Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Удам залгасан уран бөхчүүдУншсан7,856

Бид удам дамжсан мэдлэг, чадвар, авьяасыг бахархан хүлээж авдаг улс. Монголчууд монгол бөх удам залгадаг гэлцдэг.

 Удамт хүний үр, угшилт гүүний унага гэж Монгол ардын цэцэн үг бий. Удам угсаагаа дээдлэх ёс, соёл уламжлагдсаар ирснийг түүхийн эх сурвалжууд, өнөөгийн бидний жаяг бэлхнээ харуулдаг билээ. Тиймээс ч удам дамжсан мэдлэг, чадвар, авьяасыг бахархан хүлээж авдаг улс. Монголчууд монгол бөх удам залгадаг гэлцдэг. Үүний илэрхийлэл болсон маш олон жишээ бий. Тэдний талаар өгүүлье.

Дархан аварга Д.Дамдин, хүү Улсын гарьд Д.Баяраа

Ид залуу 29 настайдаа Дархан аварга хэмээх цолыг хүртсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат  Дарийн Дамдин 1921 оноос хойш Ардын төрийн наадамд Б.Түвдэндорж аваргаас хойш дархан аварга цолыг хүртсэн хоёр дахь бөхөөр тодорсон юм.

Түүний хүү Д.Баяраа гарьд улсынхаа наадамд таван удаа шөвгөрөхдөө 1988 онд их шөвгийн дөрөвт шалгарсан бол 1990 оны даншиг наадамд найм даван гуравт үлдэж, энэ амжилтаараа хожмоо улсын гарьд цолыг нөхөн авч байсан юм.  Аав, хүү бөхчүүд төрийнхөө наадамд хамтдаа 28 удаа шөвгөрсөн байдаг.

Даян аварга, “Буур” хэмээх Н.Жамъян аварга, түүний зээ хүү,  дархан аварга Г.Өсөхбаяр

Монголын үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга Нацагийн Жамьян олон түмэндээ "Буур" хэмээн алдаршсан нь учиртай. Нутгийн аянчид Нийслэл хүрээ ороод буцах явах замдаа гол гатлах болжээ. Аян жинд сойн дөрөө даасан атнууддаа чадлынх нь хэрээр ачаа ачсан жинчид модон гүүрээр гол гарчээ. Хуучирч муудсан модон гүүрээр жингийн цуваа гарч дуусах тэр үед сүүлийн тэмээтэй ачаа цөмөрч, гүүр нурахад хүрч гэнэ. Энэ үед халхын наадмын дэвжээнд хүч үзэн хоёр түрүүлж, нэг үзүүрлэн “Даян аварга” цол хүртээд байсан Цахир нутгийн хүү Жамьян сүүлчийн тэмээний араас гүйн хүрч ачаатай атыг "Чүү” хэмээн өргөхөд гүүрний банзны завсар хавчуулагдан тэгнэсэн атны хөл, ачаатайгаа хамт өргөгдөн гарч иржээ. Ийнхүү жингийн цувааг гарз хохиролгүй гол гаталгаж, ачаатай атан тэмээг сэвхийтэл өргөсөн түүний бяр хүчийг гайхан биширсэн нутгийн түмэн түүнийг "Буур аварга" хэмээн хүндлэн дуудах болсон юм гэдэг.

Ийнхүү эр бяр, ид хаваараа гайхуулж, ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Н.Жамьянгийн зээ хүү Г.Өсөхбаяр мөн л монгол бөхийн дэвжээнээ нэрээ дуурсгаж, өвөөгийнхөө цолд хүрсэн юм. Монгол Улсын даяар дуурсагдах далай даян аварга Г.Өсөхбаяр “Би багаасаа спортын гэр бүлд өссөн. Тиймээс спортын хүн болох нь гарцаагүй байсан. Өвөө маань ч намайг “Бөх болно. Идэр нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж аав ээж болон ойрын хүмүүст захисан юм билээ. Тэр үг өвөөгийн минь холч ухаан байж дээ. Бөх хүн зөн совингоороо ч гэх үү дээ, мэдсэн байж” хэмээн өгүүлжээ.

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, хүү Хөдөлмөрийн баатар, сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал

 Жигжидийн Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан юм. Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт байр, 1968 онд Мехикогийн олимпоос анхны мөнгөн медаль, 1967 оны чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль тус тус хүртэж байсан. Үндэсний бөхөөр 1961 оны БҮХ АРД ТҮМНИЙ спартакиадаар 25 даван түрүүлж улсын заан цол, 1963 онд түрүүлж арслан, 1965 онд түрүүлж аварга цол хүртсэн. Нийтдээ 1963, 1964, 1965, 1966, 1967 онуудад завсаргүй 5, 1974 онд 6 дахь удаагаа төрийн наадамд түрүүлсэн билээ.

