Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Огодогийн чоно явж байна, яагаад энд ирэв?“Уншсан3,393

Тэндээс Чойбалсан гурван өртөө газар явж хийд дээр ирээд уналга морио эхийн захисан хүнд өгч буцаагаад өөрийн бие, урьд сууж байсан ламын гэрт оролгүй, эхийн өгсөн бяцхан идээг барьсаар хамт оргох гэсэн банди Гэндэн-Яринпилыг олж уулзав.

Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН “БҮРЭН ЗОХИОЛ” дэд боть 1998 онд хэвлэгдсэн ба энэхүү номд орсон “Маршал Х.Чойбалсангийн бага нас” хэмээх бүлгийг уншигчдадаа хүргэж байна. Маршал Х.Чойбалсангийн бага насны тухай дурдатгалыг Ц.Дамдинсүрэн гуай дөчөөд онд бичсэн бололтой.

Нэгдүгээр хэсэг: "Жимээ, Шарав нар хэцүү чанга хүмүүс тул Чойбалсан баахан ширвээтэн эмээнэ"


ГУРАВ

Чойбалсанг төвд ном чармайж үзэхгүй гэж хамаатан садан ба нутгийн томоотой хүмүүс зэмлэнэ. Бас эх Хорлоо, хүүгээ хүрээ хийдэд суулгаж номтой лам болгоод үхэхийн цагт толгой дээрээ ном уншуулахыг хүснэ.

Гэтэл Чойбалсан гадуур тоглох ба морь унаж давхих, ан агнах явдлыг гол болгон сонирхоно. Чойбалсангийн хүсэл сонирхол нь тойрон бүхий хүмүүсийн үзэлтэй мөргөлдөнө. Жишээлбэл ан агнах гэвэл тэд “Лам болох хүн, амьтан алж болохгүй” гэж хориглоно. Гадуур тоглож явах гэвэл “Гэрт сууж төвд ном үз” гэнэ. Хээр газар морь унаж давхин мал хариулж явъяа гэвэл түүнийг “Хийд дээр сууж лам бол” гэнэ. Ийнхүү Чойбалсангийн амьдралын дотор мөргөлдөөн гарч эцэстээ хэн болох заяаг шийдэх чухал цаг болж түүний 13 настай байхад нэгэн их гашуудал тохиолдов. Чойбалсанг ямагт өвөртлөн унтаж өсгөсөн эх Наран бие баржээ. Үүнээс хойш Чойбалсан төрсөн эх Хорлоогийн гар дээр бүрмөсөн ирэв. Мөн энэ жил эх ах нар нь Чойбалсанг албадаж тус хошууны хийд дээр шавилан суулгах болов. Энэ хийд ба бэйс Сансрайдоржийн өргөө байсан газар одоо Чойбалсан хот байна.

Чойбалсан энэ хийдэд ирж мөн хийдийн хойд этгээдэд суух өвгөн лам Самданы гэрт байрлав. Өвгөн ламын өмнө том хар шоголыг барин сууж хэдийнээ жигших болсон өнөөх төвд номыг заалгана. Ууртай бохир өвгөн ламын дэргэд чийг үнэртсэн бүгчим гэрт суух нь бяцхан Чойбалсанд тэсэшгүй санагдана. Гэрээс гарвал бүрээ бишгүүрийн дуун хангинаж элдэв эрээн мяраанаар чимэглэсэн сүрлэг янзын хуурмаг байдал үзэгдэх боловч гаднын хог новшийн дунд олон лүглэгэр хар ноход үргэлж яс булаалдан хэрэлдэнэ. Хийдийн дотор орвол эндээс дутахгүй лүглэгэр том лам нар ардаас мөлжин авсан олз ашгаа зэд намшиг гэдэг нэрээр хуваалдан авах ба тэдний хооронд ямагт хэрүүл зодоон гарна. Эл бузар буртаг ба хэрүүл зодооноор дүүрсэн сүмийн газар залуу Чойбалсан сууж төвийн цогчин гэдэг хуралд хурах болов. Энэхүү цогчин хурлын гэвхүй (гэсгүй) нэгэн лам нь маш хэрцгий авиртай учир бяцхан банди нарыг хадаг яндар болсон бүдүүн хулсан бэрээгээр үл ялих хэргийг далимдуулан занчих ба хааяа бага сага хэрэг осолдох буюу төвд номыг үзэхгүй бол тэр хүүхдийн дээлийг тайлж нүцэглэн бургасаар занчина. Чойбалсан төвд номд дургүй тул мөн энэ бургасан торлогийн амтыг үзэх болов. Гэвч бяцхан Чойбалсан орилж бархирах буюу эс бөгөөс өршөөлийг гуйж тэдний хүмүүжилд орохгүй, харин хийд ба лам нарын зарчим, шашны ном цөмийг улам жигшин үзэж үүнээс салах аргыг санаачилдаг болжээ.

