Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятад, Тажикстаны хооронд үүссэн асуудлыг сонирхож үзвэлУншсан13,344

Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, ингэснээр Иран, Афганистанаас өөр нэгэн перс хэлт үндэстэн улс болсноор түүх үргэлжилжээ

Өнөөгийн БНХАУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Тажикстан улсын хооронд үүссэн асуудал, харилцааны талаар интернэт, сошиал орчинд ихээр бичих болсон. Тэнд бичигдэж байгаа Тажикстанд тулгараад байгаа Хятадын аюул занал гээч нь үнэндээ бодит асуудал бөгөөд хятадууд юу юугүй цэрэг оруулаад эзлэн түрэмгийлдэггүй юм аа гэхэд өөрийн нөлөөний бүс болгох сонирхол агуулж байгаа, агуулсаар ч ирсэн юм. Энэхүү бүс нутаг нь аль эртний Тан улсын үеэс л өмнө зүгийн суурин иргэдийн ашиг сонирхолд өртөж түрж ирсэн газар нутаг юм.

Энэ тухай бичихээс өмнө тажикууд хэмээгдэгч улс, үндэстний түүхийг танилцуулъя. Тажик хэмээгч хүн ард нь эртний перс гаралтай хүмүүс бөгөөд түүхийн явцад Төв Азид идэвхтэй улс төр явуулж байсан олон үндэстэн, улс гүрнүүд янз бүрийн үндэстнүүдийг өөрсдийн зүгээс тажик хэмээн нэрлэдэг байж.

Нийтийн тооллын өмнөх 4-р мянганд Тажикт хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил оршин байжээ хэмээн архелогийн судалгаагаар тогтоожээ. Бичиг сударт тэмдэглэгдсэнээр Тажик орны зарим хэсэг НТӨ 6-р зуунд Персийн Ахеменидийн хаант улсын харьяанд байсан ба Македоны Александрын байлдан дагуулалтаар грек Бактрийн улсын мэдэлд оров. Нутгийн умард хэсэг эртнээс эдүгээ хүртэл Согд хэмээгдэх газар орон бөгөөд энд худалдаа наймаа, газар тариалан, шилэн болон модон эдийн дарх эртнээс хөгжсөн.

Эртний согдууд арабуудыг тазиг хэмээн үзэж байсан бол Түрэгийн хойч үе болох харлугууд, огузууд, сельжукууд эсрэгээр нь Хорасаны персүүдийг тажик гэж нэрлэжээ. Кушаны (30–375) мэдэлд байж будда, несторын христ, зороастр, манихейзм зэрэг шашин дэлгэрчээ. Цагаан хүннү (408–670)-гийн үед арабууд ирж ислам шашныг дэлгэрүүлсэн ба өрнө дорныг холбосон Торгоны зам бий болсон байв.

Дараагийн зуунуудад араб, төвд, перс, түрэг, монгол хаадын мэдэлд явсаар 14-р зуунд Төмөрийн улс, 16-р зуунд Бухарын хант улсын харьяа нутаг болов. Бухарын эмирт улс, Хокандын хант улсын мэдэлд орж байв. Энэ үед Дундад Азийн нийт перс хэл соёлт угсаатнуудыг тажик хэмээн нэрлэх болсон ба он жилүүдийг өнгөрөөсөөр 1868 онд Самарканд, Бухарыг Хаант орос эзлэхэд бүрэлдэхүүнд нь оржээ. 1910-1913, 1916 онд бослого гарсныг оросууд тухай бүр дарж байсан ба Хаант Оросын хөвөнгийн тариалангийн бүс нутаг болсон юм. Оросын иргэний дайны үед тусгаар тогтнохыг санаархсан ч Зөвлөлтийн улаан цэрэг ирж эзлэн Зөвлөлтийн төрийн бодлогоор элдэв зүйл шашныг хориглож, сүм хийдийг хааж, хамтралжуулах аян эхэлжээ.

Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, ингэснээр Иран, Афганистанаас өөр нэгэн перс хэлт үндэстэн улс болсноор түүх үргэлжилжээ. 1930-аад онд олон хүнийг улс төрийн хэргээр хилсээр ялласан. Оросууд 1926-1959 онд 1%-иас 13% болтол олноор нүүн ирж, төрийн гол албан тушаалд түлхүү ажилладаг болов.  Нийслэлээ Сталинабад хэмээн нэрлэж байгаад 1960 оноос Душанбе гэх болж.

Тажикт 1992-1997 онд иргэний дайн дэгдэж 100000 хүн үрэгдсэн.

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн Тажик орон Дундад Азийнхаа Хиргис, Узбек болон төрөл хэлтний Афган, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий. 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь нь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

Хилийн маргаан уу, их гүрнийг түшихээр шийдсэн үү?

Нутаг дэвсгэрийн маргааны түүхэн уг сурвалж нь 19 дүгээр зууны үеэс эхэлдэг. Тухайн үед хүч нь суларсан байсан Манж Чин гүрэн, колоничлолоо Ази руу идэвхитэй тэлж байсан Хаант Орос улсуудын ашиг сонирхол энэ бүсэд тулжээ. Хил тогтоолт Хаант Оросын давамгайллаар өндөрлөж Манжийн тал сэтгэл дундуур үлдсэн.

Энэ асуудал 100 гаруй жил үргэлжилж ЗХУ-ын үед ч шийдэж чадаагүй юм. Харин 1990-ээд оны үед ЗХУ бутарснаар олон салангид бие даасан улсууд бий болж хилийн маргааныг шийдвэрлэхэд Хятадад илүү хялбар болсон байна. Нөгөө талаас БНХАУ нь өөрийн хамгийн тогтворгүй эмзэг бүс нутаг болох Шинжаантай залгадаг хилийнхээ асуудлыг яаралтай тодорхой болгож авах сонирхолтой байжээ.

 Иймээс Казахстан, Киргизстан улсуудтай маргааныг шийдвэрлэснийхээ дараа 2011 оны нэгдүгээр сард Тажикстан улстай 1877 оноос хойш тодорхойгүй байсан Памирын уулсын бүс дэх хилийн зурвасыг асуудлыг өрийн асуудалтай уялуулдан шахалт үзүүлэн тохиролцож чадсан байна. Тохиролцооны дүнд 1358 хавтгай дөрвөлжин км нутаг БНХАУ-ын харъяанд орсон түүхтэй. Тажикстаны гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нутаг нь Хятадтай маргаантай байсан нийт газрын 5.5 хувь болж байгаа аж.

Дахин түүх

Горно-Бадахшан нь хөрш Хятад, Тажикистаны хилийг бүрхэн оршдог 64200 км хавтгай дөрвөлжин газартай бүс нутаг юм. Душанбегийн эрх баригчид үүнээс 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжингийн захиргаанд шилжүүлсэн бөгөөд Душанбегийн эрх баригчдын энэ үйлдлийг түр шилжүүлсэн байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулын Бадахшан/ нь хэдийгээр уулархаг бүс нутаг ч Хятадын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой. Тажикистаны газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь ердөө гурван хувь тэнд оршин суудаг.

Өөрөөр хэлбэл Горно-Бадахшаны уугуул иргэд энд голдуу суурьшдаг байна.

Тажикстаны удирдлага болон Горно-Бадахшаны хооронд 1992-1997 оны хооронд хамгийн олон хүн амь үрэгдсэн тулаан болсон юм. Таван жил үргэлжилж 50-100 мянган хүний аминд хүрсэн уг мөргөлдөөн ОХУ-ын эрх баригчдын зуучлалаар төгссөн юм.

