Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нацистууд Канадын нэгэн хотыг эзэлсэн ньУншсан11,034

Нацистууд тэр даруй хэрхэн яаж амьдрахыг заасан жагсаалт гарган түүнийг дагаж мөрдөхийг тулган шаардаж зөрчсөн хүмүүсийг бөөнөөр нь хорих лагерт аваачих, заримыг нь газар дээр нь буудахаар заналхийлж эхэлсэн байна.

Дэлхийн II дайны гал дүрэлзэж эхэлсэн 1939 оны есдүгээр сард Их Британийн доминионы бүрэлдэхүүнд багтах Канадын Засгийн газар Гитлерийн Германд дайн зарлаж ганц нэг тагнуулын онгоц бүхий цэргийн анги, нэгтгэлийг Англи руу явуулснаас өөрөөр туслаж гавьсангүй. Хэдийгээр дайн зарласан боловч бодит байдал дээрээ юу ч өөрчлөгдсөнгүй, юу ч хийсэнгүй. Бүр 1940 оны дунд хүртэл бүх нийтийн цэрэг татлага ч явагдсангүй.

Англи, Францын цэргүүд асар их хохирол хүлээж дайнд ялагдаж эхлэх үед Канадын эрх баригчид байдал цаашид хуучнаараа үргэлжилж болохгүй нь гэдгийг ойлголоо. Бүх нийтийн цэрэг татлага явуулж бусад арга хэмжээ авч эхэлсэн ч “тэртээ хол, хаа ч юм болж байгаа” дайныг канадчууд ер тоосонгүй. Тэрхүү цэрэг татлага нь ч дэндүү гэмээр зөөлөн эд байв. Цэрэг татлагад хамрагдсан хүн өөрийн хуучин ажиллаж байсан газар нь батлан хамгаалах салбарт ямар нэг хамаатай бол хуучин ажил дээрээ цэрэг хүний хувиар ажлаа хийнэ. Усан цэрэг хүн хүртэл “дайнд оролцох, эсвэл Канадын эргийн хамгаалалтад алба хаах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй байв” гэх мэт.

Гэсэн хэдий ч Канад дайнд өөрийн эрхгүй татагдан орлоо. 1941 оны арванхоёрдугаар сард Канадын сайн дурын цэргүүд Английн цэргүүдтэй цуг Хонконгийн төлөөх тулалдаанд япончуудтай байлдаж ёстой салам цохиулсан байна. Одоо яах вэ, байлдвал байлдсан шиг байлдах, эсвэл... гэсэн асуудал тулгарлаа. Байлдаж, тулалдах гэхээр ард түмний дэмжлэг гэж тун сул.

IF Day эхэлсэн нь

1942 оны хоёрдугаар сарын 19-ний өглөө 05 цаг 30 минутын үед фашистууд Канадын Виннипег рүү довтолж эхэллээ. Өглөөний 06 цагийн үед хас тэмдэгтэй онгоц хотын захад байрлах цэргийн дэд бүтцийг бөмбөгдөж эхэллээ гэсэн цуу тарж эхэлсэн ба хотын захад нээрээ ч том калибрын их буугаар буудах, тэсрэх бөмбөгийн чимээ нижигнэж эхэлсэн байна. Удалгүй тус хотын гол радиогийн захирлыг фашистууд баривчлан радио төвийг эзэлжээ гэсэн мэдээ тарж, 09 цагийн үед хотын төвд нацистууд орж ирлээ. Мужийн захирагч болон түүний зочин болох Норвегийн элчин сайд хамт баривчлагдав.

Тэр даруй фашистууд сүрийг үзүүлсэн цэргийн парадыг хийсэн ба олон байлдааны техник хотын төв гудамжаар жагсаал хийв. Тэрхүү төв гудамжийг Гитлерштрассе хэмээн шинээр нэрлэж хотын нэрийг Гиммлерштадт болгон өөрчилж Канад долларыг Германы рейхсмаркаар солилоо. Бүх л хэвлэл мэдээлэл нацистуудын гарт орсон ба тэд ч Гитлер болон нацистын Германыг магтан дуулсан мэдээллийг нийтлэн тарааж эхэлсэн байна. Эдгээр магтан дуулсан нийтлэлийг маш муу англи хэлээр бичсэн байсныг бүгд харж байв.