Чойбалсан нэгд, нас бага ба хоёрт, тойрон байгаа хэвшилд автагдан, гуравт, эхийн сэтгэлийг харж хоёр жил хийд дээр ном үзсэн болж өвөлжив. Хийдэд суухдаа шашны номыг судалж сайн лам болохыг хүсэхгүй харин хэзээ дулаан улирал ирж хэдийд зун болох вэ гэж үргэлж хүсдэг байжээ. Учир нь лам болж хийдэд суусан хүүхдүүд зуны цаг хөдөө гэр дээр гарч ирдэг байжээ. Гуравдугаар өвөл нь бас нэгэн арга шалтаг олж хийд дээр суусангүй, хөдөө гэртээ өвөлжив. Дараагийн жил Чойбалсан 17 нас хүрч 1912 дугаар он болов.

Монголын ард түмний хөрөнгө чинээг хятадын худалдаачид дуустал мөлжиж, идэвх оролдлогыг буддын шашин үхширтэл дараад, олонх хүний холыг үзэх харц ба гүнийг бодох оюуныг мохоосон тэр цагт сэргэлэн хүү Чойбалсан төрж өсөөд тойрон бүхий байдлыг ажиглан анхаарч юм бүхний учрыг мэдэхийг оролдоно. Гэтэл түүний асуултыг лам нар ба лам нарын нөлөөнд байгаа хүмүүс “хойд нас”, “бурхны ном”, “гурван эрдэнэ” гэх зэргийн бүдүүлэг хариултаар мохооно. Чойбалсангийн элдвийг сонирхох хүсэх хөгжилтэй авъяас нь тэр цагийн феодалын мухар харанхуй хэрэмд тулж явах замгүй мухардана.

Залуу Чойбалсангийн амьдрал хүмүүжил дээр хоёр зам гарчээ. Нэг нь Монголын хүмүүсийн мунхран төөрсөөр ирсэн хуучин зам болно. Хэрэв энэ замаар явбал буддын шашны мухар хүрээнд эргэлдэж хэнд ч тус бололгүй юу ч үзэлгүй нэгэн дэмий амьтан болж насыг барна. Нөгөө зам нь өөрийн чадлаар нээн олж, бус газар сайн амьдралыг эрэх зам бөгөөд энэ зам маш балархай тул чухам замын үзүүр нь аль хүрч юу болж төгсөх ба ямар нэгэн сайн амьдралыг олох эсэх нь залуу Чойбалсанд тодорхойгүй нэгэн тайлшгүй оньсого мэт битүүлэг зам байжээ. Юу боловч нөхөр Чойбалсан энэхүү үл мэдэгдэх балар замыг сонгож Их хүрээ (одоогийн Улаанбаатар)-нд оргож очихоор шийджээ. Нутагтаа аж төрөх хөрөнгөөр гачигдсан буюу эх, ах ба хамаатан садандаа гомдсон зүйл огт байгаагүй харилцан янаг хайртайгаар аж төрж байсан билээ. Ийм байтал Их хүрээнд очихыг дурласан учир бол нэгд, лам болон хийд дээр сууж төвд ном үзэхийг орчин тойрны байдал шаардан байх тул энэ сонирхолгүй бэрхшээлтэй зүйлээс ангижрах аргыг эржээ. Хоёрт, алс газар явж юм үзвэл төвд ном шагайснаас дээр санагджээ. Гуравт, Чойбалсан арав шахам настай байхдаа эх Хорлоог дагаж Их хүрээнд ирээд буцсан удаа бий. Балчир насандаа Их хүрээг үзсэн нь түүний санаанд их сонирхолтой сайхан орон мэт санагдсан тул одоо олон хүн хуралдсан их үймээнтэй бөгөөд сайхан байшинтай тэр газар очвол ямар нэгэн сонирхолтой сайн амьдрал олдоно гэж горьджээ. Хэдийгээр “унасан газар, угаасан ус” Цагаан талбай, Хэрлэн мөрөн ба өсгөсөн хүмүүжүүлсэн хайрт эхдээ хоргодох боловч холыг зорих санал нь дийлэв. Залуу Чойбалсан ийнхүү нууц санаа шийдсэн боловч эх ба төрлийн хүнд хэлсэнгүй, харин санаа нийлэх болов уу гэж ядуу эмэгтэй Хандын хүү Гэндэн-Яринпил гэдэг нэгэн өөрийн сайн танил бяцхан бандид хэлж нэг жил турш хэдийд хэрхэн оргохоо зөвлөж сэм холбоотой явав. Банди Гэндэн-Яринпилд Чойбалсангийн хэлсэн нь: “Энэ газар бидний төрсөн нутаг боловч бидний ажил амьдрал амттай шимтэй биш тул Их хүрээнд оргон очиж амьдаръя” гэвэл нөгөө банди хэлэв: “Нөхөр чи хүрээ орж Гандан дээр суух гэж байгаа биз ээ. Би ч тэр газар очиж хурал номыг дагаж амьдрахыг боддог тул чи бид хоёрын санаа яв цав тохиров” гэжээ.Үүнд Чойбалсан хэлэв: “Би тэр газар очоод лам болох явдалгүй хар хүн боловч тэнд сайн сайхнаар амьдарч болдог гэж сонссон тул би хар болж амьдарна” гэж хариулжээ.

