Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хэрэггүй биш үү, олигтой хүн биш гэлцэх юм"Уншсан23,350

"Цогт тайж" киноны Улаан малгайт, "Алтан өргөө" киноны Мэргэн ардын дүрээр ард түмэндээ эчнээ танил болсон хуучин цагийн нэгэн гайхамшигт жүжигчин бол Жамбын Лувсанжамц юм.

О.Цэцэгсүрэн


"Цогт тайж" киноны Улаан малгайт, "Алтан өргөө" киноны Мэргэн ардын дүрээр ард түмэндээ эчнээ танил болсон хуучин цагийн нэгэн гайхамшигт жүжигчин бол Жамбын Лувсанжамц юм. Завхан аймгийн Отгон сумын нутаг, Халтарын голд Монголчууд Манжийн дарлалаас гарч Богд хаант Монгол Улсаа тунхагласан 1911 онд нэгэн хүү төрсөн нь бурхнаас заяасан авьяас билэг дүүрэн нэгэн байж.

Бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, тухайн үеийнхээ жишгээр сайн ламын шавь болж, ном эрдэм сурснаас гадна ялангуяа уран зураг, бурхны хөргийг ёс горим, жаяг дэгийн дагуу зурж сурсан байна. Хүүгийн зурах авьяас билгийн нүдтэй болохыг тухайн үеийн бурхан урладаг урчууд, авьяастнууд мэдэж тодруулж л дээ.

Залуу хүү хорин насыг нэгэнтээ давжээ. 30-аад онд лам нар хүссэн ч эс хүссэн ч олноороо хар болж байсан нь Ж.Лувсанжамцыг тойрсонгүй. 1933 онд утасны хороонд ажиллаж байхдаа Дорнодын талд, Баянтүмэнгээс Тамсагбулаг хүртэлх холбооны утас тавилцсан хүмүүсийн нэг бол Ж.Лувсанжамц гэдэг. Тэрээр Нарийн урлалын артельд ажиллаж байхдаа уран зургийн 1-р дамжаа төгсөж, зураач болжээ. Зураач хүү цэл залуу насны шохоорхлоор урлаг уран сайхан сонирхон явсаар нэг л мэдэхэд Амгалан дахь Үлгэр жишээ клубт жүжигчнээр элсэн оржээ. Шаггүй жүжиглэх авьяастай, бас тайз засал, зургийн ажилд оролцчихдог Ж.Лувсанжамц удалгүй Улсын төв театрт жүжигчнээр орсон байна. Энэ бол урлаг, уран сайхан хөөсөн тэр үеийн хүмүүсийн хувьд маш том амжилт, карьер байжээ.

                                              
"Оролмаа эх" жүжгийн Сансрайдорж, 1973 он

Ихэнх хүмүүс түүнийг "Цогт тайж", "Алтан өргөө" киногоор нь мэдэх боловч авьяас билгээрээ байлдан дагуулж байсан цаг үедээ Бөмбөгөр ногоон театр, Драмын эрдмийн театрын тайзнаа “Хатанбаатар Магсаржав” жүжгийн С.Магсаржав, “Алтан ай хүүхэн” жүжгийн Тайтбек, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Ерөнхийлөгч, “Том авгын овоохой” жүжгийн Том, “Эхийн сэтгэл” жүжгийн Георгий Абашвилий, “Оролмаа” жүжгийн Сансрайдорж, “Хурлын дараа” жүжгийн Дугар, “Отелло” жүжгийн Дож ноён, “Овод” жүжгийн Грассини зэрэг олон дүрийг дахин давтагдашгүй өөрийн донж маягаар гайхалтай бүтээж байсныг нь сайн мэддэггүй.

Мэдээллийн их шуурган дунд амьдарч буй бидний цаг үед Ж.Лувсанжамц гуайн хувийн амьдралын тухай сонирхвол ер нь л ховор янзтай. Хуучны ном, сонин, мэдээ зангиас л олж мэдэхгүй бол бидний энэ хүний тухай мэдлэг ингэсгээд зогсоно.

“Алтан тайзны эзэд” номонд "Ж.Лувсанжамц гуайнхаар янз бүрийн хүмүүс орж гарна. Урлаг, соёлын томчууд гэрээр нь их ирдэг байсан. Эрдэмтэн доктор Б.Ренчин гуай тэр хоёр цагаан сар болгоноор биенийдээ очиж золгодог. Б.Ренчин гуайнд Монгол дээлтэй орвол идээ шүүс бэлдэж, ууц битүүлэг тавьсан Монголоороо ёсолж байгаа өрөөнд оруулдаг, гар барьж золгоод л костюм пиджактай орсон хүнийг закуск тавьсан өрөөнд оруулдаг хүн байсан гэж Ж.Лувсанжамж гуай жүжигчиддээ ярьж байв. Төрийн хошой шагналт Дамдинсүрэн, Дорж генерал, Мөрдорж, Гончигсумлаа зэрэг хөгжмийн зохиолчид ч их орж гардаг байжээ. Жүжигчдээс Оюун багшаас эхлээд л томчууд нь ордог байсан" хэмээн дурджээ.

