Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энигмагийн нууцыг тайлагчидУншсан7,231

Мэдээллийн нууцлал аль ч үед хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Эртний Ромын хаад, Цезарийн шифр ашиглаж нууц мэдээллээ дамжуулдаг байв.

Мэдээллийн нууцлал аль ч үед хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Эртний Ромын хаад, Цезарийн шифр ашиглаж нууц мэдээллээ дамжуулдаг байв. Энэ арга нь нэг үсгийг өөр үсгээр орлуулж дамжуулдаг арга байсан юм. Ингээд хүлээж авч байгаа тал нь ямар үсгийг ямар үсгээр орлуулахыг мэддэг байсан тул мэдээллээ алдах боломжийг багасгадаг. Харин орлуулах аргыг ашигласан хамгийн өндөр нууцлал бүхий төхөөрөмж бол Энигма машин юм.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германы цэргийн хүчин нууц мэдээллээ дамжуулахын тулд Энигмаг зохион бүтээж хэрэглэж эхэлсэн бөгөөд үүнийг мэдсэн Холбоотнууд дайсныхаа нууцыг олж мэдэхийн тулд энэхүү төхөөрөмжийн талаархи нууц мэдээллийг олзлон авах том зорилттой нүүр тулгарчээ.

Гэтэл Энигма машиныг бүрэн ашиглахын тулд 158 962 555 217 826 360 000 хувилбар бүхий кодыг тайлах шаардлага тулгарч байв. Энгийн үгээр тайлбарлахад “158 сая, сая, сая” боломж бүхий хувилбартай байсан гэдэг. Тиймээс Холбоотнууд хэдэн ч Энигма машиныг олзолж аваад ямар ч нэмэргүй байжээ.

 Тэгвэл тэрхүү Энигма машины нууцыг тайлж чадсан гоц ухаантнуудын нэг нь Алан Тьюринг бөгөөд түүний хөргийг ирэх 2021 онд хэвлэгдэх Английн 50 фунт стерлингийн дэвсгэртэд хэвлэх гэнэ. Гоц ухаантнуудад зориулагдсан энэ хүндэтгэл анхных биш. Энигмагийн кодыг тайлсан анхдагчид болох Польшийн гурван залуу математикчдын зургийг 1983 онд шуудангийн марк дээр хэвлэсэн түүх бий.

Тэгвэл Алан Тюрингийн хамтран зүтгэгчид болох тэдгээр математикчид хэн байв?

Тэд бол Польшийн код тайлагч Мариан Режевскигийн ахалсан багийнхан бөгөөд өөрсдийн бүхий л сурч мэдсэн зүйлсийг Британийн тагнуулын албанд ажиллаж байв.

Асар өндөр нууцлалтай, тайлах боломж бараг байхгүй шахам Германы Энигма машины  кодыг тайлж чадсан гоц хүмүүсийн түүх 1929 оны 1 дүгээр сард Польшийн Познанийн Их сургуульд криптологийн анги нээгдсэн үеэс эхэлсэн бөгөөд энэ нь цэвэр математикийг голчилдог хатуухан анги байв. Энэ ангийн хамгийн гоц, ухаалаг гурван оюутан Режевски, Зигалски ба 19-хөн настай Розицки нарт сургуульдаа сурахын зэрэгцээ Польшийн армийн шифрийн тасагт цагаар ажиллах хүсэлтийг дэслэгч Гвидо Лангерийн зүгээс ирүүлжээ. Ингээд 1930 он гэхэд Польшийн цэргийнхэн болон Их сургуулийн оюутнууд хамтран ажиллаж багагүй хугацааны эрчимжсэн судалгааны дараа Энигма машины доторх техникийн нууцыг тайлж чадсан бөгөөд 1932 оны эцэс гэхэд тэд германчуудын кодыг тайлдаг болсон байв.

