Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Галифаксын дэлбэрэлтУншсан4,199

1917 оны 12-р сарын 6-нд Канадын Галифакс (Halifax) хэмээх хотын боомтод ер бусын хүчтэй дэлбэрэлт болж боомт төдийгүй, хотын ихэнх хэсэг эвдэрч сүйрсэн байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн төрөлхтний түүхэнд, ялангуяа техникийн хөгжил өндөрт гарсан сүүлийн хоёр зуунд хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийн хариуцлагагүй байдал, хувиа бодсон зан, арчаагүй үйл хөдлөлөөс болж мянга мянган хүний амь насанд хүрсэн олон осол болж байсан билээ.

1917 оны 12-р сарын 6-нд Канадын Галифакс (Halifax) хэмээх хотын боомтод ер бусын хүчтэй дэлбэрэлт болж боомт төдийгүй, хотын ихэнх хэсэг эвдэрч сүйрсэн байдаг. Нурсан байшин барилга дор 2000 гаруй хүн дарагдаж, хөлдөж, дараа нь гарсан түймэрт шатаж үрэгдсэн бөгөөд 9000 гаруй хүн гэмтэж бэртэж, 400 хүн хараагүй сохор болон үлджээ. Энэ дэлбэрэлт нь цөмийн бөмбөг дэлбэрэх хүртэлх хамгийн том дэлбэрэлтэд тооцогддог.

12-р сарын 5-ны өдөр Галифаксын боомтод Францын Монблан хэмээх хөлөг онгоц ойртон иржээ. Хэдийгээр бусдаас ялгарах ямар нэг онцгой юмгүй мэт харагдавч энэ хөлөг нь 2300 тонн шингэн пикриний хүчил, 200 тонн тринитротолуол, 10 тонн  пироксилин, 35 тонн бензол ачиж явсан байна. (химийн хичээл дээр улаан ноль над шиг нөхөд ч эдгээр нь дан тэсрэх шатах бодис гэдгийг анзаарсан байх) Их дайн ид үргэлжилж байсан цаг.

Атлантын далайг ганцаар гатлан туулах нь ихээхэн аюултай учир энэ чухал ачаатай онгоцыг тус боомтод байж хамгаалалтын хөлөг онгоц иртэл хүлээхийг тушаасан байжээ. Удалгүй өглөө 7 цаг 15 минутад зангуугаа татаж боомтод орох тушаал ирснийг хүлээж аваад хөдлөх үед Норвегийн Имо хэмээх арай том тээврийн хөлөг онгоц өөдөөс нь, боомтоос гарахаар явж байв. Уг нь нүүрс тээх энэ хөлөг аль урд өдөр нь гарсан байх ёстой боловч нүүрсээ ачиж амжаагүй болон бусад шалтгаанаар цагаасаа хоцрон, тэр хоцорсон цагаа нөхөх гэж яаран хөдөлж байсан нь тэр.

Ид дайны үе учир дайсны шумбагч онгоцноос хамгаалах зорилгоор боомтын нэг хэсгийг тор татаж хаасан, нөгөө хэсгийг нь бүрэн минажүүлсэн байсан учир боомтын орох гарах зам ихээхэн нарийн болсон байж. 

Боомт руу орохоор явж байгаа хөлөг, гарч байгаа хөлгүүд өөд өөдөөсөө чиглэн явж байгаа учир хоорондоо мөргөлдөх болон бусад осол гаргахгүйн тулд ”Монблан”-ы лоцман хичээн явсаар нарийн хэсгийг өнгөрч өргөн тавиу хэсэгт гарч ирсэн хойноо Имо-той тулж ирсэн байна. Нэг нэгнээсээ зайлах гэж оролдон маневрлаж байх үед Имо-гийн хошуу Монбланы их биеийг мөргөн зүсэн орлоо. Торхтой нэг шингэн унаж асгаран шалаар тарж байх үед Имо хөлөг хошуугаа салгах гэж арагшаа ухрахад оч үсэрч түймэр гарч эхэлжээ. Дан шатах бодис ачсан энэ хөлөг дээр ганцхан минутад асар том түймэр гарч, 100 метр хүртэл өндөр утаа дөл улалзаж эхлэхэд хөлөгт ачсан нууц ачаа нь юу болохыг мэдэх усан цэргүүд сандралдаж ахмад нь яахаа мэдэхээ больсон байна. Ийм үед онгоцыг аврах ямар ч арга үгүй, цорын ганц боломж нь хөлгийг живүүлэх боловч хуучирч муудан зэвэнд идэгдсэн энэ хөлөгт ус оруулах янз бүрийн хаалтыг онгойлгоход ихээхэн хугацаа хэрэгтэй. Гэтэл тэдэнд ийм цаг огт байсангүй. Энэ үед лоцман хөлгийг буцаан боомтоос гаргах гэж оролдож эхэлсэн ба ийм маневрийн үед хөлгийн мөргөлдсөн цоорхойгоор ус орж живүүлж магадгүй гэсэн ганц найдлага байсныг л ашиглахаар шийдсэн нь энэ байв. Харин түүнд туслах хүн байсангүй. Ахмад, усан цэргүүд бүгд л амиа аврахыг бодон яаран завь буулган хөлөг онгоцыг орхиж байв. Лоцман ч бас хөлгөөс яаран зугтлаа.

