Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Инээдмийн алдарт жүжигчний ээдрээт амьдралУншсан36,751

Алексей Смирнов. Энэ хүнийг олон монголчууд мэддэг, хайрладаг байсан ба “Шурикийн адал явдал” инээдмийн киноны эсрэг дүр болох маанагдуу царайтай эрийн бүтэлгүйтлийг бүр ч олон хүн тод санаж байх учиртай.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Алексей Смирнов. Энэ хүнийг олон Монголчууд мэддэг, хайрладаг байсан ба “Шурикийн адал явдал” инээдмийн киноны эсрэг дүр болох энэ маанагдуу царайтай эрийн бүтэлгүйтлийг бүр ч олон хүн тод санаж байх учиртай.

Ихэнхдээ инээдмийн кинонд тоглож явсан энэ хүнийг алдарт Быков өөрийн нэгэн кинонд тоглохыг урьсан ба тэр нь дайны үеийн нисэх багийн механик хүний дүр байжээ. Быков зохиолоо бичихдээ тэр дүрийг Смирнов гэж харж байсан ба энэ дүрд зөвхөн Смирнов л тоглох ёстой гэж мэдэгдэхэд олон хүн үүнийг нь эсэргүүцэж байсан гэдэг.

“... Энэ бол дайны үеийн баатрын дүрийн нэг. Энэ алиалагч ийм дүрд тоглох ёсгүй” гэж дарга нар уурлаж байхад найруулагч Быков хариуд нь “ энэ алиалагч чинь ЗХУ-ын баатар болох шахсан дайчин эр юм шүү” хэмээн маргалдсаар байгаад авч үлдэж чадсан түүхтэй.  “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” киноны тухай, энэ киноны нэгэн дүрийн тухай ярьж байгааг та бүхэн ойлгосон биз ээ. 

Алдарт жүжигчин,найруулагч Быковын тухай өмнө нь бичихдээ Смирновын талаар зарим нэг зүйл оруулж байсан бол энэ удаа уг хүний зовлонт амьдрал, эм гэнэлт төгсгөлийн тухай.

А. Смирнов 1941 онд сайн дураар дайнд явж, фронтын тагнуул, артилерийн батарейн дарга зэрэг үүргийг биелүүлж, нийт 11 одон медаль хүртсэн жинхэнэ дайчин эр байв. Дайны үед энэ хүний байгуулж байсан гавьяа,үүх түүх нь бүр сүүлд л ил болсон ба Смирнов өөрөө энэ тухай хүнд ярьдаггүй, дайны тухай ярианаас үргэлж зугтдаг хүн байсан юм. Ингэх учир ч байж.

1945 оны 1-р сард Одер голын ойролцоо байлдаж явахдаа дайсны миномётын сумны хэлтэрхийд оногдож шархадсан эрийг яаралтай мэс засал хийж амийг нь аварч чаджээ. Эмнэлэгт ухаан орсон Смирновт эмч нь маш хэцүү нэг зүйлийг чихэнд нь хэлснээс хойш энэ хүний амьдрал тэр чигээрээ өөр болсон гэдэг.

Дайнаас өмнө үерхэж байсан, дайны дараа нэг гэр бүл болно  гэж сүй тавьсан  Лидия Масловна нь хайртай залуу нь дайнаас эргэн ирсэн мэдээ сонсонгуутаа гэрт нь гүйж очсон тухайгаа дурсахдаа:

“ ...Хаалга онгойлгож ороод л зог туслаа. Леша намайг хараад орноосоо ч боссонгүй. “Аан чи юу”-гэснээ, “За сонин юутай вэ” гэлээ. Би хөдөлж ч чадахгүй байснаа “...Леша... би чамд жигнэмэг хийж авчирлаа” гэхэд “чиний наад жигнэмгээр ч яахав. Ер нь чамайг хэн дуудсан юм, яах гэж ирээв” гэж гэнэт уурлаад” ...

