Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Харчны Бавуужав баатрын тэмцлийн түүх - 2Уншсан15,791

Бавуужавыг алагдсаны дараа түүний цэргүүд давшилтаа зогсоон ухарч хэд хэдэн чиглэлд тархан сарнижээ. Сэвжингээ, Бүмбэжав нарыг нилээд тооны цэрэг дагалдан Хөлөнбойр луу буцаж тэнд үлдсэн цэрэг, эмэгтэйчүүд, хүүхэд рүүгээ 1916 оны 12 дугаар сард очжээ.

Өмнөх нь: http://www.tolgoilogch.mn/_pvb7ofq2vk

Манжийн төрийг сэргээхийн төлөө

Монгол Улсын эрх баригчид өөрийнх нь саналыг дэмжээгүйд гутарч эцсээ хүртэл тэмцэх андгай тавьсан Бавуужав харьяат цэргээ авч Халхын зүүн захын хошуудыг дайрч Хөлөнбойрын зах нийлэх Халх гол хүрч буудаллахаар одох замын зуур Сэцэнхан аймгийн Илдэн Засаг жүн ван Манжбазарын Доржпалам, эрхэмсэг засаг бэйл Жамсранжавын Цэрэнням, Үйзэн засаг бэйс Цэрэнгийн Гомбосүрэннарын хошууны аль баялаг айлын адуу мал гэр хэрэглэлийг дайчлан авч цэргийн хэрэгцээндээ нийлүүлж байснаас тэр нутгийн ард олон нилээд хэлмэгдэж, аж төрөл нь алдагдаж багагүй зовлонд нэрвэгдэж байв. Энэ байдалд сэтгэл зовнин янз янзын арга сэдэж байлаа. Эрдэмтэн Чимэдийн Дэмчигдорж хэмээгч (Дандаа чинсан) сайн дураар 1915 оны өвөл ид хүйтнээр хэдэн харчин эр дагуулж, тэмээ хөлөглөн урт замыг нууцаар туулан явж Бавуужавтай биечлэн уулзаад түүнийг ятгаж ухуулсан байна.

Ч.Дэмчигдорж түүнд хэлэхдээ: “Монгол угсааны хэргийг шинэ үүсгэсэн гавьяагаа төгсгөхгүйгээр өөр зуураа зэвсэг хөдөлгөхийг зүй хэмээвээс болом уу? Сайд бүгд улсаа тэрслэхийг зөв хэмээвээс болом уу? Гүн Та байлдахыг байж хойш эгэхийг хүсмүй” хэмээсэн хойно Бавуужав өөрийн багш Ч.Дэмчигдоржийн үгийг дагаж хэсэг зуур дээрэм хийхээ зогсоосон байна. Гэвч Монгол Улсын Засгийн Газар Бавуужавт бодитой туслалцаа үзүүлээгүй учир тэрбээр дахин хуучин байдалдаа шилжжээ. Тиймээс Монголын Засгийн Газар Сэцэн хан аймгийн цэргийн жанжин бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэнг томилон үлэмжхэн цэргийн хамт илгээж, Бавуужавтай уулзан үймээн самуунаа намжааж, дээрэм тонуулаа зогсоохыг ятган ухуул хэмээн даалган тушаажээ. Тэр үед Бавуужав 3000 цэрэгтэйгээ Илдэн вангийн хошууны нутаг Халх голд байж байгаад Хэрээ уул хэмээх газарт шилжин байрласан боловч П.Доржцэрэн нарыг ирж яваа мэдээг сонсож, Өвөр Монголын Хөлөнбойрт очиж, тэндхийн эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаж, учир явдлаа ойлгуулж, тэднээс дэм туслалцаа авч хэсэг зуур сууж байжээ. Ван П.Доржцэрэн Хэрээ уулын орчим очиж маш тодорхой захидал үйлдэж, тусгай элч довтолгон Бавуужавт хүргүүлжээ. Гэвч тэрбээр П.Доржцэрэнгийн ухуулж ятгасныг ер хайхарсангүй, харин ч Манж Дайчин Улсын хаант төрийг дахин сэргээхээр Манжийн сүүлчийн хааны ойр дотно хүмүүс ба түүнийг дэмжигчид болон “Жибингээс (Японоос З.Л.) эш батыг олж нэгэнт зарласан” ба өөрийн хэрэглэж байсан Монголын туг, тамгаа халж өөрчилсөн бас японоос зэвсэг, нисэх онгоц ирүүлэх хугацаа болж байгаа учир 1916 оны 6 дугаар сарын 18-ны барс (өглөө) цагт Зүүн Үзэмчингээс мордож “дэлхий дахиныг засаж түмэн амьтны тусыг үйлдэх үнэн сэтгэлийг дээд тэнгэр байцаан тольдох тул гагцхүү бурхан тэнгэрт даатган залбирмуй” хэмээн өөрийнхөө цаашид тэмцэх зорилгоо “дэмий нуун халхлахгүй үнэнээ нээн гаргаж” мэдүүлэн бичсэн захидлыг түүний элчид өгч буцаасан байна.

