Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Халх голын тэнгэрт-2Уншсан4,530

Тэдгээр онгоцны нэгийг Александр Голованов хэмээх Сталины нисгэгч жолоодож ирсэн ба тэдгээр гурван тээврийн онгоц дотроос гарсан “ачаа нь” бүр ч сонирхолтой байлаа.

Халх голын агаарын дайны олон үл ойлгогдох хохирол, ялалтын зөрөө чухам энэ Ногучийн 2 эскадрил тулалдаанд оролцож эхэлснээс хойш  бий болсон гэдэг. Япончууд олон, олон ялалт байгуулснаа рапортлах болсон ба дайны дараа Япон, болон Барууны түүхчид чухам эдгээр тоонуудыг гол баримтаа болгон ашигласан байдаг.

Зарим нэг жишээ: 5-р сарын 26 нд Буйр нуурын ойролцоо Зөвлөлтийн 18 И-16 тай тулалдсан Япончууд ямар ч хохирол амсалгүйгээр 9 ширхэг И-16 унгасан байна. Мөн энэ өдөр 24-р сентайн нисгэгчид И-16, И-15, Р-5 тус бүр нэгийг унагасан гэсэн рапорт өгчээ. Гэтэл энэ өдөр буюу 5-р сарын 26 нд Зөвлөлтийн ямар ч онгоц агаарт гараагүй, ямар ч хохирол хүлээгээгүй байна. Энэ бол нөгөө Ногучигийн цэргүүдийн хийдэг болсон “ид шидийн” нэгхэн хэсэг юм.

5-р сарын 27-н гэхэд хоёр тал хүчээ татаж дууссан ба Япончууд 52 сөнөөгчтэй, 6 тагнуулч, мөн төдий тонны хөнгөн бөмбөгдөгчтэй болсон байв. Харин Зөвлөлтийн тагнуулын мэдээгээр Япончууд 126 сөнөөгч, 36 хөнгөн, 18 хүнд бөмбөгдөгчтэй буюу нийт 180 онгоцтой байсан гэдэг.  Энэ бол маш худлаа тоо байсан гэдгийг одоо олон түүхчид хүлээн зөвшөөрдөг билээ.

Японы энэ нисэх хүчний өөдөөс Зөвлөлтийн 203 онгоц тулж байсан ба 99 сөнөөгч , 88 хурдтай бөмбөгдөгч болох СБ, 16 ширхэг хөнгөн дайрагч (Р-5)-тай байсан нь тухай үеийн Японы нисэх хүчнээс тооны хувьд бараг 3 дахин их байлаа.

Энэ үед Халх голын дайн шинэ шатанд шилжиж, тулалдаан илүү хүнд болж ирсэн үед агаарын тулалдаан бас ширүүсэн, оролцох онгоцны тоо ч их болсон байна.

5-р сарын 27 нд  Хамар даваанд байрлах Зөвлөлтийн сөнөөгч эскадрилийн 6 И-16 Буйр нуурын орчим нисэж яваа Японы 9 Ки-27-г тосон байлдахаар агаарт хөөрчээ. Япончууд ямар ч хохирол хүлээгээгүй энэ тулалдаанд  хэсгийн удирдагч Черенков буудуулж амь үрэгдсэн, Пьянков шархтан шүхрээр үсэрсэн, Савченко буух үедээ хүнд гэмтсэн машин нь задарч унасан гэсэн хохиролтой дууссан байна.

Зөвлөлтийн хохирол үүгээр дуусаагүй бөгөөд маргааш нь байлдааны үүрэг биелүүлэхээр өглөө 7,30-д гарах ёстой 20 машинаас янз бүрийн шалтгаанаар ихэнх нь цагтаа нисэж чадалгүй зөвхөн 3 хан И-15бис хөөрсөн ч тэд удалгүй Японы давуу хүчтэй таарч гурвуулаа буудуулан унасан байна. Нисгэгч Вознесенский, Иванченко, Чекмарев нар амь үрэгджээ.

10 цагт яг энэ буудлаас гарсан 10 И-15 бис Халхын голын гармын дээр 11-р сентайн 18 Ки-27-той таарч тулалдан  6 онгоцоо буудуулж алдсан, 1 онгоц хээр талд ослын буулт хийсэн, 5 нисгэгч амь үрэгдсэн, 2 нисгэгч хүнд шархтсан ч онгоцоо ойрын буудал дээр газардуулж чадсан байна. Мөн нэг нисгэгч шүхрээр үсрэн амьд үлджээ.

Япончуудын мэдээгээр бол энэ өдөр тэд Зөвлөлтийн 60 И-152 (чайка хэмээх И-15-ын сайжруулсан бас нэг хувилбар) , И-16 тай тулалдсан ба 42-ыг нь буудаж устгасан байна. Гэтэл энэ өдөр Зөвлөлтийн И-16 тулалдаанд (И-16 моноплан, И-15 биплан учир хооронд нь андуурах зүйл үгүй) огт ороогүй байна. Харин Япончууд нэг Ки-27 алдсанаа бичсэн байдаг ба нисгэгч нь шүхрээр үсрэн амьд үлджээ.

Энэ өдрийн тулалдааны тухай мэдээний нэг сонин зүйл бол Зөвлөлтүүд Японы онгоц унагаасан гэсэн зүйл огт байхгүй байхад Япончууд нэг онгоцоо алдсанаа хүлээсэн тохиолдол юм. Магадгүй Япончууд өөрсдийнхөө онгоцыг санаандгүй болон бусад шалтгаанаар буудсан байж ч болох.

Ингээд 5-р сард болсон агаарын тулалдаан нь Халх голын агаарын тулалдааны “эхний раунд” болсон бөгөөд энэ раундад Япончууд ямар ч эргэлзээгүй, бүрэн ялсан байна.

Зөвлөлтийнхөн энэ богино хугацаанд нийт 21 онгоц, үүнээс 17 нь тулалдааны үеийн хохирол байсан бөгөөд нисэх хүчний хувьд байдал маш хүнд болж байгаа тухай айсан, сандарсан рапортууд олноор Москва тийш явах боллоо. Москва ч шийдвэртэй арга хэмжээ авч эхэлжээ.

Ингээд 5-сарын 29-ний өдөр Улаанбаатарын нисэх буудалд шинэхэн, гурван ширхэг Дуглас DC-3 газардлаа. Тэдгээр онгоцны нэгийг Александр Голованов  (нисэх хүчин сонирхдог хүмүүс энэ хүнийг сүүлд Зөвлөлтийн нисэх хүчний удирдагч, маршал болсон гэдгээр нь мэднэ) хэмээх Сталины нисгэгч жолоодож ирсэн ба тэдгээр гурван тээврийн онгоц дотроос гарсан “ачаа нь” бүр ч сонирхолтой байлаа.

Тэрхүү ачаа нь Зөвлөлтийн нисэх хүчний сор болсон нисгэгч, удирдагч нарын 48 хүн байсан ба удирдагч нь Испанийн дайны баатар , Улаан Армийн нисэх хүчний орлогч Я.В. Смушкевич байв.

“Оросууд” арга хэмжээ авч эхэллээ...