Хэдэн жилийн дараа Лидия өөр залуутай гэр бүл болоход нь Алексей гэрийнх нь хаалган дээр нууцаар цэцгийн баглаа, нэрээ бичээгүй баяр хүргэсэн ил захидал орхиод явсан байна.

Алексей Одерын орчимд цавиндаа хүнд шарх авч, хэзээ ч хүүхэдтэй болох чадваргүй болсон учраас хайртай бүсгүйгээ ингэж шууд “хаясан” юм билээ. Хэзээ ч хүнтэй ханилж чадахгүй, хүүхэдтэй болох заяагүй гэдгээ мэдсэн Смирнов тэр үеэс балгах дуртай болсон бөгөөд олон түмнээс зайтай ганцаардсан хүн болж, зөвхөн жүжиглэж байхдаа л эргээд амьд хүн мэт болон хувирдаг байжээ.

 Олон арван кинонд тоглож алдаршиж явсан энэ эр Быковын кинонд, тэр тусмаа инээдмийн биш дүрд тоглох болоод анхны зураг авалтын дараа л ухаан алдаж унасан байна. Тэр зураг нь киноны хамгийн сүүлд орох ёстой оршуулгын үеийн зураг байж. Эмнэлэгт яаралтай хүргүүлж байж боссон Смирнов дараа нь Быковт хэлэхдээ “ дахиж энэ хэсгийг авах бол хамгийн сүүлд аваарай, би үхэж байж л энэ сценийг дуусгаж чадах байх “гэж хэлсэн юм гэнэ лээ. Их дайнаар олон арван найз нөхдөө алдаж, өөрийгөө үүрд эрэмдэглүүлсэн хүнд тэр хэсэг үнэхээр хэцүү байсан нь ойлгомжтой.

Смирнов нийтийн байранд ээжтэйгээ цуг амьдардаг байсан ба ээж нь дайны үеэр бага хүүгээ алдсанаас болж ухаан санаа нь орж гардаг болсон хүн байж. Хэдий ийм боловч мань эр өнчин хүүхдийн асрах газарт байгаа бүхнийгээ өгдөг , тэнд байгаа хүүхдүүдийг чадлаараа дэмжиж тусалдаг байсан ба нэгэн сул биетэй хүүг өргөж авахаар хөөцөлдөж байжээ. Зөвлөлтийн хүүхэд хамгаалах байгууллага нь уух дуртай, нийтийн байранд амьдардаг энэ хүнд хүүхдийн хувь заяаг даатгаж чадахгүй гэж удаан зовоосон бөгөөд Алексей танил тал, нэр алдраа ашиглан хөөцөлдсөөр байгаад үрчилж авах зөвшөөрөл авсан байна. Гэсэн ч хүүг яг авах ёстой тэр өдрөө өнчин хүүхдийн байранд халамцуу ирсэн учир бүх л зүтгэл нь талаар өнгөрсөн гэдэг. Ээжийгээ оршуулсан тэр өдөр гашуудаж гуньхарсан эр уучхаад очсон нь тэр байж. Ёстой л Лодойдамба гуайн бичсэнээр “хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэмээр.

Дайны үеийн шарх, сэтгэлийн зовлон, ганцаардал, үүнийгээ мартах гэж асар их ажиллах, хатуу ундаа хүртэх зэрэг нь  энэ хүнийг идсээр бие нь ч муудаж эхэлж. Удалгүй зүгээр хэвтэж унтаж чадахаа байгаад зөвхөн том дэр налан хагас суун унтдаг болсон байна. 

1979 оны хавар зүрх нь дахин муудаж эмнэлэгт очжээ.  Сар гаруй эмчлүүлээд 5-р сарын 7 нд гарах болоход мань эр эмч нарт баярласнаа илэрхийлж, удахгүй болох их ялалтын баярыг хамтдаа тэмдэглэх гэж хундага өргөж байхдаа гэнэт гунигтай мэдээ сонсоод хорвоог орхисон тухай Быковын төгсгөл нийтлэлдээ бичиж байсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]