Японы дэмжлэгийг авч эхлэв

Бавуужав Хаант Оросоос ямар боловч тусламж дэмжлэг авна хэмээн итгэж байсан нь талаар болж, Монгол Улсын эрх баригчид ДИУ-аас болгоомжлон түүнд огт туслахгүй болсон явдалд ихээхэн бухимдаж хэрхэх аргаа олж ядан байх үед нь Миязато Ишомури гэгч японы хүн Баргаар дамжин Бавуужавтай уулзаж өөрийгөө Хайларт эм тан худалдаалан суудаг Хун Ли гэдэг хятад хүн хэмээн танилцуулаад, хэрэв та хүсвэл Япон улсаас зэвсэг худалдан авахад чинь би тусалж чадна хэмээн ярьсан байна. Ингэж 1915 оны 8-р сарын эхээр Японтой холбоо тогтоох боломжтой болж, өөрийн түшмэл Тас шувуу гэгчийг М.Ишомуритай хамт Токиод илгээсний дараахан 1915 оны 11 дүгээр сарын 16-нд Японы хоёр офицер ирж Бавуужавтай уулзаж, улмаар одоогийн Чанчун хотод нэг мянган винтов, 50 мянган сум авчирч, эдгээрийг Бавуужавт хүргэж өгөхөд туслалцаа үзүүлэхийг П.Усатыйгаас хүсчээ. Гэвч тэрбээр үүнийг эөвшөөрсөнгүй. Оросын зүгээс Бавуужавт дэмжлэг үзүүлэхгүйг Япон ойлгоод Манжийн хуучинсаг үзэлтэн хаан угсааныхныг ашиглаж Баргаар дамжуулан Бавуужавт хүнс, хувцас, зэвсэг хэрэглэл хүргэх болжээ.