Нацистууд тэр даруй хэрхэн яаж амьдрахыг заасан жагсаалт гарган түүнийг дагаж мөрдөхийг тулган шаардаж зөрчсөн хүмүүсийг бөөнөөр нь хорих лагерт аваачих, заримыг нь газар дээр нь буудахаар заналхийлж эхэлсэн байна.

Номын сангийн үүдэн дээр ном гаргаж овоолон шатааж, дулаацах нацистууд удалгүй ойрын ресторан, кафед орж үйлчлүүлэгчдийг нь хөөн гаргаж хоол ундаар дайлахыг шаардаж, дайлуулж цайлуулж эхэллээ. Төлбөр тооцоо төлөхгүй нь ойлгомжтой.

Иймэрхүү байдлаар хот дотор Гитлерийн засаглал маш хурдан бэхжиж авсан ба зарим нэг хүмүүс шинэ засагтаа тус болох гэж ойр хавийн болон хөрш еврей нарыг нацистуудад зааж өгч байв.

Газар тариалан эрхэлдэг бүх хүн яаралтайгаар өөрийн хураасан тариа будааны тоо хэмжээг үнэн зөвөөр мэдээлэхийг, автомашин эзэмшдэг хүн болгон түүнийгээ тэр даруй авчирч үзүүлэн бүртгүүлэх, хэрэгтэй бол автомашиныг нь дайчилгаанд авах, хас тэмдэг ороогүй бүх сүлд тэмдгийг хууль бус гэж зарлан буулгах, оршин суугч болгон өөрсдийн үнэт эдлэлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх... гэх мэт олон шаардлагыг шинэ засаг тавьж байсан ба түүнийг нь биелүүлээгүй хүн болгоныг бөөнөөр хорих төвд “засан хүмүүжүүлэх” ирээдүй хүлээж байгааг анхааруулж байв.

Хотын төвөөр явж байгаа автобусыг цэргүүд зогсоон нэгжлэг хийж үнэт эдлэлийг нь дээрэмдэх явдал газар авч эхэллээ. Энхийн сайхан амьдрал нь хагас өдрийн дотор орвонгоороо эргэж хаа холын Европ нутаг дахь дайны сүүдэр Канадын энэ хотыг нөмрөн авчээ.

Орой 17 цаг 30 минутын үед энэхүү эзлэн түрэмгийлэл  гэв гэнэт зогсов. “Энд ийм юм болох ёсгүй”, “Ялалтын облигацийг худалдан авцгаая” гэсэн лоозун барьсан нацист хувцастай цэргүүд болон баривчлагдан байсан хүмүүс жагсаал хийж эхэлсэн байна. Энэ нь олон түмнийг хамарсан тоглолт байсан бөгөөд Канадын дэндүү амар амгалан амьдралтай ард олныг сэнхрүүлэх гэж, Европ нутагт юу болж байгааг бага ч гэсэн мэдрүүлэх гэж хийсэн нэгэн төрлийн шоу, цэргийн сургуулилт  байжээ. Маш нууцалж хийсэн учир ийм юм болох гэж байгааг хотод хэн ч мэдээгүй байна.

Үр дүн нь ч санаанд оромгүй их амжилтад хүрчээ. Энэ явдлын дараа “ялалтын облигаци”-ийг худалдаж авах нь эрс нэмэгдэн, үнэ нь ч өслөө.

Энэхүү If Day тоглолтын ерөнхий төсөв 3000 орчим доллар байсан бөгөөд “аймшигт” өдрийн дараа Виннипегийн оршин суугчид “ялалтын облигаци”-ийг 3 сая 200 мянган доллараар худалдан авсан бол нийт Канад даяар энэ облигацыг 2 тэрбумыг худалдаж авлаа.

Одоо Канадын ард түмэн дэлхийн 2-р дайнд де-факто оролцож эхэллээ.

Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 5. 12:12
Зочин

Сайхан арга хэрэглэжээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]