Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Чингис хаан Тангудыг байлдан дагуулсан ньУншсан6,141

Хамгийн гол нь Алтан улсыг эзлэх дайнд Чингисхаанд хамгийн их саад болох улс бол Тангуд байлаа.

Нэгдүгээр хэсэг: Тангуд улсын тухай

Тангуд улсын түүхийн талаар материал баримт ерөнхийдөө их хомс. Говь нутгаас урагшаа 600 км-т, Шар мөрний сав газар Юнчань хэмээх хот байдаг. Өдгөө Юнчань нь БНХАУ-ын Нинся-Хотонгийн ӨЗО-ны нийслэл, төв нь юм. Нинся-Хотонгийн ӨЗО-ны өнөөгийн хүн ам хоёр сая гаруй бөгөөд эртний суваг шуудуу, хотын хэрмийн ул мөр их байдаг ажээ. Юнчань хот 1500 жилийн тэртээ Бурхан шашин буюу Буддын шашны томоохон төв болж байжээ. Чухамхүү энэ нутаг нь Тангуд буюу Си Ся улсын нийслэл байсан бололтой.

Монголчууд Тангуд улсыг тухайн үедээ Хашин улс гэж нэрлэдэг байжээ. “西夏” буюу Тангуд улсын оршин тогтносон хугацааг нь 1038-1227 хэмээн түүхчид үздэг. Тангуд улсын нутаг дэвсгэрт өнөөгийн Нинся-Хотонгийн ӨЗО бүхлээрээ, Хөх нуур буюу Цинхай мужийн хойд хэсэг, Ганьсу муж бүхлээрээ, Шаньси мужийн хойд хэсэг, Шинжаан-Уйгур буюу Шинэ Хязгаарын зүүн хойд хэсэг, мөн ӨвөрМонголын баруун өмнөд хязгаар нутаг хамаарч байжээ. Тооцоод үзэхэд энэ хэмжээ нь 800000 км2 болж таарч байгаа юм. Тангуд улсын нутаг нь уртаашаа 1600 км урт, өргөөшөө 600 км урт байсан бололтой. Алашагийн цөл, Түвдийн өндөрлөгийг ерөнхийд нь захирч байсан гэдэг.

Хятадууд Тангуд улсыг албан ёсоор “Баруун Ся” хэмээн нэрлэдэг. Энэ нь Тангуд улсын газарзүйн байрлалтай холбоотой болов уу. Тангуд улс нь Шар мөрний баруун хэсэгт буюу эх дээр оршдог байжээ. Тангуд улс нь Хидан болон Алтан улстай мөр зэрэгцэн оршиж байв. Зүүн өмнөд хэсэгтээ Өмнөд Сүн улстай нутаг залгаж байжээ. Тангудууд өөрсдийгөө “Ми” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь Түвд үг бололтой.

13-р зууны үед Хятад нь гурван том хэсэгт хуваагдаад байв. Эхнийх нь зүүн болон зүүн-хойд Хятадаар төвлөрсөн Зүрчидүүдийн Алтан улс, Хуай голоос өмнө шахагдсан Ханжоу нийслэлтэй Сүн улс, төв Хятадын нутагт буюу Нинся-хотон, Хөх нуур орчим төвлөрч байсан Тангуд байсан юм. Эдгээр гурван улс дотроос хамгийн сул нь Тангуд байсан хэмээн Рене Груссе өгүүлжээ. Чингис хааны өвөг Хабул болон Хотула хаан нар Алтан улсын цэрэгтэй тулалдаж байсан тул Чингис хааны хамгийн гол дайсан нь Алтан улс байв. Алтан улс бол Тангуд улсаас хамаагүй хүчирхэг, эдийн засгийн чадамж ч өндөр улс. Алтан улсын хүн ам олон, бэхлэлт бүхий хотууд сайтай. Ийм хүчирхэг Алтан улсын баруун талд Тангуд улс оршин тогтнож байв.

Тангуд буюу Си Ся улсын түүх 5-р зуунаас эхэлнэ. Хятадын нутагт оршин байсан гурван улсын хооронд (Сүн, Алтан, Тангуд) үндсэндээ хүчний тэнцвэр тогтчихоод байв. Хожмоо Хар Хидан улстай хил залгах болсон Тангуд улс нь бурхны шашинтай байжээ. Тангуд улс нь ойр орчмынхоо Түвд, Хятад, Араб, Түрэг ханлигуудтай мөр зэрэгцэн оршиж дайтах, найрамдах хослон байлаа. Тангуд улс нь торгоны замын тодорхой хэсгийг хянаж, түүнээсээ орлого олдог байсан учраас эдийн засгийн чадамж сайтайд тооцогдоно.