Бавуужавт зэвсэг хэрэглэл хүргэхэд туслалцаа үзүүлэх болсон тэдгээр манж хүмүүс бол Хаант Засгийг дахин сэргээхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулж байсан Манжийн хаан угсааны Чан Чи хэмээгч Сү Чин ван, Шаньси, Гансу мужийн сайд Шэн Юн нараар удирдуулсан томоохон бүлэглэлд багтаж байлаа. Тэдний гол төв нь 1904 оноос эхлэн Японы мэдэлд шилжсэн Далянь хотод байрлаж байсан явдал Японоос Бавуужавтай харилцахад зохистой боломж бий болгож байв. Япон ч энэ бүлэглэлд элдэв зүйлээр тусалж Манжийн хаант төр сэргээх гэсэн тэмцлийг нь дэмжиж байлаа. 1916 оны зун Далянь хотоос тэрхүү бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцдог Монгол ван Эрдэнэ-Цогт, манж Дин Ин нар гурван япон офицер дагалдуулан Бавуужавын дэргэд очжээ. Үүнээс хойш төдий л удалгүй Су Чин ван өөрийн хүү Сян Хуйг таван япон офицертой бас очуулжээ. Тэд Бавуужавыг ятгаж, манжийн хаант төрийг сэргээхэд дэмжлэг туслалцаа үзүүл, ялангуяа Өвөр Монгол, өмнөд манжийн ард иргэдэд энэ талаар ухуулга ятгалга хийхийг хүсчээ. Бавуужав ч уг хүсэлтийг биелүүлэхээ амлаж, түүнийхээ хариуд их хэмжээний зэвсэг, хувцас, хүнс, бие мөнгө 200 мянган ланг авахаар болсон байна. Мөн Бавуужавын гэр бүлийн аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг японд суулгах зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд энэ нь чухамдаа Бавуужав Японд чин үнэнчээр хүчин зүтгэхийн баталгаа болсон байж тун магадгүй. Үүнийхээ дараа Бавуужав Барга, Халхын эрх баригчдад захидал бичиг хүргүүлж Хиагтын гурван улсын гэрээ Барга ӨвөрМонголыг Халхад нэгтгэх талаар ямар ч оролдлого хийгээгүй. Тиймээс цаашид Манжийн хаант төрийг сэргээн байгуулахаар эрслэн тэмцэх болно гэдгээ мэдэгджээ.

Хатанбаатар С.Магсаржавыг Бавуужав руу илгээв

Бавуужав Манжийн хаант төрийг сэргээхийн төлөө тэмцлээ хэрэгжүүлэхдээ Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлан юуны өмнө ДИУ-ын эсрэг дайтахаар бэлтгэж, бүх цэргээ таван зам хувааж Чанчүн, Мүгдэн хотууд ба Гирин, Хар мөрөн мужийг дэс дараалан эзэлж, улмаар Бээжинг эзлэхээр төлөвлөжээ. Гэтэл энэ үед ДИУ-ын зүгээс Монголын эрх баригчид Бавуужавтай эвсэн хуйвалдаж буй мэтээр янз бүрийн сэжиг таавар гаргаж, түүний дээрэм тонуул үйлдэж байгааг таслан зогсоохыг удаа дараа хүчлэн шаардсаар байв. Иймд арга буюу Монголын Засгийн Газар Хатанбаатар ван С.Магсаржавыг Бавуужавтай нүүр тулан уулзаж ятган ухуулж, түүнийг дээрэм хулгайгаа зогсоож зэвсгээ хураалган Ар, Өвөр Монголын аль хүссэн газраа чөлөөтэй нутаглан суухыг мэдэгд хэмээн илгээжээ.

С.Магсаржав Нийслэл Хүрээнээс шууд явж, Сэцэн хан аймгийн Үйзэн гүний хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад) хүрч Тэгш Манлай хэмээх газар түр буудаллаж, Далайбаатар гэгч хүнийг Бавуужавтай уулзаж “хязгаарт түвшингүй болгон түйвээж болохгүй, зэр зэвсгээ хураалгаж, нам гүм шударга түвшин явах хэрэгтэй. Улсын сангаас цалин хэрэглэлийг чинь олгоё” хэмээн хэлүүлсэнд Бавуужав түүний үгийн хариу болгож “Бид нэгэнт Монголд жигшигдэн хөөгдсөн учир цэргийн зэр зэвсгийг хураалгаж чадахгүй, цалин мөнгө ч авахгүй, харин энэхүү зэвсгээрээ Монголоос чадах чинээгээр хоол олж иднэ. Монголтой эрэгчин эмэгчнээ үхтэл үзнэ. Хэрэв Монголд дийлдвээс бид гомдох явдалгүй, дийлж болбаас хэзээ ч Монголоос амиа тэжээнэ хэмээн эрс үг хэлж” мөнөөх Далайбаатарыг гурав хоног хорьж байгаад “чамайг албаас зохино. Гэвч чи мууг алаад Монголыг хорсгож чадахгүй тул буцаж энэ учрыг хэлтүгэй” хэмээн буцаажээ.

