Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

В.Путин: Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу, Украин НАТО-д элсвэл яг ийм зүйл болноУншсан28,346

Украины эргэн тойронд үүсээд буй өрнөдийн гүрнүүд, НАТО болон ОХУ-ын хурцадмал байдлын эргэн тойрон дахь мэдээллүүдийг тоймлон хүргэе.

 Украины эргэн тойронд үүсээд буй өрнөдийн гүрнүүд, НАТО болон ОХУ-ын хурцадмал байдлын эргэн тойрон дахь мэдээллүүдийг тоймлон хүргэе.

А.Загороднюк: ОХУ-ын цэрэг одоо Украины аль ч хотыг эзлэх боломжтой, гэхдээ эсэргүүцэл асар хүчтэй байх болно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийхээр Москвад айлчилсан юм. Эммануэль Макроныг Украины асуудлыг тойрон өрнөж буй НАТО-гийн гишүүн орнууд болон ОХУ-ын хурцадмал харилцаанд яриа хэлэлцээний замаар нөлөөлөх, зуучлахаар оролдож байгааг ажиглагчид тэмдэглэж буй. Түүнчлэн Европын орнуудын хүчирхэг лидер, ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркелийн геополитик дэх орон зай, түүний Владимир Путинд нөлөөлж байсан нөлөөллийг өөрийн болгохоор оролдож байгаа ч гэж дүгнэж буй. Ямартай ч Франц болон Орос гүрний удирдагчдын уулзалт таван цаг гаруй үргэлжилжээ. Путины зүгээс уулзалтыг үр ашигтай, үндэслэлтэй саналууд тавигдсан, ажил хэрэгч болсон гэж дүгнэсэн байна.

Уулзалтын дараа Макрон, Путин нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ “Макроны дэвшүүлсэн яриа хэлэлцээний зарчмаар шийдэх санаанууд цаашдын хамтын ажиллагааны үндэс болж чадна. Гэхдээ зарим саналын хувьд одоо дэлгэхэд арай эрт байна. Украин улс орос хэлээр ярьдаг иргэдийнхээ эрхийг зөрчсөөр байгаа, Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын мэдэлд байгаа бүс нутгууд, тодруулбал Донбасс дахь байдлыг энхийн замаар зохицуулах бүх боломжийг Украины Засгийн газар үл ойшоож байгаа нь эцсийн дүнд ийм хямрал руу түлхэж байгааг би ноён Макронд дэлгэрэнгүй тайлбарласан. Макрон, Зеленский нарын уулзалтын дараа бид хоёр дахин ярилцана" хэмээсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг хэвлэлийн бага хурал дээр “Европт энх тайвныг тогтоохын тулд Москватай ширээний ард ярилцах нь зайлшгүй шаардлагатай. Москватай яриа хэлэлцээ хийх арга зам нь зөвхөн Европоор зогсохгүй дэлхий дахины ноцтой асуудлуудыг шийдвэрлэхэд ч чухал шаардлагатай. Франц улс Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэнэ” хэмээжээ.

Энэ үеэр Францын нэгэн сэтгүүлч Украин улс НАТО-д элсвэл ямар үр дагавар гарах талаар асуухад Путин “Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу? Хэрвээ Украин НАТО-д элсч, Крымийн хойгийг буцааж авахыг оролдвол яг ийм зүйл болно. Орос бол дэлхийн цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн нэг. Тиймээс дайнд хэн ч ялахгүй. Макрон ийм зүйлийг хүсэхгүй байгаа. Би ч бас” гэж сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Түүнчлэн Макроныг Украины Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа дахин ярилцана гэж Путин мэдэгджээ.

Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзалт хийх юм. Ажиглагчдын дүгнэж буйгаар Эммануэль Макроны Украин болон ОХУ-ын удирдагчидтай хийж буй уулзалтуудаас нөхцөл байдлыг нааштайгаар өөрчлөх дорвитой хүлээлт байхгүй бөгөөд түр зуурын гал намжаах байдалтай хэмээж буй.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Москва дахь уулзалттай зэрэгцэн Вашингтонд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм. Олаф Шольц, Жо Байден нар уулзалтынхаа дараа Цагаан ордонд хэвлэлийн хурал хийж энэ үеэр Жо Байден “Хэрвээ Орос улс Украинд халдвал Умард урсгал-2 байгалийн хийн хоолойн төсөл дуусгавар болно” гэж мэдэгджээ.

“Умард урсгал-2” нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Герман руу татсан 1,225 км урт байгалийн хийн хоолойн төсөл юм. Эндээс АНУ болон ХБНГУ-ын удирдагчид “Умард урсгал-2” хийн хоолойн төслийг зогсоож, Москвад тавигдсан эдийн засгийн хоригт хүч нэмэх талаар ярилцсан хэмээн ойлгож болох аж.

Гэхдээ ХБНГУ-ын канцлер Олаф Шольц энэ талаар шууд хариулт өгөөгүй бөгөөд “Хэрвээ ОХУ Украинд түрэмгийлэл үйлдвэл авах арга хэмжээн дээр АНУ, Германы талууд бүрэн санал нэгдсэн” гэх ерөнхий байр суурь илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]