Удирдлагагүй болсон Монблан усны урсгалд хөөгдсөөр боомтын Ричмонд хэмээх дан модон зогсоолд тулж энэ хэсэгт түймэр дамжин улам өргөжиж байсан нь аймшигтай, бас сүртэй зүйл байсан биз. Хотын хүмүүс, боомтын ажилчид энэ мундаг үзэгдлийг үзэн сонирхож, ингэх тэгэх хэрэгтэй талаар ярилцан маргалдаж байсан гэдэг. Гал унтраахаар ирсэн хэдэн хөлөг байдал ямар байгааг мэдэнгүүтээ хөлгийг чирж боомтоос гаргах гэж яаран ажиллаж эхэлсэн боловч тэд амжсангүй.

Өглөөний 9 цаг 6 минутад асар их гэрэл бий болж дараа нь дэлбэрэлтийн цохилтын долгион хотыг дайрч, дагаад чих дүлийрэм дуу гарсан нь тэр бүх бодис дэлбэрч байгаа нь тэр. Монблан хэдэн мянган хэсэг болон бут үсэрч, хотын эрэг орчмын хамаг байшин, бүр чулуун байр савнууд ч арчигдан арилсан байна. Ургаа мод булга татагдаж, гүүр болон бусад барилгууд бүгд унаж байсан бөгөөд энэ газраас 30 милийн (бараг 50 км) зайтай орших суурингийн бүх цонх хагарсан гэхээр тэнд юу болсон нь ямар нэг хэмжээгээр ойлгогдох биз ээ.

Ричмонд уулын энгэрт байсан өнчин хүүхдийн байрладаг протестант шашны сүм-сургууль нурахдаа дотор байсан бараг бүх хүнийг дарчихсан ба энэ сургуульд 500 гаруй сурагч сурдаг байснаас 11 хүүхэд л амьд үлдсэн байна. Монблан хөлгийг шатаж байгааг харж байсан хүмүүсийн хувь заяа ойлгомжтой. Нэлээд зайтай байрлах нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсээс ч гэсэн амьд гарсан нь цөөхөн байж. Дараа нь цасан шуурга болж нурж эвдэрсэн байшинд даруулсан боловч амьд байсан хүмүүс хөлдөж эхэллээ.  

Албан ёсны мэдээгээр бол 1963 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн сураггүй болсон гэдэг. Гэтэл зарим судалгаагаар бол тус хотод ажилладаг Мак-Галиврей гэдэг хүний авс хийх үйлдвэр тэр өдрүүдэд 3200 авс хийх захиалга авсан байжээ.

Хотын 1600 барилга байшин бүрэн устаж, 12000 орчим нь маш их гэмтсэн бөгөөд нийт материалын хохирлыг 35 сая канад доллар хэмээн тооцсон байна. Дараа нь болсон шүүх хурал дэлбэрэлтээсээ дутуугүй шуугиантай болж Монбланы ахмад Ле Медек, нутгийн лоцман Фрэнсис нарыг буруутай гэж үзсэн ч удалгүй цагаатгасан гэдэг. Тэдгээр хүмүүс энэ айхтар дэлбэрэлтийн хаагуур нь яаж гараад амьд үлдсэн нь сонин.

P.S.

Хоёр хөлөг нэг нэгнийгээ хэдэн минут хүлээх ч юм уу, эсвэл “Имо” гарах ёстой цагтаа гарсан бол ийм аймшигт явдал болохгүй байсан нь ойлгомжтой. Гэтэл тэгж чадсангүй. Мянга мянган хүний амь ийм л зүйлээс болж хохирч байж. Сүртэй шд, яав л гэж... хэмээн ярих дуртай хүмүүс бидний дунд зөндөө бий. Монблан болон Имо хөлгийн дарга, лоцманууд бас л тэгж ярьдаг байсан байх гэж яагаад ч юм бодогдох юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]