Бавуужав түүний дараа цэргээ авч Хайлар хотын зүг зайлан одсон учир С.Магсаржав өөрийн биелүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлж чадалгүй буцаж иржээ. Үүний дараа Бавуужав Монгол Улсын Засгийн Газарт дэлгэрэнгүй захидал ирүүлж “Бид нар хэдүй Монгол улсаа дахин мандуулсугай” хэмээн тэмцсэн боловч энэ их зорилгодоо хүрч чадсангүй. Тиймээс “Дайчин улсын хэвт ёсны хаан эзнийг Дундадаас (ДИУ-аас) мандуулахаар Манжийн угсаа Су Чин ван лугаа зөвлөлдөн хэлэлцэж тогтоод хэргийг анх үүсгэхэд аливааг хувьсган (өөрчлөн З.Л.) улируулж хэрэглэхгүй аваас үл болох тул тамга, туг, хиурыг бүрнээ шинэ үйлдэж Богд хааны соёрхсон туг тамгыг шүтээн болгож цаг үргэлж аливаа зүйлийг даатган залбирч…Тоа нан фу зэрэг газрыг байлдан эзлэхээр бэлтгэж, цэргийнхээ хагасыг хүүхэд эмэгтэйчүүдийн хамт Хөлөнбойрт үлдээж, aгт морь 300, үхэр 50-иад, майхан тавийг тэр хавийн ардаас тусласныг авч мордох гэж байгаагаа мэдэгдээд “Дундадыг дахин мандуулах түшмэл цэргийг ерөнхийлөн захирагч сайдын тамга” хэмээх Монгол үсэгтэй дундаа Монголын соёмбо үсгийг сийлсэн тамга даржээ” Мөн энэхүү захидалтай хамт бас нэгэн бичгийн хуулбарыг ирүүлсэн байна. Уул бичгийг Су Чин вангийн дотно хүмүүс Бавуужавт хандаж бичсэн бөгөөд Манж Дайчин улсын төрийг дахин сэргээж хааныг ширээнд нь залахад туслахыг түүнээс хүссэн байна

Манжуурт цэргийн ажиллагаа явуулж эхлэв

Бавуужав бүх Монгол үндэстнийг Богд хааны захиргаанд нэгтгэсэн их улс байгуулахын төлөө тэмцлээсээ няцаж, Манж Чин Улсын хаант төрийг дахин сэргээхээр шимтэх болсон явдлыг Өвөр Монголын нилээд хүмүүс дэмжин талархаж байв. Ялангуяа Гадаад Монголд суурьшсан өвөрлөгчдийн олонхи Бавуужавын үйл ажиллагааг дэмжихээр явцгаасан айна. Мөн янз бүрийн хүмүүс Бавуужавын цэрэгт сайн дураар элсэх болсноор түүнийг дагалдагчид таван мянга гаруй болж, Японоос түүнд тусламж болгож үхэр буу 4, явган цэргийн буу гурван мянгыг Мүгдэнгийн ойролцоох төмөр замаар ирүүлсэн байна. Тэр үеэс Бавуужав Тоа нан фү-г байлдахаа больж Мүгдэнг чиглэн давшжээ. Гэвч ДИҮ-ын цэрэг Бавуужавыг тосон байлдахад эхлээд Хятад цэрэг бага зэрэг ухарсхийсэн боловч удалгүй дахин давшилтад орж Монгол цэргээс дал гаруйг алж нилээдийг шархдуулж винтов буу ер орчмыг олзолж авчээ.

Үүнээс хойших хэд хэдэн тулалдаанд Бавуужав тийм ч их хохирол үзээгүй бөгөөд харин ч түүний цэргийн Жиримийн чуулган хавьд байлдаж байсан хороо нь хятад генерал Ү Цюн шэн гэгчийн захирсан цэрэгт хүчтэй цохилт өгч, улмаар У цюн шэнг шархдуулж, түүний цэргээс 130 гаруйг алж 100 гаруй хүнийг шархдуулсан байна.