Сонирхуулахад, Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлээд наадам хэд хоног хой¬шилж, Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж дуусгасан гэнэ. Аварга дөрвийн давааны ам авчихаад хэзээ барилдахыг хүлээж байж. Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан С.Бат-Өлзийг амлаж аваад дагуулаад яваад байсан гэнэ. Өөрт нь "Чамайг авсан" гэж хэлээгүй энд тэнд хүмүүстэй уулзаад яваад байж. Тэгсэн Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй их хүлээлгэсэн юм байх. Бөх, дарга цэрэггүй ууртай байж. Д.Дамдин аварга ч хүртэл уурлаж байжээ. Тэгэхээр Д.Дамдин аваргын өмнөөс "Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм" гэж аархаж байсан юм гэдэг.

Түүний отгон хүү сумогийн их аварга М.Даваажаргал 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв. 2015 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнээр аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон ховорхон тохиолын эзэн болсон юм.

 Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, хүү Улсын гарьд Б.Гантогтох

Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх 1961 оны намар спортын төв ордонд болсон бөхийн барилдаанд анх зодоглож өмсдөг хэмээх улсын заан Ц.Дамдиндоржийн аманд гарж барилдаж эхэлснээс хойш том жижиг 1800 орчим барилдаанд хүчээ үзэж 80 гаруй хувьд түрүүлж үзүүрлэжээ. Х.Баянмөнх 1960 оны сумын заан, 1962 онд Ховд хотын 200 жилийн ойгоор аймгийн начин, 1963 онд улсын начин, МБАТ-ний II спартакиадаас улсын заан цол хүртэж баяр наадмаар түрүүлж, үзүүрлэсэн хамгийн ахмад настай бөхөд тооцогддог. Түүний хувьд 1971 оны наадам олон амжилт хайрласан онцгой жил болжээ. Учир нь 1971 оны Ардын Хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар ес даван түрүүлж, дархан аварга болсон юм.

Хүү Улсын гарьд Б.Гантогтох “Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн дээ. Бага байхад аав намайг бөх болгоно гэж их ярина. Таньдаг айлд очихдоо “За миний хүү нэг барилдчих” гээд хүүхдүүдтэй нь ноцолдуулна. Энэ бүгдээс л миний бөхийн гараа эхэлсэн болов уу гэж боддог. Энэ том бөхийн гэр бүл надад хамгийн их нөлөөлсөн. Аав маань намайг “Аваргаа байг гэхэд арслан цолонд хүрэх ёстой бөх шүү” гэдэг” хэмээжээ.

Улсын харцага Ч.Даваадорж, хүү жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг

  Монгол улсын улам нэмэх харцага Ч. Даваадорж 1964 оны луу жил Нарийнтээл сумын нутаг Шаргын голд Дамдингивийн гутгаар хүү болон мэндэлжээ. Түүнийг Дамдингив төрсөн эгчдээ өргүүлснээр хүргэн ахаараа овоглох болсон байна. Өсвөр наснаасаа барилдаж эхэлсэн бөгөөд 1982 онд улсын аварга шалгаруулах барилдаанд 5 дугаар байр эзэлж амжилтынхаа гарааг эхэлж байжээ. Тэр жилдээ сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн бөгөөд түүнээс хойш гурвантаа түрүүлсэн байдаг.

Төрсөн ах нь аймаг цэргийн заан, МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргал гэдгийг хэн хүнгүй мэддэг бол төрсөн дүү Оросоо хэмээх Бямбасүрэн нь сумын начин цолтой удам дагасан бөхчүүд юм. Харин хүү нь  жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг юм. Тэрбээр, “Аав маань намайг 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа “Сүлд” спорт хорооны гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор жүдо, самбо бөхийн секцэнд оруулж байв. Тухайн үед аав минь Ц.Шийрэв багштай их дотно найзууд байсан. Тэгээд удалгүй Дархан хотод болсон орон нутгийн чанартай тэмцээнд 27 кг-ийн жинд барилдаж анхны медалаа хүртэж байв. Би тэр тэмцээнд мөнгөн медалийн болзол хангаж, тамирчны гараагаа эхэлж байлаа” хэмээн өгүүлж байжээ.

Улсын арслан Хасын Өлзийсайхан, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

Хүчит арлсан Ө.Эрдэнэ-Очир гуайг удам дамжсан бөх гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Түүний өвөг эцэг Хас-Очир нь даншигийн арслан байсан бол төрсөн эцэг Өлзийсайхан нь улсын арслан цол хүртэж, гурван үеэрээ Монгол үндэсний бөхийн дээрээсээ хоёрт орох эрхэм цолыг хүртсэн цорын ганц гэр бүлийнхэн юм. Энэ тухайгаа Ө.Эрдэнэ-Очир гуай “Би олон үе дамжсан удамтай бөх. Гэхдээ миний хүч чадал дээд үеийнхээ бөхчүүдийн хаана нь ч хүрэхгүй ээ. Үүнийг маань гэрчлэх нэг түүх болсон юм.

