Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улсын арслан Х.Мөнхбаатар: Хүнд хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ.Уншсан30,083

2012 оны наадамд Говь-Алтайн Ж.Амартүвшин, Өвөрхангайн Т.Санчир нараар зургаа, долоо давж их шөвөгт үлдсэн ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон хүчингүй болж, чимгээ хураалгаж байсан удаатай.

Монгол бөхийн түүхэнд улсын цолыг хамгийн залуудаа авч байсан хүчит бөхчүүдийн нэг бол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар билээ. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Монгол бөхийн түүхэнд улсын цолыг хамгийн залуудаа авч байсан хүчит бөхчүүдийн нэг бол Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатар билээ. Тэрбээр 20 шүргэж явахдаа “Улсын начин” цолыг хүртсэн юм. 2000 онд 19 насандаа Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойгоор Б.Бадрал начингаар тав давж улсын цолны босго алхаж байв.

Тэрбээр 1981 оны 10 дугаар сарын 12-нд төрсөн. Аав ээжийн талдаа бөхийн удамтай бөгөөд аав нь сумын наадамд зодоглочихдог, сумын начин байсан төдийгүй Даншгийн заан Шашинтөр гэж сайн бөх тэдний удамд байсан гэдэг.

Х.Мөнхбаатар арслангийн ээж Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Ж.Маам Улсын гарьд Б.Гончигдамбыг эх барьсан ээж билээ.

Анх 1997 онд Жаргалант сумд болсон нэгэн барилдаанд хоёр давсан. Тухайн үед дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус суманд очсон байхад таарч аав нь хүүгээ аваргатай уулзуулахад “араас яваад очоорой” гэж хэлчихээд явсан нь хүүгийн хүч тэнхээг анзаарсных билээ. Ингээд тэрбээр “Хотод очиж бэлтгэл хий, их спортын болон үндэсний бөхийн тамирчин бол. Надтай уулзаарай” хэмээсэн Б.Бат-Эрдэнэ аваргын захиасын дагуу 1998 онд нийслэлийг зорин ирсэн  тухайгаа “Бат-Эрдэнэ аваргатай анх Спортын төв ордны үүдэнд уулзсан юм. Уулзсан даруйд л багш жүдо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж орон Эрдэнэбилэгт багшид “тушааж” байсан. Зүгээр ч нэг үлдээгээгүй. Төдөн хоногийн дотор төдөн мэх сурна шүү гэсэн амаргүйхэн үүрэг өгч байлаа. Тэр цагаас хойш багшийгаа дагаж спортын заал танхимаар явж байгаад өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын сургууль руу одоогийн Ж.Гансүх начин, Ш.Жаргалсайхан гарьд бид шилжиж байлаа” хэмээжээ.

Үндэсний бөхөөс гадна жудо бөхөөр барилдаж, 1999 онд самбо жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, самбогийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртжээ. Тэрбээр самбо, жүдо бөхийн төрлөөр ОУХМастер цолтой нэгэн.

Дэлхийн цом болон Азийн тоглолтын наадмаас хүрэл медаль хүртсэн тухайгаа тэрбээр “Жүдод сонирхолтой болж, ид барилдах хүсэл мөрөөдөлд автаж байсан үедээ бэртэл авсан даа. Бэртэл гэмтэл гайгүй болох үед барилдах гэхээр айгаад байдаг болчихдог юм билээ. Ялангуяа баруун хөл рүү хүмүүс дайрахаар бүр ч эвгүй. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг дотнын дүү нартайгаа бэлтгэл хийсний хүчинд дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ” хэмээн ярьсан байдаг.

2002 онд тэрбээр БНСУ-ын Тэгү хотноо болсон Олон улсын оюутны универсиадад оролцож, Сербийн бөхтэй барилдаж байгаад өвдгөндөө хүнд бэртэл авч, шөрмөс нь тасарсан тул шөрмөс залгуулах хагалгаанд орсон. Энэ тухайгаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Улсын цол авснаасаа хойш хамаа замбараагүй барилдсан болов уу гэж боддог юм. Ухаандаа, төрийн наадамд анх зодоглоод цол авчихсан учир барилдаан сайн мэдэхгүй, айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй, бэртэж гэмтэхийг мэддэггүй тийм л байсан. Тухайн үед баруун хөлийнхөө шагайнд бэртэл авсан юм. Шагайгаар тогтохгүй нарийн шилбэ маань цуурсан байсан л даа. Уг бэртэл гэмтэл баруун хөлийн өвдөгний хоёр шөрмөс тасрахад хүргэсэн байх. Ингээд би чинь 2002 оны намраас 2005 он хүртэлх хугацаанд бэртэлтэй байсан. Юуг нь нуух вэ дээ. Оюутны байранд, орон дээрээсээ босч чадахгүй хэвтэрт байхдаа “бөхийн зам мөр минь ингээд дууслаа, улсын өндөр цолонд хүрнэ гэсэн хүсэл зорилго минь нурлаа гэж үү дээ” хэмээн бодоход хоёр нүдний нулимс гардаг байв. Гэвч хүнд хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ. Солонгос улсад очиж эмчлүүлэн хоёр шөрмөсөө залгуулсан. Өнөөдөртэй харьцуулахад, мөнгө хатуу байсан үе. Тухайн цагт арван долоон мянган доллар төлж байсан. Нутгийн олонтойгоо элбэж байгаад л төлсөн. Бэрх байсан шүү” хэмээн өгүүлж байжээ.

