Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүннү гүрэнУншсан4,715

Хүннүчүүд мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ бага зэрэг газар тариалан эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байсныг Монгол ба Буриадын нутагт хийсэн хот суурингийн судалгаа гэрчилжээ.

Монголын анхны төрт улс

Нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрний дотроос анх удаа байгуулагдсан бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүрэн юм. Нүүдэлчдийн эзэнт гүрний үндсэн бүтэц, зохион байгуулалтыг Хүннү гүрний үед бий болгосон нь түүнээс хойш хоёр мянган жилийн турш онцын өөрчлөлтгүйгээр уламжлагдан хөгжжээ. Хүннү бол олон үндэстнээс бүрдсэн эзэнт гүрэн хэдий ч гол цөм ноён нуруу нь хожмын Монголчуудтай холбоотой юм.

Хүннүгийн түүх соёлыг судлах хоёр үндсэн төрлийн сурвалж бий. Эдгээр нь археологийн ба бичгийн сурвалж юм. Археологийн сурвалж дотор жирийн иргэдийн ба язгууртны булш оршуулга, олон төрлийн үүрэг зориулалт бүтэцтэй хот суурингууд, хадны зураг, шавар шатаах зуух зэрэг аж ахуйн байгууламжууд багтана. Мөн цөөнгүй тооны түүвэр олдвор байдаг. Бичгийн сурвалжууд дотор хятад, латин зэрэг хэлний сурвалжууд голлох үүрэгтэй. Ялангуяа Хүннүгийн эзэнт гүрэн ба Өмнөд Хүннүгийн түүхийг судлахад Сыма Цяний “Ши цзи” буюу “Түүхэн тэмдэглэл”, Бань Гу-гийн “Хань шу”, Фань Е-гийн “Хоу Хань шу”, Фан Сюаньлиний “Цзинь шу” зохиолууд гол тулгуур болдог бол Европын хүннү нарыг судлахад латин хэлээр бичигдсэн Приск, Йордан, Аммиан Марцеллин нарын түүхийн зохиолууд гол тулгуур болдог.

НТӨ IV зууны үед өмнө зүгээс Ордосоос ирсэн нүүдэлчид ба одоогийн Монгол нутгийн уугуул дөрвөлжин булшны оршин суугчид хольцолдон хүннүчүүд бүрэлдэн бий болсон. Тэд Монголжуу төрхтөн давамгайлсан антропологийн хэв шинжтэй байжээ. Хүннүчүүдийн угсаа хамаарал олон арван судлаачдын анхаарлыг татаж сүүлийн хоёр зуу илүү жил судлагдсаар байна. Өрнө дорнын хүннү судлалд хүннүчүүдийг түрэг ард түмнүүдтэй холбон үзэх явдал түгээмэл байдаг. Сүүлийн жилүүдэд хийгдсэн археологийн ба палеогенетикийн судалгаагаар хүннүчүүд бол Монголчуудын эртний өвөг дээдэс болох нь тогтоогдож байна.

Модун ба түүний хүү Лаошан шаньюйн үед хүчирхэгжлийнхээ оргилд хүрч газар нутаг нь зүүнтээ Солонгосын хойг, баруунтаа Тарвагатай уул, умардад Байгал нуур, өмнөдөд Цагаан хэрэм хүрч байв. Мөн одоогийн Шинжааны нутагт байсан суурьшмал иргэншилтэй хот улсууд Хүннү гүрэнд харъяалагдаж алба татвар барьдаг байжээ. Хүннүгийн түүхийн ихэнх хугацааны турш Торгоны замын зарим хэсгийг хяналтдаа авсан байжээ. Цэрэг улс төрийн төв нь одоогийн Монгол улсын нутаг ба Өвөр Монголын төв, баруун хэсэгт байжээ. Шаньюйн орд өргөө нэг хэсэг Өвөр Монголын Далан Хар уул буюу Иньшань уул, нэг хэсэг Хангайн нурууны зүүн бэлд байсан. НТӨ II зууны сүүлчээс Хүннүгийн улс төрийн төв Хангай, Хэнтийн завсар нутагт бүрмөсөн шилжиж ирсэн.

