Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын адмиралын бэлэг "цаа буга"Уншсан2,438

"Тридент" хөлөг Норвегийн эрэг дагуу хөвж, германы шумбагч завь байгаа эсэхэд хяналт үйлдэж 6 долоо хоног байлдааны үүрэг гүйцэтгэж явсны эцэст Блит нэртэй хотод очиж зогсчээ.

Нийтлэлч, дэд хурандаа Р.Энхболдын нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

ШУМБАГЧ ЗАВЬ ба ЦАА БУГА

Монгол оронд хүйтний эрч чангарч, шинэ жилийн уур амьсгал ороод байгууллага хамт олон баяраа тэмдэглээд эхэлжээ. Европын соёлоор бол Санта Клаус өвгөн, цасан охидын хамтаар цаа буга хөллөсөн улаан өнгөтэй модон чарга хөлөглөн ирж хүүхдүүдэд бэлэг таараадаг билээ. Тийм учраас шинэ жилийн цаа бугатай холбоотой сонирхолтой түүхийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Дэлхийн 2 дугаар дайнд сонин үйл явдал, тохиолдол олон болж байсан гэдэгт нь тодорхой. Гэхдээ далайд тусгай үүрэг гүйцэтгэж явсан байлдааны шумбагч завин дотор цаа буга амьдарч байсан тухай түүх сонсож байгаагүй л болов уу.

1941 онд английн хааны тэнгисийн цэргийн хүчний "Тридент" нэртэй шумбагч завь оросын Мурманск мужийн Полярный хотод зочлов. "Тридент" бол английн "Т" ангиллын дайрагч шумбагч завь ба 56 багийн гишүүнтэй, 84 метр урт, 1,570 тонн усан түрцтэй, цагт 20 км хурдтайгаар 8000 км аялах боломжтой хөлөг байв.

Оросууд англичуудыг тун нөхөрсөг хүлээн авсан ба хамтран фашистын германтай тулалдаж байгаад талархаж байгаагийн илрэл болгож оросын адмирал, английн шумбагч завины ахмадад "Полианна" нэртэй цаа буга бэлэглэжээ. Англичууд хүндэт бэлэгнээс татгалзаж чадалгүй авч явахаар шийдэж, цаа бугыг, хэдэн торх хөвдний хамтаар торпедын цооногоор шумбагч завиндаа оруулаад далайд гарлаа.

"Полианна" шумбагч завины амьдралд тун хурдан дасан зохицжээ. Түүнд зориулан торпедийн хэсэгт амьдрах байр засаж өгсөн хэдий ч тэрбээр ахмадын кабинд амьдрахыг илүүд үзжээ. Нөгөө хэдэн торх хөвд нь дуусахад "Полианна" офицеруудын хоолны үлдэгдэл идэж, бүр өтгөрүүлсэн савтай сүү ууж сурчээ. Шумбагч завь түгшүүрийн дохио өгч усан доогуур шумбах бүрт цаа буга ахмадын кабинд очиж, толгойгоо нугдайлган хэвтдэг байсан бол эсрэгээрээ усны мандал дээр гарч үндсэн хавхлага онгойх бүрт нарийнхан коридороор бусад далайчдын хажуугаар чихэлдэж явсаар удирдлагын төвд очиж жоохон ч гэсэн цэвэр агаар амьсгалдаг байсан гэнэ.

"Тридент" хөлөг Норвегийн эрэг дагуу хөвж, германы шумбагч завь байгаа эсэхэд хяналт үйлдэж 6 долоо хоног байлдааны үүрэг гүйцэтгэж явсны эцэст Блит нэртэй хотод очиж зогсчээ. Гэвч нөгөө цаа бугаа анх оруулсан торпедийн хавхлагаар гаргах гэсэн чинь өтгөрүүлсэн сүүнд таргалсан "Полианна" багтсангүй. Тэгэхээр нь түүнийг шумбагч завины үндсэн хавхлагаар кран ашиглан гаргасан байна.

Далайчид "Полианна"-г английн Лондон хотын амьтны хүрээлэнд хүлээлгэж өгсөн ба тэрбээр тэндээ 1946 онд үхэх хүртэл амьдарсан түүхтэй. Цаа буга амьтны хүрээлэнд амьдарч байхдаа шумбагч завин дотор байхдаа олж авсан зарим ухагдахууныг мартаагүй байсан байдаг. Тухайлбал агаарын түгшүүр, огцом шүгэл дуугаргах, машины чигнаал, гэнэт чанга, дуу чимээ гарсан үед толгойгоо доошлууж газарт хэвтдэг байсан гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]