Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кино урлагийн Мандуул хаанУншсан2,274

Их бүрдийн домог”-ийн Догшин хар, “Ичээнд нь” киноны Мөнхнасан, “Мандухай цэцэн хатан”-ы Мандуул хаан, “Давааны цаана даваа” киноны Жав дарга гээд нэрлэхэд хэний тухай өгүүлэх нь бүгдэд мэдрэгдэж буй биз ээ.

Их бүрдийн домог”-ийн Догшин хар, “Ичээнд нь” киноны Мөнхнасан, “Мандухай цэцэн хатан”-ы Мандуул хаан, “Давааны цаана даваа” киноны Жав дарга гээд нэрлэхэд хэний тухай өгүүлэх нь бүгдэд мэдрэгдэж буй биз ээ. Нэрлэсэн дүрүүд Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсан-Очирын Нямсүрэнгийн дэлгэцэнд бүтээж, ард түмэндээ хүндлэгдсэн олон сайхан дүрийнх нь нэг хэсэг.

Бидний дунд амьд сэрүүн байхгүй ч энэ эрхмийг хүндлэн дээдэлдэг уран бүтээлч нөхөд, үр хүүхдүүд нь өнгөрсөн жил 70 насных нь ойг тэмдэглэж, түүний тухай дурсамж нэвтрүүлэг бэлтгэн, цомог хэвлүүлсэн юм. Тэрбээр дэлхийн сонгодог болон өөрийн орны 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулж, уран сайхны 40 гаруй кинонд тогложээ.

НИЙТИЙН БҮЖГИЙН ТАНХИМААС УРЛАГИЙН ТАЙЗ РУУ

Л.Нямсүрэн 1939 онд Хөвсгөл аймагт төржээ. Түүнийг төрүүлсэн аав, ээж нь нутгийнхаа айлд өргүүлж, ирээдүйн “Мандуул хаан” Лувсан-Очирын хүү болсон түүхтэй. Хожим нь Налайх дүүрэгт амьдарч байгаад 1960 онд Соёлын ордонд сайн дурын уран сайханчаар ажиллах болжээ. Түүний найз О.Дэлэгбуян “Нийтийн бүжгийн танхимд өндөр нуруутай, цагаан царайтай, сайхан залууг анх харж байлаа.

Дараа нь танилцаж, нөхөрлөсөн. Харин найз маань урлаг, уран сайхан сонирхдоггүй нэгэн байсан юм. Тэгэхээр нь “Урлагт дуу, бүжиг, жүжиг гэж олон төрөл бий. Чи их сайхан бүжиглэдэг юм чинь бүжигчин бол” гээд Соёлын ордны бүжгийн багшид хэлж, дагалдангаар оруулж байлаа. Дараа нь би найруулагч болж Л.Нямсүрэн маань сайн дурын уран сайханчаар ажиллаж байгаад, жүжигчин болсон” хэмээн дурсчээ.

Тэрбээр Налайхын соёлын ордонд ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой”, “Шуурганд туугдагсад” зэрэг хэд хэдэн жүжгийн гол дүрд тоглож байсан аж. Тухайн үед Драмын театр дагалдан жүжигчин шалгаруулан авах зар түгээснийг О.Дэлэгбуян сонсоод найзыгаа шалгуулахыг зөвлөснөөр 1965 онд Л.Нямсүрэн хэмээх жүжигчин урлагийн алтан тайзнаа ирж, гавьяат жүжигчин Л.Лувсангийн шавь болжээ.

АЛТАН ҮЕИЙГ ЗАЛГАМЖИЛСАН НЭГЭН ҮЕИЙН АВЬЯАСТНУУД

Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Н.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Дамдин нар бол Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Е.Гомбодорж нарын алтан үеийн төлөөллийг залгамжлан Драмын театрын жүжигчнээр ажиллаж байсан нэгэн үеийн залуус билээ. Тэд театрын ажилчдын хашаанд гэрт амьдарч, хамтран модоо бэлтгэн, ажлаа тараад цуг харьдаг салшгүй нөхөд байсан юм билээ. Тиймдээ ч Л.Нямсүрэн гуайн гэрт олны хөл тасардаггүй, урлагийнхан орж гарсан айл байсан гэдэг. Түүний нэгэн үеийн анд Ардын жүжигчин Н.Мягмарнаран “Драмын театрт хоёрхон шилдэг Яго байдаг юм. Тэр бол ардын жүжигчин Л.Жамсранжав, Л.Нямсүрэн. Тус бүртээ нэг Отеллотой. Л.Жамсранжав Г.Гомбосүрэн гуайтай, Л.Нямсүрэн Ц.Гантөмөр гуайтай хослон тоглодог байлаа” хэмээн дурсчээ. Тэрбээр 1968 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн урилгаар Шарын голын уурхайн соёлын ордонд найруулагчаар ажиллаж байгаад 1971 онд Драмын театрынхаа тайзнаа эргэн иржээ.