Азаар энэ авяастны тухай өгүүлэх хүмүүс бидний үед байгаад олзуурхаж Монгол Улсын Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран гуайг зорьж очлоо.

Ж.Лувсанжамц гуайн тухай цөөнгүй зүйл өгүүлж чадах жүжигчдийн нэг нь Г.Мягмарнаран гуай бөгөөд ийн өгүүлсэн юм.

                               
"Эхийн сэтгэл"

"Ж.Лувсанжамц гуай их сайхан дуу хоолойтой, өндөр сүрлэг биетэйн дээр өөрөө их оюунлаг хүн байсан учраас тухайн үед театрт хэрэгцээтэй сайхан "материал"-тай жүжигчин болох юм байна гэж ахмадууд маань шилж сонгож авсан байна. Хоёр, гурван жил дагалдан жүжигчин хийж яваад төд удалгүй Д.Ичинхорлоо, Нямын Цэгмид нарын 1943 онд тайзнаа найруулан тавьсан "Хатанбаатар Магсаржав" жүжигт Хатанбаатарын дүрд тоглосон. Хатанбаатарын дүрд Цогт тайж киноны Гүен баатарт тоглодог гавьяат жүжигчин Буучийн Жигмэддорж гуай тоглодог байсан юм. Тэгээд дотоод хяналтаа өгч, хяналт дээр маршал Х.Чойбалсан ирж үзээд “Гүй ээ энэ Жигмиддорж гуай ч яахав Хатанбаатар Магсаржавын дүрд сайхан тоглож байна. Гэхдээ танай энэ Лувсанжамц гэж залуу жүжигчин чинь ямар сүрлэг сайхан биетэй, гоё хүн бэ. Дуу хоолой ч сайтай юм. Энэ хүн тоглох юм бол маш сайхан Магсаржавыг гаргаж ирэх юм байна” гэж хэлж л дээ. Тэгж хэлснээр нь Ичинхорлоо, Цэгмид гуай нар дор нь дүрийг сольж Ж.Лувсанжамц гуай тоглосон. Ж.Лувсанжамц гуай дүрээ үнэхээр сайхан амилуулсан. Үнэхээр ч дуу хоолой сайтай, бие бялдар өндөртэй болохоор Хатанбаатар Магсаржавд тохирохоор. Үүгээрээ ч үзэгч олны танил болон алдаршсан гэж уран бүтээлчийн түүх намтарт байдаг" хэмээн тэрээр өгүүлэв.

                        
"Ээдрээ"  жүжгийн Гонгор

"Та Ж.Лувсанжамц жүжигчинтэй хамтарч бүтээсэн дүрүүдийнхээ талаар ярьж өгөөч" хэмээхэд Г.Мягмарнаран гуай "Би 1965 оноос театрт ажиллаж эхэлсэн цагаасаа энэ эрхэм жүжигчинтэй цуг тайзнаа тоглож байсан. Миний мэдэх Ж.Лувсанжамц гуай бол үнэхээр өөрийнхөө материалд таарсан дүрүүдийг маш сайн гаргаж чаддаг. Их сайхан буддаг. Дүрээ маш сайхан хувиргаж будаж чаддаг, дуу хоолой гайхам сайхан. Их сонин содон дүрүүдийг гаргадаг жүжигчин байв. Би “Холын зөрлөг”, “Том авгын овоохой” зэрэг гадаад, дотоодын маш олон жүжигт хамт тоглосон. Сонгодог жүжгүүд гэвэл Германы зохиолч Ф.Шиллерийн "Хар санаа хайр сэтгэл"-ийн Фердинандын эцэг маршал цолтой өвгөнд тоглодог байсан. Тэр дүрийг бол гайхалтай бүтээсэн. Ж.Лувсанжамц гуайн бүтээсэн дүрийг тухайн үеийн судлаач шүүмжлэгчид маш өндөр үнэлдэг байсан" хэмээв.

"Хар санаа хайр сэтгэл" жүжгийн Ерөнхийлөгч

Ж.Лувсанжамц гуайн авьяас эгэлгүй атал өөрийнх нь амьдрал эгэл жирийн байжээ. Ямар нэгэн илүү дутуу маяг байхгүй. Эрх ямба хүсдэггүй. Ил цагаан үгтэй, санасан бодсоноо хэнд ч хэлнэ. Залуучуудад их тусална. Сүхбаатарын дүрд тоглох жүжигчнийг санаачлагаараа будаж, хувцаслаж өгдөг. "Сүхбаатар ийм байвал сайхан харагдана. Ийм л байвал үзэгч олонд сайхан хүрнэ" зэргээр хүүхэд ахуйдаа нүдээр үзэж явсан жанжны дүрийг өөрийн дурсамжаараа амилуулан жүжигчдэд зааж, зөвлөдөг байж.

Ж.Лувсанжамц гуайн хань Пүрэвсүрэн хэмээх эмэгтэй байжээ. Олны хайрыг татсан сайхан жүжигчний эхнэр ч олон залуусын харцыг булаасан сайхан эмэгтэй байсан гэнэ.