Тэгвэл польшуудыг Энигмаг тайлах тодорхой хэмжээний амжилтад хүрэхээс жилийн өмнө 1931 оны 11-р сард Германы шифрийн тасгийн нарийн бичгийн дарга Ханс Тило Шмидт гэгч Францын тагнуулчдад 1930 оноос ашиглаж эхэлсэн Энигма машины гарын авлага болон кодын номуудыг өндөр үнээр худалдаалах санал тавьсан аж. Дэлхийн I дайнд ялагдсан Германы зэвсэгт хүчний хөдөлгөөн бүрийг Англи, Франц тагнуулын албаараа дамжуулан хяналтдаа байлгаж байсан нь тодорхой. Тиймээс Шмидтийн "наймаа"-г анзаарахгүй орхисонгүй, гэхдээ шифр, код тайлах талдаа тухайн цаг үедээ дэлхийн шилдгүүдийн нэг байсан Францын армийн шифрийн тасаг энэ мэдээлэлд тэгтлээ их гайхширсан ч үгүй. Учир нь уг гарын авлагад захидлыг хэрхэн код болгон хувиргахыг тайлбарласнаас биш эргүүлээд хувиргасан захидлыг яаж тайлж унших талаар ямар ч зааварчилга байсангүй. Английн кодны мэргэжилтнүүд ч ийм "бэлэг"-ийн ачаар хувиргасан кодыг тайлах боломжгүй гэж үзэж байлаа.

Удалгүй Гитлер засгийн эрхэнд гарч, Герман орон цэрэг зэвсэглэл, үйлдвэржилтээ өсгөж дайны машин болон хувирч буй нь Холбоотнуудын санааг зовоож эхлэв. Ингэж байтал 1939 оны 9-р сард Дэлхийн II дайн эхлэхээс багахан хугацааны өмнө Польшийн армийн Төв штабын шифрийн товчооны дарга, дэслэгч Гвидо Лангер Варшавын ойролцоо Кабатигийн модон дундах Пирид байрлах криптологийн төвдөө Англи болон Францын тагнуулын байгууллагын ахлахуудыг урьжээ.

Тэрээр долоон жилийн өмнө өөрийн багийнхны хамт Энигма кодыг тайлсан бөгөөд түүнээс хойш Германы захидлуудыг уншсаар байгаа гэдгээ танилцуулжээ. Энэ явдал бол британийн математикч Алан Тюринг криптологи сурч эхлэхээс таван жилийн өмнө буюу АНУ-ын Прингстоны Их сургуульд математикийн ухааны зэрэг хамгаалахаар сурч байхад нь болсон үйл явдал юм. (1930-аад онд бүх л ухаалаг, залуу математикчдын анхаарлыг Принстоны Их сургууль хамгийн ихээр татдагаараа алдартай байв).

 Польшууд яагаад энэ нууцыг хадгалсаар байсан нь тодорхойгүй. Харин дайн юу юугүй эхлэх гэж байсан, нацистууд эх орон руу нь түрэмгийлэн дайрахаар бэлтгэж байгааг мэдсэн тул тэд хамгаалалт хүсч ийн нууцаа хуваалцах болжээ. Энэ бүх амжилтаа польшууд яг түрэмгийлэн эзлэгдэхээсээ хэдхэн хоногийн өмнө франц, британийн тагнуулын албадад өгсөн бөгөөд удалгүй өрнөсөн цэрэг дайны үйл ажиллагаа баталгаа болж, улмаар англичууд мөнөөх гурван оюутан бүхий багийнхныг Британи руу яаравчлан оргуулж амжжээ.

Ингээд Британийн тагнуулын алба Блетчли Паркт Энигмагийн код тайлах, нууц ажиллагаа явуулах бүхэл бүтэн хот байгуулсан байдаг. Энд 10,000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд тэд өдөр бүр германчуудын илгээсэн нууц кодыг замаас нь авч, кодыг тайлах ажил хийдэг байлаа. Мэдээж хэрэг энэхүү нүсэр бүтэц бүхий код тайлагчдын тэргүүн эгнээнд мөнөөхөн Польшийн гурван оюутан, басхүү алдарт Алан Тюринг байсан нь мэдээж.

Тэд дайны үеийн олон чухал мэдээллийг тайлж уншиж, Холбоотнуудын цэрэг дайны амжилтад чухал нөлөө үзүүлсэн билээ. Түүхчид тэдний ачаар Дэлхийн хоёрдугаар дайн хоёр жилээр богиносож, 14 сая хүний амийг аварсан гэж бичдэг. Харин дайны төгсгөлд Зөвлөлтийн Улаан арми Польшийг чөлөөлж, Польшийн Коммунист нам засгийн эрхэнд гарсны дараа англичуудтай хамтран ажиллаж өндөр гавьяа байгуулсан мөнөөх гурван оюутны ажлыг эх орон нэгтнүүдийнх нь дунд мартагдахад хүрч.