Тэр хоёрын санаа тохирч хүрээнд оргож очихоор шийдсэн боловч чухам хэзээ яахин явахдаа шийдээгүй хэдэн сар болж байтал намар ойртов. Намрын цаг харъяат хошууны лам нар хийд дээр цугларч өргөн хурлыг хурдаг бүлгээ. Энэ намрын их хурлын үеэр хуралд очих хүмүүст эцэг эх нь хүнс бэлтгэж уналга өгч явуулна. Тэр хоёр “Энэ завшааныг тохиолдуулан оргоё” гэж гэнэт шийдээд хоногийг хүлээж байтал удалгүй намрын хурлын цаг тулж ирэв. Харъяат хошууны бүх лам нар очиж хурахаар үймэлдэж гарав. Эх Хорлоо хүү Чойбалсанд Өргөө очоод идэх юм гэж нэг бяцхан цагаан лаазанд хутгамал гэдэг өрөм, ааруул зэргийг холин хийж өгөв. Бас “Хоол авч идээрэй” гэж тавтын цөлкөв цаас өгөв (Тэр цагт Монгол газар хуучин оросын тэмдэгт цаасыг зарцуулж байсан бүлгээ). Эх Хорлоо уналгын эмээлтэй морийг бэлтгэн өгч мордуулах болоход хүүгээ үнсэж хошуу хүрээнд очиж хуврагийн тоосонд багтана гэж мухар сүсгийн эрхээр баясгалантайгаар харж байна. Хүү Чойбалсангийн нэгэнт хол газар оргож явахаар шийдсэниийг элбэрэлт эх нь яахин олж мэднэ. Эх нь унаж очсон морио тийм хүнээр тэр авгайд өгч буцаагаарай гэж гэнэхнээр захиж байна. Хүү Чойбалсангийн сэтгэл хөдөлж хайрт эхээсээ салж ядах боловч нэгэнтээгүүр өөрийн сэтгэл хөдөлсөн байдлыг далдлахыг оролдож, нөгөөтээгүүр амьд мэнд явбал эцэстээ уулзаж болно гэж найдаж сэтгэлээ засаад янаг эхдээ үнсүүлж алсын моринд мордов.

Тэндээс Чойбалсан гурван өртөө газар явж хийд дээр ирээд уналга морио эхийн захисан хүнд өгч буцаагаад өөрийн бие, урьд сууж байсан ламын гэрт оролгүй, эхийн өгсөн бяцхан идээг барьсаар хамт оргох гэсэн банди Гэндэн-Яринпилыг олж уулзав. Тэр Гэндэн-Яринпилын гэр туйлын хоосон ганц борогч гүүгээ унаж хуралд хурахаар шалтаглан ирээд, бас унаж ирсэн гүүгээ гэртээ буцаав. Чойбалсан Гэндэн-Яринпил хоёр уулзаж ихэд баяртайгаар ярилцаад хийдийн дэргэдэх худалдаачин хятадаас Гэндэн-Яринпил хэдэн цөлкөв мөнгөөр боов шоов худалдан авч хагасыг идэж, хагасыг өвөртлөөд хоёул тэр шөнө хийд дээр унтсангүй, үдэш бүрэнхий болмогц нэг ч хүнд мэдэгдэлгүй өмнө зүг сэм гарч Хэрлэн мөрний хөвөөнд ирээд усны олмоор гаталж, өмнөд хөвөөнд ургасан хэсэг бургасны дунд очиж унтав.