Сяньби улсын нэг хэсэг болох Тоба овгийнхон Тангуд улсыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхчид үздэг. Тобагийн Туюхан хаан Тангуд улсын үндсийг тавьсан ч гэдэг. Гэвч түүнийг нас барсны дараа Түвдийн цэрэг цөмрөн орж ирэхэд Чисы хаан Тан улсаас тусламж хүсч байв. Энэ бол манай тооллын 670 онд болсон явдал.

VII зууны үед Түвдийн зүүн нутгаас хүмүүс ирж тухайн үеийн Тангудын нутагт суурьшин амьдарч эхэлжээ.

Тан улс хариуд нь өөрийнхөө эрх мэдлийг Тангудын нутагт баталгаажуулснаар тангудууд Тан улсын хараат болжээ. Тан улс доройтож эхлэхэд буюу 874-884 оны хооронд бослого дэгдээж, тусгаар байдалтай болсон байна. 881 онд Тангудууд өөрсдийгөө 夏州буюу “Ся Жоу” хэмээн нэрлэжээ. 907 онд Тан улс бүрмөсөн мөхөхөд тангудууд газар нутгаа өргөтгөн тэлж, 982 он гэхэд Сүн улсын умард нутгаас багагүй хэсгийг нь эзэлжээ. 1020 онд нийслэл хотоо Шар мөрний хөвөөнд байх Юньчанаас холгүйхэн байгуулж, улмаар хүчирхэгжин баруун зүгт нутгаа тэлжээ.

1038 он гэхэд Тангуд улс өөрийн хүчирхэгжилтийн оргил үед хүрсэн юм. Тангуд улсыг үндэслэгч Юань Хао хаан амбицтай нэгэн байжээ. Нутаг усаа засаг захиргааны шинэ зохион байгуулалтад оруулж, Хятад болон Түвдээс олон элементийг удирдлагын арга барилдаа хэвшүүлжээ. Тангудын хаан Юань Хао өөрийгөө Сүн улсын хаантай эн зэрэгцэхүйц хэмээн үзэж байсан гэдэг. Тиймдээ ч улсаа “大夏”буюу “Их Тангуд” хэмээн нэрлэж байв.

Гэвч зүүн Азид гарч ирсэн Хидан улс Тангудын зүүн хязгаарт халдсанаар байдал хурцдав. Тангудууд Алтан улстай найрамдаж, улмаар тэдний вассал маягтай, алба барих болсон байна. Гэсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Сүн улстай хамтран Хидан улсад цохилт өгч, зарим тохиолдолд Сүн улстай ч байлддаг байв.

Тангуд улсын нутгаар дайран өнгөрдөг торгоны их зам 1000 км урт. Энэ замыг Хэ-си буюу “баруун гол” (河西)гэдэг. Өдгөө энэ нутгийг Ганьсюгийн коридор хэмээн нэрлэдэг. Тангуд улсыг байгуулсан анхны хаан Юанхао түүхэн үйл явдлаа бичиж үлдээхийн тулд хятад-түвд маягийн холимог үсэгтэй болжээ. Тангуд бичгийг харахад Хятадтай төстэй харагдах боловч яг үнэндээ хятад биш юм. Тангуд улсын эрх баригчид улсынхаа түүхийг тэмдэглэх, бурхан шашны номыг орчуулах гэх мэтээр ашиглаж эхэлсэн гэдэг. Түвд, Хятад ханзны дундаас өөрсдийн гэсэн бичиг үсгийг бий болгов. Тангуд бичгийг харсан хүмүүс ихэвчлэн Хятад ханз хэрэглэдэг гэж хардаг. Гэхдээ үнэн хэрэгтээ Тангуд бичиг нь Хятад болон Түвд үсгийн холимог маягтай байжээ. Өдгөө Тангуд бичгийг хятадууд ч, түвдүүд ч уншдаггүй. Тангудууд бичиг үсэгтэй болмогц Түвд хэлнээс бурхан шашны ном судрыг их хэмжээгээр орчуулжээ. 1193 оноос Тангудын уруудалт эхэлдэг гэж түүхчид үздэг.

