Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тошиба ЗХУ-тай найзалсан ньУншсан7,146

1970-аад оны үед Америкийн цөмийн шумбагч онгоцнуудын дуу чимээ эрс багасч, Зөвлөлтийн шумбагч онгоцыг илрүүлэх хүчин чадал нь ч нэмэгдэж байх тэр үед оросууд өөрсдийн гурав дахь үеийн шумбагч онгоцоо усанд тавьж эхэлжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүйтэн дайны ид үе болох 1970-аад оны үед Америкийн цөмийн шумбагч онгоцнуудын дуу чимээ эрс багасч, Зөвлөлтийн шумбагч онгоцыг илрүүлэх хүчин чадал нь ч нэмэгдэж байх тэр үед оросууд өөрсдийн гурав дахь үеийн шумбагч онгоцоо усанд тавьж эхэлжээ. Хэдийгээр эдгээр пуужин зөөгч, цөмийн шумбагч онгоц нь өмнөх үеийн хөлгөөс дуу чимээний болон бусад олон зүйлээр илүү сайжирсан ч Америкийн онгоцноос дуу чимээ ихтэй хэвээр. Тухайн үед шумбагч онгоцыг илрүүлэх цорын ганц арга нь акустик шинжээр нь хаа байгааг тодруулах явдал байсан учир энэ чимээг багасгах асуудлыг хамгийн нэн түрүүнд шийдэх ёстой зүйл байв. Зөвлөлтийн эрдэмтэд, зохион бүтээгчид маш олон төрлийн шинжилгээ судалгаа хийж, олон дуу чимээний эх үүсвэрийг дарж, багасгаж чадсан ч шумбагчийн сэнснээс гарах дуу чимээг яаж ч чадсангүй. Шумбагч онгоцны сэнс нь маш нарийн төвөгтэй бүтэц бүхий хэлбэр, иртэй байж л бага чимээ анир гаргах ёстойг тогтоосон хэдий ч уг сэнсийг эрдэмтдийн тооцоолсон байдлаар хийх техникийн боломж тэр үеийн зөвлөлтүүдэд байсангүй буюу тэр сэнсийг “ирлэх” суурь машин огт байхгүй байлаа.

Ийм сэнс хийх боломжтой суурь машиныг хоёр л улс үйлдвэрлэж байсны нэг нь Япон. Гэхдээ COCOM-ын шаардлагын дагуу (COCOM, Coordinating Committee for Multilateral Export Controls) ийм нарийн төхөөрөмжийг дайсан болох ЗХУ-д гаргахгүй байх үүргийг энэ улс барууныхны өмнө хүлээсэн байв.

Зөвлөлтийн “Техмашимпорт” хэмээх хэлэхэд хэцүү нэртэй “фирмийн” ажилтнууд гэсэн сэтэртэй КГБ-ийн тагнуулууд энэ үед Москвад ажиллах гадаадын олон компаниудтай уулзаж учран суурь машин олох арга зам хайсаар. Энэ нууц уулзалтууд үр дүнгээ өгч Японы Вако Коеки (цаана нь Марубени байсан гэдэг яриа бий) хэмээх компанийн Хитори Кумагай гээч нөхөртэй танилцаж, энэ хүнээс Японы Тошиба компанийн үйлдвэрлэдэг нэгэн суурь машиныг Зөвлөлтөд нууцаар нийлүүлэх боломж байгаа эсэхийг шууд асуусан байна. Өнөөх нь ч боломжгүй юм гэж байхгүй, жаахан үнэтэй л байх болно гэсэн юм хэлж.

Ажил өрнөж эхэллээ. Тэр суурь машин гээч юм нь 220 тонн жинтэй, бүхэл бүтэн байшин шиг том юм бөгөөд 11 метр хүртэлх том эдлэлийг янз бүрээр боловсруулах чадалтай эд байлаа. Вакой-гийнхан тэр даруй л Тошибатай уулзаж ярилцан “Москвад байгаа хэдэн сайн найз нартаа ялих, шалихгүй юм зарах гэж байгаа тухай, тэр нь суурь машин, бас Зөвлөлтөд зарахад хориотой эд, гэхдээ зөндөө их мөнгө олж болно” гэсэн юм ярьсан байж таараа. Тошибагийнхан ч зөвшөөрлөө. Том компанийн хашир бурхинууд их мөнгө олох боломжийг алдаж болохгүй ч бас хориотой бараа зарсан хэрэгт орохгүй байхын тулд олон халхлалтын ажил хийх ёстой гэсэн болзолтойгоор ажлаа эхлүүлжээ. Халхлах ажиллагаандаа өөр компаниас мөн адил төрлийн суурь машин авах гэрээ байгуулах (Иточу байсан гэдэг), Зөвлөлтөд гаргах суурь машинаа жирийн барилгын тоног төхөөрөмж нэртэй болгох, суурь машиныг удирдах ерөнхий удирдлага болон програмыг өөр газраас буюу Норвегийн “Конгсберг Вапенфабрик” гэдэг компаниас авах зэрэг зүйлүүд байлаа.