Алс баруун хойноос урсаж ирсэн Хэрлэн мөрний сайхан ус, хол газрын сониныг шивнэх мэт зөөлнөөр шуугин урсана. Бургасны мөчир эелдэг салхинд ганхаж холыг зорьсон хоёр хүүг шөнийн сэрүүнээс нөмөрлөнө.

Голын цаана дэнж дээр сүм дуган ба лам нарын хашаа байшин, эвдэрхий балгас мэт хав харлан харагдана. Гэтэл шинэтгэл залуу саран, хар үүлний цаанаас гэтэлж Хэрлэн мөрний тунгалаг усан дээр гялалзан тусав. Энэ үдэш Монгол ардын шилдэг хүү Чойбалсан буддын шашны бохир хэрмээс ангижран гарчээ.


ДӨРӨВ

Маргааш өглөө нь үүрээр босож Чойбалсан Гэндэн-Яринпил хоёр Хэрлэн мөрний усаар нүүр гараа угааж, өчигдрийн хийдийн гудамжнаас халдсан буртаг хирийг бүрмөсөн арилгав. Бяцхан боов ба өрөм, ааруулаа идэж цэвэр ус уугаад бургасан дундуур нуугдан явж хийдээс нэлээд холдмогц Чойбалсангийн сэтгэл нэгэнтээгүүр тороос мултарсан шувуу мэт баясгалантай болно. Нөгөөтээгүүр төрсөн эхээс зайлж уудам талд юу эрж явган яваа билээ гэж эргэлзэн санаж, сэтгэл гансран нүдэнд нулимс бөмбөрөн ирэх боловч хамт яваа нөхрийн зоригийг мохоохгүйг хичээж өөрийн гунигласан байдлаа нууж, зориуд баяр зоригтой явахыг оролдоно. Гавшгай хоёр хөл нь урагш түргэн алхлахад эхээ дурдсан санал гэдрэг аргамж мэт татаж, бага наснаас сонссоор ирсэн ардын нэгэн дуу Чойбалсангийн аманд аяндаа орж ирэх тул Чойбалсан аман дотор исгэрэн аялах нь:

“Бөмбөр бөмбөр модонд

Бүргэд шувуу эргэнэ.

Бөөрөнхий биеийг минь өсгөсөн

Эхийнхээ ачийг яана хө.

Саглагар саглагар модонд

Шаазгай шувуу шагширна.

Сайхан биеийг минь өсгөсөн

Эхийн ачийг яана хө”

Хээр талд гарсан хоёр хүү хошин инээдмийн үг ярьж, хоёр биеийн сэтгэлийг тайтгаруулан харилцан ижилдэж, алс замыг зорин алхана.

Шөнийн турш явж өдөр болмогц Хэрлэний бургасанд ирж унтаад үдэш бүрий болмогц сая замдаа орно. Ингэж хоёр, гурав хоног явав.

Эдний идэх хоол болбол Чойбалсанд эхийн өгсөн бяцхан хутгамал, нөгөө нөхрийн хятадаас авсан бяцхан боов төдийхөн бөгөөд үүнийгээ идэж ундаасвал ус ууж явна.

Чойбалсан, эхийн өгсөн тавтын цөлкөв цаасыг машид хайрлан хямгадаж даавуунд боож тэмээний утсаар ороож оосор хийгээд хүзүүнээс сахиус мэт зүүж явна. Эх нь ихэд санагдвал тавтын цаасаа барьж цээжинд наалдуулахад сэтгэл нь онгойх бөгөөд түүнийг зүүж явахад үнэхээр эхийн хамт яваа мэт санагддаг байжээ. Тэр хоёр тийнхүү замнан явахад бие алжааж, хөл эцэх ба заримдаа хүйтэн бороотой шөнө даарч чичрэх зэргийн бэрхшээл олон удаа тохиолдсон боловч Чойбалсан угаас чанга зоригтой хүү тул зүдрэлийг огт хайхрахгүй, гагцхүү зорьсон газар хүрэхийн төлөө урагш зүтгэнэ. Нөгөө Гэндэн-Яринпил бэрхшээлийг арай гэж хүлцэж Чойбалсанг дагаж явна. Тэр хоёр Их хүрээ чухам хаа байдгийг сайн мэдэхгүй. Хүрэх замыг бас мэдэхгүй. Гагцхүү Их хүрээ баруун хойд зүгт бий гэж мэдэх тул тэр зүгт чиглэсэн замыг дагаж явна.

