгүй ар гэрээ авч явна гэдэг том хөдөлмөр.

Бид хоёрыг сая гадаадад тэмцээнтэй явж байхад Түвшээгийн эхнэр, хүүхдүүд манайд ирж, манайхан зураг аваад явуулсан байсан. Түвшээгийн гурав (үүнээс хойш аваргынх дахин бүл нэмсэн), манай хоёр охин нийлээд таван тэрсхэн юм зэрэгцээд суусан чинь цэцэрлэг шиг харагдаж байна лээ шүү дээ. Саяхан л хоёулаа сахилгагүйтээд явж байсан, одоо гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээсэн аавууд болчихсон. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрөх юм.

Улсын заан М.Өсөхбаяр бид нар гэр бүлээрээ сайхан нөхөрлөдөг. Шинэ жилийн эхний өдөр бид хэд гэр бүлээрээ Цэргийн амралтад очдог, Түвшээ өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай.

Эх сурвалж: Ub.life

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]