НТӨ III зууны сүүлчээр Хятад орон Цинь гүрний удирдлаган дор түүхэндээ анх удаа нэгдсэн нь умард зүгийнх нь хөрш нүүдэлчин ард түмнүүдийн хувьд хүнд сорилтыг бий болгожээ. НТӨ 215- 214 онд Цинь улсын жанжин Мэн Тянь их цэргийн хүчээр хүннү нарыг Ордосын зүүн өмнөд хэсэг ба Иньшань уулын өвөр бэлээс шахаж зайлуулсан нь хүннү төдийгүй нийт нүүдэлчдэд хүчээ нэгтгэн нягтрах бодит шаардлагыг бий болгожээ. НТӨ 209 онд залуу хаан Модун шаньюйн удирдлагаар Хүннү гүрэн байгуулагдаж богино хугацааны дотор нийт нүүдэлчин буюу “морьтон ард түмэн”-ийг нэгэн туурганд багтааж нүүдэлчин үндэстний түүхэнд анхны эзэнт гүрнийг байгуулжээ. Модун ба түүний хөвгүүн Лаошан, ач хөвгүүн Гуньчэнь шаньюйн үед Хүннү гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд хүрч талын нүүдэлчид төдийгүй Таримын хотгорын хот улсууд, Сибирь, Манжуурын ойт хээрийн анчид, Ганьсу, Хөхнуурын хагас нүүдэлчид нийт 26 улс үндэстнийг нэгтгэсэн хүчирхэг гүрэн болжээ. Энэ үед өмнөд их хөрш Хань улстай “Энх урагийн гэрээ”-нд үндэслэсэн харьцангуй амгалан тайван харилцааг хөгжүүлж, жил бүр тодорхой хэмжээний алба татвар авдаг байв. НТӨ II зууны сүүлийн хагасаас I зууны эхний арван таван жилийн хугацаанд нийтдээ 40 илүү жилийн турш Хань улсын дайнч хаан У-дигийн өдөөсөн хүнд бэрх дайны жилүүдийг хүннүчүүд амжилттай даван гарч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж чаджээ. НТӨ I зууны дунд үед дотоод болон гадаад хүчин зүйлс, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Хүннүгийн төрд самуун дэгдэж нэгэн зэрэг 5 шаньюй гарсан байна. Энэ үед Хүннүгийн зарим хэсэг Чжичжи шаньюйн удирдлагаар тусгаар тогтнолоо хамгаалж тэмцсэн бол зарим нь Хуханье шаньюйг дагаж Хань улсад даган орж хараат түшмэг улс болохыг зөвшөөрчээ. НТ 9-25 онд Хань улсын төрийн эрхийг булаасан Ван Маны үед хүннүчүүд дахин тусгаар тогтнолоо сэргээж Хятадтай эн зэрэгцэн харилцах болжээ. НТ I зууны дунд үед Хүннүгийн дотоодод үүссэн самууны улмаас гал голомтоо сахисан Умард ба Хятадад дагаж орсон Өмнөд гэсэн хоёр хэсэг болон бутарсан байна. НТ 93 онд Умард Хүннүгийн шаньюй Хань улс, Өмнөд Хүннү ба Сяньбигийн хамтарсан цэргийн довтолгоонд автаж төр улсаа алджээ.

