Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы давшилтыг зогсоохын тулд Чан Кай Ши 3 сая хятадаа урсгажээУншсан22,992

Халз өмнөөс нь тулаад яаж ч чадахгүй нь тодорхой болж нэг гэнэтийн арга ухаан хэрэглэж байж дайснаа зогсоож болох юм гэсэн санаа Чан Кай Ши, түүний зөвлөх туслахуудын дунд яригдаж эхэлжээ.

Дайны явцад дайсныхаа янз бүрийн үйл ажиллагааг тасалдуулах гэж өөрийн амиа золиосолсон баатруудын тухай олон зуун түүх бий. Японы камиказе-нууд, Зөвлөлтийн Матросов, Гастеллочууд, Вьетнамын битүү шугуйд хоёр гараараа нэг шөнийн дотор хэдэн арван км нууц нүхэн хонгил ухаж, үхэж байсан тариачид гээд бүх л улс оронд өөрийн гэсэн ийм баатрууд бий. Тэгвэл энэ удаа Хятадуудын олон хүнийхээ амийг золиосолж дайсныхаа дайралтыг зогсоосон тухай өгүүлнэ.  Гэхдээ энэ нь баатарлаг явдал биш балмад үйлдэл байлаа.

1938 оны зун Японы армийн Хятадын урд зүг рүү  хийж байсан эрчимтэй дайралтыг зогсоох хүч Чан Кай Шид ч тэр, коммунистуудад ч байсангүй. Хүчирхэг дайсан нь зогсолтгүй урагшилж байсан бөгөөд энэ байдлаараа бол жилийн өмнө Нанкинд болсон шиг явдал дахиад олон хотод тохиолдож болох байв. Япончуудыг яаж ийж байгаад зогсоох хэрэгтэй. Чухам яаж?

Халз өмнөөс нь тулаад яаж ч чадахгүй нь тодорхой болж нэг гэнэтийн арга ухаан хэрэглэж байж дайснаа зогсоож болох юм гэсэн санаа Чан Кай Ши, түүний зөвлөх туслахуудын дунд яригдаж эхэлжээ. Яваандаа энэ санаа ажил хэрэг болж генералиссимус Чан Хуанхэ буюу Шар мөрний хаалт даланг сэтэлж япончуудын довтолж байгаа тэр газрыг усанд автуулах тушаал өгчээ. Энэ ажиллагааг маш нууц байдлаар хийх хэрэгтэй ба үгүй бол дайснууд цэргээ цагт нь татаж ямар ч хохирол хүлээхгүй өнгөрөх аюултай гэж үзсэн учир далан сэтлэх тухай тун цөөхөн хүн л мэдэж байв.

Далан сэтэллээ. Нийт 70 мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг тэр чигээрээ усанд автаж, генералиссимусын хүсэж байснаар Японы армийн дайралтыг зогсоож чадлаа. Гэм нь энэ их газар нутагт өчнөөн олон хот суурин газар, хэдэн мянган тосгон байсан бөгөөд тэд бүгд усанд автаж олон зуун мянга, сая шахам хүн амиа алдав. Цэргийн энэ чухал ажиллагааг нууц байлгахын тулд тухайн бүсэд япончуудын эсрэг амь өрсөн тулалдаж байсан цэргүүддээ ч хэлээгүй, тэднийг аюулаас зайлуулах ямар ч арга хэмжээ аваагүй учир тэдгээр нь ч бас живж үхэж. Ойролцоогоор 2000-3000 цэрэг ингэж амиа алдсан гэж түүхчид үздэг байна. Гэхдээ энэ 2000-3000 цэргийн амийг 800 000 (энэ нь албан ёсны тоо, бодит тоог үүнээс их гэж үздэг) хүүхэд хөгшид эмэгтэйчүүд, жирийн иргэдийн амьтай зүйрлүүлж харьцуулах хэрэг байгаа эсэхийг мэдэхгүй юм.