Тийнхүү хэд хоног явж Сан бэйсийн хошууны нутгаас гарч зах нийлэх Саруул гүнгийн нутагт иржээ.Энэ хошууны нутагт явж байтал нэгэн өдөр тэнгэр тулсан гурван өндөр суварга мэт цамхаг харагдав. Энд ийм юм байдаг гэж урьд сонсоогүй тул маш сонирхож хөлийн цуцсаныг мартаж яаравчлан очиж үзвэл туйпуугаар барьсан өндөрлөг барилга байна (одоо түүний хоёр нь нураад нэг нь үлджээ). Түүний орчимд хуучин хэрмийн үлдэгдэл бий. Энэ нь Хэрлэн Барс хот гэж алдаршсан Тогоонтөмөр хааны үеийн хотын үлдэгдэл болохыг хожим мэджээ. Чингис хааны угсаа залгамжилж Бээжинд их гүрний эзэн болж суусан Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадаас хөөгдөж Монгол газар ирээд энэ хотыг байгуулсан гэнэ. Дараа илбийн барс хүрхрэн их дуун гаргаж явав гэж цуу үг гарсан тул өөр тийш шилжиж нийслэлсэн гэж нутгийн ард хэлэлцэнэ. Цэцэн хан аймаг, энэ эвдэрхий хотын нэрийг уламжилж “Хэрлэн Барс хотын чуулган” гэж аймгаа нэрлэнэ. Энэ чуулганд манжийн сөгдөж, Монгол ардын толгой дээр сандайлж байгаа засаг ноёд хуралдаж, аймаг дахины алба татвар зэргийг нийлэн хэлэлцэж хуваана. Чойбалсан, “Хэрлэн Барс хотын чуулган” гэдэг сүрлэг алдрыг урьд сонссон боловч тэрхүү гайхуулан алдаршуулагч их хот нь энэ шавар цамхгийн төдийхөн болохыг дараа бусдаас сонсож ихэд гайхжээ.

Тэндээс явж Саруул гүнгийн хүрээнд ирээд хятад худалдаачны дэлгүүрээс бага сага мантуу боов ба нэгэн уранхай шуудай гуйж аваад түүнд хүнсээ агуулж ээлжлэн үүрч цааш явав. Одоо тэр хоёр нэгэнт өөрийн хошуунаас холдсон тул нуугдмал байдлаар явахыг больж замын ойрх айлд орж хүнсний нэмэр гуйж бага сага ааруул, цагаан идээ, гашим гэдэг самбай хадгийг олно. Энэ завсар Чойбалсангийн эхийн өгсөн хутгамалыг нэгэнт дууссан тул түүний лаазанд цай чанаж уух ба хоол хийж иднэ. Өдөр нь замын ойрхи айлд сүүтэй цай ууж, өрөм ааруул ба хоормог идэж явах тул орой заримдаа хоол хийж идэлгүй унтана. Шөнө хоёулаа сэтгэлийг сэргээхийн тул үлгэр оньсого ярилцана. Чойбалсан төрөлхийн үлгэр оньсогонд дуртай бөгөөд ялангуяа “Эрийн сайн эрхий мэргэн”, “Гурван настай гунан улаан баатар” гэдэг үлгэрт маш дуртай тул түүнийг дахин дахин ярьж сонирхоно. Өглөө босоод бас замдаа орж явна. Тохиолдсон газар орны байдал, уул ус, өвс ногоо, мал сүрэг ба ард олны зан авирыг хүртэл сайтар ажиглаж сэтгэлдээ тогтоон явна.

Нэгэн орой Хэрлэн голын хөвөөний өндөр улаан эрэгт хүрч унд бэлтгэж уугаад хөл амарч байхад харанхуй болж холын бараа үл харагдах болов.