Гэхдээ бүх гавьяа Британийн иргэн Алан Тюрингд оногдсон уу гэвэл үгүй юм. Тэр харин ч бүр эмгэнэлтэй тавилангаар амьдралаа дуусгасан нэгэн.

Тюринг Британийн Засгийн газрын код ба шифрийн албанд Мариан Режевски, Хенрик Зигальски, Жерзи Розицки нартай хамтран ажиллаж эхэлсэн англи математикч гоц ухаантан бөгөөд цааш яривал цахим тооцоолуур, компьютерийн анхдагч гэж хэлж болох нэгэн байв. Кембрижийн Их сургуульд математикийн шинжлэх ухаан судалж, улмаар багшаар ажиллаж байгаад Блетчли Паркт Энигма машины кодыг тайлах ажилд оройлон гар бие оролцож байсан бөгөөд хувийн амьдралын хувьд бэлгийн чиг хандлага нь ижил хүйстэн. Үүнээсээ болж түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын нууц мэдээллийн “Энигма” машины кодыг тайлсан гавьяатай хүн хэмээн бичигдэж үлдсэн Тюрингийн хувийн амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн түүхтэй.

Ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж үзэх хууль Англи болон Уэльсэд 1967 он хүртэл, Шотландад 1980 он хүртэл, Хойд Ирландад 1982 он хүртэл хэрэгжиж байсан бөгөөд энэ хуулийн дагуу Их Британийн шүүх 1952 онд Алан Тюрингд ижил хүйстэн байсных нь төлөө шийтгэл ногдуулж, бэлгийн хүслийг нь бууруулах гормоны эмчилгээнд хүчээр оруулж байжээ. Амьдралынхаа зовлон шаналлыг дааж чадалгүй Алан Тюринг 1954 оны зургадугаар сард 41 настайдаа цианит натри уун амиа хорлосон бөгөөд энэ үед Ливерпулийн нэгэн жижгэвтэр сонины арын нүүрэнд “Амиа хорлосон хэрэг гарлаа” гэсэн мэдээ гараад л өнгөрсөн гэдэг.

Гэвч Алан Тюрингийн хувийн амьдрал ямар байсан ч бай хамаагүйгээр түүний түүхэнд байгуулсан гавьяа бүдгэрсэнгүй, Энигма машины кодыг тайлж, Германы армийн онц чухал мэдээллүүдийг уншиж байсан гавьяаг нь олон нийт мэдэж авснаар хүний эрхийг хамгаалагчид Алан Тюрингийг цагаатгахын төлөө уйгагүй хөөцөлдөж, Засгийн газартаа хоёр ч удаа өргөх бичиг барьжээ. Улмаар Тюрингийн шийтгэлийг шүүхээс хүчингүйд тооцож цагаатгасан байдаг. Хожим Их Британийн Хуульзүйн яам Алан Тюрингэд ял ногдуулсныхаа төлөө уучлал гуйсан ч “Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу ял ногдуулсан” гэсэн тайлбарыг хийжээ. Түүний богинохон ч гэсэн ихийг бүтээсэн амьдралын тухай өгүүлэх “Imitation Game” уран сайхны кино 2014 онд дэлгэцнээ гарчээ.

Тал бүртээ гурван математикчийн нэрийг бичсэн гурван талт хүрэл хөшөөг Познаний ордны урд босгожээ.

Англи болон Польш хэлнээ дараах утгыг агуулсан самбар Блетчли паркад байрлаж байна.

“Энэхүү дурсгалын самбарыг Энигма кодыг анхлан тайлж чадсан Польшийн тагнуулын товчооны математикч нар болох Мариан Режевски, Жерзи Розицки болон Хенрик Зигальски нарын дурсгалд зориулав. Тэдний ажил Дэлхийн Хоёрдугаар дайны үед Блетчли Паркийн код тайлагч нарт гүн тусламж болсноос гадна Холбоотнуудын ялалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.”

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]