Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

П.Сүхбат гарьд найзыгаа өмөөрч Д.Мөнх-Эрдэнийг амлан хоёр удаа илүүрхэн хаяж байжээУншсан20,303

Нийтлэлч Б.Ерэнтэйн "Багшаа бус, цолоо дээдэлдэг Монгол бөх" хэмээх сонирхолтой нийтлэлээс, Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнийн тухай бичсэн хэсгээс хүргэе.

Нийтлэлч Б.Ерэнтэйн "Багшаа бус, цолоо дээдэлдэг Монгол бөх" хэмээх сонирхолтой нийтлэлээс, Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнийн тухай бичсэн хэсгээс хүргэе.

Монгол бөхийн цолоо дээдэлдэг энэхүү уламжлалыг хэтрүүлэн жишээ болохуйц харуулсан олон хүчтэний нэг бол Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ арслан юм.

1980-аад оны дундуур Нийгмийн аюулаас хамгаалах яамны “Хүч” нийгэмлэгт бөх болох ирээдүйтэй хоёр сайхан цэрэг байлаа. Тэр үед “Хүч” нийгэмлэгийн залуучуудад Монгол бөхийн эрдэм заадаг багш нар нь улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын начин Д.Дашжамц. Сайн багш нарын хичээл зүтгэл, байгалиас заяасан өгөгдөл энэ бүхний нийлбэрээр тэдгээр залуус алдар цуутай монгол бөх болж тодорсон нь  өнөөдрийн Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан. Хоёул 1964 онд төрсөн, нас чацуу луу жилтнүүд. Д.Мөнх-Эрдэнэ 1986 оны Улсын баяр наадамд улсын шилдэг начин Ц.Улаанхүүгээр гурав давж наадамчин олныг шуугиулж байв. Тэр намраа Орост Нисэхийн сургуульд суралцахаар одсон. Харин Б.Бат-Эрдэнэ эх орондоо дээд сургуульд суралцаж, наадмын зүлэг ногоон дэвжээнээ жил алгасалгүй хүч үзсээр 1991 он гэхэд далай даян дархан аварга цолтой болсон байлаа.

Д.Мөнх-Эрдэнэ хээрийн галуу үл хүрэх хойт газраас эрдмийг өвөртөлж ирээд 1991 онд Улсын баяр наадмын 5-ын даваанд улсын начин Ч.Бямбадоржийг (1994 оны заан) хаяж начин болсон. Тэр хоёрын багш Д.Дашжамц талбайд алхаад, Ч.Бямбадорж начин “би унаагүй, давуулж шидэхэд нь дээр нь тусч хаясан” багшдаа тайлбарлаж уйлаад л, наадамчин олон цэргийн арслан Д.Мөнх-Эрдэнийг дэмжин уухайлж байсан дүр зураг одоо ч нүдэнд тодорч байна. Шударгаар хэлэхэд уг барилдаан хайн болсон бөгөөд дахиулах ёстой байсан. Ч.Бямбадоржийн дотнын анд том П.Сүхбат гарьд найзаа өмөөрч 6-гийн даваанд улсын шинэ начин Д.Мөнх-Эрдэнийг амлан зориуд хоёр барилдаж хоёр удаа илүүрхэн хаяж, энэхүү үйлдлээрээ хариуг нь авч сэтгэлийг нь тайтгаруулж байлаа.

Үүний дараа жилийн 1992 оны Улсын баяр наадмаас эхлэн хоёр Эрдэнийн үе эхэлж, өвөр хоорондоо үзүүр, түрүүнд таван удаа барилдсан түүхтэй.

Д.Мөнх-Эрдэнийг 1995 онд гурав дахь удаа үзүүрлэж улсын заан цолоо хоёр дахь удаа баталсны (одоогийнхоор бол 3 удаа 8 давж үзүүрлэсэн гарьд юм) дараахан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн эчнээ хурлын шийдвэрээр түүнд улсын арслан цол олголоо гэж зарласан. Эчнээ хурлын шийдвэр гэж, Цэцийн 67 гишүүний олонхи нь тэдэнд тараасан санал асуулгын цаасан дээр Д.Мөнх-Эрдэнэ заанд улсын арслан цол олгохыг дэмжсэнийг хэлсэн юм билээ.