 

ДҮРИЙН ЗУРААЧ БАС БҮТЭЭГЧ

Л.Нямсүрэн бүтээх дүрээ нарийн судлан өмнө нь тоглож байсан жүжигчдийн арга барилаас санаа авч, тэр ч бүү хэл дүрийнхээ гадаад төрх, хувцсыг өөрөө зурдаг байжээ. Ихэвчлэн эсрэг талын дүр бүтээдэг ч тэдгээр дүрийнхээ мөн чанарыг бүрэн илэрхийлж чаддаг байсныг нь урлагийнхан онцолдог юм билээ. “Гамлет” жүжгийн Офелиагийн ах, “Нандин эрдэнэ” жүжгийн Дамчаагийн дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Тухайн үед “Нандин эрдэнэ” жүжигт хамтран тоглож байсан ардын жүжигчин Д.Мэндбаяр түүний тоглолтыг хараад Дамчааг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байснаа дурсан ярьсан нь бий. Мандуул хааны тухай ярихад Л.Нямсүрэн гуайн дүр л санаанд буудгаас харвал тэрбээр дүрийг урлан бүтээх, зурах агуу авьяастай нэгэн байсныг гэрчилнэ.

 

Н.УРАНБАТ: БАГАДАА ААВЫНХАА ЗУРГИЙГ ШИРТЭЭД, САНАЖ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА

“Найрын ширээний ууц” жүжгийн Ойдов даргыг гавьяат жүжигчин Л.Нямсүрэнгийн гадаад төрх байдалтай төгс нийцсэн дүр хэмээн мэргэжил нэгтнүүд нь онцолжээ. Гэхдээ тэрбээр харагдах царай шигээ хатуу ширүүн хүн байгаагүй гэдэг. Харин ч хүн хүнээс илүүтэй зөөлөн сэтгэлтэй, тайван амгалан зантай байсныг нь түүний дунд охин Н.Уранбат дурслаа.

-Бага байхдаа Драмын театрын байнгын үзэгч байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Их олон жүжиг үзэж байсан. Аавынхаа тоглосон “Найрын ширээний ууц” жүжгийг найман удаа үзээд, ес дэх дээр нь аавдаа хөөгдөөд буцаж байсан. Ажилдаа явлаа гээд гарсных нь дараа араас нь хувцаслаад гарна. Аавыг театр дээр очоод нүүрээ будуулах гээд сууж байхад нь жижүүрээр дуудуулаад “Би жүжиг үзье” гээд л гуйдаг байлаа.

-Ээж тань бас урлагийн мэргэжилтэй гэсэн байх аа?

-Тийм ээ. Ээж, аав хоёр маань Налайхын соёлын ордонд ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Ээж маань “Дэлдэн чихтэй, туранхай, өндөр залуу намайг эргүүлээд гэрт ирж, очдог байсан” гэж аавын залуу насыг дурсдаг байсан. Ээж маань хүүхэд төрүүлээд урлагийн ажлаас хөндийрсөн. Дараа нь банкинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Танайхнаас эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн бий юү?

-Эхээс гурвуулаа ч урлагт хөл тавьсан хүн байхгүй. Би таван жилийн өмнөөс ҮДБЭЧ-д тайзны гэрэлтүүлэгчээр ажиллаж байна. Завгүй, хүнд бэрх урлагийн ажлыг аав, ээж маань мэддэг байсан учраас хүүхдүүдээ ийм мэргэжилтэй болгохыг хүсээгүй байх.

-Аав тань дүрээ судалж, их хөдөлмөрлөдөг байсныг нь хамт олон нь дурсаж байсан. Бага байхад тань гэртээ ч гэсэн ажлаа хийж, дүрээ сургуулилдаг байсан уу?

-Толинд хараад ганцаараа ярихаар нь багадаа аавыгаа их шоолдог байж билээ. Бага байсан учраас дүрээ сургуулилж байна гэж ойлгохгүй шүү дээ.

-Аав тань ямар зан араншинтай хүн байсан бэ?

-Харахад ширүүн төрхтэй ч их зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Эцэг хүн ямар байх ёстой байдаг билээ. Түүний оргил нь миний аав.

-Гэхдээ буруу зүйл хийвэл хатуурхана биз?

-Биднийг зодож, хашрааж байсныг нь санахгүй юм. Буруу зүйл хийхээр их муухай харчихдаг. Тэр харцнаас нь бид их айдаг байж. Эцэг эхийн хуралд сууж ирчихээд гэр бүлийн хурал хийнэ. Тэгээд хэний юу нь буруудаж байгааг ярилцаад алдаагаа засах ам тангараг авдаг байлаа. Нэг удаа ах маань сахилгагүйтээд аавд шийтгүүлэх болсон. Аав авдраа уудалж, дотор нь байсан бүх зүйлийг гаргаж тавиад, ёроолд нь байсан цүнхнээс суран бүсээ аваад, гаргасан бүх зүйлээ авдарт буцааж хийчихээд, дараа нь ахыг хоёр удаа ороолгосон. Тэгэхэд ээж “Ингэсээр байтал чиний уур гарчихдаггүй юм уу?” гэж асуухад “Яалаа гэж дээ” гээд л тайван хариулж билээ. Хэр барагтай уурладаггүй буурьтай хүн байсан.