Нэг түмэн цэрэгтэй болж Мүгдэнийг хүрээд амиа алдсан нь

Байдал ийнхүү хурцдаж Бавуужавын цэрэг 10 мянга гаруй болж, нилээд хүчирхэгжих болсон явдалд Мүгдэнгийн цэргийн захирагч Жан Золин Тоа нан фү рүү цэргийн үлэмж хүч илгээсний сацуу Хар мөрөн мужийн сайд Би Гуйфан мөн тусгай цэрэг гаргаж Тоананфүгээс Бавуужавын цэрэг ирэх гол гол замыг угтуулан сэргийлжээ. Гэвч Бавуужав үргэлжлэн давшсаар Кайтүн Хуйцэсян, Лишүсян, Синанжэн зэрэг хэд хэдэн хотыг эзэлж байсан боловч энгийн иргэдэд бараг хохирол учруулаагүй бөгөөд эзэлсэн хотуудаа ямар ч харуул хамгаалалтгүй орхин цааш давшилтаа үргэлжүүлж байжээ. Ингэж Бавуужав Хянганы нуруунаас Мүгдэн хүртэлх 600 гаруй километр замыг туулж давшсаар байв. Нутгийн ард иргэд Бавуужавыг дэмжиж бүх л бололцоогоороо тусалж байсны сацуу Япон ч зэр зэвсэг, хүнсээр тасралтгүй хангаж байлаа.

1916 оны 8-р сард Бавуужавын цэрэг давшсаар Дорнод Хятадын Төмөр Замын өртөө байрладаг Гоцзыдян хотод ороход нь манжийн хаан угсааныхныг дэмждэг хэдэн зуун манж эрчүүд түүнд дагаар оржээ. Эндээс Бавуужавын цэрэг бага зэрэг зэр зэвсэг нэмж авч цааш дайтахаар бэлтгэж байхад нь тус хотын хятад цэрэг их буу пулемётын хүчирхэг галаар Монгол цэрэгт сэхээ авахуулалгүй цохилт өгч улмаар зай завсаргүй бүслэн гаднаас ямар нэгэн зүйл нэвтрэх, гадагш гарах бүх бололцоог хаан тусгаарласан байна. Ийнхүү бүслэлтэд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа Бавуужавын цэргийн дотор үймээн дэгдэж Насанбаярын захирсан 300 хүнтэй анги, Батын захирсан 70 цэрэг Бавуужавыг орхин хятад цэрэгтэй нийлжээ. Сарын дараа Бавуужавын цэрэг хятад цэргийн бүслэлтийг сэтэлж, мөн оны 9 дүгээр сарын 18-нд их бууны галаар давшиж, Чанлинсян хотыг эзэлж хятад цэргийг хөөн зайлуулаад хэсэг зуур хүчээ сэлбэж дахин дайтараар зэхэж байв. Гэвч ДИУ Бавуужавын давшилтыг зогсоох түүнийг дарж устгахын тулд түүнтэй дайтах цэргийнхээ тоог ихээхэн нэмж генерал Чжан Си Лан гэгчийг тэрхүү цэргийн ерөнхий жанжнаар томилжээ. Бавуужав байлдаанаа үргэлжүүлж Жэхэ мужийн Линьси хот руу давшиж бараг эзлээд байх үедээ 1916 оны 10 дугаар 10-ны өглөө дайсны их бууны галын цэргийг олзлохоор очиж яваад их бууны суманд өртөж амиа алджээ.