Тэр хоёрын унтахаар сууж байгаа газар нь аянчны замд маш ойр учир зүүн өмнө зүгийн замаар олон хүний дуу чимээ, тэмээ морины хөл түр тар хийлдэн айсуй. Ямар аянчин ирж яваа юм бол гэж тэр хоёр ажиглахад шөнийн бараг бүрхэгт арав илүү тэмээн тэрэг, олон морьтой хүмүүс нь түжигнэлдэн сүртэй гэгч явж байжээ. Морьтой хүмүүс нь түрүүлж тэдний дэргэд ирээд зарим нь морио усалж зарим нь бууж тамхиа татаж хоорондоо үг ярилцаж байгаад Чойбалсан нарыг харж “Та нар ямар хүмүүс вэ?” гэж асуув гэнэ. Чойбалсан нар “Их хүрээ орохоор явж байгаа хүмүүс” гэжээ. Тэдний дотроос нэгэн хүн Чойбалсангийн ойр ирээд шагайж хараад дуу алдан “Хүүе Огодогиийн чоно явж байна шүү. Чи яагаад энд ирэв?“ гэж асууж эхлэв. Чойбалсан баахан цочиж айн тэр хүнийг ажиглавал нэгэн нутгийн отоггүй Батмөнх гэгч хүн байжээ. Энэхүү Батмөнхийн “отоггүй” гэдэг нэртэй болсны учир нь тэрхүү Батмөнх ноёд түшмэдийн тушаалыг номхон хонь мэт дагаж явдаггүй, ямагт эсэргүүцэж зөрчиж хэрүүл хийдэг ярвигтай хүн тул баримтлан захирах отог олдохгүй нэгэн отогт хэрүүл зарга болж тохирохгүй болоод нөгөө отогт шилжих ба бас тэндээс нөгөөд шилжих зэргээр олон отог дамжиж явсан учраас “отоггүй” Батмөнх гэж алдаршжээ. Чойбалсан гайхаж Батмөнх нартай ярьж учрыг асуувал тэд Сан бэйсийн хошуунаас дайчлагдсан цэргүүд дарга даамал ба уналга хүнсний хамт Нийслэл хүрээ орохоор явж байгаа гэнэ. Тэдний ярих нь: “Одоо манай Монгол нэгэнт Хятадаас салж тусгай улс болов. Богд Жавзандамбыг улсын хаанд өргөмжилсөн, бид улс төрийг хамгаалах цэрэгт дайчлагдаж явна” гэв.

Үнэхээр тэр цагт манай Монголын лам ноёд, ардын үндэсний хөдөлгөөнийг ашиглаж Их хүрээ, Улиастай Ховдод суугаа манж хятадын сайд Сандоо зэргийг хөөн зайлуулж, тусгаар улсыг байгуулав гэсэн боловч улсын хэрэгт ард түмэн ба эрдэмтэй чадвартай хүнийг оролцуулахгүй, угсаа залгамжилсан мулгуу ноёд ба хутагт хувилгаад гэдэг танхай лам нар улсын эрхийг дангаар барих бөгөөд завсраа эрх ашгаа булаалдаж ямагт хямрана. Улсын толгой дээр наймдугаар богд гэдэг нэгэн төвд ламыг хаанд өргөмжлөн суулгаж, олноо өргөгдсөн гэдэг их цолыг өгчээ. Улсыг толгойлуулах эрүүл Монгол хүн олдсонгүй мэт энэ нэгэн өвчтэй төвдийг өргөмжилсөн нь даруй “уруудахад доройтох” гэгчийн үлгэрээр манай автономит засгийн бүтэмжгүй байдлыг гэрчилжээ.

Манай халх Монгол тэр үед дөрвөн аймагт хуваагдаж, хамаг ард нь хаад ноёдын өмч мэт байсан бөгөөд аймаг толгойлсон дөрвөн хааны аль нэгийг улсын хаанд өргөмжилбөл бусад нь атаархан тэмцэх нь зайлшгүй. Ийм учраас буюу эс бөгөөс мухар сүсэгтэй ард олныг шашны далимаар мэхэлж дагуулахын тул тэрхүү төвдийг хаан өргөмжилсөн биз ээ. Энэхүү наймдугаар богд гэдэг төвд лам, хаан болоод ард олонд ашигтай хэргийг хийсэнгүй. Харин шинэ олсон нэр сүрээр далимдуулан ард олныг мөлжиж олсон олзоо хэдхэн бие биеийнхээ жаргалд зориулж архиар өдрийг өнгөрөөж, самуунаар шөнийг түлхэж байх болов. Түүнийг дараалсан хаад ноёд ба хутагт хувилгаад бас ард олныг мөлжихөөс өөр юм мэдэхгүй харгис тэнэг амьтад байсан тул ийм этгээдийн удирдаж байгаа улс яахин мандана.