Би Авто тээврийн нэгдүгээр баазад бензиний тэрэг барьдаг байлаа. Нэг удаа тээвэрт яваад Лүнгийн товчоонд бүртгүүлээд хоол идэж суутал улаан хүзүүтэй өвгөн надтай хамт яваа жолоочоос улсын заан Ө.Эрдэнэ-Очир гэдгийг маань мэдчихээд надтай уулзаж, миний гарыг барин мэндэлж, бугалганы минь булчинг барьж үзсэнээ “Бөх юм биз дээ, Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна. Аавдаа миний мэндийг дамжуулаарай” хэмээн хүд, хүд инээгээд явж билээ. Тэр хүн улсын арслан улаан хүзүү Дэлэг гэж аавын үеийн цуутай бөхчүүдийн нэг байсан юм санж” хэмээн өгүүлжээ.

 Улсын заан Донровын Долгорсүрэн, хүү аварга Д.Сумъяабазар, начин Д.Сэржбүдээ, Сумогийн их аварга Д.Дагвадорж

Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаа залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаах хүү Монгол Улсын аварга Д.Сумъябазар нь аавынхаа аваагүй цолыг хүртсэн нэгэн. Тэрний дараах хүү нь Улсын начин Д.Сэржбүдээ, удаах хүү нь Сүмогийн их аварга Д.Давгадорж гэдгийг андахгүй хүн үгүй биз. Д.Долгорсүрэн гуайн ганц охин Д.Ичинноров нь эрдмийн мөр хөөж, Япон, АНУ-д сургууль дүүргэсэн юм гэдэг. Д.Долгорсүрэн гуай 21 насандаа цэргийн арслан гэсэн алдар цол хүртсэн нь түүний цаашдын нь бөхийн алтан шар замыг шулуутгажээ.

 Улсын начин Жотонгийн Гэлэг, хүү улсын харцага Г.Намсрайжав, улсын начин ГДаваасамбуу,  Улсын харцага Г.Намсрайжавын хүү  Н.Батсуурь

МУ-ын начин Ж.Гэлэг 1950 онд Дархан аварга Ш.Батсуурийг /улсад хоёр жил түрүүлээд байхад нь/ тавын даваанд өвдөг шороодуулж 29 настай улсын начин болж байжээ. Хачирхалтай нь түүний хүү Г.Намсрайжав ч аавынхаа энэ амжилтыг давтаж 29 настайдаа улсын начин цолыг хүртэж байжээ. Мөн түүний ах Г.Даваасамбуу нь улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртэж байсан. Ийнхүү эцэг хүү, гурвуул улсын цолонд хүрсэн нь Ж.Гэлэг начин, Д.Долгорсүрэн зааныхаас өөр байдаггүй аж. Тэдний залгамж халаа болсон Улсын аварга Н.Батсуурь гурван үеийн бөхийн удамтай. Тэрбээр, “Би багаасаа аавыгаа дагаж явсаар байгаад л бөхөд сонирхолтой болсон. Үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдох үе их гардаг байсан. Ер нь тэр л үеэс үндэсний бөхөөр барилдахаар шийдсэндээ. Би чинь гурван үе дамжсан бөхийн ховорхон түүхийн эзэн болж яваа хүндээ” хэмээжээ.

 Улсын заан Рэржийбуугийн Давааням, түүний гурван хүү

Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төржээ. Тэрээр бага залуугаасаа үндэсний бөхөөр тууштай хичээллэж, өндөр амжилт гаргасан юм. 1987 онд Монголын бүх ард түмний VIII спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 33 хүчтэн ухаан, бяраа уралдуулан сориход Р.Давааням 30 давсан амжилтаар улсын заан цолтон болсон юм.

Р.Давааням зааны тухай бичихэд түүний гурван хүү болон авга дүүгийнх нь тухай өгүүлэхгүй байхын аргагүй. Р.Давааням заан гурван хүүгээ бөх болгоно гээд сууцныхаа нэг өрөөнд эсгий дэвсчихээд тэднийгээ ноцолдуулж, эрхлүүлж явсан нь талаар болсонгүй хэмээн найз нөхөд нь дурсамждаа бичсэн байдаг. Ууган хүү Д.Баасандорж аймгийн цолтон, дунд хүү Д.Лхагвадорж улсын начин цолтон болсон бол отгон хүү Д.Бямбадорж нь Ама буюу Харумафүжи нэрээр арлын Японд алдар нэрээ дуурсган, монгол түмний бахархал болж сүмо бөхийн Ёкозүна цолтой бөх болсон юм.

Харин авга дүү Р.Нямдоржийн Н.Ганбаатар нь төрийн наадамд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цолтны эгнээнд багтсан бөх гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]