Солонгосоос ирээд бөхийн дэвжээнээ гарч, 2005 оны улсын баяр наадамд одтой сайхан барилдаж, гурвын даваанд аймгийн арслан Ц.Цэдэндамбааг амлан унагаж, дөрвийн даваанд улсын начин Ц.Магалжавтай оноолтоор таарч, тавын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт амлуулан авч даваад, зургаагийн даваанд начны болзлоо хангаад байсан Д.Батболдтой тунаж, даваагаа ахиулан долоогийн даваанд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнэд амлуулан эр бяраа гарган барилдаж өвдөг шороодуулахад "За чи цаашаа сайн барилдана шүү" гээд багш нь тахимаа өгчээ. Залуу начин ингэж 24 насандаа "Улсын заан" цолонд хүрсэн билээ.

    Мөн ондоо Бөхийн өргөөнөө болсон барилдаануудад зодоглож, аварга А.Сүхбат, гарди Д.Сумьяабазар нарыг давж үзэгчдийг шуугиулж байлаа.

    Хойтон жил нь зургаа давж Завханы М.Баяржавхланд өвдөг шороодон "Үнэн хүчит" чимэг цол нэмсэн бол 2007 оны Төрийн наадамд Н.Ганбаатар гарьдаар долоо, Б.Сайнбаяр заанаар найм, И.Доржсамбуу гарьдаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолыг хүртэж байсан юм. Энэ барилдааныхаа талаар Х.Мөнхбаатар “И.Доржсамбуу гарьд бол надаас арваад насны ах, барилдааны туршлага, эрэмбийн хувьд өндөр бөх байсан. Тэрбээр сэнжээд шууд дайрдаг бөх. Өрөнгүүтээ сэнжний барьц авахаар дайрлаа. Барьц өгөхгүйн тулд ухарч байгаад тосгуулаад хавиртал дөрвөн хөллөчихдөг байгаа. Барьцаа алдалгүй, толгойг нь гаргалгүй дарсаар байгаад давсан даа” хэмээн дурссан байдаг. Ийнхүү богино хугацаанд улсын өндөр цолонд хүрсэн залуу бөхчүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон.

    2008 онд 5 давж "Өсөх идэр" чимэг, 2009 онд 7 давж "Саруул сайжирах" чимэг, 2010 онд 7 давж "Хууринан шуугч" чимэг, 2011 онд 6 давж "Цогт гарамгай" чимэг, 2012 онд 7 давж, 2013 онд 6 давж "Үлэмж дэлгэрэх" чимэг, 2014 онд 6 давж "Үнэн итгэлт" чимэгүүдийг тус тус хүртсэн.

    2012 оны наадамд Говь-Алтайн Ж.Амартүвшин, Өвөрхангайн Т.Санчир нараар зургаа, долоо давж их шөвөгт үлдсэн ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон хүчингүй болж, чимгээ хураалгаж байсан удаатай. Харин энэ тухай Улсын арслан Х.Мөнхбаатар ”Би өмнө нь найман удаа улсын баяр наадамд шөвгөрч сэргээшийн шинжилгээ өгч байсан. Харин энэ жил ес дэх нь боллоо. Мөн 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд сэргээшийн шинжилгээ өгч байлаа. Ингээд бодохоор нийтдээ 10 удаа сэргээшийн шинжилгээ өгчээ. Гэтэл энэ жил гармон өндөрссөн гэх хариу ирсэн. Сар шинийн барилдаанд Мөнхбат аваргатай барилдаж байхдаа баруун мөрөө мулталсан. Яс, махны бэртэлд уудаг эмэнд гармон өндөрсүүлэгч байсан юм билээ” гэдэг хариултыг өгч байв.

    Х.Мөнхбаатар арслан “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд оролцож 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлджээ.

    Улсад нэг түрүүлсэн, 10 удаа шөвгөрсөн тэрбээр баруун талдаа татаж хавирах, хутгах дархан мэхтэй, дагуулж гуядах, мушгих, ачих мэхүүдийг даацтай хийдэг, хав дөрвөлжин барьцнаас сайн барилддаг. Баруун талдаа татаж хавирах, хутгах мэхээрээ олон бөхийг өвдөг шороодуулсан.

    Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тэрбээр нэгийн даваанд залуу бөх Э.Баярбатад өвдөг шороодсон билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]