Харин улмаар эдийн засаг, эрх мэдлээ эзэрхэг хаант Оросын засгийн газар алдсан ба удалгүй Хятадын цэргийн эрхэнд тусгаар байгуулсан төрөө алдсан бүлгээ. Ийнхүү тусгаар улсыг байгуулав гээд аймаг, хошуунаас цэрэг татсан, үүнд ирж яваа цэргийн зарим нь энэхүү Батмөнхийн зэрэг хэсэг хүмүүс байжээ.

Тэд манай хоёр хүүгийн дэргэд майхнаа шааж унтах болов. Үүнд Чойбалсан нэгэнт “отоггүй” Батмөнхөд танигдсан тул түүний майханд орж очвол бас хэдэн таних хүн байна. Чойбалсан нар тэдэнд Их хүрээ орохоор гэрээс оргож гарснаа хэлбэл “отоггүй” Батмөнх хэлэв: “Та нар ингэж явган явснаас бидэнтэй хамт явбал дээр, уналга морь олдоно. Хүрээ хүртэл бидний ажлыг хийж, тэмээг хөтлөн морь малыг идээшлүүлэн усалж яваарай” гэж захижээ. Тэр хоёр зөвшөөрч маргааш өглөөнөөс эхлэн эрт босох цай чанах ба морийг барьж эмээллэх, ачааг ачих зэрэг ажлыг хийлцэн тэмээг хөтөлж явах болов. Тэр хоёрт эмээлгүй хоёр зайдан морийг өгч унуулав. Цэргийн хүн бүр хос морьтой байдаг учраас эдэнд ийнхүү илүү морь олджээ. Үдэш буухад Чойбалсан нар хөсгийг буулган аргал түүж гал түлээд, цай хоолыг бэлтгэх ба морийг идээшлүүлэх зэргээр Батмөнх нарын зарц мэт элдэв ажлыг хийж явах болов.

Тийнхүү хэд хоног явтал нэгэн орой Чойбалсан, нөгөө нөхөртөө өгүүлрүүн:

“Эдний хэлэцэхийг сонсвол Их хүрээ ойртож байгаа бололтой. Хэрэв бид эдэнтэй хамт Хүрээ орвол ямар нэгэн зууралдах хэрэг гарч биднийг нутагт буцаах болзошгүй. Иймийн тул бид хоёр эднээс буруулан салж, “хуучин замаараа сурсан дуугаа дуулж” явган явж, Их хүрээ орвол эд биднийг олохгүй. Бид аль ч газар зоригоор явж болно” гэвэл нөгөө нөхөр нь даруй зөвшөөрч шөнө болмогц шуудайтай хүнс юм аа сэмхэн авч өөр зайд газар очиж унтав. Энэ газар бол нүцгэн талтай адилгүй сайхан шугуй модтой бөгөөд урсах тунгалаг устай ажээ. Сүрлэг сайхан модонд элдвийн шувуу уянгат дуугаар жиргэнэ. Ийм сайхан ус мод тэгш газар хоноод маргааш өглөө босвол хамт явсан аянчин тэр хоёрыг эрсэнгүй шууд хөдлөн явцгаажээ.