Хүннүчүүд мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ бага зэрэг газар тариалан эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байсныг Монгол ба Буриадын нутагт хийсэн хот суурингийн судалгаа гэрчилжээ. Хүннүгийн мал аж ахуйг судлаачид сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй гэж тодорхойлдог. Үүний зэрэгцээ газар тариалан ба гар урлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай суурингуудыг Умард Монголд төлөвлөгөөтэй байгуулж байжээ. Хүннүгийн Ивлэг, Дөрөө ба Бороогийн суурингууд бүтэц, зохион байгуулалт, сууцны хэлбэр байдлаараа ижил байдаг. Хүннүгийн аж ахуйн системд ан гөрөө, загасчлах явдал багагүй үүрэгтэй байсныг археологийн хэрэглэгдэхүүнээс харж болно. Түүнчлэн харь оронтой хийх худалдаа, тэднээс авах алба татвар зэрэг нь Хүннүгийн аж ахуйн нэгэн чухал хэсэг болно. Хүннүгийн гар урлал, төмөрлөг ба шавар, ясан, ноосон эдлэл боловсруулах гар үйлдвэрлэл өндөр түвшинд хүрч хөгжсөн байжээ.

Хүннүчүүд нүүдэлчдийн дотроос анх удаа цэрэг-засаг захиргааны зохион байгуулалтын гурвалсан бүтэц, аравтын системийг бий болгосон. Улсаа гурван гар болгон хуваах цэрэг засаг захиргааны бүтэц нь хожмын Монголчуудад хүртэл уламжлагджээ. Мөн цэргийн болон захиргааны аравтын систем нь нийт нүүдэлчдийн хувьд түгээмэл хэрэглэгдэж ирсэн сонгодог бүтэц юм. Хүннүгийн нийгэм нь овог аймаг, тэдгээрийн хоорондын худ ургийн харилцааг чухалчилдаг боловч нарийн давхраажсан бүтэцтэй хөгжингүй нийгэм байжээ. Эрх баригч шаньюйн ураг яс ба тэдэнтэй худ ургийн холбоотой язгууртан аймгууд Хүннүгийн төрийн цөм болох бөгөөд энэ бүтцэд нэгдэн орсон гарал угсаа хэл яриа төстэй аймгууд Хүннү гүрний үндсэн хүн ам болдог. Мөн байлдан дагуулсан болон сайн дураараа нэгдсэн олон хэл аялгуутай нүүдэлчин овог аймгууд Хүннү гүрний бүрэлдэхүүнд заримдаа багтаж, заримдаа тасарч иржээ.

Хүннүгийн урлаг тухайн үеийн тал нутгийн урлагийн үндсэн хэлбэр амьтны загварт урлагт үндэслэгдсэн байжээ. Гэхдээ Хүннүгийн өвөрмөц соёлыг харуулсан бие даасан амьтны загварт урлагийн төрөл болно. Ноён уулын ширдэг Хүннүгийн дүрслэх урлагийн сонгодог жишээнд тооцогддог. Хүннүд уртын дуу үүссэн тухай домог байдаг нь Монголчуудтай холбогдох нэг шижим болдог. Хүннүгийн булшнаас гарсан хэл хуур, бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн бишгүүр цуур зэрэг хөгжмийн зэмсэг тэдний хөгжмийн соёлын талаар мэдээлэл өгдөг.

Хүннүгийн гадаад харилцааны хоёр үндсэн чиглэл нь Хань улс ба Баруун хязгаар юм. Хань улсын зүгээс чөлөөт худалдааг хяхан боож улстөржүүлэх тул газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүний чухал зах зээл нь Баруун хязгаар буюу одоогийн Шинжааны олон хот улсууд байжээ. Энэ бүс нутгийн төлөө Хүннү ба Хан улс удтал тэмцэлдсэн байдаг. Торгон замыг нээхэд хүннүчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Чухамдаа Хүннүгийн хяналтад байгаа Баруун хязгаарын орнуудыг судлан тагнах, Хүннүгийн археологийн дурсгалуудаас Хятад, Иран, Грекийн бөс бараа, эд эдлэл олддог нь алс холын нутагтай арилжаа наймаа эрхэлж байсныг илтгэдэг.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор

Ц.Төрбат

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]