1115 онд Зүрчидийн Алтан улс байгуулагдсан бөгөөд Хидан гүрний хаан Тангуд улсын зүг зугтжээ. Энэ бол 1123 онд болсон явдал. Алтан улстай найрамдлын гэрээ байгуулж, түүнд алба өргөх болсон Тангудууд Алтан улсын талд орж Сүн улсын умард хязгаарт халдаж байжээ.

Тангудууд Монголын ханлигуудтай холбоотой, харилцан найрамдах, дайтахыг хослуулан оршдог байсан бололтой. Монголын хүчирхэг ханлигуудын нэг болох Хэрэйдийн Тоорил ван хантай нэг хэсэг дайтсан. Түүний дүү Жаха Хамбууг хүртэл хүүхэд байхад нь олзолж байжээ. Жаха Хамбугийн “Хамбу” гэдэг нь захирагч гэсэн утгатай Тангуд үг бололтой. Хожмоо Хэрэйдийн ханлиг мөхөд Тоорилын хүү Сэнгүм Тангуд улсад дагаар орох гээд явж байгаа гэсэн мэдээллийг авсан Чингисхаан энэ байдлыг ашиглан Тагудтай дайн зарлах нэг шалтгаа олж авсан юм.

 

Хоёрдугаар хэсэг: Чингис хаан Тангудыг дайлсан нь

Чингис хаан Тангудыг дайлснаар соёлт ертөнцөд халдсан юм гэж Рене Груссе өөрийн бүтээлдээ дурьдсан байдаг. Чингисхаан Тангудын сул талыг сайн мэдэж байв. Өдөр ирэх тусам хүчирхэгжиж байсан Чингисхаан, урьд 1205 онд Хэрэйдийн ноёдыг бүгүүлж байсны улмаас довтлогоонд өртөн сургамж авч байсан Тангуд улстай харилцах харилцаандаа болгоомжтой хандаж байв. Чингисхаан 1207 онд цэрэг илгээж, Алашаад цөмрөн улмаар Валохай хотыг эзлэн авчээ. Гэвч Монгол цэргүүд хүнсний нөөц багассан учраас ухарсан байна. Мөн аагим халуун ч үүнд нөлөөлсөн гэдэг. Чингисхааны хувьд дайтахдаа дайсныхаа хамгийн сул хэсэгт цохилт өгч богино хугацаанд дайныг дуусгахыг зорьдог байжээ. Чингисхаан Тангуд улсыг довтолж цохилт өгөөд Алтан улсын баруун чиглэлийн замыг хаахыг оролдож байв. Тангуд улс нь Алтан улсаас хүч арай сул байсан гэж дээр өгүүлсэн. Чингисхааны хувьд Тангуд улсад довтолж цэргийнхээ сүр хүч, арга тактикийг туршиж үзэх бололцоотой болсон. Тангуд бол боломжийн, дарахад арай хялбар дайсан байв.

Тангуд улсад цайз хэрэм нь Алтан улсыг бодвол цөөхөн, цөл газар ихтэй нь Монголчуудад таатай байсан юм. Сулхан дайснаа цохиж, замаа цэвэрлэж аваад дараа нь хүчирхэг дайсан руугаа анхаарлаа хандуулах нь Чингисхааны стратеги байсан бололтой.

Чингисхаан үндсэндээ Алтан улстай байлдах бэлтгэлээ хийж арга тактикаа Тангуд улс дээр туршиж байсан гэж хэлэхэд болноо. түүхч Ш. Нацагдоржийн өгүүлсэнээр Чингисхаан Тангуд улсад 1205, 1207, 1209 онуудад довтолсны зорилго нь нэгд, алба авах, хоёрт Алтан улсыг довтлоход түшиц газартай болох байжээ. Мөн бас нэг зорилго нь Алтан улс болон Тангуд улсууд Монголын эсрэг тэмцэхэд нь хүчээ нэгтгэх боломжийг нь хаахад оршиж байсан боловуу.

1209 онд Монголчууд дахин цэрэглэж, 3-р сард Тангуд улсын цэргийг хиар цохижээ. Монгол цэрэг Улахай хотыг эзлэв. Дээрхи тулалдаанаар Тангудын олон цэргийг, тэр дундаа нэр хүнд бүхий жанждыг нь олзлов. Чингисхаан Тангуд улсын нийслэлийг эзлэхээр хөдлөв. Гэвч Тангудын хааны угсааны Вей-Мин 50000 цэргээр Монголчуудыг гэнэдүүлэн довтолжээ. Гэнэтийн довтолгоонд өртсөн Монгол цэргүүд ухрав. Гэвч Тангудууд Монгол цэргийн араас нэхэж ялалтаа баталгаажуулж чадсангүй.