Чан Кай Шигийн энэ явдал нь түүний холбоотнуудын гайхлыг төрүүлж, гадаад, дотоодын сонин хэвлэлээр Хятадад болсон аймшигт үер, хэн гэмтэн байж болох тухай яриа хүчээ авах үед Хятадын суртал ухуулгынхан яаралтай арга хэмжээ болгож албан ёсны мэдээллийг хийлээ. Тэднийхээр бол япончууд тус мөрний даланг бөмбөгдөж сэтэлсэн бөгөөд хэргийн хариуцлагыг зөвхөн япончууд л үүрэх ёстой юм гэнэ. Гэхдээ өөрсдийнхөө дайрч эзлэх гэж зүтгэж байгаа нутгийг живүүлж, хүн орших аргагүй болгох ямар сонирхол япончуудад байж болох тухай юм хэлсэнгүй, эсвэл хэлэх юм олоогүй бололтой. Хятадууд бүр баримтат кино гаргаж дэлхий дахинд цацсан гэж байгаа. Мэдээж кино хойно Хятадын энгийн номхон иргэд хэрхэн зовж сүйрч байгаа тухай, ус газар тариалангийн талбай байтугай бүтэн хотыг ч тэр чигээр нь залгиж, Гоминданы цэргүүд тэр их усны эсрэг баатарлаг тэмцэж байгаа тухай байж таараа.

Хоорондоо алалцаж явсан ч Японы дайралтын дараа нэгдэн, дайсныхаа эсрэг тэмцэж байгаа мэт дүр эсгэн байсан Хятадын коммунистууд тэр даруй энэ үер хэний хийсэн ажил болохыг дэлхий даяар зарлаж эхэлжээ.  Олон ч хөдөлшгүй баримт гаргаж байсан учир гарах газаргүй болсон генералиссимус  эцэстээ аргагүйн эрхэнд үүнийг нь хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэр үүнийхээ төлөө тэр ямар нэг шийтгэл хүлээгээгүй нь юм. Чан Кай Шигийн хамгийн том холбоотон болох Америк, Их Британи,  бүр Герман  зэрэг барууны орнууд төдийгүй япончуудын эсрэг тэмцэлд Чантай нэлээд өвөрмөц байдлаар ойртож эхэлсэн Сталин ч энэ талаар нэг их юм ярилгүй чимээгүй өнгөрөөх сонирхолтой байсан бололтой.

Энэ их газар нутгийн 10-12 сая хүн хохирч, дүрвэгч болон орон гэрээ орхисон бөгөөд удалгүй тэдний дунд янз бүрийн халдварт өвчин, өлсгөлөн гарч бас олон хүний амь үрэгдсэн байдаг ба  зарим тооцоогоор 3-4 сая хүн ингэж амиа алдсан гэдэг юм байна. Бүр сүүлд үер татарч Шар мөрөн дахин өөрийн урсгалдаа орох үед уг үерээс зугтан дайжсан эдгээр хүмүүс дахиад л оршин байх газаргүй болж дүрвэгсэд болсон гэхээр...

Уг үерийн хүчээр япончуудын довтолгоог зогсоосон, бас ч үгүй нэлээд тооны японыг живүүлсэн гэх бөгөөд япончууд бараг 2 метр гүн хүрэх тэр хиймэл нуур тогтсон асар том нутгийг орхисон байна. Гэхдээ тэд уг нутгийг баруун талаар нь тойрч тухайн үеийн Хятадын нийслэл болоод байсан У-хань хотыг эзэлж авсан нь япончуудын 1938 оны дайны ерөнхий төлөвлөгөөг ямар нэг хугацаа хэтэрч сүйд бололгүй биелүүлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл үер япончуудад лав айхтар саад тотгор болсонгүй.     

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэмээр энэ хэргийг хийсэн байж болзошгүй этгээд болох Чан Кай Ши гээч нь өнөөдөр олон улс оронд ардчиллын төлөө тэмцэгч, коммунистуудын хохирогч нэгэн сайхан хүн мэтээр яригдаж бичигдэж байдаг юм билээ.

Магадгүй Хятадын бас нэг их “хуанди” болох Мао Зэ Дун нь Чан Кай Шигээс  дутуугүй олон хэрэг дараа нь өдүүлсэн болохоор энэ аймшигт хэрэг нь чимээ анир багатайхан өнгөрдөг байж болох юм.  Ямар ч байсан энэ бол дэлхийн түүхэн дэх хүний гараар хийсэн хамгийн аймшигтай аллагын нэг яах аргагүй мөн байж таарна.

Чан Кай Шигийн арми Германтай “найзархаг” харьцаатай байсан учир цэргийн олон сайн хувцас хэрэглэл, зэвсэг техник тэндээс авч байсан байна. Бүр Японтой дайн эхлээд байхад ч тэр худалдаа, хамтын ажиллагаа үргэлжилсээр байсан байх юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 30. 11:21
Зочин

german ypon niilj dain hj bhad german yponii esreg zevsegeer tuslana gj bhuu

7 сар 30. 13:09
Зочин

Мөнгө бүхнийг ялна. Хоролоогын ЧОЙБАЛСАН

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]