Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1953 онд болсон хоёр явдалУншсан22,123

Зөвлөлт болон Хятадын талын мэдээлснээр энэ онгоц нь Солонгос Хятадын хилээс 110 км, дайн болж байсан газраас 172 км-ийн зайтай унасан учир ямар нэг андуурч эндүүрсэн зүйл байх ёсгүй гэнэ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1953 оны 7-р сарын 27. Солонгосын хойг дахь дайн дуусах тэр өдөр.

Зөвлөлтийн Номхон далайн флотын Ил-12 онгоц Порт-Артураас Владивосток чиглэн Хятадын нутаг дээгүүр 12000 метрийн өндөрт нисэж явлаа. Солонгосын дайны үеэр иймэрхүү нислэгийг хэдэн зуугаар нь хийдэг байсантай адил энэ удаа ч урьдаас ялгарах юмгүй.

 Хятадын цагаар өдрийн 12 цаг 28 минутад гэнэт Америкийн 4 ширхэг F-86 сөнөөгч гарч ирэн энэ онгоцыг дайрч буудан унагасан ба Ил дотор нийт 20 хүн байсан бөгөөд ихэнх нь Зөвлөлтийн нисэх хүчний алсын зайн тагнуулын нислэгтэй холбоотой хүмүүс байсан гэдэг. Тэдний 5 нь Сейбрийн суманд оногдож үхсэн бол 15 нь онгоц газар мөргөн унахад нас барсан байжээ. Онгоцонд нийт 19 сумны нүх байсныг сүүлд хийсэн мөрдөн шалгалтаар тогтоосон байна.

Энд нэг анхаарах зүйл бол амиа алдсан хүмүүсийн тоо. Зөвлөлтийн албан ёсны мэдээлэлд 20 гэж байсан бол яагаад ч юм унасан онгоц дотор байсан хүмүүс 21 болчихсныг та анзаарсан байх? Дараа нь Зөвлөлтийн тал АНУ-д энэ явдлын талаар эсэргүүцэл бичиж, нөхөн төлбөр шаардаж байхад ч гэсэн 21 гэсэн тоо л яваад байж. 20 хүний нэр ус, ажил төрөл, албан тушаал нь тодорхой боловч нууцлаг нэг хүний тухай яриа явсаар байв. Гэхдээ нууцлаг, ойлгомжгүй явдал зөвхөн энүүгээр дууссангүй.

Зөвлөлт болон Хятадын талын мэдээлснээр энэ онгоц нь Солонгос Хятадын хилээс 110 км, дайн болж байсан газраас 172 км-ийн зайтай унасан учир ямар нэг андуурч эндүүрсэн зүйл байх ёсгүй гэнэ.

Америкчууд Зөвлөлтийн онгоцыг буудаж унагаснаа 8-р сарын 1-нд хүлээн зөвшөөрсөн боловч буудаж унагасан газар нутаг нь Хятадын нутаг биш харин хоёр Солонгосын дайтаж байсан газраас тун холгүй, 38 параллелиас нэлээд хойхон талд гэжээ. Уг онгоцыг буудаж унагасан нисгэгч Ральф Парр (17 байлдааны нислэг, 9 ялалт) энэ тухай дараа нь бичихдээ “Би дагалдагчтай нисэх явах үед гэнэт нэгэн онгоц гарч ирсэн нь Ил-12 байлаа. Зөвлөлтийн нисэх хүчний тэмдэг ч тод харагдаж байсан ба би эхлээд яг хаана байгаагаа тодорхойлоход Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байсан ба дагуулдаа уг онгоцыг дайрлаа, хамгаал гэж мэдэгдээд дайран орсон юм. Сөнөөгч онгоцны хувьд Ил-12 гэдэг бол “мөлхөө нугас” (зэвсэггүй, эсэргүүцэн зугтаах ямар ч боломжгүй онгоц гэсэн утга) болохоор араас нь ороод хэдэн ээлж өгсний дараа уг онгоц хажуулдан унасаар жижиг толгой мөргөн дэлбэрсэн юм...”