Энэ хооронд Чингисхааны цэрэг хүчээ сэлбэж, ээлжит довтолгооноо хийжээ. Цөөн тооны цэргээр уулгалан дайрч дийлдсэн дүр үзүүлээд ухардаг шалгарсан аргаа Монголчууд хэрэглэв. Энэ бол Монголчуудын дайны түүхэнд сонгодог арга тактик нь байсан юм. энэхүү урхинд орсон Тангуд цэрэг гэнэтийн отолтонд орж ихээхэн хохирол үзжээ. Чингисхааны цэрэг цааш давшсаар нийслэл Яргай хотыг бүсэлжээ. Гэвч томоохон, сайтар бэхлэгдсэн цайзыг Монголчууд эзлэх гээд чадсангүй. Энэ үед Чингисхаан сайтар бэхлэгдсэн цайзыг эзлэн авах арга туршлага хомс гэдгээ ухаарчээ. Хотын ойролцоох Хатан голыг боож, далан байгуулан, усан сан хийжээ. Ус хуримтлагдмагц даланг сэтлэн Яргай хотыг усанд автуулсан.

Тангудын хаан Ли Ань Цюань (李安全) Алтан улсад элч зарж тусламж хүсчээ. Харин Алтан улс Тангуд болон Монголчууд хоородоо дайтаж байхыг ажиглагчийн байр сууринаас харахыг хүссэн бололтой. хэрвээ Алтан улсын цэрэг ирсэн бол байдал арай өөрөөр эргэх байлаа. Яргай хот усанд автав. Монгол цэргүүд ч усанд автсан юм. Чингисхаан Тангуд улсын олзлогдогч нарыг суллан тавьж хаанаа дагаар орохыг шаарджээ. Тангуд улсын хаан Ли Ань Цюань охиноо Чингисхаанд бага хатан болгон өгчээ. Чингисхаан Тангудтай хийсэн дайнаар хот суурин, боомт бүхий улс оронтой байлдах арга чадварыг Монголчуудад өгсөн болой.

 

Чингис хаан Тангудыг мөхөөсөн нь

Тангуд улсад Чингис хаан дахин халдсан нь даруй 1225 он болно. Энэ нь дараах шалтгаантай: 1. Монгол цэрэг Хорезмтай байлдаж байх үед Тангуд улс Монголын хараат байдлаас гарахыг хичээж байсан. 2. Тангуд цэрэг Монголчуудад хэд хэдэн удаа уулгалан халдсан. 3. Алтан улстай үгсэж, Монголчуудын эсрэг эрчимтэй тэмцэж эхэлсэн. 4. Чингис хаан өрнө зүг дайрахад Тангудыг баруун гар болж ор гэхэд тэд хөдөлсөнгүй.

Хамгийн гол нь Алтан улсыг эзлэх дайнд Чингис хаанд хамгийн их саад болох улс бол Тангуд байлаа. Чингис хаан Хорезмыг байлдсаны дараа түр амсхийгээд 1225 онд 100000 цэргээр Тангудыг дайрав. Энэ дайнд Чингис хаан өөрийн туслахаар хөвгүүд болох Өгөөдэй, Тулуй, жанжид болох Сүбэдэй, Боорчи нарыг дагуулан хөдөлжээ. 11-р сарын орчим Монгол цэрэг Түйн гол, Онгийн голын чиглэлээс хөдөлж, Говийн нутгаар явсаар 1226 оны эхээр Тангуд улсын нутагт цохилт өгөв.

Чингис хаан маш сайн чаддаг зүйлээ энэ дайнд хийсэн. Тангуд улсын цэргийн тоо, харилцаа, байрлалыг сайтар тагнан мэдэж, төлөвлөгөөгөө ягштал боловсруулжээ. Тангудууд голын агрмууд, гүүрүүдийг нураав. Гэвч энэ бол 1207, 1209 онд Тангудыг дайлсан туршлага муутай Монгол цэргүүд биш байв. Монгол цэрэг дундад Азид дайтсан, Хорезм, Хар Хидан, Алтан улстай зэвсэг зөрүүлж үзсэн, дайны туршлага хуримтлуулсан бөгөөд маш богино хугацаанд амжилттай давшиж байв.