-Бүтээсэн дүртэй нь харьцуулбал хэнтэй илүү адилхан бэ?

-“Давааны цаана даваа” уран сайхны киноны Жав даргатай адилхан.

-Байнга ажилтай байдаг болохоор нь аавыгаа их санадаг байсан уу?

-Сургуульд орохоос өмнөх миний бага нас аавынхаа зургийг тэврээд, их санаж хүлээсээр өнгөрсөн гэж хэлж болно. Хавар бригадаар, зун кинонд, намар бригад гээд л явна. Кинонд өвлийн зурагтай тохиолдолд өвөл ч гэртээ харагдахгүй. Драмын театрын жүжигчид хавар, намартаа 45 хоногоор бригадаар явдаг байсан юм. Заримдаа 60 хоног болж сунгана. Тэгээд ирснийхээ дараа байнга л жүжгийн сургуулилалт гээд явчихдаг байсан.

-Аавтайгаа гадуур хамт явах үе гарч байсан уу. Завгүй аавтай болохоор хааяа хамт байх нь их л сайхан байсан байх?

-Аав маань алдартай болохоор хүмүүс хараад байна гэж багадаа мэддэгүй байж дээ. Хүмүүс гар барьж мэндчилээд үгүй ядаж “Догшин хар, Мандуул хаан явж байна ” гэж шивнэлдэнэ. Тэгэхээр нь аавтай зэрэгцэж алхахгүй зориуд нь ард нь хоцроод хэн юу гэж ярьж байгааг нь сонсоод “Тэр хүн таныг ингэж хэллээ” гээд аавдаа хэлээд л алхдаг байсан санагдаж байна. Бага байхаасаа тиймэрхүү яриа сонсдог байсан учраас том болсныхоо дараа хүмүүсийн яриаг анзаарахаа больсон. Аав, ээжтэйгээ байсан үе маань их сайхан байсныг л мэдэж байна.

-Хамгийн сүүлд таны аав ямар дүр бүтээсэн бэ?

-“С.Зоригийн тухай кино хийгээд гарахаа болилоо” гэж нэг хэсэг шуугисан шүү дээ. Тэр кинонд хурандаагийн дүрд тоглосон. Тухайн үед Хавдар судлалын эмнэлэгт хэвтэж байсан ч тэр дүрийг бүтээсэн гэхээр ажил, мэргэжилдээ хэчнээн хайртай байсан нь ойлгогдох байх. Киноныхоо нээлтээс хэдхэн хоногийн өмнө бурхан болсон. Тэр кино нэг л удаа “Өргөө” кино театрт гараад дахиж гараагүй юм билээ. Бичлэгийг нь устгасан ч гэх яриа байдаг. Уг нь аавын ажил явдлын үеэр киноны багийнхан ирээд тоглосон хэсгийнх нь бичлэгийг, нээлтийн урилгатай хамт авчирч өгнө гэж хэлсэн ч дараа нь сураггүй болсон.

-Аав тань амьдралдаа ямар зарчим баримталдаг байсан бэ?

-Өөрт ногдсон ажлаа сайн хийгээд явбал бүх зүйл бүтнэ гэж боддог байсан учраас зүгээр суулгүй ажлаа сайн хийж байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Аав минь долдугаар анги төгсөөд ТМС-д сурч байгаад Соёлын ордонд дагалдан жүжигчин болж, улмаар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болсон учраас өөрийнхөө амьдралын замналаас бидэнд сургадаг байсан байх. Тухайн үед ажлаа сайн хийвэл албан байгууллага нь байр сууцнаас эхлээд олон зүйлээр дэмждэг байсан учраас арга ч үгүй биз.

-Тэтгэвэртээ гараад гэртээ суухдаа юу хийдэг байсан бэ?

-Драмын театраас тэтгэвэртээ гарсныхаа дараа “Харцага” кино урлагийн дээд сургуульд 10 гаруй жил багшилсан. Тэтгэвэрт гараад ер зүгээр суугаагүй.

-Зав чөлөөтэй үедээ юу хийх дуртай байсан бол?

-Анд хорхойтой байсан. Зуны гурван сар амрахдаа найз нөхөдтэйгээ хамт тарваганд явдаг байсан. Түүнээс гадна их сайхан зурдаг. Өөрийгөө толинд хараад зурна, биднийг хараад зурна, дүрээ ч зурна. Гэртээ завтай байвал ямар нэгэн зүйл бичиж тэмдэглээд, эсвэл зураад л суудагсан. Бас их гарын дүйтэй байсан. Эмээ маань аавыг “Анх манай охинтой уулзах гээд хөнгөхөн алхаа гишгээтэй хүү орж гараад явдаг байсан” гэж дурсан ярьдаг байж билээ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]