Нийтлэлийн баатар маань үнэхээр уран гоё зурдаг, гарын ур дүйтэй байсан нь ойр тойрныхонд нь мэдээж ил. Үүнээсээ ч болж тухайн цаг үеийнхээ хилс хэлмэгдүүлэлтэд өртөж явсан. Заяын хийдэд шавилан сууж байхдаа бурхны хөрөг зурах уран нарийн ур ухаанд суралцсан нэгэн байсан тул 1940-өөд оны дундуур нэг найз нь "талийгаачдаа бурхан бүтээж өгөөч" гэж гуйхад нь цааргалсан ч үгүй зураад л өгч. Тэгэхэд эхнэр нь “Хэрэггүй биш үү, цаад хэн гуайг чинь олигтой хүн биш гэлцэх юм. Бурхны зураг зурлаа гэж чамайг хэл аманд оруулчих юм биш биз” хэмээн ихэд дургүйцсэн гэдэг. “За яадаг юм хүн гуйгаад байхад” гэж хэлээд бурхнаа ч бүтээж, Гандан хийдээр өөрөө барьж очоод аравнайлуулж, шүншиглүүлээд захиалсан хүндээ өгч.

Харамсалтай нь үүнээс удалгүй Ж.Лувсанжамц гуай баригдаж чилийсэн долоон жилийн хорих ял шийтгүүлжээ. Энэ бол 1953 он байжээ. 52 онд Х.Чойбалсан, дараа жил нь И.Сталин таалал төгсч цаг үе, нийгмийн байдал арай нэг эргэсэн юм биз дээ.

Тэгээд шоронд хөдөлмөр, хүмүүжлийн ажил үлгэр жишээч сайн хийсэн тул хоёр жил гаруй суугаад авьяастан маань суллагджээ. Суллагдсаныхаа дараа Амгаланбаатарт байсан Цэргийн жанжны клубт жүжигчнээр орж байсан. Удалгүй төв театрын жүжигчид нь эргэж театртаа ажиллахыг санал болгосноор буцаад театртаа ирж олон сайхан дүрүүдийг бүтээсэн нь энэ юм.

                              
"Том авгын овоохой" жүжгийн Том

Хүмүүс "Цогт тайж" киноны Улаан малгайт, “Алтан өргөө” киноны Мэргэн ардын дүрд нь хайртай. Энэ хоёр дүрээ Ж.Лувсанжамц гуай амьдралд нь тохиосон дээрх бараан үйл явдлын өмнө ба хойно бүтээсэн байх аж. 1945 онд Ю.Тарич, Б.Ринчен нарын "Цогт тайж" кинонд Улаан малгайтын дүрийг чадварлагаар бүтээж, киноны найруулагчаар давхар ажилласан бол 1961 онд Р.Доржпалам, Готфрид Колдитц нарын найруулсан, Герман, Монголын киноны уран бүтээлчид хамтран бүтээсэн "Алтан өргөө" киноны Мэргэн ард, чонын анчин Рашд тоглосон. Том, жижиг нийлсэн 200-гаад дүрд тоглож, Зөвлөлт, Германы уран бүтээлчид Ж.Лувсанжамц, Ц.Цэгмид гуай нарыг үнэхээр гайхалтай сайхан жүжигчид юм хэмээн биширч, магтаж байсан гэж хуучны дурсамжуудад байдаг аж.

1961 оноос хойш олон удаа гавьяат жүжигчин цолоор шагнуулахаар тодорхойлсон хэдий ч МАХН-ын Төв хорооны дэргэдэх Үзэл суртлын хэлтэс "Энэ хүн бурхны хөрөг зурж, үзэл суртлын том алдаа гаргасан, 1950-иад онд шорон оронд орж байсан, дээрээс нь намын гишүүн биш" гэдэг үндэслэлээр гавьяаг нь үнэлж байгаагүй аж. Тиймээс нэгэн үеийн жүжигчид нь бүгд Ардын жүжигчин, гавьяат жүжигчин болсон байхад Ж.Лувсанжамц гуай Соёлын тэргүүний ажилтнаараа. Гэхдээ тэрээр олон сайхан дүр бүтээхдээ гавьяа шагнал, алдар цол өгсөнгүй гэж гуниж гутарч байсангүй, сайхан бүтээл туурвихын төлөө л зүтгэдэг ёстой л урлагийн төлөө төрсөн хүн байжээ.

Дашрамд дурьдахад Ж.Лувсанжамц гуайн гэрэл зургуудыг бидэнд илгээсэн УДЭТ-ын архивын газрын ажилтнуудад талархал илэрхийлье.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 21. 18:33
Лхамаа

Үнэхээр сайхан хүн Цогт тайжийн найруулагч хийгээгүй шүү өөр Минжүүрийн Лувсанжамц гэдэг найруулагч

4 сар 18. 21:39
Зочин

"Баянбүрдийнхэн", "Тунгалаг Тамир" кинонуудад бас тоглосон. "Манай энэ сэлэмний эрдэмд хосгүй" гээд хоёр жаал тараг уугаад ярьж байхад Сүх жанжиныг дууддаг айлын өвгөнд тоглодог шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]