Сүбээдэй баатрын цэрэг Эзэн голын эрэг дээр Тангудын цэргийг хиар цохив. Цааш давшин Хэнсуй хэмээх цайзыг эзлэн хүн амыг нь хяджээ. Сүбээдэй баатар яарсангүй. Аажим давшиж, цэрэг морьдоо амраан, хүнс хоолоо базааж явав. 5-р сар гэхэд Сужоу, Ганжоуг эзлэн авчээ. Хотын иргэд эрс эсэргүүцсэн тул ихэд цээрлүүлжээ. Канжоу хотод тулж ирсэн Монгол цэргийн бууж өг гэсэн шаардлагыг Тагудууд хүлээн аваагүйгээр барахгүй Монгол элчийг алжээ. 8-р сард Чингисхааны цэрэг Суло мөрний хөвөөнд байх Силян буюу Эрэчү хотод тулж ирлээ. Энэ бол Тангудад Яргай хотын дараа 2-рт орох том хот ажээ. Түүнээс гадна, Тангудын худалдааны гол зангилаа, Түвдийн ууланд хоргодох гол зам болж байв. Силян хотын захирагч эсэргүүцэлгүйгэр буууж өгсөн нь Тангудын ванд хүнд цохилт өгчээ.

Харин Шажоу хотыг Түвд цэргүүд хамгаалж байсан бөгөөд сүрхий эсэргүүцэл үзүүлэв. Монголчууд Шажоу хотыг эзлэх гэж асар их хохирол амссан юм. Тэгсээр Шажоу хот унав. Тангуд улсынхан Монголчуудтай дайтах арга буруу сонгожээ. Монголчуудын довтолгооны хурд, дайны туршлагыг тооцсонгүй. Тангудын хаан Лэ Тэ нас барж түүний ач Ли Сян 100000 цэргээ удирдан Монголчуудтай тулахаар иржээ. Тангудын алдарт жанжин Вей манлайлсан 100000 цэрэг Монголчуудтай тулалдав. 12-р сард болсон энэхүү тулалдаанд Монголчууд ялжээ. Монголчууд цааш явсаар Линь Жоу хотыг эзэлжээ. Улмаар Шар мөрний хөвөөнөөр явсаар Янчуань, Кей Мэн, Ву лахай хотуудыг эрхэндээ оруулжээ.

Ен Чуан хотыг эзлэн авсны дараа түр амсхийв. 1227 оны эхээр Чингисхаан Тангудын нийслэл Яргай хотыг эзлэн авах зарлиг буулгав. Үүнийг мэдсэн Тангудын Лисян хаан Урхай хот руу очих гэж байгаад замдаа цохигдож Яргай хот руу ухарчээ. Нэгэнт бараг бүх нутгаа алдсан Тангуд улстай цаг баралгүй Чингисхаан Алтан улсын хил хязгаарыг түйвээж эхлэв. Найдлага алдсан Тангудын хаан бууж өгөхөөр Чингисхаанд бэлэг сэлтийн хамт иржээ. Чингисхаан өөрийн биеэр хүлээн авсангүй. Чингисхааны бие чилээрхэж буйд Монгол жанжин Тангудын ванг буруутгаж байжээ. Чингисхаан ч мөн Тангудын ван өөрийг нь дорд үзэж, эсэргүүцсэн тул өршөөх бодолгүй байв. тиймээс Ли Сяныг Монголчууд цаазаар авсан байна.

Чингис хаан хэдэн зууны түүхтэй Тангуд улсыг 1205-1225 оны хооронд нийтдээ 5 удаагийн довтолгооноор мөхөөн даржээ. Зарим түүхчид Чингисхааны 1225 онд Тангудын эсрэг хийсэн довтолгооныг эзлэн түрэмгийлэл бус харин дотоодын самууныг дарсан хэмээн үздэг байна. Тангуд улс өөрсдийн бичиг, соёлын хамтаар. түүхийн тавцангаас арчигдсан юм.

Судлаач Б.Батмөнх

Эх сурвалж:

  1. Ж. Ж. Саундерс. “Монголчуудын байлдан дагуулал: Хятад дахь Монголын ноёрхол”.
  2. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад: 2-р боть. Чингисхаан”.
  3. John Man. “The Mongol Empire: Genghis Khan, his heirs and the finding of modern China: To the south”.
  4. 勒内格鲁塞。“草原帝国:记述游牧民族与农牧社会三千年的历史:征入西夏和金国”。
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]