Ил-12

Энэ ярианд эргэлзээтэй хэд хэдэн зүйл байгаа нь нэгдүгээрт онгоц унасан газар. Паррын хэлснээр буудуулсан онгоц тун удалгүй унасан бол харин онгоцны сэг олдсон газар нь 170 гаруй км-ийн зайтай байдаг. Дээр нь тухайн үед арай өөр замаар Зөвлөлтийн Номхон далайн флотын бүх л томчууд нэгэн хурал хийгээд бөөн бөөнөөрөө мөн л ИЛ-ээр буцан нисэж явсан явдал юм. Чухам энэхүү том офицеруудыг буудах гэсэн байх гэж оросууд сэжиглэдэг юм билээ. Зарим мэдээгээр тэрхүү хуралд маршал Малиновский оролцсон бөгөөд мөн л Порт-Артураас Владивосток нисэж байсан гэдэг. Жинхэнэ бай нь энэ маршал байсан юм биш биз? Америкчууд иймэрхүү отолт хийхдээ гаргуун гэдгийг Ямамотог устгасан нь нь нийтлэлдээ бичиж байсан билээ.

1953 оны 7-р сарын 29. Өмнөх явдлаас хойш 2 хоногийн дараа.

Миг-15

Зөвлөлтийн хилийг үл мэдэгдэх онгоц даван орж ирлээ гэсэн мэдээгээр ахмад Александр Рыбаков өөрийн дагуул Юрий Яблоновскийтой цуг яаран агаарт гарчээ. Тэдний хөлөглөж яваа Миг-15 сөнөөгч 10000 метрийн өндөр авч Аскольд арлын ойрхон нисэн очтол тэнд Америкийн нисэх хүчний тэмдэгтэй RB-50 бөмбөгдөгч онгоц нисэж явлаа. (RB-50 бол алдарт B-29-ийн бага зэрэг өөрчлөн сайжруулсан хувилбар)

Александрын бичсэн рапортоор бол “Би энэ онгоцыг олоод өөрсдийнхөө хаана явааг тодорхойлтол яах аргагүй Зөвлөлтийн хил дотор байлаа. Би ойртож очин, хилээс гарахгүй бол буудах болно гэж ойлгуулах гэтэл онгоц маань хоёр ч удаа маш хүчтэй чичирч, залахад нэлээд эвгүй болж эхэлсэн юм. Нэгэнт дайсан намайг буудсан нь тодорхой болсон учир би ойрын зайнаас их буугаараа хоёр ээлж өгч дайралтаас гарахад миний дагалдагч бас хэд хэдэн удаа буудлаа. Хүндхэн гэмтэл авсан Америкийн онгоц их хүчтэй хазайн доошилсоор үүлэн дунд орж алга болсон билээ...”

27-нд Зөвлөлтийн онгоцыг буудсан Паррын хэлж байсантай бараг адил байгаа биз?

Зөвлөлтийн сөнөөгч онгоцонд буудуулсан Америкийн онгоц тун удалгүй Номхон далайд унаж багийн гишүүн 10 гаруй хүн бүгд амь үрэгдсэн байна.

Онгоц хаана байхдаа буудуулсан бэ? гэдэг асуулт бас л баахан маргаан дэгдээсэн ба Зөвлөлтийн талынхаар бол хил зөрчиж орж ирээд буудуулан буцаж зугтахдаа хилээс дөнгөж гараад унасан гэх бол америкчуудын хувьд хил зөрчөөгүй төдийгүй, хилийн гаднах 12 мильд ч ойртоогүй гэнэ.

Ингэж хоёр улсын хооронд үүссэн нэг будлиан нь дахин өөр нэг будлиан үүсгэж, хоёр дахь явдлын дараа аажуухан чимээгүй болсон гэдэг. Ширүүн цаг үе байж дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]