Чойбалсан нар тавтай цай ууж цааш явган явж нэгэн орой, нэг айлд орж хонох гэвэл мал өвчтэй тул хүний хөл хорьсон гэж оруулсангүй. Харин гадна борцлон хатаасан махнаас нэлээдийг өгчээ. Бодвол тэр жил үхрийн мялзан өвчин гарсан тул мялзангаар үхсэн үхрийн мах биз ээ. Үхэр мялзан хүрвэл гаднын явган бадарчинг оруулдаггүй хуучин заншил байдаг билээ. Тэндээс бас хэдэн хоног яваад Хэрлэн голыг явган туулан зүүн хүрээ гэдэг хийдийг дайрч гарав. Одоо тэр хоёр Цэцэн хан аймгийн нутгаас мултарч дархан чин ван Пунцагцэрэнгийн хошууны нутгийн (одоогийн Төв аймаг) зүүн захад хүрч ирэв. Замын хүмүүсээс асуувал Нийслэл хүрээ ойртсон гэж хэлнэ. Хүрээ ойртсон гэдэг үгэнд тэр хоёр хүү урамшиж шаламгайлан явж Туул голын Уу булан гэдэг газрын бургасанд ирж үдлэв. Туул гол болбол Их хүрээний дэргэдүүр урсаж гарсныг урьд сонссон тул Туул голыг үзмэгц Хүрээний захад орсон мэт санагдаж баярлажээ. Тэр хоёр энэ бургасанд үдлээд хөл амарч бяцхан байзнахаар хэлэлцэж бага сага юмаа идээд тэндээ хонов. Маргааш өглөө босоод явах гэтэл өчигдрийн их шаламгайлан явснаас болж Чойбалсангийн хөл өвдөж явж чадахгүй болов. Чойбалсан угаас морь унаж мал хариулж явснаас биш, ийм хол замд явган явж байсан удаагүй. Түүний хөлийн өсгий ба хуруунууд хэдэн хэсэг газар шалбарч гишгэх аргагүй болсон тул энд бас түр амрахаар хэлэлцэж дахин өнжив.

Чойбалсан нарын энэхүү амсхийж байгаа газар үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд орчин тойрон ой мод бүрхсэн өндөр уулнууд сүндэрлэн харагдана. Өндөр зузаан хад уулнуудыг нэвт зүсэж гарсан түргэн Туулын цэнхэр ус жирэлзэн урсана. Урсгалын хөвөөнд бургас мод багшран ургаж нэгэн ёсны эмжээр мэт үзэгдэнэ. Ой мод ба өвс баахан шарлаж намар болсныг дохиолно. Усны хөвөөгөөр хөөрхөн шувууд дулаан оронд нисэхийг зөвлөж байгаа мэт яаралтайгаар нисэлцэнэ.

Энэхүү хангайн яруу үзэсгэлэнт газар талын хоёр хүү ирж хоёр хоног бие амрав. Энэ завсар нөгөө нөхөр Гэндэн-Яринпил бургасаар үүрэг хийж шуудайтай юмаа хавчиж сураар баглаад бадарчин байдалтай болов. Дараагийн өглөө Чойбалсангийн хөлийг баахан илаарь болмогц хоёул тэндээс баруун зүг алхаж гарав. Түүний хөлийн шалбархай улмаар эдгэрсэн боловч хожим болтол сорви нь арилахгүй холонгир тогтож гутал өмсөхөд төвөгтэй болжээ. Тийнхүү явсаар нэгэн их модтой шовх уулын энгэрээр гарч ирэв. Энэ нь Их хүрээний зүүн этгээдэд байх Баянзүрх уул ажээ. Тэндээс үзвэл баруун зүг их ой мод бүхий нэгэн том сайхан уул дүнхийж харагдана. Тэр уулнаас зүг бүрд олон ам салбарлан гарсан ба ам бүрээс урссан булгийн ус алс газраас хөх угалз мэт зурайн харагдана. Уулын орой үүлэнд тулж хөх тэнгэртэй үргэлжилнэ. Энэ сүр жавхлантай сайхан уул, юун уул билээ гэж харилцан ярьж гэнэт хүрээний дэргэд байдаг Богд хан уул гэгч энэ мөн биз гэж тааварлан танив. Урьд нэг бадарчин Хан уулын ард халхын их хүрээнд суудаг гэж хэлэхийг сонссон нь одоо сая санаанд оров. Тэр сайхан уулын арын уудам хөндийд хөх униар үргэлжилж, олон хүн бүхий газар ойртсоны шинж мэдэгдэв. Энэ хоёр урагш баясгалантайгаар алхалж хөлийн модчин гэдэг хэсэг байшин барилга бүхий газар хүрч нэгэн айлд ороод маргаашийн өдөр холоос зорьж хүсэж ирсэн Их хүрээнд орно гэж сэтгэл ихэд баясаж явган явж ядарсан хоёр хүү амар тавиунаар унтав. Энэхүү хөлийн модчин гэдэг нь Богд уулнаас мод буулгаж Хүрээнд зөөж оруулдаг модчин хүмүүсийн суурьших газар болно. 

Гуравдугаар хэсэг: Х.Чойбалсан: Эр хүн долоо дордож найм дээрдэж явдаг юм...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]