Бавуужавын цэргийн хувь заяа

Бавуужавыг алагдсаны дараа түүний цэргүүд давшилтаа зогсоон ухарч хэд хэдэн чиглэлд тархан сарнижээ. Сэвжингээ, Бүмбэжав нарыг нилээд тооны цэрэг дагалдан Хөлөнбойр луу буцаж тэнд үлдсэн цэрэг, эмэгтэйчүүд, хүүхэд рүүгээ 1916 оны 12 дугаар сард очжээ. Мөн цөөвтөр цэрэг хятад цэрэгт дагаар орж, зарим цэрэг нь уугуул нутагтаа буцжээ. Үүний дараа Хөлөнбуйрт очсон цэрэг бэлтгэл хангасныхаа дараа японы цэргийн сургагч Нью Шүкэ, Кизава, Шоотана, Квашима, Үсүй зэрэг арван гурван хүний удирдлагаар Хайлаарт довтолж 1917 оны 6 дугаар сарын эхээр тус хотыг эзлэн авч, Амбаны Яам, баруун зүүн тэнхимийг эзэлж, баруун тэнхимийн дарга Чэн шаныг цаазлахад Хөлөнбойрын амбан Шенфү Цицикар хот руу дүрвэн зайлжээ. Бүмбэжав Сэвжингээ нар Ботгон нутгийн Мин Бао гэгчийг томилж Су Чин ванд бичиг захидал илгээж, түүний зөвлөснөөр Хөлөнбуйрын тусгаар тогтнолыг сэргээснээ зарлаж Цэ Хэ Жа гэгчийг орон нутгийн даргаар томилж Хөлөнбойрын амбаны тушаалыг устгажээ. Мөн цэргийн жанжнаар Чадраабалыг, Цэргийн Яамны сайдаар Сэвжингээг, тусгай сайдаар Даржааг тус тус томилсон байна. Гэвч тэр үед Хаант Орос, ДИУ -ын Засгийн Газраас Японд тулган шаардах бичиг өгч Су Чин ван ба Монголын “дээрэмчин” цэрэгт тусламж үзүүлэхээ бүрмөсөн зогсоохыг шаардсан байна.

Япон нүүр буруулж үлдэгдэл цэргийг нь Хатанбаатар сөнөөв

Япон ч энэхүү шаардлагыг хүлээн авч 1917 оны 10 дугаар сараас эхлэн бүх тусламжаа зогсоосон төдийгүй сургагч нараа эгүүлэн татсан бөгөөд зөвхөн Хасакэ Яма Тарооу, Вака Баяаши хэмээх хоёр хүн үлдсэн байна. Үүнээс хойш удалгүй 8 дугаар сарын 10-нд Өөлдийн бүгдийн дарга Линшэнь Монгол түшмэл У куй нар 200 гаруй солон цэргийг удирдаж нилээд тооны орос цэрэгтэй хамтарч Хөлөнуйрыг довтолсонд тус хотыг эзэгнэгчид ялагдал хүлээж, Сэвжингээ, Бүмбэжав нарын удирдсан 3000 цэрэг хуучин хуаран байсан Халх гол руугаа, Фу шинга-гийн захирсан хэсэг цэрэг Солон уул руу зугадаж, Даржааг дагалдсан нилээд цэрэг нутагтаа буцсан байна. Мөн нилээд хүн дараа нь атаман Семёновын цэрэгт элссэн байна. Тэр үед Хөлөнбуйрын Амбаны Яаманд ирээд байж байсан баргын гүн Бавуудайн Цэнд Бавуужавын үлдэгдэл цэрэг үймээн самуун дэгдээж байгааг дарж номхтгохыг хүсч Нийслэл Хүрээнд элч зарсан. Цэнд гүнгийн хүссэний дагуу Монголоос Хатанбаатар Магсаржавын захирсан цэрэг Халх голд ирж, Бавуужавын үлдэгдэл цэрэгтэй дайтан устгажээ. Магсаржавын цэрэгт ялагдсан цэргийн цөөнх нь тэндээсээ зүүн хойд зүг чиглэн Хятадын Шаазгай хотод очиж ДИУ-ын цэрэгт бууж өгсөн.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 1 сар 21. 0:31
M

ene hunii tuuheer kino hiiwelch yanztai bolohnee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]