Арваад жилийн дараа Горно Бадахшаны автономит мужийн зэвсэгт бүлгийн толгойлогч Толиб Аёмбеков болон Душанбегийн эрх баригчдын хооронд дахин үл ойлголцол үүсч цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн. Уг тулаан Тажикистаны тагнуулын ерөнхий газрын Горно-Бадахшан дахь салбарын тэргүүн, хошууч генерал Абдулло Назаровын үхлээс үүдэн дэгджээ. Түүнийг 2012 онд Горно Бадахшаны Ишкошим хотод үл таних этгээдүүд автомашинаас нь гаргаж амь насыг нь хөнөөжээ. Уг хэрэгт Засгийн газар Толиб Аёмбековыг буруутгасан бол тэр үүнийг эсэргүүцсэн юм.

Хятадын Засгийн газар энэ бүс нутагт өөрийн цэргүүдээ оруулж эхэлсэн нь Хятадын аж үйлдвэрлэл хөгжих, хятад иргэдийн суурьших урьдач нөхцөл болж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тажикистаны эрх баригчид дээрх олон зуун га газраа гадаад өрөө төлтлөө Бээжингийн талд шилжүүлж хөгжүүлээд авья гэсэн бодол тээж магад. Учир нь Тажикийн эрх баригчид 20 гаруй жилийн салан тусгаарлах тэмцлийн дүнд захиргаандаа нэгтгэсээр байгаа томоохон хэмжээний газар нутгаа Бээжинд тийм ч амархан өгчихгүй байж мэднэ.

Эсвэл Душанбегийн эрх баригчид Горно-Бадахшанаас 1500 гаруй км хавтгай дөрвөлжин газар нутгийг Бээжинд нэг мөсөн шилжүүлж олон тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхийг зорьсон байж магадгүй юм. Одоо хилийн хяналт гэхээр юмгүй Тажикстаны Хятадтай хиллэдэг энэ бүс нутагт хятад иргэд хэдийнэ суурьшиж эхэлж, Хятадын цэргийн бааз ч байгуулагдаж.

Олон улсын валютын сангаас анхааруулсаар байтал Тажикстан улс Хятадаас авах зээлийнхээ хэмжээг бууруулж, зогсоон төлж эхлэх нь битгий хэл нэмж авсаар, Бээжин ч тэднийг улам “эрхлүүлж, тансаглуулсаар” Горно-Бадахшаныг түүхий эдийнхээ суурь, барааныхаа зах зээл болгон хувиргаж байна. Одоогийн байдлаар Хятад улс Тажикистаны гадаад өрийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнээс хэдийнэ давсан үзүүлэлт бөгөөд Хятад улс хөнгөлөлттэй зээл, худалдааныхаа нийлүүлэлтээр Тажикстаныг өөрөөсөө бүрэн хараат болгох эхлэл тавигдаж байна.

Эдийн засгаараа нэгэнт хараат болсон Тажикистан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын таван гишүүний нэг болсон бөгөөд энэ байгууллагын эдийн засаг ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбарынх нь хамгийн том хөрөнгө оруулагч нь маргаангүй Хятад улс юм.

250 мянга орчим хүн амтай Горно-Бадахшан нь байгалийн баялгийн нөөцтэй. Гэхдээ олборлоход тун хүнд бөгөөд Тажикистаны хамгийн бага судлагдсан газар нутаг гэнэ. Мөн мал, ан амьтан, уул, ус, ой мод, газар шорооны нөөцтэй. Ялангуяа үнэт чулуу, ашигт малтмал, эрдсийн олон том ордтой. Хятадын Засгийн газар Тажикистаны хяналт жилээс жилд суларч буй маргаантай бүс нутаг Горно-Бадахшаны багахан хэсгийн аюулгүй байдлыг хянаж, хяналтаа тогтоох нь цаашлаад бүхэлд нь хяналтаа тогтоож эзэмшихээс гадна Афганистан руу тэлэх боломжтой. Афганистан нь газар тос, хар тамхи, очир алмазын өлгий нутаг Ойрхи-Дорнодын томоохон газар нутагтай орны нэг ч олон жил үргэлжилсэн дотоодын тэмцлийн улмаас хилээ хянах чадваргүй байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]