Ингээд Японоос "барилгын тоног төхөөрөмж", Норвегиос "сэлбэг хэрэгсэл" Зөвлөлтийн Ленинград хотод ирж эхэлжээ. Япон болон Норвегийн хил гааль, тусгай албад юу ч мэдсэнгүй юм уу эсвэл энэ бүх явдлыг мэдээгүй мэт царайлж, ажил төрөл ч явсаар. Бүх л зүйл хуулийн дагуу мэт байх ба хоёр компанийн мэргэжилтнүүд Зөвлөлтөд ирж тоног төхөөрөмжийг суурилуулах, яг таг тохиргоо хийх, сургалт явуулах гээд бизнес ямар байдлаар явдаг яг л тэр хэмээр явсаар 1984 онд суурь машин бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлсэн байна. Одоо Зөвлөлүүд өнөөх гайт сэнсийг өөрсдийн хүссэн техникийн үзүүлэлттэй хийж чадах болсон ба удалгүй шумбагч онгоцнуудынх нь дуу чимээ гаргах нь эрс багасч, америкчуудын зүрхийг авч эхэллээ...

Энэ үед нэгэн хүн маш их баяр хөөртэй байсан нь өнөөх Хитори Кумагай. Өчнөөн жил Зөвлөлт Японы хооронд явж, үхэн үхтлээ сайхан амьдрах мөнгө олох чухал ажил амжуулсан болохоор тэр. Гэтэл Вако компани мань эрд ердөө л албан тушаалыг чинь ахиулах болно гэсэн үг л хайрлаж. Чухам ямар албан тушаалд очих юм бол гэж хүлээж байтал “гэрээний хугацаа дууссан” гээд мань эрийг ажлаас нь гэнэт халаад хаяж. Хорсож уурласан Кумагай Токиогийн цагдаагийн газар хандаж Вако компани Зөвлөлттэй нууц наймаа хийсэн тухай мэдээллийг нэр ус, он сартай нь өглөө. Таг чиг. Дараагийн алхам болгож Парист очиж КОКОМ-ын төв байранд хориотой наймааны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ч өнөө хэд нь материалыг хүлээж аваад Японы холбогдох алба руу “учрыг нь ол” гээд явуулсан байна. Японоос ч “ажлаасаа халагдсан нэг юм ингээд худлаа юм зохиогоод, бураад байдаг” тухай хариу өгөхөд КОКОМ ч санаа амран Кумагайг тоохоо больжээ.

Кумагай эцсийн арга болгож Парис дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хандан өөрийн мэдэх бүх л мэдээллээ өгчээ. Америкчууд ийм балиар юм болсныг мэдээд галзуурах шахан Токиогоос хариулт шаардахад өнөө хэд нь ”ажлаасаа халагдсан нэг юм л...” гэсэн өнөөх хариултаа өгч. Огт улайхгүй байгаа япончуудыг түр орхиж, Норвеги талаас ухаад үзтэл тэнд харин хамаг юм дороо ил боллоо. Норвегийн засгийн газар Конгсбергийг орвонгоор нь эргэтэл төнхсөөр олон хачирхалтай бичиг баримт олж, түүнийгээ америкчуудад өгөхөд америкчууд ч Японы дипломатуудад “хоёр талын харилцаа маш хүнд байдалд орох нь байна шүү” гэж анхааруулсан байна. Дипломат хэлнээс орчуулбал “хохь чинь шүү, араа даахгүй шүү” гэх анзааны юм байх болов уу.  

Япончууд өнөөх л “ажлаасаа халагдсан нэг юм л...”гэсэн үгээ дахин хэлэхэд АНУ-ын Конгресс бужигнаж эхэлсэн байна. Урьдчилсан тооцсоноор америкчууд Зөвлөлтийн шумбагч онгоцыг хянаж илрүүлэх шинэ систем бий болгоход өч төчнөөн тэрбум доллар зарах шаардлагатай, хугацааны хувьд 10-аар тогтохгүй жил ажиллах хэрэгтэй... гэсэн дүгнэлт гарч, Ерөнхийлөгч Рейган ч тэвчээр алджээ. Өөрийн сайн найз шахам болсон Японы Ерөнхий сайд Накасонед хатуу хөтүү үг чулуудаж, Японоос АНУ-д нийлүүлдэг цахим бүтээгдэхүүнд хориг тавих шийдвэр гаргах гэж байгаагаа дуулгасан байна.

Одоо л япончуудын хулхи буулаа. Шалгалт явуулж Тошиба буруутай гэдгийг тогтоосны дараа компанийн олон дарга нар огцорч, золиос болгон 2-3 дунд тушаалын нөхдүүдийг шоронд хорих болов. Мөн Тошибаг социалист орнуудтай худалдаа хийхийг хориглож, 100 сая доллараар торгожээ. Дээр нь уг компани өөрийн нэр сүрийг цэвэрлэхээр Америкийн олон лобби компаниудад хандаж бас л 100-гаар тоологдох сая доллар зарлагдсан гэдэг.

Тошибагийн тэргүүнүүд огцорч байгааг зарласан хэвлэлийн хурал

Энэ бүх бужигнааны дараа өнөөх Кумагай чухам яасан юм бүү мэд таг чиг болсон ба Зөвлөлтийн шумбагч онгоц Америкийн шумбагчийн хэмжээний чимээгүй болж чадаагүй ч цааш цаашдын олон шинэ шумбагчийг улам боловсронгуй болгох суурь үндэс нь болсон байна. Тошибагийн нийлүүлсэн тэрхүү суурь машин одоо хүртэл ажилласаар байгаа бөгөөд өнөөгийн Оросын Борей, Ясень зэрэг цөмийн шумбагчийн эд ангийг бэлдсээр байгаа юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]