Номд мөргөмүү гэдгийн үлгэр жишээг үзүүлэн Орост суралцсан Д.Мөнх-Эрдэнэ ийнхүү 31 насандаа Цэцийн зөвлөлийн эчнээ хурлын шийдвэрээр улсын арслан цол аваад хойтонгийн 1996 оны наадмаас нь эхлэн жил дараалан Монгол бөхийн “багшид бус цолонд мөргөмүү” гэдэг философийг чанд мөрддөгөө батлан харуулсан.

“Будаг нь ханхалсан” шинэ арслан Д.Мөнх-Эрдэнэ 1996 оны Улсын баяр наадмын 3-ын даваанд өөрийн багш Д.Дашжамц начинг (42 настай), 4-ийн даваанд өөрийн багш Д.Мягмар зааныг (47 настай) амлан авч хаясан. Дараа жил нь 1997 оны Улсын баяр наадмын 4-ийн даваанд мөн л өөрийн багш Д.Мягмар зааныг (48 настай) амлан авч өвдөг шороодуулж байлаа.

Энд хүчит арслан Д.Мөнх-Эрдэнээр жишээ авсан нь цаг хугацааны хувьд ойрмогхон, амлуулсан бөхчүүдийг нь олон нийт сайн мэддэгийг харгалзсантай холбоотой юм. Дашрамд дурдахад, түүнийг 1992, 1993, 1995, 1996, 1997 оны Улсын баяр наадмын түрүү үзүүрт хаяж байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ дараа нь 2000, 2002 онд 7-гийн даваанд хоёр ч удаа амлан авч өвдөг шороодуулж оноогоо 7:0 болгож байв. Эдгээр хоёр наадамд Б.Бат-Эрдэнэ аварга 7-гийн даваанд долоон бөхөөс нэр сонсон ам авч байв. Цаана нь, Д.Мөнх-Эрдэнэ арслангаас гадна байсан зургаан бөхөөс аль нэгийг нь амлавал амлах л байсан даа. Гэхдээ энэ нь бөх бус хүмүүн бидний буруу бодол байх. Монгол бөхийн илүү цолтой нь унагах учраагаа зөөлчилж амлана гэдэг дүрэмдээ бол зохицсон үйл явдал байж таараа.

2002 оны Улсын баяр наадам. Наадмын өмнөхөн Үндэсний их баяр наадмын хууль гарч урьд жилүүдийн улсын наадамд зургаа давсан өсөх идэр начингуудад харцага, найм давсан заануудад гарьд цолыг нөхөн олгосон юм. Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр начин нь ҮИБН-ын хуулийн дагуу харцага цолоо нөхөн авсан. Д.Сэрээтэр харцага шинэ цолоо мялаана гэж, олон жил өнжсөний дараа Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглов. Хоёр давлаа. Тэрбээр их баярлаж “Дэвжээ нь өгч байна, хөөрхий. Одоо гурвын даваанд Ц.Магалжав шавиа (одоо заан, тэр үед аймгийн арслан) амлана” хэмээн бидэнд ярьж байв. Гурвын даваанд аварга, арслан цолтонгууд ам авч эхэллээ. Бөхийн тайлбарлагч ам авсан байдлыг танилцуулж улсын аварга О.Балжинням шинэ харцага Д.Сэрээтэрийг амлалаа хэмээн зарлав. Бидний хэдэн наадамчин “Балжинням аварга таныг амлаж яах нь вэ. Түүнийг 1984 онд шинээр улсын начин болоход нь та дөрвийн даваанд амлан дээш нь гаргаж өгч байсан бус уу” хэмээн Д.Сэрээтэр харцагад хэллээ. Тэрбээр “Зүгээр ээ, ахлах цолтой нь хаях бөхөө зөөлчилж амладаг Монгол бөхийн ёс” гээд хээвнэг өгүүлж, огт тоохгүй байж билээ. Үүнийг одоо ч эргэн санаж Х.Баянмөнх аваргын гарын шавь, хүргэн А.Сүхбат аварга, өөрийн хадам Б.Гантогтох гарьдад бууж өгөлгүй хаяж, улсын арслан болоход нь хаалт болсныг буруушаах бодлоо эерүүлдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]